НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: 16-25 насныхан судсаараа тарьж мансуурснаас үүдсэн хагалгааны тохиолдол нэмэгдэж байна

Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасаг нь хүүхэд, насанд хүрэгчдийн төрөлхийн болон олдмол гажгийн мэс заслыг хийдэг Монгол дахь цор ганц газар. Ковид цар тахлын он жилүүдэд зүрхний мэс заслын тасгийн эмч нар өмнө нь  гадаад улс руу, цөөн тохиолдолд гаднын багтай хамтран хийж байсан хүнд төрлийн хагалгаануудыг гардан хийж байна. Бид энэ удаад Зүрх судасны мэс заслын тасгийн  хүүхдийн ТӨРӨЛХИЙН ГАЖИГ, насан хүрэгчдийн  ТИТЭМ, ГОЛ СУДАС болон ХАВХЛАГЫН мэс заслын эмч нартай ярилцлаа. Тавин жилийн түүхтэй эл тасагт зүрх, судасны 50 гаруй хагалгааг хийж байна.

-ТЕННИСНИЙ БӨМБӨГ ШИГ ХЭМЖЭЭТЭЙ ЗҮРХЭНД ДӨРВӨН ТӨРЛИЙН ХАГАЛГАА ХИЙНЭ ГЭДЭГ БАХАРХАЛТАЙ БАС ХЭЦҮҮ-

Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмчээр 13 дахь жилдээ ажиллаж буй  Д.Батбаатар эмч.   

-Та хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний талаар цогц мэдээлэл өгөөч. Юунаас болж үүсдэг бол, тохиолдол хэр элбэг вэ?

-Төрөлхийн гажгийн шалтгаан бол тодорхой бус, харин нөлөөлөх хүчин зүйлс бол бий. Орчны болон агаарын бохирдол, эх, эцгийн эрүүл мэндийн асуудал, эм тарианы хэрэглээ, хорт зуршил, удамшлын гаралтай ч байж болно.  Үр хөгжлийн явцад эрхтэн тогтолцоо үүсч бий болоход ямар нэгэн гажуудал үүссэнээс болж бүх төрлийн төрөлхийн гажиг үүсдэг. Манай орны хувьд 100 төрөлтөд нэг тохиолдол гэсэн судалгаа бий. Жилд ойролцоогоор 80 мянган хүүхэд төрдөг гэхээр 700-800 гэсэн тоо гарна. Үүний талаас илүү хувьд нь ямар нэг байдлаар мэс заслын эмчилгээ хийгддэг. Үүн дотроо энгийн гажиг нь 70-80 хувь, хавсарсан болон хүнд хөх гажиг 10-20 хувьд  тохиолдож байна.

-Зүрх нь цоорхой төрсөн гэхийг олонтаа сонсогддог. Үүнээс цааш мэдээлэл үнэндээ алга...?

-Тийм ээ, монголчууд зүрхний гажигтай эсвэл зүрх нь цоорхой төрсөн л гэж түгээмэл ярьдаг байхгүй юу. Зүрх өөрөө дөрвөн тасалгаатай, дөрвөн хавхлагатай, өчнөөн олон судастай том комплекс эрхтэн. Гажгуудын тухайд дотор бүтцийн, гадна талын, том судасны гэх мэт маш олон.  Хамгийн энгийн тохиолддог гажиг бол зүрхний тосгуур хоорондын цоорхой юм. Энэ нь эхийн хэвлийд нээлттэй байж байгаад  төрснөөс хойш битүүрдэг. Хэрэв битүүрээгүй үлдвэл гажиг гэж үздэг түгээмэл тохиолдол. Өрөөгөөр яривал зүрх дөрвөн тасалгаатай, дээрээ хоёр, доороо хоёр өрөөтэй гэж үзэхэд дээд хоёр өрөөний хоорондын цоорхой гэсэн үг. Зүрхэнд ачаалал бага өгдөг, бүр насанд хүрсэн хойно ч оношлогдох боломжтой энгийн гажиг. Харин ховдлын цоорхой,  Фаллогийн дөрвөлсөн гажиг, хоёр том судас нь солигдоод байрлачихдаг бүлэг гажиг, хүнд хөх гажиг болоод ирэхээр хэцүү.

- Хүнд гажгуудыг товчхон тодруулбал, бас эмчилгээг нь?

