Ярилцлага

Сэтгэлд хоногшсон хоолой

Радиогоор “Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо!гэхийг нь сонсож дадсан хоолойн эзнийг хүлээн суугаа өдөр бол 2022 оны долоодугаар сарын 22. Цонхны цаана бороо шаагьж, хойхон талд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн барилга харагдана. Кофе бутлах чимээтэй харгалдан заалны өсгөгчөөр явах дууг би сайн мэдэх юм. Уржнан Сөүл хотын нэгэн хороололд үйл явдал нь өрнөх солонгос кино ихээхэн амжилтад хүрсэн агаад тэр хавийг зорих жуулчдын тоо өссөн гэх мэдээ уншиж байлаа. Улаанбаатарын кофешопт ч киноны дуу эгшиглэхийг бодоход нээрэн амжилтад хүрчээ. Энэ зуурт дэвтрээ гаргаад “Улаан бүч, Монголын радио, Цагаан лавайн эгшиг, Сэтгэлд хоногшсон дуунууд” гэж бичив. Хүлээн суугаа эрхмийнхээ талаар мэдэх бүгд минь ердөө энэ шахуу.

Хэнийг хүлээн суусныг минь та ч бас гадарлаа биз ээ! Тийм ээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг гуай юм. Урьдчилан утсаар “Танаас ярилцлага авна” гэж тайлбарласан хэдий ч уулзангуут ийм яриа өрнөв.

  • Ямар нэг уран бүтээл, уран бүтээлчийн тухай ярих уу?
  • Үгүй. Таны тухай.
  • Аан, ажлын тухай юм уу?
  • Үгүй.

“Танаас ярилцлага авна” гэх үгс түүнд бусдын тухай ярих, “Таны тухай” гэх үгс ажлын тухай ярих утгатай бололтой.

  • Тэгээд юу ярих билээ? Асуултаа бэлдээ юу?
  • Бэлдээгүй. Ёстой харанхуй ирсэн шүү. Учир нь гэвэл ...
  • За, намайг магтаж болохгүй шүү.

Ийн эхэлсэн ярилцлагаа таны өмнө дэлгэж байна. Харанхуй ирсэн учраа ярилцлагын төгсгөлд тайлбарлая!


Аль хэзээний л Буянхишиг гуай...

“...Ер нь хүний амьдрал сайн, муу янз бүр л байдаг. Дэвжиж яваа нэгэн байхад гундуухан яваа нэгэн ч бий. Ямар ч байлаа гэсэн амьдрал сайхан, амьдрах сайхан” хэмээнМонголын радиогийн 85 жил, “Цагаан лавайн эгшиг” нэвтрүүлгийн 30 жилийн ойд зориулсан тусгай дугаарт Ч.Буянхишиг гуай хэлсэн юм. Залгуулан Ё.Сүхбаатарын хөгжим, Дан.Нямаагийн шүлэг “Амьдрал аа, би чамд хайртай” хэмээх дуу явах аж. Чухам энэ хэсгийг тастан аваад “Улаанбаатар” зочид буудлын урдах автобусны буудал болон орон нутгийн зорчигч тээврийн “Драгон” төв орчмоос яг 23 хүнээс ийн асуулаа. “Энэ хоолойг таньж байна уу?”. Оролцогчид маань “Өө, дандаа хөгжим ярьдаг нөгөө эгч, их л олон сонссон хоолой, хэн билээ?” гэцгээх бол тэр дунд 40 гаруй насны эмэгтэй  “Аль хэзээний л Буянхишиг гуай шүү дээ” гэх нь содон байв. Лавшруулан түүний талаар Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос асуувал “Хөгжим судлаачийн хэд хэдэн үүрэг бий. Юун түрүүнд хөгжмийг судална, судалснаа бүтээл болгоно.Хоёрдугаарт, хөгжим судлаачийн шинжлэх ухаанаар дараагийн үеэ бэлтгэдэг. Гуравдугаарт, хөгжим гээч юмыг нийгэмд зөв ухааруулж, хөгжмийн талаарх нийгмийн бодол, сэтгэлийг цэгцлэх үүрэгтэй. Энэ үүргийг Ч.Буянхишиг бусад ямар ч хөгжим судлаачийн хийж чадаагүй хэмжээнд биелүүлсэн хүн” гэв ээ.  


Та аль нутгийн хүн билээ?

Ааваараа ярьвал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Аав минь Намнан уулын өвөрт төрж өсөөд, 1929 онд Улаанбаатарт цэрэгт татагдан ирээд, албаа хаасны дараа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байв. Дараагаар ЗХУ-д төмөр замын хөдөлгөөн зохицуулалтын мэргэжлээр сурч төгсөж, Налайх-Улаанбаатар хоорондын нарийн төмөр замын бүх өртөөнд ажилласан даа. Ээж минь Сэлэнгийнх, төмөр зам, худалдааны байгууллагад хэсэг ажиллаад, найман хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн ачтай хүн.

Ээж минь ой сайтай, үг цөөтэй ч нэг хэлэхээрээ цохиод авах мэт тасхийлгэнэ. “Хүнд эд мөнгөний болоод сэтгэлийн өртэй бүү яв. Өгснөө мартаж, авснаа санаж яв. Хүнд тустай бай, тус ер багаддаггүй” гэнэ. Аав минь шударга, хөдөлмөрч гэж жигтэйхэн. “Уулын оройг барьж яв, алсын хараатай болно. Хүний эгэлтэй нөхөрлө, зовлон үзсэн хүн бусдад тустай болно. Үнэнч бай, хэзээд л үнэн худлыг гүйцдэг юм” гэх зэргээр захина.

