Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: Талбайн жагсаалаар төсөв тодотгон ЗАВШИЖ, ямар ч “хулгайч”-ийг хамгаалж үлдэж болох ПАРЛАМЕНТ

Өнгөрч буй энэ долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ТОГТОЛЦОО: Ямар ч хулгайчийг УИХ дөрвөн жилд нь хамгаалж чадна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан гаргаснаар энэ долоо хоногт халуун үйл явдал өрнөв. Энэ бол гишүүд гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагууд нэмэлт мөрдөн байцаалт явуулах гэсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болоод буй утгатай процесс.

Энэ утгаар нийгэм даяар хэлэлцэгдэж, УИХ-ын гишүүд ч санаа сэтгэл нь зовж байх ёстой.

Гэвч төсвийн тодотголыг хэлэлцэж буй цаг үетэй  давхцаж, уг дөрвөн гишүүний асуудал нийгэмд төдийлөн хурцаар тавигдсангүй өнгөрлөө. Эцсийн дүндээ өчигдөр УИХ шөнө дөл болтол хаалтттай хуралдаад, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнийгээ “Бид энэ хүмүүсийг гэм буруугүй гэж үзэж байгаа хэрэг биш. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр үргэлжлүүлэн шалгах бололцоотой юм байна гэж шийдлээ” хэмээн тайлбарлаж буй.

Хамгийн гол нь Ё.Баатарбилэг нарын араас Б.Бейсен, А.Адъяасүрэн болоод Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон 20 гаруй гишүүдийн асуудал орж ирж мэдэхээр байгаа. Ил гарч түншсэн нь энэ дөрөв л байлаа. Нийгмийн уур амьсгал яаж хүлээж авахыг энэ үйл явдлаас тэд сайн харж авсан байх. Ард түмэн ер харааж, шүүмжилж залхсан аятай, дөрвөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гарсан хойно ч ажин түжин байгаа нь анхаарал татна. Бас нэг талаар энэ дөрвөн гишүүнд ард түмний итгэл очоогүйг ч илтгэж болно.

Нөгөө талаар, эрх баригч нам МАН-д гишүүд нь хэрэг төвөгт орооцолдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүртэл асуудалд хүрвэл таалагдахгүй. “Буруугүй, ийм сайхан хүмүүс” гэсэн хэлэмж үзүүлж, гишүүдээ авч үлдэх. Эсвэл “Гэм буруутай хүмүүсээ хамгаалаад аваад үлдчихлээ” гэсэн шүүмжлэлийг тогтоон барихын тулд ганц нэгээр нь тавьж явуулах. Ийм шийдвэрүүдийн дунд л зогсох шаардлага үүсэв.

Энд нэг зүйл онцлоход, УИХ-ын гишүүнд нэгжлэг хийх, хөрөнгийг нь битүүмжлэх боломжгүй байдаг. Заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж ийм арга хэмжээ авна. Бусдаар мэдүүлэг авах гэх мэт 20  гаруй төрлийн мөрдөн шалгах ажиллагааны төрлүүд нээлттэй явагдаж болдог хуультай. Иймд дээрх дөрвөн гишүүний хэргийг мөрдөн шалгахад нэгжлэг хийж, хөрөнгө битүүмжлэх шаардлага гарсан гэсэн үг. Хуулийн байгууллага нь “Одоо ингэж шалгахаас өөр арга алга даа” гэж хэлээд байхад л УИХ-ын гишүүд нь ямар ч хулгайч, луйварчинг ийн дөрвөн жилийн хүрээнд нь хамгаалж үлдэж болдог тогтолцоо ажиллаж байна.

ТОДОТГОЛ: Тэд жагсаалыг боломж болголоо

Улс төрчдийн хувьд Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүнээс илүү 2022 оны төсвийн тодотгол л чухал сэдэв байв. Энэ долоо хоногт хоёр, гурав дахь хэлэлцүүлгүүд хийгдэж, УИХ-ын гишүүд төсвөө тодотголоо, шинээр баталлаа.

