Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: "Зүүн хүрээ" хотхонд цууралт үүсэж, оршин суугчдад аюул занал учирсан уу

Баянзүрх дүүргийн XIV хороо буюу зүүн дөрвөн замын зүүн урд талд баригдсан 15 давхар барилга бүхий “зүүн хүрээ” хотхон нь 2014 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Гэвч ашиглалтад орсон цагаасаа эхлэн ундны ус нь зэвтэй, шар ус гарч буй талаар оршин суугчид нь бухимдалтай байгаагаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан илэрхийлж байв. Гэтэл сүүлийн хэд хоног тус барилгад цууралт өгч хазайсан, намагтай газар баригдсан гэх мэдээллүүд олон нийтийн дунд хүчтэй яригдаж эхлэх болсон.

Тэгвэл бид газар дээр нь очин, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүс болон оршин суугчидтай уулзлаа. "Зүүн хүрээ" хотхонд 390 гаруй айл өрх амьдардаг аж.  Тус барилгын захиалагч нь “Зүүн хүрээ шилтгээн” ХХК, “Инкон” компани угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.

Цууралт өгч. оршин суугчид нь айдаст автсан гэгдэх байрны оршин суугчидтай уулзаж ярилцахад дараах тайлбарыг өгч байлаа.

 -А ЗЭРЭГЛЭЛИЙН БАРИЛГА УЧРААС ҮНИЙГ НЬ УНАГАХ ГЭЖ ИЙМ ЮМ ЯВУУЛЖ БАЙГАА БАЙХ-

"Зүүн хүрээ" хотхоны 206-р байрны оршин суугч М.Энхцэцэг: Би анх ашиглалтад орсон цагаас нь эхлээд амьдарч байна. Эхлээд зэвтэй ус гарах гэх мэт ганц хоёр асуудал гарсан. Гэхдээ одоо тийм зүйл байхгүй. Харин сүүлийн үед цуурсан, нурах гэж байгаа гэх мэт яриа маш их гарч байна. Би байр саваа зарахгүй л дээ. Гэхдээ манай энэ хотхон "A" зэрэглэлийнх гэж явдаг учраас үнийг нь унагах гэсэн явуулга л байгаа байх. Мэдээж нурах гээд цуурч, суулт өгсөн бол айдаст автах л байсан байх. Бид өмнө мэргэжлийн хяналтын байгууллага болон эзэн газруудтайгаа уулзаж үнэлгээ дүгнэлттэй нь танилцсан учраас амь нас эрүүл мэндэд маань хохирол учруулахгүй гэдэгт итгэлтэй болсон. Ямартай ч өвөлдөө дулаахан тохилог л байдаг. Цонх унасан гэх асуудлууд бас яригдаад байгаа юм. Нэг айл цонхоо солих гэж байгаад доош унагасан гэж бол сонссон. Бусдаар ямар нэг асуудал байхгүй” гэв.

204-р байрны оршин суугч С.Д: Та өөрөө нүдээрээ үзэхээр мэдэгдэх байх. Ямартай ч тэр цуурсан гээд байгаа хэсэг нь байртайгаа ямар ч холбоогүй юм билээ. Хоёр блок барилгын хоорондох 20,30 см зайд хөөс хийгээд гадна фассатыг нь өнгөлсөн юм уу даа. Нэг ёсондоо барилгаа үргэлж юм шиг харагдуулах гэж тэгсэн гэх юм билээ. Тэр завсрын фассат нь мэдээж олон жилийн туршид хагарна шүү дээ. Өнөөдөр гэнэт ийм болчхож байгаа ч юм биш. Олон жилийн өмнө л яг тэр хэсэг нь цуурсан юм шиг харагдаж байсан. Нэг ёсондоо хоёр барилгын хоорондох зай л тэгж харагдаж байгаа юм. Бусдаар манай байр суулт өгөөд цуурсан бол зөвхөн гаднаа ч гэлтгүй гэр дотор талдаа мэдэгдэх ёстой. Наанадаж л гол шугамууд нь муруйгаад ус алддаг шүү дээ. Гэтэл тийм асуудал ч гараагүй. Мэдээж цууралт үүссэн бол нууж хаагаад байх юм алга” гэсэн хариултыг өгч байсан юм.