-Мэс заслын үр дүнгийн хувьд харилцан адилгүй. Гажиг хавсарч, хүндрээд ирэхээр мэс засал эмчилгээ хүнд. Нэг удаагийн мэс заслаар засах боломжгүй 2-4 удаа орж байж төгс засагдах шатлалтай гажиг ч олон бий. Хөх хүнд гажиг манай оронд элбэг тохиолдож байна. Хөх хүнд гажигтай хүүхдийн царай хөх, хөхөлбөр өнгөтэй. Арай энгийн хөнгөвтөр нь уруул амны гурвалжин хөхөрчихсөн байдаг. Фаллогийн дөрвөл гэдэг нь зүрхэн дээр дөрвөн гажиг байна гэсэн үг. Цоорхой, судас нь нарийн, баруун ховдлын гарах хэсэг зузаан ч гэдэг юм уу.

-Жилдээ хэчнээн хүүхэд мэс засалд орж байна вэ?

-Өнгөрсөн жил л гэхэд 300 гаруй зүрхний нээлттэй буюу цусны зохиомол эргэлттэй хагалгаа орсны 40 хувийг хүүхдийн зүрхний хагалгаа орсон. Үүн дотроо төрөлхийн гажиг гэхээр хүүхэд насанд хүрэгчтэйгээ нийлээд 60-70 хувийг эзэлж байна. Бүр тодруулбал 40 хүүхэд хагалгаанд орсон.    

-Оношлогдохын тухайд. Ураг байх үедээ юу, төрсний дараа  эсвэл хүүхдийн биед ямар нэг зовуур үүсэх үед үү?

-Манай улсад ургийн эхогоор төгс оношлогдсон тохиолдол одоогоор мэдэгдээгүй л  байна. Хүнд гажиг бол төрөөд л андашгүй. Царай нь хөхөлбөр, хөхөө хөхөж чадахгүй, яраглах, уйлагнах гээд л зовиурууд шууд илэрнэ. Энэ үед нярайн эмч эхэлж чагнаад зүрхний шуугиантай байна гэж үзвэл хүүхдийн зүрхний эмчид үзүүлж эхо харуулснаар онош бүрэн тавигддаг. Энгийн гажгууд бол хүүхэд ахуй насандаа зовиураар оношлогдож болно. Амьсгаадах, цээжээр нь өвдөх, ядарч сульдах гэх мэтээр илэрдэг. Ер нь нярайн тойм шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Түнх, зулайн эход харуулдаг шигээ зүрхний эход харуулчихвал илрүүлэг сайжирна гэсэн үг.  3-4 кг жинтэй хүүхдийн зүрх гэхээр теннисний бөмбөг шиг л хэмжээтэй. Тэр жижигхэн эрхтэн доторх гажгийг засна гэдэг мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, багийн нягт хамтын ажиллагаа гээд их юм шаардаг.

-ХҮҮХДИЙН ЗҮРХИЙГ 120 МИНУТ ХҮРТЭЛ ЗОГСООЖ, ЗОХИОМОЛ ЦУСНЫ ЭРГЭЛТЭЭР АМЬДРУУЛАН МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ-

-Боловсон хүчин, ур чадвар, тоног төхөөрөмж, шинээр нэвтрүүлж буй эмчилгээ үйлчилгээний тухайд?

-Боловсон хүчин, зүрхний мэс заслын багийн мэдлэг, чадвар маш сайжирсан. Тухайлбал, манайд өмнө  нярайг 6 кг жинтэй болох үед авдаг байсан бол одоо бага сартай нярайд жин харгалзахгүй мэс засал хийх боломжтой болсон. Хамгийн сүүлд 3 сартай 3,8 кг жинтэй нярайд хагалгаа хийлээ. Өмнө нь Солонгос, Франц,  Люксенбургийн багуудтай хамтарч ордог байсан хагалгаануудыг ковидын жилүүдэд өөрсдөө гардан хийж байна. Би зөвхөн мэс заслын эмч. Нэг хагалгаан дээр цусны зохиомол эргэлтийн, унтуулгын, сувилагчдын гээд олон хүний бүрэлдэхүүнтэй том баг ордог. Зүрхийг зогсоож мэс заслын туршид цусны зохиомол эргэлтийн аппаратад холбоно. Зарим хүүхдийн зүрхийг 15-20 минут, зарим нь 120 минут зогсоох шаардлага гардаг. Энэ хугацаанд цусны зохиомол эргэлтийн аппарат уушги, зүрхийг орлож хүүхдийг амьдруулан бидэнд хагалгаа хийх боломж олгодог маш чухал баг бий. Дэвшилтэт технологи  гэвэл судсан дотуурх арга техник нэвтэрч нээлттэй хагалгаа цөөрч байна. Хүнд хавсарсан гажгийн мэс заслууд түлхүү орж эхэллээ. Өнгөрсөн жилээс Фаллогийн дөрвөлсөн гажгийг эх орондоо засаж эхэллээ. 2022 онд ийм оноштой хэд хэдэн хүүхэд хагалгаанд орохоор төлөвлөсөн байгаа. Үүнээс ч хүнд гажгуудын цөөн тохиолдлууд орж л байна. Артерийн нэгдсэн цорго, нэгдсэн сувгуудын мэс засал хийж эхэлсэн.  Люксенбургийн их гүнт улсын “Зүрхний төв” төсөл, Монгол улсын засгийн газар, эмнэлгийн захиргаа зэрэг олон газруудын хамтын ажиллагааны хүчин зүтгэлээр зүрхний мэс засал тоног төхөөрөмж хангалттай болсон.

