Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ВАЛЮТЫН ХОМСТОЛ: Өнгөрөгч долоо хоногт 3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар хилээр, бэлнээр гарчээ

“Гадаад валютын нөөц эрсдэлд орлоо”. “Арилжааны банкнууд ам.долларын арилжаандаа хязгаар тогтоолоо”. ““Найман шарга”-аар цүнх дүүрэн ам.доллар барьсан оросууд хөлхөлдөж байна”. “Хилээр зөөж гаргасаар, ам.долларын нөөцгүй болчихлоо”. Ийм мэдээллүүд сүүлийн долоо хоногт өндрөө авч, олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

НЭГ: “НАЙМАН ШАРГА”-Д НИЙТ ГАДААД ВАЛЮТЫН 4 ХУВЬ ЭРГЭЛДДЭГ

Энэ тухай мэдээлэл одоогоос хоёр долоо хоногийн өмнө сошиалд мэдээлэгдэж байв. Бүр тодруулбал, “Найман шарга”-аар дүүрэн оросууд хөлхөлдөж, боодол боодлоор нь ам.доллар солиулж явна гэсэн жиргээ Твиттер орчинд идэвхийлэн түгсэн юм.

Тэгвэл, “Найман шарга” хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь үнэн байна. Тэнд өчигдөр өдрийн 15.30 цаг орчимд арилжаа хийсэн иргэнээс нөхцөл байдлыг тодруулахад “Хүн ихтэй байна. Харин гадаад хүн харагдсангүй. Арилжаачид нөөц хэвийн байна, “Найман шарга”-ын арилжаа улсын гадаад валютын нөөцөд нөлөөлөхгүй” гэлцэж байна” гэлээ.

Тоо дурдахад, улсын нийт гадаад валютын нөөцийн 4 хувь нь “Найман шарга”-д эргэлддэг байна. Ихэнх нь арилжааны банкнуудаар дамждаг бол Монголбанкны хяналтад бусад хэлбэрээр хадгалагддаг. Иймд “Найман шарга” валютын зах дээр хомсдол үүссэн ч энэ нь улсын гадаад валютын нөөцөд эрсдэл үүсгэхүйц хэмжээнд нөлөөлөхгүй юм.

ХОЁР: ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 95 ХҮН ХИЛЭЭР 1.1 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР ГАРГАЖЭЭ

Харин ам.долларыг бэлнээр, хилээр гаргаж байгаа гэх мэдээлэл үнэн байна. Хуулийн дагуу, валютаа мэдээлээд, хилээр гаргах боломжтой. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн хэмжээнд 95 хүн нийт 1.1 сая ам.долларыг бэлнээр, хилээр гаргасан байна. Энэ нь 3 тэрбум орчим төгрөг юм.  

Харин мэдүүлэлгүй хилээр гаргах гэж оролдвол зөрчил болно. Өнгөрсөн долоо хоногт ийм хоёр зөрчил бүртгэгджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

ГУРАВ: МОНГОЛБАНК ВАЛЮТЫН АРИЛЖААНД ХЯЗГААР ТОГТООХГҮЙ

Цаашлаад иргэдийн дунд нэгдсэн шийдвэрээр арилжааны банкнууд ам.долларын арилжаандаа хязгаар тогтоосон гэх ойлголт түгээд байгаа. Хуулийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкнуудын валютын арилжаанд шууд нөлөөлөх боломж байдаггүй.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Арилжааны банкнууд хязгаар тогтоосон гэх мэдээлэл бий. Үүнийгээ “Монголбанк хязгаар тогтоосон” гэдэг байдлаар тайлбарлаж байгаа бол ташаа юм. Ингэсэн банкнуудад анхааруулга хүргүүлнэ. Монголбанк хуулийн дагуу арилжааны банкнуудын дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх эрхгүй” гэсэн тайлбар өгч байна.

Иргэдийн аман мэдээллээр, хэд хэдэн арилжааны банкнууд ам.долларын их хэмжээний гүйлгээг гацааж байгаа гэх. Энэ нь албан тодруулгаар батлагдахгүй байна. ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкны хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Бид мэдээлэлгүй байна, ойлголтын зөрүүг нэгтгэхээр ажиллаж байна” гэсэн ижил хариу хэлж байх юм.

ДӨРӨВ: ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ОРОС-УКРАИНЫ ҮЙЛ ЯВДЛААС ӨМНӨ БАГАСАЖ ЭХЭЛЖЭЭ

Орос-Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, барууны орнуудын ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэ хүрээнд ОХУ-ын хэд хэдэн арилжааны банкны гадаад гүйлгээ зогсож, төв банкных нь ам.долларын нөөц царцаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор оросууд Монголд ирж, валют солиулж, хилээр гаргаж байна гэх логикийг иргэд хэлж буй. Тэгвэл, Монголбанкны статистик мэдээллийг харвал, манай улсын гадаад валютын нөөц:

  • 2021 оны арванхоёрдугаар сард 4.36 тэрбум ам.доллар байсан бол
  • 2022 оны нэгдүгээр сард 3.94 тэрбум болж буурсан байна.

Өөрөөр хэлбэл нэг сарын хугацаанд 415 сая ам.доллар нөөцөөс хасагджээ. Өнгөрсөн жилд ийм хэмжээний алдагдал валютын нөөцөд үүсэж байгаагүй. Энэ оны хоёр, гуравдугаар сарын байдлаарх статистикийг шинэчлэн мэдээлээгүй байна.

Тэгэхээр, валютын нөөц Орос-Украины нөхцөл байдал үүсэхээс өмнө багасаж эхэлсэн дүр зураг уншигдаж байгаа юм. Харин нэгэнт үүссэн валютын алдагдал дээр Орос-Украины үйл явдал нэрмээс болсон гэвэл илүү зөв логик болохоор байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Долоо хоногт л 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар хилээр, бэлнээр гарна гэдэг эгэл биш үйл явдал өрнөж буйг илтгэнэ. Хэдийгээр “Найман шарга” зах дээрх арилжаа улсын гадаад валютын нөөцөд эрсдэл учруулахгүй ч тэндэх ханшийг дагаж, иргэд сэтгэл хөдлөлд автан арилжаа хийдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Иймд энэ тал дээр бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй болжээ.

Одоогийн байдлаар ам.долларын ханш 2912 төгрөг давжээ. 2850 орчим төгрөгт бараг жилийн хугацаанд хадгалагдсан ханш хоёрдугаар сарын сүүлчээс өсөж эхэлсэн нь статистикаас харагдаж байна.

Дээрх мэдээллүүдээс харахад, Монгол Улсад ам.долларын хомстол үүссэн нь ойлгогдож байна. Албан бус мэдээллээр, Монголбанк он гарснаас хойш 1.4 тэрбум орчим ам.долларын интервенц хийсэн гэх. Хэрэв үнэн бол гадаад валютын нөөц ихээхэн багассан, цаашид ханш улам чангарах дүр зураг харагдаж байна.

Үүнд Сангийн яам, Монголбанк таг дуугүй суугаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2022 07:55

Оюун-Эрдэнийг огцруулах цаг болжээ

Зочин
Зочин
3 сар 22, 2022 08:40

Санаа амар юм болох нь ээ

Зочин
Зочин
3 сар 22, 2022 10:15

Мөнгөний урсг�##� чөлөөтэй хянахад хэцүү

Зочин
Зочин
3 сар 22, 2022 21:46

МАН ын дарга нь юу гэж хуцаад байлаа. Их хур�##� засгийг огцруулах цаг болсон. Энэ намын үед улс орон элгээрээ хэвтлээ

Холбоотой мэдээ

Back to top button