СӨХ-НЫ ДАРГА С.ЖАРХЫН: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС“ИНКОН”-Д ФАССАТЫГ НЬ ЯНЗАЛЖ ӨГ ГЭСЭН ЧИГЛЭЛ ӨГСӨН Ч ОДОО БОЛТОЛ ЗАСАХГҮЙ БАЙГАА

-"Зүүн хүрээ" хотхон цуурсан гэх мэдээлэл байна. Ийм асуудал гарсан уу? Та тайлбар өгөөч?

-Манай "Зүүн хүрээ" хотхоныг 2014 оны аравдугаар сард УОК хүлээж авсан. Ерөнхийдөө таван блок барилга. Цулаар нь хийгээгүй, бүгд тус тусдаа блокууд гэж ойлгож болно. Дөрвөн блок барилга нь хоорондоо температурын  шоовоор зааглагдан нийлсэн мэт харагддаг. Хагарал үүссэн гээд байгаа хэсэг чинь “C” болон “C1” блокын зааг байгаа юм.

Тус барилгыг харагдаж байгаа шиг урт том цулаар нь барьж болдоггүй. Харин тэгж баривал жинхэнэ цууралт өгч нурах эрсдэл бий болно. МХЕГ-т 2018 оны тавдугаар сард миний өмнөх удирдлагууд бичиг өгсөн байдаг. “Инкон”-ыг дулаалгыг нь хийгээд фассатыг нь янзалж өг гэсэн чиглэл өгсөн боловч одоог хүртэл хийгээгүй.

Би 2022 оны гуравдугаар сарын 07-нд мэргэжлийн хяналтад албан бичиг өгөөд манай дээр ирж үзлэг шалгалт хийсэн. Шалгалтаар блок хоорондын температурын заагийн фассатны хагарал байна. Түүнээс барилгын үндсэн хийцэд ямар нэгэн нөлөөлөл байхгүй, нурсан цуурсан эрсдэл байхгүй гэсэн. Энгийнээр бол хоёр барилгын завсрыг цул юм шиг харагдуулах гээд хөөсөн фассат хийсэн. Тэр нь  л цуурсан болохоос барилга нь өөрөө нурах гээд байгаа юм биш.

-Гаражийн шал бас цуурсан гэсэн асуудал яригдсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Гаражийн шалыг мөн адил шооволж өгсөн байгаа. Энэ шалны доор ус зайлуулах дернажийн систем ажилладаг.  Ийм зүйл төлөвлөсөн газар одоогоор манай Монгол Улсад байхгүй.

-Цууралтаас үүдэж цонх унасан гэх мэдээллүүд байгаа шүү дээ?  
-Айлууд засвар хийж байхдаа цонхоо мулталж авах гэж байгаад унагаасан тал байдаг. Гэхдээ энэ орцоос биш шүү дээ.

-Гүйцэтгэгч компани болох “Инкон”-той ярилцаж энэ асуудлаа шийдэж өгөхийг хүссэн үү?

 -Барилгын ашиглалтын гурван жилийн хугацаа дууссан учраас бид хийж өгөхгүй гэсэн хариу өгсөн.

Харин бид зөвхөн оршин суугчид болон СӨХ-ны даргаас яриа аваад зогссонгүй. Тус барилгыг барьсан “Инкон”-той холбогдож байр суурь болон бусад асуудлын талаар тодруулах гэсэн боловч “хуулийн мэргэжилтэндээ хандаж байж нэгдсэн байр суурь мэдээлэл өгнө” гэдэг тайлбарыг өгсөн юм.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮГНЭЛТ ХЭРХЭН ГАРСАН БЭ?

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс "Зүүн хүрээ" хотхоны цууралт дээр МХЕГ-аас ямар дүгнэлт гарсан талаар асууж тодрууллаа.

-"Зүүн хүрээ" хотхонд танайхаас хяналт шалгалтын ажил хийсэн гэж сонссон. Ямар дүгнэлт гарсан байдаг юм бол?