-Та бол хотын хүн байх нь?  

-Тийм, 1947 онд Улаанбаатарт төрсөн. Налайхын сургуульд гуравдугаар анги хүртлээ, хотын 21 дүгээр сургуульд дөрөвдүгээр ангиа төгстөл сураад тавдугаар ангиас Хөгжим бүжигт орсон юм. Аав нарийн төмөр замд ажилласан гэсэн шүү дээ, манайх Хонхорын станцын цаахна болохоор гэртээ ойроор Налайхын сургуульд сурсан хэрэг.

-Хонхор-Налайх хооронд 10-аад км биз дээ?

-Арай хүрэхгүй ээ. Хавар, намартаа мориор, өвөлдөө нүүрсний вагоны тэвшинд суугаад л сургуульдаа явна. Заримдаа эгчтэйгээ хоёул газрын уруу бөмбөрч  явтал л замын унаа хүргээд өгнө. Тийм амгалан цаг байж л дээ. 1959 оны зургаан сард хонь хариулаад явж байтал дээдэх эгч дугуйгаар хот явж ирээд “Их гоё сургуульд хүүхэд авч байна. Чи шалгуул даа” гэхээр нь юу ч мэдэхгүй амьтан гүйж очиж шалгуулаад...

-Хонь хариулах аа?

-Хот, хөдөөгийн завсрын айл байхгүй юу. Хэрдээ л хэдэн малтай айл. Хоёр гурван азарга адуутай, зургаан зуугаад хоньтой, өвөлдөө малаа хөдөө гаргачихна, хавар авчраад малтайгаа зусдаг байлаа. Та нар санаж байгаа бол “Алтан өргөө” кинонд гардаг тарган, туранхай хоёр азарга, хонь чинь манайх, эгч бид хоёр тууж зурагт оруулж байлаа. Тавиад оны төгсгөлөөр нарийн төмөр зам татан буугдаж, өргөн төмөр зам байгуулагдсан юм. Ингээд 1959 онд Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малаа нийгэмчлээд манайх бүр мөсөн хотын айл боллоо.

-За, Хөгжим бүжигт шалгуулаад?

-Ёочингийн ангид тэнцдэг юм. Хичээлийн эрхлэгч М.Агваанчимэд, захирал Ш.Лувсандагва, алдарт хуучирч Сундуйн Цэвэлмаа, Т.Банзрагч, лимбэчин Лувсандоржийн Цэрэндорж гээд аугаа багш нар шалгаж байв. Анхны ёочингийн багш маань Алтангэрэлийн Чулуунбат гэж хүн байв. Дараагаар нь Гүнчингийн Дашдаваа багшийн шавь болсон доо. Тухайн үед Сэмбийн Гончигсумлаа, Гончигийн Цэрэндорж, Самбуун Базаррагчаа, Гомбодоржийн Жамъян, Намдагийн Дашцэрэн гээд олон сайхан багш нар байлаа. Ингээд сургуулиа гоцлол хөгжимчин, багшаар төгссөн ч ёочингоороо ер  ажиллаагүй дээ.

-Шалтгаан нь?

-Төгссөн жилээ шууд ЗХУ руу сургуульд яваад хөгжмийн онол, найрал дууны удирдаачаар төгсөж ирлээ. Иртэл л Булганы Соёлын ордонд хуваарилах юм, тэгснээ хэдхэн хоногийн дараа буцаж татаад Хөгжим бүжигт багшаар томиллоо доо. Ер нь бол миний мөрөөдөл хөгжим байгаагүй юм. Жаахан байхаас эхлэн инженер, математикч, эдийн засагч л толгойд ордог байлаа. Миний төөрөг л хөгжим юм байлгүй дээ. Үндсэндээ 1970.07.01-ээс 1981.10.31-нийг хүртэл Хөгжим бүжигт багшилж, 1981.11.01-ээс Монголын радиогийн хөгжмийн редакцад редактораар ороод 1985.08.12-нд албаны дарга буюу хариуцлагатай редактор, 1997.02.26-наас Радиогийн уран сайхны удирдагч, хөгжмийн тоймч болов. Хөгжимтэй холбогдоод 62 жил, яг ажиллаад 52 жил болж дээ. Одоо ч хөгширлөө, гээд өтөлснөө мэдэхгүй гүйж л явна.  

-Яагаад математикч гэж?

-Тооны хичээлдээ дуртай, одоогийнхоор бол хэнхэг сурагч байлаа. Сурагч хүнд олгодог байсан шагналыг цөмийг л, тэр дундаа есдүгээр ангиасаа Д.Сүхбаатарын нэрэмжит цалинг авч байлаа. Жараад оны үед үйлчлэгч, цэвэрлэгчийн цалин 150-160 төгрөг байсан юм уу даа, харин нэрэмжит цалин 350 төгрөг байв.

-Цалингаа юунд зарцуулж байв?

-Анхны цалингаараа аав, ээждээ дээлийн өнгө авснаа санаж байна. Манайх найман хүүхэдтэй өнөр айл, бодвол аав ээждээ л дэм болсон байх даа.

-23 настайдаа багшилж эхэлжээ дээ? Хичээлийн анхны өдрөө санаж байна уу?

