НАЛАЙХЫН ГАНЦ ЭМЭГТЭЙ УНААЧ Х.МӨНХГЭРЭЛ: Би эмч хэрнээ морь уядаг хүн болно
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой давхацсан Үндэсний их баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдийг хамгийн их галтай, шимтэй болгож өгдөг нь яалт ч үгүй хурдан морины уралдаан билээ. Харин сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн асуудал дэгдэж, мориноос унаж бэртэх нь элбэг болсонтой холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хурдан морь унуулахаас татгалзаж, уяачид унаач хүүхдийн эрэлд хатаж буй. Бид энэ удаад Налайх дүүргийн унаачид дундаа ганцхан эмэгтэй нь болох Х.Мөнхгэрэл болон түүний аав Х.Хишигдалайтай та бүхнийг танилцуулж байна. Охин Налайх дүүргийн ЕБС-ийн тавдугаар ангид суралцдаг, багаасаа морь унах сонирхотой байсан учраас унаач болжээ.

Тэрбээр бидэнд өөрийн сонирхол болон цаашид ямар мэргэжилтэй болох талаараа ярихдаа "Би лав бага наснаасаа л морь унаж байгаа. Том болоод эмч болно гээд мөрөөдчихсөн. Морь унахынхаа хажуугаар хичээлээ сайн хийж байгаа учраас эмч болчих байх аа. Гэхдээ эмч болчхоод морь уядаг хүн болно доо” хэмээн хэвлүүхэн ярьж байв.
Мөн түүний энэ жилийн томоохон зорилго нь өөрийнхөө морийг унаж улсын наадамд заавал түрүүлэх аж. Морь унаж яваа олон эрэгтэй хүүхдүүд дунд ганцаараа явахаар шоглохоосоо илүү бүгд түүнийг хамгаалдаг хэмээн бидэнд ярьж байсан юм. Анх морь унаж сурсан талаараа “Одоогоос 5 жилийн өмнө юм уу даа. Манай аав надад морь унахыг зааж өгсөн. Би морь унахаараа яг л үүлэн дээгүүр аялаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ингэхэд та намайг улсын наадамд түрүүлбэл ирж сурважлжлах уу “ хэмээн биднээс асуув.

-Х.ХИШИГДАЛАЙ: АНХ ОХИНОО МОРЬ УНАХАД НҮДЭЭ ТАС АНИАД ХАРЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН-
Харин түүний аав Х.Хишигдалайгийн хувьд Налайх дүүргийн ойр орчимд олон жил морь уяж байгаа бөгөөд охиноо анх хурдан морины нуруун дээр гаргахдаа юу бодож байсан талаараа “Анх их айсан. Охин нойтон хүүхдээр хурдан морь унуулж байна гэж бодоод өөртөө дүн шинжилгээ хийж үзсэн л дээ. Гэхдээ өөрөө айлын хүүхдүүдтэй морь унаж давхиалдсаар манай охин унаач болжээ. Мэдээж анх хурдан морь унахад нь нүдээ тас аньчхаад харж ч чаддаггүй байлаа шүү дээ. Хүүхэд болгоноос гоц сэргэлэн охин байгаа юм. Ээжтэй нь ярилцаж байгаад л хүүхдээ хурдан морь унуулах шийдвэр гаргасан даа. Энэ жил морь унаад л хасагдах байх. Хасагдахгүй гээд уйлах болов уу даа. Тэр үед нь сэтгэл өмрөөд их л хэцүү байж магадгүй” хэмээн бидэнд ярив.

Х.Мөнхгэрэл охин хүүхдүүд барианд орж ирэхдээ унасан морио уг саггүй ташуурддаг бол түүний хувьд хайрлаад шавхарч чаддаггүй хэмээн нүдэндээ нулимс дүүрэн харцаар бидэнд ярих нь даанч хөөрхөн.
Налайхын ганц эмэгтэй унаач Х.Мөнхгэрэл гэх ухаалаг, хэвлүүхэн охинтой үсэргээ наадмын завгүй өдрүүдэд нь ийнхүү уулзсан юм. Монголчууд амны бэлэгтэй ард түмэн. Унаач охинтой улсын наадмын түрүү дээр уулзахын ерөөл өргөе.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Х.Мөнхгэрэл охин хүүхдүүд барианд орж ирэхдээ унасан морио уг саггүй ташуурддаг бол түүний хувьд хайрлаад шавхарч чаддаггүй хэмээн нүдэндээ нулимс дүүрэн харцаар бидэнд ярих нь даанч хөөрхөн.