Ярилцлага

М.Батзориг: Бид амьдралын, сэтгэлгээний түвшинтэйгээ харьцуулахад БОЛОМЖИЙН уран бүтээлчидтэй

Урлаг судлалын ухааны доктор М.Батзориг "Би ч цэг, чи ч цэг" номоо хэвлэлтээс аваад удаагүй байна. Тэр удаан хугацаанд уран бүтээлч, урлаг судлаачийг хослуулж, бичвэрүүдээр нийгэм болон уран бүтээлчдийн хооронд "хэлмэрч" хийсэн нэгэн. Түүнтэй урлагийн хөгжлийн талаар ярилцлаа.


УРЛАГ СУДЛАЛ БАРАГ УРАН БҮТЭЭЛЭЭС Ч ГҮНЗГИЙ ЭД

-Та урлаг судлаач уу, уран бүтээлч гэвэл илүү тохирох уу?

-Би өөрийгөө зураач гэх илүү дуртай. Салбар луугаа гүн орж төвлөрсөн, академик түвшний өгүүлэл бичиж, тэр нь хэвлэгддэг, тэндээс нь эшилдэг болж хүлээн зөвшөөрөгдсөн урлаг судлаачдын дэргэд судлаач гэхэд хэцүү.

-Би шинэ хүн. Урлантай гэхээр тань л зураач хүн гэж мэдсэн. Зурсаар байгаа юу?

-Есдүгээр сард шинэ үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна.

-Та сая гадаадын судлаачдаар босго тогтоож хариулсан. Монгол дотроо яривал?

-Муу хэлсэн ч юм шиг болох байх л даа. Өөрийнхөө хэмжээнд зах зухтай нь танилцаад ирэхээр шинжлэх ухаан, судлал гэдэг уран бүтээлтэй дүйцэхүйц, түүнээс ч бараг илүү гүнзгий эд юм гэдгийг мэдэрсэн. Манай дүрслэх урлагийн салбарт Ц.Уранчимэг багшийг эс тооцвол олон улсад бүтээл нь хэвлэгддэг, эшлэгддэг судлаач байхгүй байх л гэж бодож байна. Урлаг хөгжих хэрэгтэй, дагаад судлал хөгжих хэрэгтэй.

-Та бүтээл хийхийн зэрэгцээ уншиж, судалсаар ирж. Уран бүтээлчдийн хувьд гадаад, дотоодын жишгийг их унших тусам өөрөө түүндээ хязгаарлагдах, гацаанд орох нь бий. Таны зураачийн амьдралд тийм зүйл тохиолдож байсан уу?

-Бараг үгүй. Зөвхөн зурах уйтгартай. Тэвчээр шаардсан ажил. Хажуугаар нь багшилж байна. 2-3 ажил сольж хийх надад зүгээр санагддаг. Бараг амар ч юм шиг. Хэсэг нэг юмнаасаа чөлөө аваад, дараагийнхаа юм руу орох.

-Зурахдаа уншсан зүйлсээсээ бүрэн чөлөөлөгддөг гэж ойлгож болох уу. Уншсан нь нөлөөлөөд байдаг шиг санагддаг юм?

-Энэ асуулт уран бүтээлийн тухай хэт алс, сүрлэг ойлголттой холбогдох юм шиг санагдаж байна. Их уншсанаараа сайн бүтээлч байдаггүй. Сайн бүтээлч болгон ч заавал уншдаг энэ тэр биш. Маш сайн артистууд архичид байх нь ч бий.

ЭНЭ НИЙГЭМ ЧӨЛӨӨТЭЙ, ТЭНЭГЛЭХ Ч ЭРХТЭЙ

-Уран бүтээлчтэй ярилцах бүрд шүүмж судлал хөндөгддөг. Тэгээд мэдээж орхигдсон салбар гэж яригддаг. Та их бичсэн. Зорилго нь юу байсан бэ. Дутуу орон зайг нөхсөн үү, таны сонирхол давамгайлж байв уу?

