Сурвалжилга: “Найман шарга” дээр ам.долларын ханш өссөнд арилжаачид биш банкнууд “буруу”-тай
“Найман шарга” валютын зах дээр ам.доллар хомстолж, ханш нь өсөх нөхцөл байдал үүссэнээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч ханш 3450-3550 төгрөгт хүрч, улам нэмэгдлээ гэх мэдээллүүд сошиал орчинд хөвөрсөөр байгаа юм. Нөгөө талд Монголбанкнаас зарласан ханш 2970 төгрөг. Харин арилжааны банкнууд ам.долларын гүйлгээндээ хязгаар тогтоосон. Энэ уялдаагүй байдлуудад иргэд, бизнес эрхлэгчид хохирч байгаа юм.
АРИЛЖААЧИД: ЭРЭЛТ ИХСЭЭД БАЙДАГ, НИЙЛҮҮЛЭЛТ АЛГА
Бид “Найман шарга” зах дээр очиж, арилжаачдаас ханшийн мэдээлэл тодруулах гэсэн боловч тэд яриа өгөх дургүй байна. Хаалга бүрийг татсан ч “Яриа өгөхгүй, өгмөөргүй байна”, “Зав алга” гэцгээн, үүднээсээ түлхэн гаргаж байгаа нь анхаарал татсан юм. Өөрөөр хэлбэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээс зугтсан, зайлсхийсэн хандлага гаргаж байв.
Ингээд нэр, нүүрийг нь гаргахгүй гэж амлан хоёр хүнээс товч байр суурь сонслоо,
Нэг: “Ойрд Санхүүгийн зохицуулах хорооноос өдөр болгон ирж шалгаад, амар заяа үзүүлэхгүй байна. Та нар тэндээс л асуух юмаа асуу. Бидэнд ямар ч буруу байхгүй. Хүмүүс ханш асуугаад бидэнтэй л хэрүүл хийгээд байна. Сүүлийн өдрүүдэд ханш буцаад 40-50 төгрөгөөр унаж байна”.
Хоёр: “Биднээс мэдээлэл авна гэдэг өрөөсгөл. Арилжааны банкнууд гүйлгээндээ хязгаар тогтоочихоор тэртэй тэргүй эрэлт ихсээд байна. Гэтэл нийлүүлэлт байхгүй. Ингэхээр ханш нь өснө биз дээ. Тэгэхээр хязгаар тогтоосон арилжааны банкнуудаас, нийлүүлэлт хийхгүй байгаа Монголбанкнаасаа очиж асуу”.

Хамгийн дэлгэрэнгүй байр суурь илэрхийлсэн нь энэ байв. Тэд ам.долларын зарах худалдаж авах ханш 3250 төгрөг байгааг хэлж байна. Харин валютын нөөц угаас хангалтгүй байгааг онцлоод, харин сүүлийн өдрүүдэд ам.доллар солиулах хүмүүсийн тоо цөөрөөд байгаа талаар ярилаа.
СЗХ: ТОГТМОЛ ХИЙДЭГ ХЯНАЛТ ШАЛГАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Найман шарга” зах дээр үйл ажиллагаа явуулдаг арилжаачдаас дээрх байр суурийг сонсоод, Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй холбогдлоо.
-Танай байгууллагаас “Найман шарга” зах дээр хяналт шалгалтууд хийж байгаа гэж сонссон. Шалтгаан нь юу вэ?
-Тогтмол хийдэг хяналт шалгалтууд явж байгаа. Хууль, журамдаа нийцүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нь шалгадаг. Үр дүн гараагүй, шалгаж дуусаагүй байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Тэнд төв болон арилжааны банкнуудад тогтоосноос өндөр, 3450-3550 төгрөгийн ханшаар валют арилжаалж байна гэх мэдээлэл бий. “Найман шарга”-ын арилжаачид ханшаа ийм хэмжээнд дураар өсгөх хуулийн зохицуулалт байдаг уу?
-Тэд арилжаачид гэхээс илүү тус тусдаа Банк бус санхүүгийн байгууллага шүү дээ. Тэгэхээр хуулиараа, ханшаа өөрсдөө тогтоодог гэсэн үг. Монголбанк бол зүгээр л дундаж ханш тогтоож өгч байгаа. Бид 3450 төгрөгөөр валют сольсон эсэхийг нь шууд очоод, тогтоох боломжгүй шүү дээ.