-Зүрхний төрөлхийн гажиг цаашид хүүхдийн биед оёог өвчин болж үлдэх тохиолдол бий юу?

-Зүрхний төрөлхийн гажиг мэс засал хийж зөв зассанаар төгс эмчлэгдэж насан туршдаа эрүүл амьдрах боломжтой. Хамгийн гол нь аль болохоор боломжит үед хийх нь  чухал. Зарим мэс заслыг бид хоногтой уралдаж хийнэ. Заримыг нь сараар хэмжинэ. Жаахан том болохыг хүлээж хойшлуулж болдог гажиг ч байна. Оношноосоо л болно. 

-Үүсч байгаа асуудал, дутагдаж байгаа зүйлс, энэ талбар дээрх проблем нь юу байна?

- Ковидын хоёр жил бол хагалгаанд орж буй хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагчид халдвар авах нь том бэрхшээл байлаа. Эмнэлгийн хангамж, ачаа барааны саатал тасалдал хаа нэгтээ гарлаа. Төрөлхийн гажгийн мэс заслын  хамгийн том асуудал бол төлбөр байсан. Төрөлхийн гажгийн мэс заслын зардлыг 100 хувь төрөөс дааж эрүүл мэндийн даатгалаас төлөх болсон нь чухал шийдвэр, шийдэл  болж чадлаа. Зүрхний гажигтай хүүхдүүдийн аав ээжүүд ихэвчлэн залуухан, амьдралын боломж бололцооноос болоод мэс засал оройтох асуудал их гардаг байсан. Төлбөр мөнгийг нь төрөөс даагаад ирэхээр эмнэлэгт хандах хандлага, ирэх давтамж, эмчлүүлэх байдал ихэд сайжирч байна.  

-Хавсарсан болон энгийн гажгийн эрсдэл хэр байдаг вэ?

-Маш их. Яг тоо хэлэхэд хэцүү ч ер нь бол тохиолдол зөндөө. Хамгийн том судалгааг ЭХЭМҮТ хийдэг. Эндээс харахад маш олон хүүхэд зүрхний төрөлхийн гажгаас болж амиа алддаг. Зүрхний төрөлхийн гажиг өөрөө их хэцүү. Зүрхний гажигтай байхад тархи, уушги, элэг сайн байх нь тийм ч ач холбогдолтой биш. Бусад бүх  эрхтэн систем дагаад асуудалд ордог. Тэгэхээр бид нар зүрхний төрөлхийн гажгийг аль болох эрт илрүүлж, цаг үед нь тохирсон менежментээр эмчлэх л хэрэгтэй.

-Тодорхой биш гэсэн өндөр тоо байдаг юм байна. Үүнийг бууруулахын тулд яах ёстой юм болоо?

-Мэргэжилтний хувьд хэлэхэд нярайн тойм шинжилгээг хийчхэж байвал эрт илрүүлэг сайжирна. Аав, ээжүүд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Ээж, аав нь өөрсдөө ажигласны үндсэн дээр цаг алдахгүй оношлуулсан тохиолдол байж болох байхгүй юу. Сүүлийн үед орон нутгаас төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү илгээж буй тохиолдол нэмэгдэж байгаа нь сайшаалтай.  Манай тасаг  21 аймгийн зүрхний эмч нартай телемедиценээр холбоотой байж мэдээлэл солилцдог.  

-Таны ажлын онцлог юу вэ?

- Хүүхэд гэдэг хүн бүхний хайрыг татаж байдаг энхрий, нандин хүмүүс. Маш сайхан, бас маш эмзэг. Хүүхэд өвдөхөөрөө дээрдэх нь ч, дордох нь ч маш хурдан. Теннисний бөмбөг шиг жижигхэн зүрхийг зогсоогоод 2-4 төрлийн гажгийг засч хагалгаа хийнэ гэдэг хэцүү бас бахархууштай ажил. Хичээж байна, арваад жил. Ажил ихтэй үед манай тасаг цэцэрлэг шиг болдог. Тэр нь хэчнээн гоё байдаг ч нөгөө талаас тэр бяцхан амьтад өвдсөн гэж бодохоор харуусалтай.

-ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ЭМГЭГИЙГ ДИЙЛЭНХ ТОХИОЛДОЛ ШҮД, ХООЛОЙН МАХНЫ ӨВЧЛӨЛӨӨС ҮҮСДЭГ-

Бид үүний дараа насанд хүрэгчдийн титэм, гол судас, хавхлагын мэс заслын эмч нартай ярилцлаа. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй зүрх судасны өвчин эмгэг, үүсэх нөхцөл шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлтийн цогц мэдээллийг насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын эмч С.Нямсүрэн, С.Наранбаатар нараас авлаа. 

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг С.Нямсүрэн гэдэг. “Ач” анагаах ухааны их сургуулийг ерөнхий мэс засал, АШУҮИС зүрхний мэс заслын эмчээр сурч дүүргэсэн. 2014 оноос Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасагт мэргэжлээрээ ажиллаж байна. Манайх насанд хүрэгчдийн мэс засал, төрөлхийн гажиг, судасны мэс засал гэсэн гурван чиглэлтэй.  Миний хувьд насанд хүрэгчдийн судасны мэс засал, зүрхний титэм судас, гол судасны мэс заслаар голчлон ажилладаг.  

- Насанд  хүрэгчдэд зонхилон тохиолдож зүрх, судасны мэс заслын хэмжээнд хүрч буй гол өвчлөл?

-Өвчлөлийн бүтцээр нь судлаад үзэх юм бол зүрхний титэм судасны мэс засал буюу  зүрхний шигдээс өвчин дийлэнх хувийг эзэлж байна. Зүрхний судас нарийсаж дотуур стент тавих боломжгүй болсон үед  хийдэг нээлттэй ажилбарыг титэм судасны мэс засал гэдэг. Дараа нь насанд хүргэчдийн олдмол гажгууд, тэр дундаа хэрлэгийн шалтгаант хавхлагын эмгэг зонхилж байна. Амны хөндийн эрүүл мэндийн асуудлаас үүсэлтэй, манайхан хоолойн ангина зүрхэндээ орно гэж ярьдаг тэр өвчин. Энэ эмгэгийн хавхлагын гажиг хагалгааны өндөр хувийг эзэлдэг. Үүний араас гол судасны цүлхэн орж байна. Гол судасны  уян чанар алдагдахаар өндөр даралтыг тэсч чадахгүй судас цүлхийж томрох, задрах эмгэг. За  тэгээд цөөн тохиолдлоор зүрхэн дотор байршсан үүсгүүр хавдар, бусад эрхтнээс зүрхний хөндий рүү дамжсан хавдруудын мэс засал орж ирнэ. Мөн үнхэлцэг хальсны наалдац, үрэвслийн хүндрэлтэй тохиолдлууд, зүрхний хэм нээлттэй мэс засал, цээж, хэвлий, мөчид, гуя, тахимын артерийн судасны гэх мэтээр тоочвол бид маш өргөн хүрээнд ажиллаж гурван чиглэлээр 50 гаруй төрлийн мэс засал хийдэг гэсэн үг. Үүний 70-80 хувь  нь судас хатуурлын шалтгаантай, үлдсэн нь судасны үрэвсэлт өвчнүүд эзэлнэ. Мэс засал хийх боломжгүй үед зовиур шаналгааг багасгах зорилгоор хөнгөвчлөх эмчилгээ хийдэг.  

-Энэ өвчнүүдэд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу вэ?

-Насжилт, амьдралын хэв маяг, буруу зуршил буюу тамхи, архины хэрэглээ мөн өөх тос, давсны хэрэглээнээс үүдэлтэй. Мөн өндөр бүсэд амьдардаг маань, түүнчлэн нийгмийн стресс нөлөөлж байна. Эрүүл амьдрах талаарх мэдлэг багатай, ойлголт муутай байгаа нь өвчлөлд ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл гэж би үздэг.  Жаахан дэлгэрүүлээд хэлбэл, бид амьтны гаралтай уураг, өөх тос ихээр хэрэглэдэг. Тэгсэн хирнээ хоолны илчлэг, биеийн хөдөлгөөн хоёрын хооронд уялдаа алга байна. Нэг таваг будаатай хуурга 400 калори, нэг таваг цуйван 600-700 калори. Энэ калорийг шатаахын тулд хамгийн багадаа  4 км гүйх ёстой байдаг. Гэтэл бид өмнөх хоолны илчлэгийг шатааж дуусахгүй дараагийн өдрийн хоолтой золгож байгаа. Ингэхээр  цусан дахь сахар ихэснэ, таргалалт үүснэ. Сахар өндөр яваад байхаар бие махбод тэрийг буулгахын тулд өөх тос болгож хувиргадаг. Энэ өөх тос хэвлийн хөндий, цуллаг эрхтнээс гадна судасны хананд очиж хуримтлагддаг.

