УРЛАГ

"The SIGN" үзэсгэлэн: 15 жилийн "цуглуулга" болох 1600 дүрс тэмдэгт дэлгэгдлээ

“Бид Монгол Агуулга” (БМА) нэрэн дор цугласан график дизайнеруудын төрийн бус байгууллагын 19 дизайнер нэгдэн “The Sign” үзэсгэлэнгээ Монголын Уран Зургийн Галерейн их танхимд дэлгэлээ. Уг үзэсгэлэнгээс тэдний сүүлийн 15 жилийн бүтээлийн цуглуулга болсон 1600 орчим дүрс тэмдэгтүүдийг үзэх боломжтой. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг бэлгэдэлт тэмдэг, үгэн тэмдэгт, үсгэн тэмдэгт, дүрс үгийн хослол, хийсвэр тэмдэгт, дүр төрх, хэлхээ үсэг, сүлд бэлгэдэл, зурган тэмдэгт гэсэн төрлүүдээр ангилан байршуулав. 

The SIGN үзэсгэлэнгийн нийт бүтээлийн дийлэнх нь эцсийн бүтээл болон ашиглагдаж буй лого, тэмдэгтүүд юм. Тиймдээ ч энэ үзэсгэлэн зөвхөн БМА-ын 19 дизайнераар тогтохгүй Монголын маш олон компани, брэнд, байгууллагуудын хамтын бүтээл гэж ойлгож болно. Хэрэв та БМА-ын аль нэг дизайнертай хамтарч дүрс тэмдэгт бүтээж, бүтээлгэж байсан бол таны төсөл ч уг үзэсгэлэнд дэлгэгдэж, “The SIGN” номонд хэвлэгдсэн байх боломжтой билээ. Үүнээс гадна үзэсгэлэнгийн сонирхолтой хэсэг нь дизайнеруудын өөрсдийн оюун санаа, хүсэл мэдрэмжийн илэрхийлэл болсон чөлөөт уран бүтээл, зохиожууд юм. Энэ бүхнээс та Монголын орчин цагийн дизайны хөгжил, чиг хандлагыг мэдрэх боломжтой. БМА “The Sign” үзэсгэлэнд дэлгэж байгаа бүх дүрс тэмдэгтүүдээ нэгтгэж "The SIGN" нэртэй ном гаргаж буй. Уг ном нь 2022.05.20-ноос эхлэн худалдаалагдах юм.

БМА өмнө нь “БИ+Д: Өөрөөсөө эхэлье” гэх хотжилтоос үүсээд байгаа асуудлуудыг хөндөж зурагт хуудас бүтээж олон нийтэд түгээж асуудлыг олон талаас бүтээлч байдлаар дэвшүүлж байсан билээ. Мөн мэргэжлийнхээ чиглэлийн дагуу "TYPOMANIA" олон улсын дизайны үзэсгэлэн фестивалиудад эх орноо төлөөлж оролцох, "Солонгон бүрхүүл" хэмээх гэр хорооллуудад өнгө нэмэх төсөл зэргийг хийхийн зэрэгцээ, Тайпографик бичиглэл дизайны сургалт явуулах, дизайны оюутнуудтай хамтарч ажиллах, залуу дизайнеруудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

Цаашид “The SIGN” үзэсгэлэнг жил бүр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жилийн үзэсгэлэнд БМА холбооны дизайнерууд дээр нэмэгдэж бусад дизайнерууд, оюутнууд, багш нар, бүр дизайнер биш хүмүүс ч оролцож бүтээлээ өгч болох юм. Шалгарсан бүтээлүүдээр тухайн үед үзэсгэлэн гаргаж, цуврал номоо хэвлүүлэх зорилго тавиад байна.

Анх удаа гарч байгаа The SIGN үзэсгэлэнг:

  • 5 сарын 5-ны 16:00-17:00 цагт
  • 5 сарын 6-ны 09:00-17:00 цаг
  • 5 сарын 7-ны 09:00-17:00 цагт / албан ёсны нээлт/
  • 5 сарын 8-ны 09:00-17:00 цагт
  • 5 сарын 9-ны 09:00-17:00 цагт
  • 5 сарын 10-ны 09:00-17:00 цагт
  • 5 сарын 11-ны 09:00-15:00 цагуудад үзэх боломжтой.

Фэйсбүүк холбоос

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x