-“Найман шарга”-ынхан хэвлэлд яриа өгөх дургүй, халгааж байгаа нь анхаарал татсан. “Санхүүгийн зохицуулах хорооноос л асуу” гэдэг тайлбарыг хэлж байгаа юм?
-Бид хяналт, шалгалтаа л хийдэг газар. Бидэнд валютын нөөц, ам.долларын ханшийг тогтвортой байлгах тал дээр шууд оруулдаг үүрэг байхгүй. “Найман шарга”-ын арилжаачид өөрсдийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд л тийм зүйл ярьж байгаа байх. Ерөөс логик нь тодорхой, манай улсын гадаад валютын нөөц багассан. Иймд нийлүүлэлт байхгүй болчихоор эрэлт нь ихсээд байгаа.
ХУУЛЬ: АРИЛЖААЧИД ӨӨРСДӨӨ ХАНШАА ТОГТООНО
Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.6-д “Валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно” гэж заасан байдаг. Иймд “Найман шарга” зах дээр арилжаа хийдэг тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд нь эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн ханшаа өөрсдөө тогтоох эрхтэй.
Харин Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох баримт бичиг хангалттай, тооцооны тайлан бүртгэлээ хийж байгаа эсэхийг л шалгадаг байна. Монголбанкнаас дуудлага худалдаа явуулахад тэдний зарим нь ам.доллар худалдан авдаг бол буцаагаад төгрөгөөр солих нь ч бий. Гэхдээ Монгол Улсын нийт гадаад валютын нөөцийн 3 хувь л “Найман шарга” зах дээр эргэлддэг гэдгийг мартаж болохгүй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Харин арилжааны банкнууд ам.долларын гүйлгээндээ ямар хязгаар тогтоосноо албан ёсоор огт мэдээлэхгүй байгаа. Иргэд хоёр долоо хоногийн өмнө “5 сая төгрөг” гэж сошиал орчинд бичицгээж байсан бол сүүлийн өдрүүдэд “1 сая төгрөг” болж буурсан бололтой.
Банкнуудаас энэ талаар тодруулахад албан бичгээр хандаж, хүсэлтээ тавь гэдэг байр суурийг нэгдмэл илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнууд ам.долларын гүйлгээндээ хязгаар тавьснаар “Найман шарга” зах дээр асар их эрэлт үүсэж байгааг ойлгож болохоор байна. Үүний дээр, банкаар дамжуулан гадаад гүйлгээ хийж, бизнесээ эрхлэн явуулдаг олон ААН хүндрэлтэй байдалд ороод буйгаа илэрхийлсээр байгаа.
Хэдийгээр арилжааны банкнууд өөрсдийн ашигтай ажиллах хувилбарыг бодож, ам.долларын нөөцөө хямгадаж байгаа нь энэ ч валютын зах зээлд эрэлтийг халаах гол шалтгааныг бий болгож байна. Нөгөө талд “Найман шарга”-ын арилжаачид ам.долларын нөөц багатай байгаа тул ханшаа тодорхой хэмжээгээр өсгөж, үүнээсээ болж иргэдтэй ихээхэн үл ойлголцолд орж байгаа аж. Иймд хэвлэлд ярилцлага өгөхөөс нийтээрээ татгалзаж байна.

Үүнээс, Монголбанк арилжааны банкнууд дахь ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх бодлого баримтлахгүй бол хаана хаанаа эрэлт нь нийлүүлэлтээ давж, ханш нэмэгдэх, хомстол үүсэх нөхцөл байдал байсаар байгаа нь харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дооларгүй улс
;БАНКУУД ДОЛЛАР ЗАРАХГҮЙ БАЙГАА ТУЛ НАЙМАН ШАРГААС АВАХААС ӨӨР ЯА ГЭЖ? МОНГОЛБАНК ХАНШИЙГ ХУДЛАА ДАРЖ ЗАРЛАЖ БАЙНА.. ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ ЯМАР БАЙГААГ ЗАХААС Л МЭДНЭ 8 ШАРГА БОДИТ ХАНШ
Төв банк нийлүүлтээ зогсоосон бх ааа
Найман шарга устана
Монгол шиг банкнууд нь ченжээр дамжуулан мөнгө угаадаг улс байна уу