Тэмдэглэл: Узбекистаны урлагийн музей дэх баяр, гуниг
Ташкент хотын гудмаар явахад үе үе “Урлагийн төв музей тийшээ” гэсэн тэмдэг гарч ирэх юм. Түүгээр хотын байр байршлыг тодорхойлж, барагцаалж болохуйц. Харин миний буусан зочид буудлын ердөө хажууханд шахуу энэ музей байрлаж байв. Зөвлөлт задарсны дараа бидэнтэй ижилхэн гараанаас л эхэлсэн Узбекистаны урлаг юуг хэлэх нь сонирхол татна.
Тийм ч учраас дөрвөлжин хийцтэй, дөрвөн давхар эл музейг зорьж, үзмэрүүдтэй танилцлаа. Зураг дарах зөвшөөрөлтэй тасалбар худалдаж авахад 55 мянган сум /эндхийн мөнгөн тэмдэгт/ болж байна. Энэ нь 15 мянга орчим л төгрөг юм. Хамгаалагч дуугүй тасалбар, төлбөрийн баримт шалгаад оруулав. Ингээд нэг давхрын зааланд хөл тавина.
Угалзат сийлбэр, реалист уран зураг
Энд Узбекистаны яг үндэсний урлагийн хөгжлийн эхлэлийг үзүүлжээ. Ер эрээн мяраан хээн чимэглэл бүхий таваг энд бэлэг дурсгалын түгээмэл бүтээгдэхүүн. Түүнд зурагддаг нарийн хээ, угалзууд ханын сийлбэр маягаар хийгддэг байжээ. Гэхдээ энэ үзмэрүүд 18-р зууны сүүл, 19-р зууны эхэн үед холбогдоно. Айл гэрийн болон ордны хаалга, салхивч, хананд хийдэг байсан болов уу гэмээр шавар сийлбэрүүд эгнэж байна.
Геометрийн чухал огтлолцлоор хийсэн ханын зураг тэнд жаахан шоовдор маягтай байрлажээ. Уг нь нэг цаг үед хамаарах үүднээс илүү сэрэл сэтгэхүй шаардсанаараа онцлогдох учиртай байсан шиг санагдав.
Харин нөгөө зааланд Узбекистаны реалист уран зургийн сонгодог төлөөллүүдийг үзүүлжээ. Эндхийн уран зургийн реализм хот, балгадын байр байдлыг буулгах хэлбэрээр эхэлсэн гэж ойлгогдох бөгөөд Самарканд, Бухара зэрэг хотуудын аж байдал, барилга байшингуудын архитектур хийц, халуун дахь ажин түжинг тусгадаг байжээ. Зотон дээр тосоор зурдаг аж.
Энэ бүтээлүүд 20-р зууны эхэн үед ихэвчлэн хамаарч байна. Манай уран зурагт реализм нэвтэрч байсан үетэй бараг л дүйж буй. Энд Р.К. Зоммер хэмээх уран бүтээлчийн зураг голлох байр суурийг эзэлж байна.
Үндэсний болон социалист тэмүүлэл
Нэгдүгээр давхарт энэ бүгдийг урьдач байдлаар “амтлуулж” гэлтэй. Дээш гарахад илүү эрт үед хамаарах ханын сийлбэр, зургууд болоод жинхэнэ сонгодогтоо тооцогдох, өгүүлэмж бүхий реалист зургууд байрлажээ. Мөн модон хаалганы сийлбэрүүдийг дэлгэж тавьжээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаагүй байх үед узбек ард түмэн хаалга, ханаа ийн сийлбэрлэж чимдэг байсан бололтой. Үүнээс их чамин, уран тансаг, урган салбарласан, түгэн дэлгэрсэн тэмүүлэл мэдрэгдэнэ.
Реалист уран зургуудын агуулга энэ хэсэгт социализмын үеийг илэрхийлж эхэлжээ. Доод давхарт хот, тосгодын байр байдлыг шууд буулгасан шинжтэй байсан бол энд социализм ирсний дараа ард түмний өдөр тутмын амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг үзүүлж байна. Театрт тоглолт үзэж буй охид, унадаг дугуйны уралдаанд оролцох хүүхдүүд гээд барууны соёлтой анх танилцах узбекчуудыг уран бүтээлчид нь ийн зурж үлдээжээ.
Орос охинтой зэрэгцэн алхах узбек охин л эндхийн амин сүнс болж буй. Өөрөөр хэлбэл, үндэсний чамирхаг тэмүүлэл нь социалист тэмүүлэл болж өөрчлөгджээ. Зургуудаас төдийлөн гуниг мэдрэгдэхгүй. Гэхдээ л өнгөний сонголт зэвгэр, бүгээн, зарим дүрслэлүүд уусан шингэсэн зэргээс нь харахад тийм ч хашгирсан аз жаргал гарч ирэхгүй. Үндэстнээрээ өөр гүрний эзэрхийлэлд сайн, муу аль аль талаараа нэвчиж байгааг уран бүтээлч хүн яавч үзэл санаагаар магтан дуулж үл чадах билээ.