-Айж л байлаа. Тэр үеийн хүүхдүүд чинь эгэл даруу, ах захтай байлаа шүү дээ. Чанга ярьдаггүй, намдуу хоолойтой багшийг сонсохын тулд танхим чимээгүй болно (инээв). Ер нь байна аа, инээж хөхөрдөггүй, хэнхэгдүү, номын хүнийг чинь хүн оролддоггүй юм. Би чинь хүн харахад ааш муутай, тэгэх мөртөө яг ч муухай аашлахгүй, тэгсхийгээд л байж байдаг хүн байгаа юм.

-Дараа нь Монголын радио руу оржээ?

-Монголын радиод Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Раднаабазарын Энхбазар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж, нэр сэтгүүлч Сугарын Цэдэв гуай зэрэг олон сайхан ахмадууд угтаж авлаа. Цөмөөрөө л надад нэг бүрчлэн зааж өглөө. Ингээд үргэлжлүүлээд яриад л байх юм уу?

-Тийм ээ.

-Т.Чимэддорж гуай бол 1962 онд БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн Дээд Сургуулийг төгсөөд нэг жил Хөгжимт драмын театрт ажиллаж байгаад, 1963.07.01-ээс 1981.12.31-нийг хүртэл Радиогийн Хөгжмийн редакцын даргаар ажилласан хүн. Мөн “Баянмонгол”, “Улаан бүч” чуулгыг үүсгэн байгуулсан гавьяатай. “Улаан бүч”-ийг бол Монголын радиогийн хүүхдийн редакцын зохиолч Мөнгөний Чимэд, 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Л.Галсандорж нартай хамтран байгуулаад өөрөө хариуцаж байлаа. Би 1981 оны 11 сард Радиод ирлээ шүү дээ, гэтэл 1982.01.01-ээс эхлэн надад “Улаан бүч”-ээ хариуцууллаа. Ингээд 30 жил гаран жил чуулгын удирдаачаар ажилласан. “Олон улсын наадамд ороход монгол хүүхдүүдийн задгай, цангинасан хоолой их онцлог. Энийг л хадгалахыг хичээгээрэй” гэж захисныг нь биелүүлэх гэж хэрдээ хичээсэн.

-“Улаан бүч” чуулгыг удирдана гэхээр?

-Ерөөсөө л удирдаач багш, уран сайхны удирдагч, хормейстер. Концертмейстертэйгээ хамт дуугаа заана, хүүхдүүдтэйгээ ажиллана. хаа ч явсан дагаж явна. Манай чуулгын гол зорилго бол сонсогч хүүхдүүдэд зориулж өөрийн орны ардын болон  хөгжмийн зохиолчдын дуу, гадаадын хөгжмийн зохиолчдын  болон олон үндэстний дууг дуулж, Монголын радиогоор түгээх байсан. Энэ үүргээсээ халиад уралдаан тэмцээн, тоглолтуудад оролцсоор тасралтгүй 43 жил боллоо.

-Танай нэрийн хуудас дуу “Тагтаа” дуу байх аа?

-1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойгоор энх тайван, найрамдлын дууны уралдаанд урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Д.Бадарчийн хөгжим, төрийн хошой шагналт Д.Сэнгээгийн шүлэг “Тагтаа” дуугаар оролцож түрүүлсэн юм. Зөвхөн энэ гэлтгүй л олон уралдаанд оролцож байр эзэлсэн дээ.

-Чуулгын уран сайхны удирдаач сайн дурын шахуу ажил байсан гэдэг?

-Тийм. Цалин хөлсгүй, ажлынхаа хажуугаар амралтын өдрөөрөө хийдэг байлаа. Гэтэл би чинь эхнэр, ээж хүн. Одоо бодоход яаж ч амжуулсан юм бол доо.  

-За, Монголын Радиод ямар үүрэгтэй байв?

-Нэвтрүүлгээс гадна Хөгжмийн редакцын бодлого төлөвлөлт, хамт  олноо хариуцах зэрэг ажлууд хийнэ.  Нэвтрүүлэг гэвэл урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимэддорж, урлаг судлаач Дэмчигдоржийн Мягмарсүрэн нарын санаачилсан “Хөгжмийн эгшигт хайрцаг” нэвтрүүлгээс өгсүүлээд “Хүсэлтийн хариу”, “Сонгодог хөгжмийн сан”, “Хөгжмийн амьдрал” гээд тоочих болно. Сонирхуулахад 1994 онд БНХАУ-ын Гуанжу хотод болсон Олон улсын радиогийн дэргэдэх хөгжмийн нэвтрүүлгийн уралдаанд хоёр нэвтрүүлгээрээ дэлхийн 40 гаран орны 60 гаран нэвтрүүлгээс “Гран-при”, мөн энэ уралдааны Шанхайд болсон наадмаас хоёр удаа тусгай шагнал  авч байсан шүү.

-Шалгуур нь юу байх вэ?

-Мэдэхгүй. Бид нэвтрүүлгийн бичлэгээ л явуулж байгаа юм. 1994 оны уралдаанд манайх “Алтай хангайн магтаал” гэж уул усны магтаалуудыг танилцуулсан дугаар, “Их талын дуучин” гэж дуучин Ш.Чимэдцэеэгээр хийсэн дугаарыг явуулсан юм.

-Ер нь бусад редакцуудаасаа Хөгжмийн редакц юугаараа онцлог юм бол?

