СУРВАЛЖИЛГА: Зүүнбаян-Хангийн төмөр зам Монголын эдийн засгийг өсгөх шинэ ГАРЦ

Монголд дарга нар нь бүгд луйварчин болчихсон юм шиг, улсын мөнгө хувьдаа завшиж, идэж уухаас өөрийг мэддэггүй, Хөгжлийн банкаа тал талаас хоослоод сууж байхаас өөрийг чаддаггүй, энэ улс оронд бүтэж, болж, хийж байгаа ажил үгүй мэт өдрүүд үргэлжилсээр буй. Шүүмжлэх, өөлөх зүйлс бишгүй л бий. Гэхдээ энэ улс оронд хийж бүтээж, хөлс хөдөлмөр урсгаж, хөгжин дэвшихийн төлөө сэтгэл, шийдвэр гаргаж ажиллаж буй хэсэг ч байна.

“Монголд төмөр зам барьж байна”, “Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Дорноговь аймагт цэргүүдээр бариулж байна” гэж сонсох төдий л мэдээлэлтэй хэдэн жил явж байв. Гэтэл тэр бүтээн байгуулалт бэлэн болж, зүгшрүүлэх тээвэрлэлтээ эхлүүлчихсэн байх. Тэр нүсэр их ажил, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцах, нүдээр үзэх боломж олдох нь тэр.
Гурван жилийн турш барьж, энэ намар ашиглалтад бүрэн өгөх гэж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км зам, түүнээс салаалж барих гэж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслолыг Дорноговь аймгаас сурвалжилснаа та бүхэнд хүргэж байна.
-ЗҮҮНБАЯН- ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИХГҮЙ-


Өнгөрсөн баасан гарагт Дорноговь аймгийн нутагт Засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомтын сэргэлтийн зорилтын эхний гараа болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх нээлтийн ёслол боллоо.
Нээлтэд Ерөнхий сайд Засгийн газрынхаа сайд нарыг дагуулан очсон төдийгүй тэнд ажиллах инженер техникийн ажилчид, орон нутгийн төлөөллүүд оролцсон юм. Уг төмөр замыг 95 хувийн гүйцэтгэлтэй, туршилтын тээврээ эхлүүлээд буй Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 111-р км дэх шинээр төлөвлөсөн өртөөнөөс үргэлжлүүлж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн Ханги боомт хүртэл бүтээн байгуулна. Нийт урт нь 226.9 км. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 50 хувьтай тэнцэхүйц зам болно. Гуравдугаар зэрэглэлийн 1520 мм царигтай, хоёр өртөө, зургаан зөрлөг, есөн хос галт тэрэг нэвтрүүлэх чадвартай, 20 сая тонн ачаа тээх чадвартай зам барихаар төлөвлөжээ.

Уг бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхгүй. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулах том үүрэг даалгаврыг Ерөнхий сайд нэээлтийн үеэр хэлсэн. Өөрөөр хэлбэл, хэлсэн үгийг нь орон даяар иргэдэд хүргэх хэвлэлийнхний өмнө энэ замыг зургаан сарын дотор ашиглалтад оруулж, арван сард хүлээж авна хэмээн шуудхан үүрэгдсэн юм. Ингэж зоригтой дайрч, шийдэмгий байгаа нь учиртай. Тэр нь Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км замыг барьж байгуулсан Монголиан транс лайн компани болон бусад дотоодын компаниудын нэгдэл эл ажлыг дахин хийх гэж буй юм. Тэдэнд 416 км төмөр зам барьсан туршлага, чадвар, зохион байгуулалт, хамгийн чухал нь техник тоног төхөөрөмж, хүн хүч бий.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас олгосон юм.
-ХАЛУУНД ХАЛЖ, ХҮЙТЭНД ХӨРЧ АЖИЛЛАСАН ЦЭРГҮҮД ХОЖМЫН ӨДӨР ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ БАХАРХАХ ЦАГ АЙСУЙ-



Мэдээж төмөр замын ажлыг чадварлаг инженерүүд, тэдний хэлснээр ажлыг умалзуулах хүн хүч, ажилчидгүйгээр хийж чадахгүй. Манай улс төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчинд алба хааж буй цэргүүдийг дайчлан цалинтай ажиллуулж буй нь үр дүнтэй байгаа гэх.
Нэг талдаа цэргийн алба хаагчдын гараас ажил гарах нь хурдан, чих зөөлөнтэй байдаг бол нөгөө талдаа гэрээсээ шахам цэргийн албанд ирсэн 18,19 настангууд өнөөдөр улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож, говийн тэр их халуунд халж, хүйтэнд хөрч хатуужил, тэвчээр, хөдөлмөрт суралцаж, хажуугаар нь цалин мөнгө авч, ар гэртээ дэм болж байгаа нь тодхон. Олон жилийн дараа тэд үр хүүхэд, хойч үедээ ярьж, дурсаж суух, хийж бүтээж, гар бие оролцож явсан говь нутгийн талыг дүүргэсэн төмөр замаараа бахархаж суух нь тодорхой буй за.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид, цэргүүд оролцоно. Цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болох Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаагаараа давуу болж байна.
-ХОЁР ДАХЬ ГАШУУНСУХАЙТ, ХОЁР ДАХЬ ЗАМЫН-ҮҮД-