-2018 онд оршин суугчдын хүсэлтээр хяналт шалгалтын ажил явуулсан байдаг. Уг шалгалтаар нийтийн эзэмшлийн газрыг автомашины зогсоол болгож төлөвлөсөн нь буруутай байна гэсэн нэгдүгээр дүгнэлт гарсан. Хоёрдугаарт зэвтэй ус гарсан нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлж болзошгүй, гуравдугаарт хагарал гэж яригдаж байгаа зүйл нь үндсэн хийцээсээ биш блок блокоор нь тусад нь барьсан хэдий ч гадна фассатаа хийхдээ цуг хийсэн гэсэн дүгнэлт гарсан. Иргэдийн ярьж байгаа шиг барилга нь өөрөө хагарч цуурсан гэсэн асуудал байхгүй. Нэг ёсондоо газар хөдлөлтийн заадсыг нийлүүлсэн. Энэ энь технологийн алдаа л болж таарч байгаа юм.

-2022 онд хийсэн хяналт шалгалт...?

-СӨХ-ны дарга болон холбогдох  хүмүүсийг байлцуулаад шалгалт хийхэд 2018 оны дүгнэлт үндэслэлтэй байна гэж гарсан.

-Хөөсөн паркет хийгээд, нэг юм шиг харагдуулах нь зөв үү. Үүн дээр ямар дүрэм журам мөрдөгдөх ёстой вэ?

-Технологийн алдаа л гэж харж байгаа. Ямартай ч блок барилгууд хоёр тусдаа л байх ёстой.

-Энэ асуудлыг арилгуулах тал дээр танайхаас ямар шаардлага тавьсан бэ?

-Барилгын тухай хуульд барилга ашиглагч, эзэмшигчийн үүрэг гэж байдаг. Ашиглалтын явцад хэрвээ ийм асуудал үүсэх юм бол захиалагч, гүйцэтгэгч, зураг зохиогч, ашиглагч, материал нийлүүлэгч нар хоорондоо хэлэлцээ хийх ёстой. Ашиглагч, эзэмшигч энэ асуудлыг зохион байгуулж арга хэмжээ авах үүрэгтэй. Үндсэн хийцэд нөлөөлөөгүй асуудалд энэ тав л хуулийн дагуу хэлэлцээ хийж хэн буруутай нь хохирлыг барагдуулна. Харин чиний түрүүн асуугаад байдаг блок барилгуудыг 20,30 см зайтай барьж болох юм уу гэж асуугаад байгаа асуултад хариулахад 2006 онд гаргасан норм стандартаараа бол болно гэсэн байдаг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: "Зүүн хүрээ" хотхоны барилга дундуураа цуурч, нуран унах гэж байна гэсэн асуудал олны анхаарлыг татаад байв. Тэгвэл бид эл асуудалд дөрвөн талын байр суурийг авч хүргэлээ. Ямартай ч барилгын их бие нурсан асуудал үүсээгүй. Харин блок хоорондын зайг бөглөж, нэг цул мэт харагдуулах гэснээс үүдэн тухайн завсрын зайд хийсэн нөхөөсүүд хагарсан гэдэг дүгнэлтийг МХЕГ болон холбогдох албаныхан өгч байгаа юм. Нөгөө талаас оршин суугчид энэхүү асуудлаас болж байрны үнэ ханш унах вий гэсэн л айдастай байсан бөгөөд дотроо ямар нэг цууралт үүсээгүй гэдгийг онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 19, 2022 08:26

Чанарын шаардлага, Аюулгүй байдлыг хангасан барилга гэж ернь байна уу,

ҮНЭН
ҮНЭН
7 сар 19, 2022 20:52
Reply to  Зочин

Ядуучуудад зориулсан энэ мэт барилга чанарын шаардлага хангахгүй

Зочин
Зочин
7 сар 19, 2022 08:30

ugaasaa namagtai gazar barisan, barihdaa bas udsan. atsnii A zereglel bdag yum hamgiin hogiin horoo

zocin
zocin
7 сар 19, 2022 12:22

za bitgii tsuursan baishin hudlaa yariad bai daraa ni uilav

Зочин
Зочин
7 сар 19, 2022 15:46

Алтай хотхонд бөөн асууд�##� байдаг МХЕГ тоодоггүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button