-Хамгийн түгээмэл редакц. Ямар ч нэвтрүүлэг хөгжимгүйгээр явахгүй. Тийм учраас Хөгжмийн редакцынханд хөгжмөөс гадна өргөн хүрээний мэдлэг шаардагддаг. Мэдэхийн тулд унших ёстой. Уншсанаар мэдээлэл авна, мэдлэг хуримтлуулна, ой тогтоолт сайжирна, хэл яриа зүгширнэ. Манайд хөгжим судлаач олон байна, гэвч ярихгүй юм, ярьж буй нь сул үг их хэлэх юм. Үгээ зөв сонгож, зөв байрлуулж, цэгцтэй ярих хэрэгтэй дээ.   

-Үгийг зөв байрлуулна гэхээр?

-Тухайлбал, орны толгой дээр өлгөөтэй байгаа манай нөхрийн зураг гэхээр нөхөр нь орны толгой дээр өлгөөтэй байгаа гэсэн утга болно биз дээ?

-Нэвтрүүлгүүд хөгжмөө буруу  сонгож буй жишээ юу байх вэ?   

-Бод доо! Саяхан зурагтаар Архангайн сайн малчны тухай нэвтрүүлэг гартал Японы “Хойд нутгийн хавар”  бүтэн цаг явж байгаа юм, сүүлд нь ганц уртын дуу явуулж сэтгэл онгойлголоо. Бас “Дээлтэй монгол” наадмын талаар хийсэн нэвтрүүлгийн хөгжим нь Хятадын “Хос эрвээхий” гэх хийлийн гоцлол байх юм. Эндээс харагдаж байгаа биз?

-Тийм байна. Ингэхэд “Цагаан лавайн эгшиг” таны санаачилга уу?

-Нэрт сэтгүүлч Аюушийн Авирмэд бид хоёр санаачлан 1989.01.01-ээс эхлэн хийсэн. Манай хувьсгалын цэргүүд лавайн дуунаар жигдэрдэг байсныг бодолцон ард түмнээ хөгжмөөр уриалан дуудах зорилгоор нэрийг нь өгч байлаа. Сонсогчдоос олон захидал авсан дуу болоод шинээр гарсан уран бүтээл, уран бүтээлчдийг танилцуулсаар оны эцэст тухайн жилдээ хамгийн олон санал авсан дуунуудаар тоглолт хийдэг байв.

-Дараагаар нь “Сэтгэлд хоногшсон дуунууд”-ыг уу?

-Тэтгэвэрт гарснаас хойш “Эх орон” телевизэд ажиллалаа. өөрийн орны болон гадаадын сонгодог бүтээлүүд, тухайн цаг үед хөгжмийн амьдралд болж буй үйл явдлыг танилцуулахаар “Сонгодог аялгуу”, мөн өмнөх үеийг өнөөдрөөр дамжуулан хойч үетэйгээ холбох зорилгоор “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлгүүдийг хийсэн. “Сэтгэлд хоногшсон дуунууд” гэхэд нэг жилд 52-53, “Сонгодог аялгуу” гэхэд 52-53 дугаар, жилдээ 100 гаруй нэвтрүүлэг бэлджээ. Надад дөрөв таван хатуу диск (hard disc) дүүрэн архив бий. Өнөөдөр бидний дунд үгүй болсон уран бүтээлчдийнхээ дүрс, дуу хоолойг авч үлдсэндээ баяртай байна. Үүнийгээ залуустаа өвлүүлж үлдээх юм сан.  

-Та хөгжмийн нэвтрүүлгүүд хийгээд 40 жил боллоо. Ажиглавал монголын ард түмэн юу сонсох дуртай юм бол?

-Ер нь л уянгын дуунд дуртай. Хөгжмийн төрлүүд дотроос хүний амьдралд хамгийн ойр нь дуу учраас тэр байх. Сэдвийн хувьд ээжийн тухай дуу давамгайлдаг даа. Бид уянгалаг ард түмэн, мөн эцэг эхээ ачлах журам ёсыг санаж явдагтай нь холбоотой болов уу. Дуу бол тухайн цаг үеийнхээ түүх төдийгүй ард түмний ертөнцийг үзэх үзлийг өгүүлдэг зүйл. “Хүмүүн төрөлхтөн” гэхэд тухайн үеийн эмэгтэйчүүдийн эрхийн байдлыг, “Монгол транс” бол манайд анх машин орж ирснийг гэрчилнэ. 1939 онд хил тайван биш үед “Түүхт хил”, 1940-өөд онд цэрэгт явуулж эхлэх үед “Чамайг үдье” дуу гарсан байх жишээний.

-Тэгэхээр хуучны дуунуудын үгийг өөрчлөх нь?

-Зохиогчийн эрхэнд халдаж буй явдал төдийгүй түүхийг гуйвуулж буй хэрэг. Д.Лувсаншаравын хөгжим, Д.Тарвын шүлэг “Талын бэлчээрт” гэж сайхан дуу бий. Хоёрдугаар бадагт нь “Ардын намын зааснаар Ажиллаад байдаг малчин юм аа” гэж байсныг одоо “Ард олныхоо төлөө Ажиллаад байдаг малчид юм аа”гэж өөрчилж дуулах боллоо. Тэр үед намын зааснаар л явж байсан биз дээ? “Мандах нар” гэж сайхан ардын дууны “Бодлын минь дотор дэн дун байвал Болмоорыг дагуулаад жаргана даа” гэхийг л “Бодлын минь дотор хүү минь байвал” гэж өөрчлөх юм. Бодлынх нь дотор хүү нь байвал өөрийг дагаж яана вэ?