-Өөх тос судасны хананд нь зузаарна гэсэн үг үү?

-Тийм ээ. Цусан дахь өөх тос судасны хананд наалдахаас гадна тэнд өөхлөг давхаргууд үүсч эхэлдэг. Яндангийн хөө хуралддагтай яг ижил. Өөх тос хүний биед хамгийн өндөр цусан хангамж авдаг зүрх, тархи, бөөр, мөчдийн судаст хамгийн ихээр үүсдэг. Цааших асуудал тухайн хэсгүүдийн судасны өргөнөөс хамаарна. Зүрхний судасны өргөн нь  2 мм, гарын судасных 6-8 мм.

-Зүрхний судаснууд маш хурдан бөглөрөх нь ээ?

-Зүрхний судаснууд хагарахаасаа илүүтэй нарийсан бөглөрч улмаар  зүрхийг тэжээдэг булчингууд үхэждэг. Титэм гэж нэрлэдгийн учир нь зүрхэнд титэм үүссэн мэт харагддаг болохоор тэгж нэрлэдэг. Титэм судас их нарийхан. Зүрхний судас, биеийн булчингийн судасны хооронд нэг ялгаа бий. Зүрхний булчингийн тодорхой нэг судас бөглөрөхөд тодорхой хэсэг хариуцсан булчин үхэждэг. Биеийн булчин 2-3 төрлийн судсаар тал талаасаа тэжээгддэг болохоор нэг нь бөглөрсөн ч нөгөө талаасаа цусан хангамжаа аваад яваад байдаг. Зүрх тархинд тийм боломж байдаггүй.

-Хүмүүс ихэвчлэн зүрх савлах, хатгуулах, чичрэх гэж ярьдаг. Эдгээр зовиурууд ямар эмгэгтэй холбоотой юм бол?  

-Цээжний зовуур бүр зүрхний өвдөлт биш ч бид лавлах хэрэгтэй. 35-аас дээш насныхан судас хатуурах өвчинд өртөж байгаа учраас ямар нэг зовиур илэрвэл оношлогоонд орох хэрэгтэй. Зүрхний сонгомол зовиур гэж бий. Энэ цээжээр өвдөх, цээжин дээр дарж эсвэл базчихсан мэт өвдөх, хоолой бачуурах, өвдөлт нь зүүн гар мөр рүү дамжих, биед ачаалал авахаар өвдөлт үүсч болно. Энэ бол зүрхний цусан хангамжид асуудал байна гэсэн дохио. Зүрхний судас нь нарийссан тохиолдолд зүрхний цохилт  нэмэгдэхэд цусыг шахаж чадахгүй шууд өвдөлт өгдөг.

-Зүрх судасны өвчинг залуужиж байна гэж яриад байгаа?

-Манайд судас хатуурах өвчин зүүн өмнөд Азийн орнуудаас харьцангуй залуужихын зэрэгцээ хүндэрсэн үедээ оношлогдож байна. Хүчин зүйлийн нэгдүгээрт артерийн даралтын хяналт орно. Зүрхний шигдээс  30 настангуудад тохиолдож байна. Артерийн даралтаас үүдэлтэй тархинд цус харвалтууд 30-аас доош насныханд ч тохиож байна. Дахиад л хэлэхэд энэ бол буруу хооллолт, муу зуршил, таргалалт, нийгмийн стресстэй холбоотой. Зөв хоолло, биеийн тамир спортоор хичээллэ, архи, тамхийг амьдралынхаа хэмнэлээс хас. Ингэж байж эрүүл амьдарч урт насална.

-ЗҮРХНИЙ СУДАСНЫ НЭЭЛТТЭЙ МЭС ЗАСЛЫГ ЗӨВХӨН МАНАЙД Л ХИЙДЭГ-

-Тархи, зүрхний судасны оношилгоог жилдээ 3000 гаруй иргэн хийлгэдэг гэсэн тоо байна. Тэндээс хэд нь танайд ирдэг бол?  

