СУРВАЛЖИЛГА: 50 метр зайнд 10 ломбард үйл ажиллагаа явуулж байна

Иргэд яаралтай мөнгөний хэрэг гарах үед өөрсдийн үнэт эдлэл, цахилгаан бараа, эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд буюу “Ломбард”-д өгч бэлэн мөнгөтэй залгадаг.
2018 оны байдлаар улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар 8233 хуулийн этгээд бүртгүүлсэн байдаг аж. Үүнээс нийслэлд 6800, орон нутагт 1400 ломбард үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг ломбардуудын бүртгэл тодорхойгүй юм байна.
Бид “Ломбард”-д иргэд юуг хамгийн их барьцаалдаг талаар болон түүний эрэлт хэрэгцээний талаар сурвалжиллаа.
-50 МЕТР ЗАМД 10 ЛОМБАРД БАЙНА-

Хаа сайгүй ломбард гэсэн самбар байх бөгөөд ердөө “Хүнсний 4-р дэлгүүр”-ийн автобусны буудлаас замын уулзвар хүртэлх 50 метр замд 10 ломбард дараалан байрлажээ.Түүнчлэн 3-р сургуулийн автобусны буудлын ард арав гаранхан метр замд дөрвөн ломбард дараалан байрласан байгаа юм.
2018 оны нэгдүгээр сараас ломбардууд шинэчлэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой болсон байдаг. Тухайн шинэчилсэн журамд зааснаар “Хотын хөдөлгөөн ихтэй бүсэд ломбардын үйлчилгээ явуулахыг хориглох. Мөн 20 м.кв-аас доошгүй талбайтай байх, байгалийн гэрэлтүүлэгтэй байх” хэмээн заасан байдаг.
Гэвч эсрэгээрээ барьцаалан зээлдүүлэх газрууд олны хөл ихтэй газруудад олширсоор л, жижгээр тусгаарласан талбайд байрласаар байгаа юм.
Тухайлбал, үйлдвэр комбинатын Жаргалант үйлчилгээ худалдааны төвд 5-6, Баянзүрх зах, Сансар орчимд ломбардууд борооны дараах мөөг мэт байгаа юм.
-НЭГ ЛОМБАРДАД ӨДӨРТ ДУНДЖААР 8-10 ОРЧИМ ГАР УТАС БАРЬЦААЛАН МӨНГӨ ЗЭЭЛДДЭГ-

Ихэнх ломбардуудад өдөрт 8-10 орчим гар утас авдаг бөгөөд зарим нь дунджаар 20 орчим утас авах нь бий хэмээн ярив. Мөн гар утсыг ихэвчлэн 1990-ээс хойш онд төрсөн хүмүүс барьцаалан мөнгө зээлддэг байна. Гэвч үүнээс өдрийн цагаар өсвөр насныхан, орой үдшийн цагаар бусад насныхан барьцаалдаг гэлээ.
Бидний лавласан бүх ломбардууд хамгийн их барьцаалан зээлддэг эд зүйл бол гар утас хэмээн бататган хэлсэн юм. Тэдний хувьд гар утсыг зах зээлээ хурдан алддаг учраас 7-14 хоногт 5-8 хувийн хүүтэй авдаг. Гар утсыг барьцаалж мөнгө зээлдүүлэх нь эрсдэл дагуулдаг ч хүмүүсийн хамгийн их санал болгодог зүйл утас учраас авахаас өөр аргагүй байдаг.
Гэвч хүмүүс эвдэрхий утас мэдэгдэлгүй авчирч биднийг хуурдаг. Бид гар утаснаас ашиг олохын тулд 14-21 хоног хүлээж байж үнэлгээний 5-8 хувийн ашгийг авч чаддаг гэлээ.
-9911-ТЭЙ ДУГААРЫГ ХАМГИЙН ХЯМДДАА 10 САЯ, 8811-ТЭЙ ДУГААРЫГ 4,5-6 САЯЫН ӨРТӨГТЭЙГӨӨР БАРЬЦААЛЖ МӨНГӨ ЗЭЭЛДЭГ-
Ломбардад хамгийн үнэ хүрч авч болох зүйлс нь алт мөнгөн эдлэл, утасны дугаар аж. Үүнээс хамгийн өндөр үнэ хүрэхийн сацуу хэл ам дагуулахгүй амар байлгадаг нь утасны дугаар гэв.
Утасны дугаар барьцаалан зээлдэгчдийн хэлж буйгаар мөнгөтэй баян хүмүүс тэр дундаа хямсагнасан эмэгтэйчүүд ирж утасны дугаараа барьцаалан зээлдэж мөнгө авдаг. Зарим тохиолдолд авалгүй хаячихдаг хэмээв. Тэдний хувьд утасны дугаар барьцаалан зээлдэх нь амар бөгөөд иргэнтэй гэрээ хийж, утасны дугаарыг өөрийн нэр дээр болгон шилжүүлдэг байна.
Утасны дугаарын 18 сарын хугацаатай барьцаалдаг байна. Харин дугаарын үнэлгээний хувьд 9911-тэй дугаар хамгийн багадаа 10 саяаас эхлэх бөгөөд 25-35 сая хэмээн үнэлэгдэх нь энгийн үзэгдэл. Мөн 9909-тэй дугаар 3,5 сая төгрөгөөс эхэлдэг бол 8811-тэй дугаарууд 4,5-6 сая хүртэлх дүнд үнэлэгдэн мөнгө зээлүүлэх боломжтой гэлээ.
-ЛОМБАРДУУД ӨДӨРТ 800-900 МЯНГАН ТӨГРӨГ БАРЬЦААЛАН ЗЭЭЛДДЭГ-

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард ажиллуулж байгаа хүмүүс ихэвчлэн өөрсдөө сууж ажилладаг байна. Тэд өдөр тутамд бэлэн мөнгөтэй харьцаж ажилладаг учир хүн хөлслүүлж ажиллуулах нь тэдэнд эрсдэлтэй гэв. Түүнчлэн тэд салбар нээх тохиолдолд ойр орчмын хамаатан садан эхнэр нөхрөө ажиллуулдаг байна.
Биднийг сурвалжилга бэлтгэхээр явж байхад эхнэр нөхөр хоёр ердөө хоёрхон хаалганы зайнд ломбардууд ажиллуулдаг болж таарсан юм. Тэдний хувьд нэг нь төрөлжсөн буюу цахилгаан бараа авч барьцаалан зээлддэг нөгөөх нь бүхий л төрлийн эд зүйл авдаг болж таарсан юм.
Мөн ажилтан хөлслөн ажиллуулдаг ломбардууд ихэнх тохиолдолд төрөлжсөн ломбард байдаг бөгөөд техник, утас зэргийг сайн мэддэг мэдлэгтэй хүмүүсийг ажиллуулдаг байна. Бусад тохиолдолд эзэд нь ажилладаг ба ихэнх ломбардууд өдөртөө 800-900 мянган төгрөгийн эд зүйл барьцаанд авч мөнгө зээлддэг. Тэд юм барьцаалж зээлсэн ашгаа 14-21 хоногийн дараа авах болдог ба хүүнээс эсвэл хоног сунгалтын мөнгөөр цуглуулдаг байна.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.