-Үгнээс гадна аяыг орчин үеийн болгоод байдаг?

-Дууны агуулга, үг үсгийг өөрчлөх шаардлагагүй. Харин хэмнэл, хөгжмийн найруулгыг өөрчилж болно. Гэхдээ үндсэн аялгууг нь өөрчлөх дэмий.  Зарим дууг тэр гэж танихын аргагүй болгохтой санал нийлдэггүй. Миний л үзэл юм, тэрнээс санал нийлдэг хүн байж болно шүү дээ. Аялгуу ярихаар саналаа л даа. Манай улс 13 ястан, хоёр үндэстэнтэй улс, манай ястнуудын онцлог, ялгаа нь дуугаараа дамжиж үлдэх л ёстой юм.

-“Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлгээсээ дүгнэвэл ард түмний сэтгэлд ямар дуунууд хоногшин үлдэж вэ?

-Мөн л уянгын голцуу, ээж аав, эх орны дуу хоногшдог юм уу даа. Ер нь 1990 оноос өмнөх дуу өнөөдөр ч амьдраад буйн шалтгаан гэвэл тухайн үеийн шалгуур. Эхлээд үгийг, дараа нь аялгууг, дараа нь дууг  Уран сайхны зөвлөл хянана. Ийм шалгуурыг давсан учраас тэр.

-Шалгуурыг давсан дуу бүр одоо үлдээгүй байх аа ?

-Тийм. Гэхдээ олонх нь үлдсэн.  

-Бүтээлч сэтгэлгээг хумьсан гэх тухайд ?

-Үүнд нэг зүйлийг анхаарах ёстой болов уу. Олон нийтийн хэрэгслээр нийтэд түгээх бүтээлийн хүрээнд шалгуур тавьснаас бус ард түмний дунд зохиох, зохиосныг нь дуулаад явахыг бол тас хориогүй юм. Олон нийтэд юуг, хэзээ сонсгохыг нарийн тооцдог байлаа. Өглөө, үд, үдшийн цагаар юу сонсгох, гэртээ байгаа ээжүүд, хүүхдүүдэд, тариаланч, малчдад юу зориулах вэ, цөмийг л төлөвлөнө. Тэр нийгэм алдаатай байсан уу гэвэл үнэн хэдий ч хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, яруу найрагч. зохиолч Б.Лхагвасүрэн маань “Алдаагүй залуу нас гэж юу байсан юм” гэж хэлсэн шиг аль ч нийгэм алдаатай, оноотойгоо л оршино доо.

-Ярилцлагын туршид та хүний овог нэр, цол, он цагийг тодорхой дурдлаа. Төрөлх чанар уу, эсвэл радиогийн хүний дадал юм уу?   

-Байгалийн өгөгдөл гэвэл ээжээс удамшсан ой тогтоолт юм. Түүнчлэн хойч үедээ үнэн, зөв түүх үлдээх юм сан гэж зорих юм. Одоо ч Радиод гэрээгээр ажиллаж буйн зорилго энэ. Радиогийн фондод олон хүний овог, нэр, бүтээлийн нэр алдаатай үлджээ, үүнийг залруулах л ёстой.

-Бид мэдэхгүй учраас үндэсний телевиз, радиог “баталгаат эх сурвалж” гэж тооцдог?

-Ер нь сүүл үес хаа сайгүй хүний нэр ус, зураг, бүтээлийн нэрийг зөрүүлж бичих боллоо. Бусад телевиз, радио алдаж болох ч үндэсний телевиз, радио алдах эрх үгүй. Тухайлбал, сая наадмаар олон уран бүтээлч төрөөс гавьяа, цол авлаа. Үүнээс хойших нэвтрүүлэгт энэ цолыг нь дурдах ёстой учраас сэтгүүлч, хөтлөгчид бичиж тэмдэглэж авах ёстой. Ер нь хувийн гарын авлахтай болбол тун зүгээр шүү.

-Та нэвтрүүлгээ бэлдэхдээ текстээ урьдчилан бичиж тэмдэглэх үү? 

-За, ер нь үгүй дээ. Сурагч байхаас л тувт радио сонсож, тэр бүрийд хэн, юу ярьсныг мартдаггүй юм. Сонсож дадсан учраас Монголын радиод очиход хэлбэр, хийц нь танил байв. Хоёрдугаарт, монголын орчин цагийн хөгжмийн алдартнуудтай олон  удаа уулзаж явжээ. Тэднийхээ хэлсэн, ярьсныг анхааралтай сонсдог байлаа. Гуравдугаарт, аавын захиас болох “Чиний гавьяа байгуулах ч гайгүй хэвтэнэ, өмнөх ажлаа л хүн шиг хий” гэх үгийг мөрдөх гэж хичээсэн. Хүн хариуцсан ажлаа сайн л хийх ёстой, би хөгжмийн нэвтрүүлэг хийж л байгаа бол мэдэх л ёстой. Хэдий мэддэг байлаа ч алдах вий, хэлж буй үг бүр минь үнэн байгаасай, үнэн байгаад зогсохгүй сонсож буй хүндээ хэрэгтэй байгаасай гэж л зорих юм. Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг ярьж буй бол түүнийг 1984.11.25-нд Улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим Ж.Чулуун гуайн удирдлагаар хөгжимдсөн гэдгийг хэлэх л ёстой, үүнийг мэдэхгүй хүн зөндөө шүү дээ. Гэхдээ их мэдээллийг цөөн хоромд багтаах гээд хачин хурдан ярих үе бий, түүнийгээ үзэхээр ичнэ.