-Шинжилгээ хийлгэсэн иргэдийн 1500 нь зүрхэндээ стэнт тавиулах шаардлагатай байдаг. Үүний 10 хувь буюу стэнт тавих боломжгүй хүндрэлтэй хүмүүст бид үйлчилдэг. Тэгэхээр бид нар жилдээ 150-200 орчим зүрхний судасны хагалгаа орох шаардлага байна гэсэн үг. Ковидын цар тахал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтаас болоод өнөөдөр  150 хүртлээ орж чадахгүй байна. Өнгөрсөн жил л гэхэд манайд материалын хомстол 3-4 удаа үүслээ, титэм судас нь нарийсаад бөглөрчихсөн өвчтөн 2-3 сар хүлээж чадахгүй нас барж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын амин чухал хэсгүүдийг нөөцийн тасалдалгүй байлгах бодлогыг маш сайн барих хэрэгтэй. Зүрхний судасны нээлттэй мэс засал зөвхөн манай эмнэлэг дээр хийгддэг. Энд хүлээгдэл маш их үүсдэг. Өөр газар энэ тусламжийг үзүүлэх боломжгүй учраас материалын хомстол үүсэхэд эмч хүний хувьд маш их эмзэглэдэг.

-Шинээр хийж буй алхмууд?

-Сүүлийн 2-3 жилийн хугацаанд манайх мэс заслуудын хувьд ахицтай байгаа. Жишээ нь, гол судасны угийг хамарсан том хэмжээний цүлхэнг өмнө нь гаднын багуудтай хамтарч хийдэг байсан бол 2020 оноос хойш өөрийн дотоодын багаараа амжилттай хийлээ. Өчигдөр сүүлийн тохиолдол маань хийгдэж өвчтөн маань маргааш эрчимт эмчилгээний тасгаасаа бууж ирэх гээд байж байна. Гол судасны цүлхэний судсан дотуурх эмчилгээний найман тохиолдлыг өөрсдөө хийлээ. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт томоохон хөшүүрэг болсон. Судсан дотуурх стэнт графтын мэс засал 35 сая төгрөгөөс дээш өртөгтэй. Энэ даатгалын ачаар өндөр настай группийн хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон.

-Харамсалтай тохиолдлууд их үү, удчихсан, хайхрамжгүй байдал нөлөөлсөн ч гэдэг юм уу?

-Монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаарал маш муу тавьдаг. Өвчнөө хүндэрсэн шатанд ирнэ. Оношлогдоод мэс засал хийх болохоор хагалгаа хийлгэхгүй гээд явчихдаг эрчүүд ч бий. Дээрээс нь гэр бүлийн уур амьсгал их чухал. Настай хүмүүс өвдөхөөрөө үр хүүхдийнхээ гарыг, шийдвэрийг хардаг. Залуучууддаа хандаж хэлэхэд эцэг эхээ аль болох эрт үзүүлж, жилийнх нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, оношлогдсон бол сэтгэл гаргаж эмчлүүлээрэй. Сэтгэл гаргахгүй тохиолдлоос болж эжий аав нь эндэх, боломжтой байсан хугацаагаа алдах харамсалтай зүйлс байдаг. Бас тухайн ар гэрийн эв нэгдэл их чухал. Хүүхдүүд нь өөр өөр юм яриад нэг шийдэлд хүрч чадахгүй болохоор аав, ээж нь мэс заслаас татгалзаж улмаар эрсдэлд орсон харамсалтай тохиолдлыг харж байлаа.

-Эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй харамсалтай тохиолдлууд мэдээлэгдэж л байна. Танай салбарт...?

-Манай дээр 3-4 төрлийн буюу цус шингэлэх, артерийн даралт буулгах, зүрхний цохилтын тоо багасгах, зүрхний өвдөлт намдаах эм хэрэглэдэг.  Иргэд сургаар, амнаас ам дамжин, фээсбүүкийн мэдээллээр эм хэрэглэдэг. Дээрээс нь олон улсын судалгаагаар батлагдаагүй сүлжээний эмэнд их найддаг. Эм уугаад судасны хананд үүссэн хатуурал товруу арилчихдаг бол бид нар хагалгаа хийх шаардлагагүй. Мөн бүх асуудлаа эмэндээ даатгадаг. Тамхи, хоол, хөдөлгөөнийг эмтэйгээ хослуулж зохицуулах хэрэгтэй. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд, залуучуудын дунд мансууруулах бодисын донтолт нэмэгдэж, бүлэг хүмүүс олширч байна. Зориулалтын бус эмийн бодисыг судас руугаа тарьснаас болж мөчөө тайруулсан тохиолдлууд зөндөө байна. Хэдхэн хоногийн өмнө бохир зүйлийг тарьснаар болж зүрхний хөндий хавхлага нь идээлсэн тохиолдол хагалгаанд ороод гарлаа. Улиралдаа -3-4 тохиолдол илэрч  16-25 насныхан яалт ч үгүй хүндрээд ирж байна.