Аж байдлын илэрхийлэл
Хана, хаалгаа ингэж чимэглэн сийлдэг ард түмний хувцас хэрэглэл ч тийм байх нь мэдээж. Хивс байна. Хамтгамлын урлаг ингэж эхэлжээ. Тийм ч сайн эхэлсэн бас хөгжсөн гэж хэлэхээргүй. Харин даавууны үйлдвэрлэл энэ үед эх сууриа тавьсан нь өдгөө Узбекистаныг аж үйлдвэрийн салбарт хол чирч байна. Гэхдээ энэ хивснүүд 20-р зууны эхэн үед л хамаарах нь үндэсний онцлогийг илэрхийлж чадахаар он цаг биш юм.
Цаашлаад эмээл ч байна. Сав, суулганы зүйлс ч байна. Эд 19-р зууны үеийн олдворууд аж. Үндэсний хувцасны хатгамал хийц мөн ихэд чамин, “ихэрхүү” шинжтэй харагдана.
Оросын уран зургууд
Гуравдугаар давхарт Оросын урлагийн дээжүүдийг байрлуулсан нь анхаарал татав. Хаант Оросын үеийн хөрөг зургууд энд дийлэнх эзэлжээ. Мөн тэдний Христийн шашны агуулгаар хийсэн бүтээлүүд ч нүд унагана. Хөрөг зургуудын ур хийц нь өмнө харагдсан узбек реалист зургуудаас өнгөний хувьд эрс ялгарч байгаа юм. Мөн төгс гүйцэтгэлтэй.
Ингээд харахад узбек зургууд гүйцэтгэлд төдийлөн анхаардаггүй, голын урсгалд туссан мэт үл мэдэгхэн сарнисан дүрслэлүүд олонтой агуулдаг нь харагдаж байна.
Баяр, гуниг
Цаашлаад узбек уран зургуудын модерн хөгжлөөс бага сагыг мэдрэх боломж гарч ирж байна. Энд өнгө, дүрслэлийн шинэчлэл эрс ялгарна. Яг таг зураасууд, тод хурц өнгүүд. Эсвэл реалист хэв дүрслэлээс сюрреалист руу, цаашлаад бүр эмх замбараагүй, эрх дураараа руу бага сага тэмүүлсэн шинж харагдаж байна.
Эдгээр нь баяр. Социализмаас хойш яг үндэстнүүдийнхээ дүр төрхийг илэрхийлж эхэлсэн реалист зургууд ч тэр. Шинэлэг оролдлогууд нь ч тэр. Мөн хана, хаалганы сийлбэрүүдээ тавьсан нь ч тэр. Харин Оросын уран зургууд эндхийн урлагийн үндэсний музейн нэг давхрыг эзэлж байгаа нь бодол төрүүлмээр. Бас яг урлагийн арвин их өвийг хурааж, хуримтлуулж чадаагүй тал ч анзаарагдана.
Зарим үзмэрийн орон зай хоосорч үлджээ. Зарсан юм уу, засварлахаар өгсөн юм уу.
Заалны зарим хананы засал зэрэг нурж, хуурсан нь ч байна. Баяр, гуниг зэрэгцсэн, битүү бодол төрүүлсэн, үндэстэн рүүгээ эгэж хармаар санагдсан л мэдрэмжийг Узбекистаны урлагийн музей "шидэж" байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түүх үгүйлсэн түүврүүд.............
Сайхан мэдрэмж илгээсэнд баярл�##�ааа
chikaaaaa tvvvh vgvilsen zuraglal
Очиж харахаас өмнө үзүүлчихлээ.
Chadvarlag dugnelt shuumj buhii medremjtei tailbariig nurshilgui todorhoi gyarhai saihan tailbarlasan ni uzbekiin ontslog uur amisgald oruulsan urlagaar amisgaluulsan uneheer saihan niitleld mash oh bayarlalaa
Сайхан мэдрэмж төрлөө , урлаг зургийг ойлгодог хүн сайхан байна Баярл�##�аа .Монголчууд чбас гоё зүйл хийсэн л байгаа...Үүниййгээ мэргэжлийн хүмүүс зөв тайлбарлаж сурт�##�чилж байгаасай ! Жи: Зураач
марзан Шарав " ч билүү .түүний "нэг өдөр"зураг монголчуудын аж амьдр�##�ыг харуулсан зураг байхаа Өвөг дээдсээрээ бид бахархаж сайн мууг нь зөв дэнсэлж амьдарцгаая.Иргэдээ. !