-Нэвтрүүлгээ дараа нь үзэх үү?

-Үзнэ. Үзэж өөрийгөө шүүмжилнэ, засч залруулахыг хичээнэ. Хүүхдүүд бас шүүмжилнэ. (инээв)

-Юу гэж шүүмжлэх үү?

-Хурдан ярилаа, хүнтэй ярьж байж газар шагайлаа, зүүсэн алчуурын чинь шошго харагдлаа гэнэ шүү дээ. Аль болохоор хүүхдүүдээс зугтаалгах ч хэдийнээ олоод үзчихнэ ээ. (инээв)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар  “Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай” зарлигийн дагуу ШУА-аас эрхлэн гаргасан “Монгол Улсын түүх”-ийн таван боть бүтээл бий.  Түүний тавдугаар боть болох “XX зууны түүх” хэсэгт  “Соёлын эрчимтэй хөгжлийн үр дүнд хүн амын соёлын төвшин өрнөн дээшилсэн нь монголын нийгмийн хөгжилд гарсан том ололт байв. Монголчуудын боловсрол, соёл, аж төрөхүйн төвшин олон улсын дундаж хэмжээнд хүрсний ачаар Монгол орон дэлхийн соёл иргэншилт улсуудын тоонд баттай багтан орсон байна.” хэмээн  дүгнэсэн байх юм. Ийнхүү  соёл иргэншилт улс болоход нь Монголын радиогийн оруулсан хувь нэмэр гэвээс  “...радио, телевиз олон түмний өдөр тутмын хэрэгцээ, тэдний соѐлын төвшинг дээшлүүлэх, үр нөлөөтэй хэрэгсэл болж хувирсан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь соѐлын үнэт зүйлийг ―дамжуулах төдийгүй өөрийн өнгө аяс бүхий соѐлын үнэт зүйлийг үйлдвэрлэн бүтээж, түгээн дэлгэрүүлдэг нийгэм соѐлын институт болж хувирчээ..” хэмээх аж. Харин хөгжим судлаач Ч.Буянхишиг бол 1934 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон даяараа эфирээ цацсан энэ радиогийн тэн хагаст нь ажиллажээ.


Би байдгаараа байхад л болно

“Ч.Буянхишигт гурван сайн чанар бий. Эхнийх нь Ч.Буянхишигийн толгой бол зүйрлэвэл нэлээн сайн үйлдвэрийн, багтаамж сайтай  компьютер. Ой тогтоц, түүнийгээ системчлэх, ангилах чадвар нь гайхамшигтай. Удаагаар хүн их сайтай. Хүн хүнийгээ магтаж чаддаггүй. Бусад хүн сайныг нь мэдчихнэ гээд магтаж чаддаггүй юм. Харин Ч.Буянхишиг бол бусдыг магтаж чаддаг хүн. Магтаал хэлнэ гэдэг нь хүн сайтайн шинж. Магтаал нь үнэн байх уу, худлаа байх уу гэдгийг тодорхойлох зүйл нь түүний толгой. Бүх баримт  сэлт, үйл явдлын дараалал толгойд нь байгаа учраас тэр худлаа магтаж чаддаггүй. Гуравдугаарт, утга зохиолын хэлний яриан хэлбэрт цэгцэрсэн хүн. Санаагаа бусдад хэрхэн хүргэж ярих вэ гэдгийн учрыг эрт олсон хүн” хэмээн мөн л Н.Жанцанноров цохон тэмдэглэсэн юм. Энэ нь ч түүнтэй ярилцах явцад анзаарагдаж байлаа. Ярианы сэдвийг яаж ийгээд л бусдын тухай чиглүүлж орхихыг яана! Чиглүүлсэн ярианд нь автаж суугаагаа анзаарсан даруйдаа яриаг буцаан өөр рүү нь чиглүүлэх гэж оролдож байлаа.

-Та олон хүнийг дотроо амьдруулж, тэдний түүх нийлээд та ч юм шиг?

-Хүнийг байгаа үед нь асууж, сонсож авахгүй бол хожим дандаа харамсана. Та нар намайг хэтрүүлж бичих гээд байна аа даа? Худлаа магтуулах шиг муухай юм үгүй. (Ярилцлагын туршид хэд хэдэн удаа ийн сануулж буй юм.)

-Хүмүүсийн талаар зөвхөн сайныг ярихын учир юу вэ?

-Телевиз , радиогоор тэр хүний дутагдлыг ярьж яах юм бэ? Б.Зангад багш маань “Хүний мууг өөрт нь хэлж бай!” гэж захисан юм. Нийтлэг алдааг ил хэлж болно, хувь хүнтэй холбоотой бол өөрт нь хэлж байвал зүгээр. Манай ахмадууд хүний бурууг, алдааг их сайн хэлж, зэмлэж шүүмжилж чаддаг, тэр хэрээрээ хайрлаж чаддаг байж дээ. Одоо бол хүнийг хайрлаж ч чадахгүй, шүүмжилж ч чадахгүй. Хүний ололтыг харвал баярлаж, хүний алдааг харвал засаж чадахгүй болсон мөлгөр нийгэм.

-“Манай ахмадууд” гэхдээ та хэн хэнийг бодож хэлэв?

-Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Солийн Цоодол, Ж.Бадраа, Т.Чимэддорж гуай нар гээд надаас дээш үеийн олон хүн байна аа.

-“Танай үеийнхэн” гэхээр хэн хэн амьд сэрүүн байна?