-Та хүн амд хандаад юуг хэлмээр байна?

-Таны өдөрт бодож байгаа бодол эерэг байх хэрэгтэй. Даралт ихсэх, зүрх өвдөхөөс сэргийлж чадна. Биеэрээ орж байгаа хоолонд анхаарч идсэн хоолныхоо илчлэгийг шатаах хэмжээнд хөдөлж сурах хэрэгтэй байна.

С.Наранбаатар: Ний нуугүй хэлэхэд хавхлагын олдмол гажиг хэрлэгээс үүсдэг

Үүний дараа бид эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн хавхлагын багийн мэс засалч эмч С.Наранбаатартай ярилцлаа. Эмчээс бид голчлон зүрх судасны өвчин эмгэгийн зонхилох хүчин зүйл болж буй хэрлэг буюу гүйлсэн булчирхай, амны хөндийн эрүүл мэндийн талаар тодруулж асуулаа.

-Хавхлагын мэс засал гэж юуг хэлдэг вэ?

-Зүрх байнга агшиж, суларч байдаг эрхтэн. Агшиж байхдаа цусыг дараагийн хэсэг рүү шилжүүлж тэр үед хавхлага хаагдаж, нээгдэж байдаг. Энэ бүтэц маань олон янзын шалтгааны улмаас тэр тусмаа хэрлэг өвчнөөс үүдэн гэмтэж дутуу хаагдаж, онгойх өвчин үүсэхийг хавхлагын олдмол гажгууд гэж нэрлэдэг. Дутуу ажиллаж байгаа хавхлагуудыг бид нар механик болон биологийн хавхлага  орлуулан суулгах мэс засал хийдэг.

-Хэрлэгийг энгийн үгээр тодорхой тайлбарлаж өгөөч?

-Энгийнээр хэлэхэд хоолой өвтгөдөг стрептокок бактерийн ханын бүтэц нь хүний биеийн хэдэн эд эрхтний бүтэцтэй төстэй. Үе мөч, зүрхний хавхлагын эд эсүүд, бөөрний түүдгэнцэр гэх мэт. Тэгэхээр бага, өсвөр насандаа хоолой нь их өвддөг, шүд нь цоорхой хүмүүсийн энэ бактери нь зүрхний хавхлагыг гэмтээдэг системийн өвчин. Удаан хугацаанд залгиурт тэр бактери үүрлэснээс болж, эмчлээгүй  удсанаас болж цаашаагаа цусаар дамжин зүрхний холбогч эд хавхлагыг гэмтээдэг.

-Энэ  бактериас болж өвчилж байгаа зүрхний өвчний тохиолдол нь хэр байна?

- 25 наснаас хойш хүний хоолойн мах гэж ярьдаг гүйлсэн булчирхай хатингаршиж үйл ажиллагаа нь бүрэн зогссон байх ёстой. Энэ чинь өөрөө дархлааны таницын эрхтэн болохоор гаднаас орж ирж байгаа бактерийг таниулдаг. 25 наснаас хойш хоолой өвдөөд л яваад байвал бактери агуулсан хөндий уут үүсчхэж гэсэн үг. Хорхойтой шүд, залгиурт үүрлэчихсэн бактери цаашаагаа холбогч эд дээр очиж үрэвсэл үүсгээд гэмтээгээд байна гэсэн үг. Зүрхний олдмол гажгийн дийлэнх хувийг буюу 60-70 хувийг хэрлэгийн гаралтай гажиг эзэлж байгаа.

- Насны хувьд?  

- Хавхлагын гажиг архаг удаан явцтай. Хоолой нь өвдөөд л яваад байна. Дараа нь гэнэт оношлогддог. Насны байдлын хувьд 25-45 насанд зонхилон тохиолддог. Оношлогоо нь оройтсон, хүмүүс нь үзүүлэхгүй яваад байвал ахимаг насанд хүндэрч илэрнэ. Саяхан бид нар  65, 75 настай хүмүүст хавхлага солих мэс засал хийсэн.

- Ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Ямар гажгаасаа  шалтгаална. Зүрхний зүүн талд нарийслын шинж тэмдэг илэрнэ. Дутагдлын үед өөр. Гол судасны нарийслын үед цус бага шахагдсанаас болоод тархи толгой эргэх, ухаан алдах, бие ядарч сульдах, даралт унах шинж тэмдэг илэрч байгаа. Амьсгаадах, зүрхээр өвдөх, хэм алдах хавхлагын гажгуудын үед зүрхний хөндийнүүд дагаад тэлдэг учраас зүрхний засагдахгүй хэм алдалт үүсдэг. Үе шатаасаа хамаараад зүрхний дутагдлын шинж тэмдгүүд илэрнэ. Жишээ нь, хэм алдагдах, хоолондоо муудах, аюулхай цанхайх, шээсний гарц багасах, даралт,  пульс хэлбэлзэх зүрхээр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

-Хавхлагын төрөл дээр шинээр хийгдэж байгаа мэс заслууд?

- Манай баг зүрхний гаднын багуудтай хамтран хийдэг байсан гол судасны өгсөх хэсгийн өргөслийн өгсөх хэсгийг хавхлагатай нь сольдог хагалгаануудыг сүүлийн жилүүдэд өөрсдөө бие даагаад зургаан ч тохиолдлыг хийлээ. Энэ оноштой хүмүүс ихэнх нь гадаад оронд явж хийлгэдэг байсан. Харин одоо бид өөрсдөө бие даан хийж нутагшуулж байна. Мэс заслууд эрүүл мэндийн даатгалд орчихсон болохоор  хавхлагын хагалгааг толгой дараалан сольж байна.

- Хавхлагын гажгууд амь насанд эрсдэлтэй юу?

- Хүндрээд ирэх юмбол зүрхний дутагдалд орно. Хөдөлмөрийн чадвар алдана, даамжирвал амь насанд аюултай өвчин. Цаашаагаа дараа дараагийн хүндрэлүүд их гардаг. Тархинд цус харвах амь насанд халгаатай өвчнүүд.

- Та хүмүүсийг энэ өвчний талаар юуг мэдээсэй гэж бодож байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд хавхлагын олдмолын гажгийн үүсч байгаа шалтгаан маань хэрлэг. Урьдчилан сэргийлж болох өвчин байхгүй юу. Амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиад, хорхойтой шүдээ бүрэн эмчилж арчдасын шинжилгээ өгөөд явахад л болно.

Эх орондоо цор ганц гэж ТОДОТГОЖ болох эл тасаг зүрх, судасны нээлттэй мэс засал хийлгэх иргэдийн дараалалд дараастай. Нэг хагалгаанаас гарч нөгөөг нь төлөвлөн одоо орох иргэдийн гэр бүлтэй уулзаж, учирлан тайлбарлах гээд эмч нар огтхон ч завгүй ажиллана. Зүрх, судасны хагалгааны зардлыг даатгалаас 100 хувь хариуцах болсноор эдний ачаалал ч нэмэгдэж, нөгөө талаас гадаад орныг зорих өвчтнүүдийн урсгал саарч эднийд ирэх болжээ. Одоо энд гадаадын орнуудад өндөр үнээр хийдэг хүнд хэлбэрийн хагалгаанууд орж байна. Эмч нарын ярианаас уншигч та амьдралын эрүүл зөв дадал зуршил, хөдөлгөөн, залгиур амны хөндийн эрүүл мэнддээ анхаарч хичээвэл зүрх, судасны өвчнөөс сэргийлж болдгийг сайтар ойлгож авсан гэдэгт найдаж байна.

Б.БАЯРТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өсвөр насныхны мансуурал ингэтлээ хүндрэл үүсгэх гэж

Зочин
Зочин

Мансуурал манай нийгмийн өвчин болжээ

Зочин
Зочин

mes zasal hiij erhluulj yaadag bn

Зочин
Зочин

ireeduin hund2 gemt heregtnuuded mes zasal hiigeed hereg bnu erthen uhtsgeesen n deer bha

З.Лхагвасүрэн
З.Лхагвасүрэн

Ахмад үе багш зааж сургасан нэгч гэсэн хүний
нэрийг дурсан ярьж сур та нараас өмнө эдгээрийг хийдэг байсан шүү хийж зааж өгсөн багш эмч нар чинь бас
Уншдаг хардаг юм Ядахдаа бие дааж нэг төрлийн 100
Мэс засал хийчхээд цээжээ дэлд гэж хэлсэн
Та нарын багш АШУ-ны докторын хэлсэн үгч бии нэрийг
Нь хэлж чадахгүй хүмүүс яаж энэ үгийг санах билээ Л

Зочин
Зочин

Сайхан тайлбарлажээ баярлалаа. Зарим судас их нарийхан учраас зөв хооллож дасгал хийж байж судсаа бөглөхгүй байж чадах юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button