СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТА МЭДЭХ ҮҮ: Байгальд “дайсагнаж” буй иргэдийг цаг тухайд нь мэдээлж болдог “ЗУСЛАН” аппликейшн

Хүрээлэн буй байгаль орчинтойгоо орчин үеийн соёлт иргэний үүднээс зөв боловсон харьцаж сурах нь бидний нэн тэргүүний зорилтуудын нэг болоод буй. Сүүлийн жилүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарах, ууланд алхах зэрэг байгаль руу чиглэсэн аялал хийх явдал Улаанбаатарчуудын дунд “мода”-нд орсон. Үүний зэрэгцээ хог хаягдлаа ил задгай орхих, гол усанд машинаа угаах зэрэг зохисгүй үйлдлүүд гарсан хэвээр. Ер зөвхөн аялал зугаалга ч гэлтгүй, зөвшөөрөлгүйгээр мод тайрах, ан амьтан агнах гэх мэт экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх зөрчлүүд ч  тасардаггүй. Харин эдгээрийг иргэд тухайн цаг үед нь мэдээлж болдог, “Зуслан” ухаалаг утасны аппликейшн иргэдийн гар дээр очоод нэг жилийн хугацаа өнгөрчээ.

“Зуслан” аппликейшнийг өнгөрсөн жил Нийслэлийн Байгаль Орчны Газараас хөгжүүлэн гаргасан юм байна. Үүгээр дамжуулан иргэд аливаа нэгэн зөрчилт үйлдлүүдтэй тааралдвал баримтжуулан, НБОГ-т мэдээлэх, ингэснээр цаг тухайд нь зохих хуулийн хариуцлагыг холбогдох этгээдүүдэд ноогдуулах “цахим” боломж бий болжээ. Мөн байгаль орчинтой холбоотой сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд уг аппликейшнд тогтмол шинэчлэгдэн орж байдаг аж. Бид илүү дэлгэрэнгүй тодруулахаар  НБОГ-ын Зуслангийн товчооны иргэдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Лхамдуламтай товч ярилцлаа.


-БАЙГАЛЬ ОРЧИН СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БУЙ ИРГЭДИЙГ БАРИМТЖУУЛАН ТЭР ДАРУЙД НЬ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ-

Зуслан аппликейшн хэзээнээс ашиглагдаж эхэлсэн юм бэ? Иргэд зөрчлүүдийг хэрхэн мэдээлж болох вэ?

-2018 онд хамгийн анх ашиглалтад орсон бөгөөд энэ жил нэмэлт сайжруулалт хийгээд байгаа. Иргэдээс ирсэн гомдлыг шууд хүлээн авах системийг бий болгосон. Хамгийн гол нь өөрсдийн эргээд холбоо барих утасны дугаар, и-мейл хаягаа бичиж үлдээх нь зүйтэй байна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй, зөрчил бүхий үйлдэлтэй таарсан иргэд баримтжуулан гэрэл зургийг нь авсан бол хавсаргаж, ерөнхий агуулгыг нь бичиж тайлбарлаад илгээдэг. Дээд тал нь гурван зураг оруулах боломжтой.

Аппликейшнаар мэдээлэхээс гадна, манай НБОГ-ын хүлээн авах утасны дугаараар холбогдож болдог. Бас фэйсбүүк хуудсанд маань шууд байршуулах боломжтой. Жишээ нь зөвшөөрөлгүй мод тайрч байгаа иргэнтэй тааралдсан бол зургийг нь авч баримтжуулаад, тайлбарын хамт илгээнэ гэсэн үг.

-Аппликейшн хэрэглээнд нэвтрэхээс өмнө байгаль хамгаалагчид зөрчлүүдэд хариуцлага тооцоход ямар хүндрэлтэй байсан бэ? Нийслэлчүүд аппликейшнийг хэр түгээмэл хэрэглэж байгаа бол?

-Нийслэлийн хэмжээнд 33 байгаль хамгаалагч ажилладаг. Хүрэлцээ муутай байсан. Харин иргэд өөрсдийн эрх, үүргийн хэмжээнд маш сайн нүд чих болдог. Ухаалаг утасгүй хүн бараг л байхаа больсон байна. Ийм учир хэрэглээд хэвшихвэл чухал ач холбогдолтой аппликейшн юм. Татаж авахад үнэ төлбөргүй, бүх заавар нь монгол хэл дээр, ашиглахад хялбар бүтэцтэй. Хүмүүст ойлгомжтой байх үүднээс зориуд цөөн цэстэй болгож хөгжүүлсэн.

Апп хөгжүүлсэн компанийн явуулсан үзүүлэлтээр таталт, хандалт тасралтгүй өсөлттэй байгаа нь харагдсан. “Зуслан” гэдэг нэртэй учраас магадгүй хүмүүсийн анхаарлыг татахгүй байж болно. Зөвхөн зуслантай холбоотой бус, өргөн утга агуулгатай, зөрчлүүдийг мэдээлэх боломжтой аппликейшн юм гэдгийг иргэд сайн ойлгоосой гэж бодож байна. IOS болон Android аль ч үйлдлийн системд татан суулгаж болно.

Мөн үүгээр дамжуулж иргэдэд нэг зүйлийг сануулахад, НБОГ-ын мэдэлд Богд уул хамаардаггүй. БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газарт тооцогддог учир, Богд уултай холбоотой зөрчлүүдийг хүлээж аван, хуулийн хүрээнд шийдэх боломжгүй гэсэн үг юм.


-ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР, ОЙЛГОМЖТОЙ БҮТЭЦТЭЙ АППЛИКЕЙШН-

Мэргэжилтэн Ж.Лхамдуламын хэлсний адил, “Зуслан” аппликейшн маш энгийн бүтэцтэй, хэрэглэхэд хялбар маягаар бүтээгджээ. “Мэдээ мэдээлэл” болон “Санал, гомдол” гэсэн хоёр баганад хуваагдана. “Мэдээ мэдээлэл” буланд НБОГ-аас нийтэлж буй иргэдэд хэрэгцээтэй мэдээллүүд шинэчлэгдэн байршдаг бол “Санал гомдол” хэсэгт хэрэглэгч зөрчлийг мэдээлэх боломжтой юм.


Мэдээ, мэдээллийн хэсэг

Санал, гомдлоо мэдээлэх хэсэг

М.ТЭНГИС

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close