-Миний үеийн гэхээр ойролцоо насныхан уу? Тийм бол хөгжмийн зохиолчдоос Н.Жанцанноров,  Г.Алтанхуяг, Ш.Аюуш, Д.Тэрбиш, С.Тараа гээд олон хүн бий. Үргэлжлүүлэн дурдах гэтэл ихэнх нь алга. Байгаа юм бодоод явтал л байхгүй болцгоожээ. (хэсэг дуугүй суув.)

-Уулзсан алдартнуудаас яг одоо санаанд тань хэн орж ирж байх юм?

-“Бөмбөгөр ногоон” театраас өгсүүлээд олон ахмадуудтай уулзаж дээ. Бүгдийнх нь талаар сайхан дурсамжууд бий. 1991 оны “Алтан намар” хөгжмийн наадам тараад С.Гончигсумлаа гуай, лимбэчин Д.Энхтайван бид гурав Соёлын төв өргөөнөөс гараад алхаж явлаа. Э.Чойдог  гуайг Дарханд байхад гэрт нь очиж байлаа. Ж.Чулуун гуай бидний гэр ойр, өглөө бүр автобусанд таарна гэх мэтээр хөгжмийн ахмадуудтай бүгдтэй нь уулзжээ. Дандаа бусдын тухай ярьдаг гэж асуугаад байгаагийн цаана ийм л учир буй юм. 

-Ахмад болон өөрийн үеийнхнээрээ дүгнэвэл тэднийг “уран бүтээлч” болгосон гол чанар нь юу байв?

-Эрэлхийлэл. Яаж сайныг, яаж өөрийг хийх вэ гэх эрэлхийлдэг тэр чанар.

-Гэснээс та түрүүн “Алдаагүй залуу нас гэж үгүй” гэсэн дээ. Таны залуу насны алдаа юу вэ?

-Арай гайгүй байхдаа “доктор” хамгаалахгүй яав даа л гэж боддог оо.

-Ядаж намтраа бичихгүй юм уу?

-Хэдэн жилийн өмнө “50 жил урлагтай хамт” гэж ном эхлүүлсэн юм. Би чинь урлагийн хүн биш, тэдэнтэй хамт явсан л хүн, надад хөгжмийн авьяас үгүй, хичээнгүй л хүн. Б.Лхагвасүрэн маань надад “Бичсэн болгон үлдэж, ярьсан болгон мартагддаг юм шүү. Чи бичээрэй” гэж билээ.

-Хувийн юм асууя аа. Гэр бүлийнхээ талаар яривал яаж байна?  

-Миний хань С.Агваанжамбал гэж хүн байгаад энэ жил бурхан боллоо. 1988 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг үүсгэн байгуулсан хүн. Тэр жил Богдхан уулын амыг бүгдийг чөлөөлөөд нэг ч айлгүй болгож билээ. Гэтэл сүүлийн хэдэн жил ямар өрөвдмөөр болтол нь нүхлэв дээ. 1970 онд би Булганы Соёлын ордонд дадлага хийх, манай хүн бодвол золгуутаар нутагтаа очсон үе таарсан байх, тэгж танилцаад насаараа амьдарлаа.

-52 жил нэг хүнтэй хамт байх гэж ер нь юу гэж тодорхойлмоор юм бэ дээ?

-Удаан амьдарсан улс нэгэндээ эх, эцэг шиг болдог гэж ярьдаг даа. Тэр үнэн. Энэ маань ингэвэл уурлана даа, тэгвэл баярлана даа гээд занг нь андахгүй болдог. Хүн удах тусмаа уйдаж, мал удах тусмаа ижилсдэг гэж үгтэй атал уйдсангүй дээ. Илүү харах сэтгэл ч байсангүй, зав ч байсангүй. Надад ер нь амралтын өдөр ч байгаагүй. Ажил, гэр хоёроос өөр юм мэдэхгүй амьдарчээ. Нэг их хэнхэг явсаар энэ амьдралыг дуусгалаа.

-Авьяастай, ухаантай, сайн сайхан, уран бүтээлч олон эрсийн дунд насаараа амьдарсан атлаа ер дурлаагүй гэхээр нэг л үнэмшилгүй юм?

-Сайхан хүний сайхан нь харагдана шүү дээ. Гээд сэтгэлдээ уяж, амьдралаа үрнэ гэж юу байх вэ. Ханилсандаа үнэнч, шударга байх ёстой. Надад хүнд байтугай үр хүүхдэдээ хэлэх сургамж байхгүй. Алдаж, онож, хуурч, хууртаж яваагүй хүнд дурсамж үлддэггүй юм. Тэгж би алдсан шүү, сургамж нь энэ шүү! гээд хэлэх юм алга. Өсөх насны амьдрал минь дардан байжээ. Зовлон, жаргал үзэж байж, түүнийгээ хүнд хуваалцаж байж дотно нөхөд үүсдэг. Мөрөөрөө, чигээрээ л хараад яваа хүн хэнтэй ч дотносдоггүй. Халдаж болдоггүй, холдож болдоггүй хүн дээ, би.

-Ингэхэд та хүнтэй зад хэрэлдэж үзсэн үү?

