Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: Чихэнд чимэгтэй ч, амлалт нь ихэдсэн ТӨСВИЙН ТОДОТГОЛ

Өчигдөр /2022.04.20/ Засгийн газраас төсвийн тодотгол өргөн барьж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ.

Төсвийн тодотголоос хамгийн эхэнд онцлох тоонууд:

ОРЛОГО: Төсвийн тэнцэвржүүлсэн орлого 245.3 тэрбумаар буурч, 15.5 их наяд

ЗАРЛАГА: Нэгдсэн төсвийн зарлага 245.3 тэрбумаар буурч, 17.9 их наяд

Төсвийн нийт алдагдал: 2.4 их наяд

НҮҮРСНИЙ ҮНЭ: 172.4 ам.долларт

ЗЭСИЙН ҮНЭ: 9,314.4 ам.долларт

Төсөв тодотгохоос өмнө энэ бүхнийг: 2022 оны төсвийн төсөлд нийт орлого 16.4 их наяд, харин нийт зарлага 18.1 их наяд, төсвийн алдагдлыг 2.4 их наяд байна гэж тооцоолж байв. Харин нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6,306. ам.доллар, нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 73.4 ам.доллароор тооцож байсан билээ. Мөн Сангийн яам ирэх онд нэг ам.доллар 2930 төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцоо хийсэн. Сүүлийн нэг жилийн турш ам.долларын ханш 2848 төгрөгийн үнэтэй байв.


Нэгдсэн төсвийн тодотголын төсөлд тусгасан НАЙМАН онцлог:

  • Төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг мөрдөнө
  • Хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, НЭН ШААРДЛАГАТАЙ БИШ ТӨСЛҮҮДИЙГ ЗОГСООНО
  • ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ нэмэгдүүлж, элсэлтийг сугалаагаар шийддэг асуудлыг бүрэн хална
  • Зарим даатгуулагчийн өөрөө хариуцан төлсөн шимтгэлийн 50 ХУВИЙГ БУЦААН ОЛГОНО
  • Хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, “Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих” хүүгийн татаасыг нэмэгдүүлнэ
  • “Ирээдүй өв сан”-гаас “ХҮҮХЭД БҮРД ҮҮСГЭСЭН ХУРИМТЛАЛ”-ыг 2022 он дуустал мөнгөн хэлбэрээр олгоно
  • Хөнгөлттэй зээл ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг, татварын зохицуулалтаар “ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ” бодлого хэрэгжүүлнэ.

Үүнээс төсвийн тодотголд хэмнэлтүүдийг яг ХЭРХЭН тусгаж оруулсан ирсэн бэ. Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд:

НЭГДҮГЭЭРТ: Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас өмсөхгүй

ХОЁРДУГААРТ: Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн алба хаагчдын автомашины ашиглалтыг хориглоно

ГУРАВДУГААРТ: Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн алба хаагчид томилолтоор нислэг үйлдэхдээ энгийн зэрэглэлээр үндэсний агаарын тээврээр ниснэ

ДӨРӨВДҮГЭЭРТ: Бүх шатны төсвийн байгууллагын алба хаагчийн ажиллах орчин, техник хэрэгслийн нийтлэг жишгийг шинэчлэн батална /өрөөний хэмжээ гэх мэт/

ТАВДУГААРТ: Захиргааны зориулалтын барилга барихгүй

ЗУРГАДУГААРТ: Төрийн алба хаагчийн гар утас, шатахууны төлбөрийг төсвөөс төлөхгүй

ДОЛДУГААРТ: УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагаас бусад Засгийн газар, агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагуудыг орлогч, дэд даргатай байхыг хориглоно

НАЙМДУГААРТ: Төсөвт байгууллагын эрчим хүч, усны хэрэглээг бууруулна /39.1 тэрбумыг хэмнэнэ/

ЕСДҮГЭЭРТ: Чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс төсөвт байгууллагуудыг нэгтгэнэ

АРАВДУГААРТ: Төсөвт байгуллага сургалт, семинар, уулзалтаа цахимаар зохион байгуулж, уралдаан тэмцээн арга хэмжээ зохион байгуулахгүй.

Ямартай ч энэ арван заалтыг хараад унах унаа, утасны төлбөр, ажлын байрны цомхотгол хийх л юм байна гэж дүгнэгдэхээр.

-“ХЭЦҮҮ БАЙНА” ГЭСЭН Ч КОНЦЕССОО ЕР ХАСАЖ, ТАНАСАНГҮЙ-

Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний эргэн төлөлтийн санхүүжилтийг хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн олгож байх бодлогыг баримталж байна. 2022 онд барих-шиджүүлэх концесст Засгийн газар 632.5 тэрбумын өр үүсгэсэн үлдэгдэлтэй. Улмаар тодотголд концессийг зогсооно, царцаана гэсэн үг өгүүлбэр нэг ч тусгасангүй.

-АМЛАЛТ НЬ ИХЭДСЭН ТОДОТГОЛ-

Төсвийн тодотголд ИНГЭНЭ, ТЭГНЭ ГЭСЭН амлалтын чанартай зүйлс хэд хэд дайралдана. Тодруулбал,

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сугалаагүй цэцэрлэгтэй болгоно.

-Төвлөрлийг сааруулах үүднээс хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худаддан авч байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даана.

-Цэцэрлэгүүдийн хувьсах зардлуудыг нэмэгдүүлнэ.

-Уул уурхайн лицензгүй компаниуд орон нутаг руу нүүвэл нүүлгэлтийн зардлын асуудлыг хөндөх.

-ИРЭЭДҮЙД ХЭРЭГЛЭХ “ИРЭЭДҮЙ ӨВ САН”-ГААР ИХ Л ОРОЛДОЖ БАЙНА-

Ирээдүй хойчдоо өвлүүлэх, үлдээх учиртай ирээдүй өв сангаар их л оролдож байна. Өмнөх намрын чуулганаар Ц.Даваасүрэн гишүүн эл санд хичнээн төгрөг байгааг асуухад намынханаас нь хариулах хүн олдоогүй. Өдгөө төсвийн тодотголтой цуг эл хуулиар оролдож нэмэлт өөрчлалт оруулалт хийж буй.

2022 оныг дуустал энэ сангийн мөнгөнөөс хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болж байгаа юм. Ирээдүй өв санд төвлөрсөн мөнгийг эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу он дуустал мөнгөн хэлбэрээр олгоно гэжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ugni gaigvi l tosolvvd gargasan bnleshd

Холбоотой мэдээ

Back to top button