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтой төмөр зам болно.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, ийнхүү шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэдгийг Ерөнхий сайд онцолж байсан юм. Түүний хэлснээр энэ бүтээн байгуулалт нь хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд. Уг төмөр замаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх юм.
-Л.ХАЛТАР САЙДААС АМ АСУУСАН НЬ-

Бүтээн байгуулалтыг зургаахан сарын дотор ашиглалтад оруулах хүндхэн үүрэг авсан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон “Энэ хугацаанд дуусгаж амжих уу?” гэх асуултад хариулсан.
Тэрбээр "Дарханы замыг олон жил барьж чадаагүй байж зургаан сарын хугацаанд энэ төмөр замыг барьж чадах уу гэж асуух нь зөв. Бид зам барих компанийн удирдлагуудтай уулзахад "200 гаруй км газар дээр 32 ААН ажиллаж байна. Хамгийн бага нь дөрвөн км, хамгийн дээд тал 10 км барина гэж танилцуулсан. Төмөр замын хамгийн чухал ажил бол доод суурь буюу далан. Дээрх 4-10 км замуудын далангийн ажлыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгана гэдгээ хэлсэн. Хамгийн гол нь техник, хүчин чадал сайтай бол өдөр уртсаж байгаа учир боломжтой гэж харж байна" хэмээсэн юм.
-400 САЯ АМ.ДОЛЛАРААР “БОСОХ” БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨДӨЛЛӨӨ-


Монголиан транс лайн компани зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд өмнө нь зам тавьсан туршлагагатай, инженер техникийн ажилчид нь бүгд очсон байгаа аж. Тэдний ажилд туслан гүйцэтгэгчээр оролцохоор одоогийн байдлаар 90 орчим компани ажиллахаар болжээ. Хилийн орчимд ажиллаж буй Зэвсэгт хүчний дөрвөн ангийн байлдагчид ажиллах хүчээр орж ирнэ. Тус компани эхний санхүүжилтээ өөрсдөөсөө гаргаад ажлаа эхэлсэн бөгөөд дараагийн санхүүжилтийг төслөөсөө босгоно хэмээн Монголиан транс лайн компанийн ерөнхий захирал Б.Баяржаргал ярьсан юм.

Ийнхүү нийт 400 орчим сая долларын хөрөнгөөр босох төмөр замын бүтээн байгуулалт “хөдөллөө”. Монгол Улс, Монголчууд төмөр замгүйгээр энэ их баялгаа гадагш гаргаж, эдийн засгаа тэлж чадахгүй гэдгээ хамгийн их ухаарч, энэ ажлаа шуурхайлан эхлүүлж, үргэлжлүүлж буй нь чухал юм. Цар тахлын үе бидний ойлгосон зүйл энэ. Хуучин бол Замын-Үүдээр амьдрал гарч байна, гашуунсухайтаар нүүрс гарч байна л гэж ярьдаг байсан. Гэтэл хил хаагдаад ирэхэд бид ямар боомтод анхаарах ёстойгоо, ямар хүчин чадалтай байснаа дарга, цэрэггүй бүгд мэдэцгээсэн. Алдаа дутагдал ч их байсан нь ил болсон. Замын-Үүд боомтод анхаарал тавиагүй маш олон жил болсон нь сүүлд Ерөнхий сайд очсон айлчлалаар илэрч байв. Ерөнхий сайд нь очиход ариутгалын хаалга нь инээдэмтэй, эмгэнэлийн байдалтай угтаж, улс орон даяараа шүүмжилцгээж байв.

Одоогийн нөхцөл байдлаар коксжсон нүүрс ганцхан Гашуунсухайт боомтоос хараат байгаа нь нуух аргагүй үнэн. Хангийн боомт ашиглалтад орсноор хоёр дахь гарц нээгдэнэ. Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замаар галт тэрэг явж эхэлснээр Замын-Үүд Эрээнээр коксжсон нүүрс тээвэрлэх гурав дахь гарц нээгдэнэ гэх мэт цааш үргэлжлэх нь. Энэ зуны аагим халуунд говьд Монголын эдийн засгийг сэргээх том төсөл хөдөлж, олон хүний хүч, хөдөлмөр урсах нь. Харин бид халуун орондоо хэвтээд шүүмжлэх биш харин дэмжиж, өргөх нь таны эх орондоо,эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр болох юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.