-Хоёр хүн хэрэлдэхэд нэгнийгээ давах гэж муу үг хэлэхээс бус хэзээ ч сайн юм болохгүй. Тийм учраас тачигнатал хэрэлдэж байхын оронд тайвширсан хойноо ярилцах нь зөв. Миний зарчим энэ юм. Намайг муу санаатай гэж хэлж л байдаг юм. Тэр байтугай ойрын хүмүүсээс ч далдуур муулсан сураг дуулддаг юм. Нэг жил ярина, хоёр жил ярина, тэгээд болино. Би байдгаараа байхад л болно.

-Ойроос муулахаар хэцүү биз дээ?

-Шагналын тодорхойлолт, матаас хоёр зэрэг ирдэг гэж үг бий. Матаас ер нь холоос бус ойроос ирдэг жамтай. Тэр тоолон өрвөлзөх юун, нэг зангаараа байхад л болно доо.

-Яаж чаддаг юм? Гомдож буглаж, тэсэрч дэлбэрэхгүй юм уу?

-Буглана. Өөрт хүнд шүү дээ. Илэн далангүй яриад, уйлж унжаад явбал амар байх. Даанч хар багаас дотогшоо хүн юм. Засрах хөг ч өнгөрлөө. За, дуусгах уу даа?


Ийнхүү ярилцсанаа сийрүүлэн суугаа наймдугаар сарын эл өдөр аанай л бороотой. Тэр 75 настай, би 35 настай. Биднийг зааглаж буй 40 жилд монголын нийгэм, тэр дундаа хөгжмийн амьдралд юу эс өрнөсөн бол? Түүнийг цааш  ухаж төнхвөл юу эсийг мэдэж авах бол? Надад олдсон нь ердөө гурван цаг. Өнгөрсөн үеийг нотолж чадахуйц эх сурвалжийн нэгт “аман сурвалж” зайлшгүй багтдаг. Энэ сурвалж соёлын өвийг хадгалах арга төдийгүй заримдаа өөрөө соёлын өв болох нь ч бий. Гэтэл түүний талаар “Улаан бүч, Монголын радио, Цагаан лавайн эгшиг, Сэтгэлд хоногшсон дуунууд” гэхээс цаашыг мэдэхгүй харанхуй явав.

Цахим орчинд түүний нэрээр хайхад аанай л түүний яг хэн бэ? гэх асуултын хариу ховор. Тийм ээ, түүнийг бусад нь тун бага ярьжээ. Харин тэр өөрөө бусдын тухай асуултад ер цааргалаагүй амьдарчээ. Хүний талаар таатай үгэнд өглөгч байх нь хүн сайтайн шинж юм бол сайн хүн болох сон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оооо
Оооо
2022-08-16 08:26

Хүү Ариунболдыгоо хэдэн настаыдаа гаргасан юм бол..

Зочин
Зочин
2022-08-17 16:35
Reply to  Оооо

Дагавар шд

Зочин
Зочин
2022-08-18 17:18
Reply to  Зочин

Та нар эрүүл үү? 75 настай хүний хүүхэд гэхээр 50 нас хүрсэн байж таарна. Төрүүлсэн ч бай, төрүүлээгүй ч бай уже өдий 50 жил хамт амьдраад, ач зээгээ үзээд явж байж таарна. Та нар ямар эрхтэй гэж нэг сайтын сэтгэгдэл хэсэгт ярилцдаг юм бэ?

Зочин уншигч
Зочин уншигч
2022-08-16 11:28
Reply to  Оооо

Хэхэ ярилцлагыг уншиж суухдаа энэ л асуултыг асуух гэж анаж суув уу? Зорилго нь!!

Зочин
Зочин
2022-08-16 08:57

MUNDAG HUN SHVVV TANIHGVI CH GSN DUU HOOLOI NI SETGELD URGELJ OIR

Зочин
Зочин
2022-08-16 08:59

Ийм хүмүүсийг �##�даршуулах хэрэгтэй нууцлаг сод бүтээлүүд их бий шүү манайд

Зочин
Зочин
2022-08-16 09:35

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСИЙ

Wikipedia
Wikipedia
2022-08-16 10:09

Монголын дууны сангийн ганц Wikipedia' эмэгтэй. Ямарч дууны үг ая зохиогч он түүхийг цээжээр дурддаг хүн дээ.

Баатар
Баатар
2022-08-16 19:05

Ёстой амьдарсан шиг амьдрана гэдэг энэ болой. Танд эрүүл энх аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2022-08-17 09:16

Хайртай Багшдаа Аз жарг�##� эрүүл энх урт нас�##�ж удаан жарг�##�ыг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-08-18 16:47

Буянхишиг гуай бол Монголын хөгжмийн урлагийн нэвтэрхий толь. Ярилцлагаас нь харахад хувь хүний хувьд нэлээн зарчимч, чанга хүн шиг санагдлаа. 75 настай хүн гэхэд ой тогтоолт маш сайн, үг яриа нь ихээхэн цэгцтэй байна. Мундаг эмэгтэй байна аа. Эрүүл энх байж урт наслаарай гэж ерөөе дөө.

Зочин
Зочин
2022-08-20 10:07

Миний муу ээжтэй адилхан гэж юүхэв. Бурхан таныг ивээж улам урт наслаарай эгчээ. Сайхан яриа болсон бн хөөрхийс

Зочин
Зочин
2022-08-21 07:25

Монголын хөгжмийн урлагт гэрэлт мөртэй ихийг өвлүүлж үргэлж үлгэрлэж чаддаг тандаа цаг мөнхөд т�##�архаж явдаг шүү тандаа гэгээн сайхныг ерөөе Ч.БАТЦЭНГЭЛ/МУК/

Холбоотой мэдээ

Back to top button