Төсөв тодотгол эхлэл нь Сүхбаатарын талбайн жагсаал байв. Иргэд хэмнэ гэсэн. Араас нь Засгийн газар хуулиуд өргөн барьсан. Ингэхдээ дэд дарга нарыг хасна, том том автомашин унахгүй байх нь зөв гэх мэтээр популист агуулгууд оруулж ирсэн. Хэмнэсэн гэж харагдахын тулд. Үнэндээ яг тэр хүрээнд улсын төсвөөс хэдэн төгрөг хэмнэж гавих нь эргэж харахуйц.

Ингээд, “За, төсвөө тодотгоно оо” хэмээхдээ Засгийн газрын өрийн баталгааны хэмжээг нэмэгдүүлж, LRT төслөө оруулж ирсэн байв. Хотын гишүүд төсвийг лоббидсон нь энэ. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг базахдаа яг “дүр хүн” байж чадав. Эхлээд тэр LRT төслийн өндөр өртөгтэй, эрсдэлтэй зээлийг шүүмжилж, хотын гишүүдтэй ширүүхэн маргаад авсан. Дараа нь төсвийн бусад агуулгууд дээр Засгийн газартай нэгдмэл байр суурь илэрхийлэх маягаар зарим хэрэгцээгүй төсвүүдийг хасаж танасан.

Гэхдээ өргөн агуулгаараа тийм их хэмнэсэн төсөв мөн үү гэвэл үгүй. Салбар салбарын урсгал зардлуудыг бараг хэвээр үлдээснээс гадна LRT төслийн асуудлаа нэг тийш болгож шийдээгүй. Засгийн газрын зорьсон хүрээндээ ч, агентлагууд дэд даргагүй болж чадсангүй. ТӨХК-иудыг нээлттэй компани болгох санал нь унав. Эргээд хотын даргын орлогч нарын тоо хоёр болно гэсэн ч дөрөв болж үлдэв. М.Оюунчимэг гишүүний ариун цэврийн байгууламжийн асуудал энэ хүрээнд ихээхэн мэдээлэгдсэн. Өөрөөр хэлбэл, нарийн өнгийвөл энэ төсвийн тодотголыг Ч.Хүрэлбаатар базсан тулдаа хамжааргатай, зах замбараатай явууллаа л гэлтэй. Тэр байгаагүй бол халуун шатаж яваа Сангийн сайд Б.Жавхлан нарын хүмүүс төсвөө яаж ч эвдэж мэдэхээр байв.

Нөгөө талаар энэ тийм ч хэмнэсэн, арвилсан, иргэдийнхээ жагсаал тэмцэлд хариу шийдэл болгосон төсөв биш. Анхнаасаа төсвийг тодотгох зорилго агуулж байсан нь төсвийн төслийг тогтож уншихад ойлгогдоно. Энэ өнцгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төв талбай дээрх залуусын жагсаалыг төсөв тодотгож аваад, LRT-г зүтгүүлэх гэх мэт лобби хийх боломж болгож л хувиргасан дүр зураг уншигдана.

Энэ өдрүүдэд Засгийн газрын “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хийж буй дайн нам жим өрнөж, Ерөнхий сайдын сүржин мэдэгдлүүд багахан сонсогдов. Ерөнхийдөө УИХ төвтэй долоо хоног өнгөрөв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюунэрдэнэ зүгээр нэг худалч жаал гэдэг нь батлагдлаа. Залуу үе улс орныг өөд нь татна гэдэг худлаа юм байна. Одоо жаахан зангарагтай улс төрч Монголд хэрэгтэй байна.

Зочин
Зочин

МАН ын хулгайч луйварчид хаан заан мэт авирлаж байна дөө. Ард түмнийг хэтэрхий басаж байж аль ч үгүй болох вий

Холбоотой мэдээ

Back to top button