-Урлагийн тухай хүмүүсийн тогтсон ойлголт байдаг. Урлаг гэхээр агуу, тусдаа, уран бүтээлчдээс өөр хэн ч ойлгохгүй, ойлгохгүй байх ёстой юм шиг ойлголт. Хий хоосон айдас ч гэмээр юм уу. Зөвхөн уран бүтээлч хүн хийдэг, өөр хүн чадахгүй, хийх ёсгүй юм шиг сүрлэг ойлголтыг л эерүүлье гэж бодсон. Чи гэхэд сонирхлоороо урлагийн тухай бичээд, ярилцаад явж болж байна шүү дээ. Энэ бол энгийн зүйл, кофе уумаар байвал уудагтай адил. Орчин үеийн амьдралын нэг хэсэг болж. Цаанаа нарийн төлөвлөсөн менежмент, том концепц яригдана л даа. Гэхдээ амьдралаас хол зүйл бол биш.

-Гэхдээ энэ салбарт яг мэргэжлийн тодотголтой, боловсролын зэрэг хамгаалсан хүмүүсээс гадна өөр салбараас орж ирсэн хэсэг зэрэгцэж байна. Харин мэргэжлийнхэн нь “Дуртай нь уран бүтээлч, урлаг судлаач болчихлоо” гэж дургүйцдэг юм билээ.

-Энэ ганц манай дүрслэх урлагийн салбарт тулгамдаж буй асуудал биш. Гэрэл зурагчдын дунд ч байна. Мэргэжлийн гэрэл зурагчид нь бухимдаж, “Камер үүрчихээрээ л болчихдог юм уу” ч гэж байх шиг. Камер байгаа л бол ямар нэг зүйл рүү чиглүүлээд дарах нь хүний эрх. Түүнийг зөвхөн мэргэжлийн хүн хийх ёстой гэж харвал дэндүү өрөөсгөл. Орчин үед сургуульд сурахгүйгээр ч тэр мэргэжлийг эзэмшиж болдог болж. Номын санд суусаар байгаад алдартай найруулагч болсон найруулагчид Холливүүдэд олон бий, Жэймс Камероноос эхлээд. Төрмөл өгөгдөл гэдэг сурган гэдэг юмаар хашигдах ёсгүй. Чадаж байгаа нь хийх ёстой. Мэдээж үүнд муу үр дагаврууд бий. Гэхдээ энэ нийгэм чинь чөлөөтэй. Тэнэглэх ч эрхтэй.

-Муу үр дагавар гэдгийг тодотговол?

-Наадмын үеэр сошиалаар хэлбэр хийц болхи хөшөөнүүдийн зураг явлаа. Энэ бол хөшөө хийх төсвийг нь хусаад, үлдсэн жаахан мөнгийг сонирхогчид өгөөд хулхидаж байгаа явдал. Тэгэхээр тогтолцооны гажгийг мэргэжлийн бус хүмүүс бүтээлцэж байгаа биз. Муу үр дагаврууд бол гарна. Ямар ч юм хоёр талтай шүү дээ.

-Таныг багшилдаг учраас асууя. Хичээл орж буй ангид тань урлагийг юу гэж ойлгосон залуу үеийнхэн сууж байдаг шиг санагддаг вэ?

-Урлагийн сургуульд яг урлагт сонирхолтой, энэ амьдралыг сонгоё гэсэн хүмүүс орж байгаа. Үүний зэрэгцээ ер урлагийн хүн болох ёсгүй, тэр байтугай дээд сургуульд ч сурах учиргүй байсан хүн орж ирээд байгаа юм. Энэ бол хувь хүний гэхээс илүү системийн алдаа. Техник, мэргэжлийн сургуульд сураад, эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг сайтар эзэмшиж, амжилт гаргаж болох байсан хүнийг ээж, аав нь шахдаг. “Манай найзын хүүхэд ийм, тийм байна. Заавал дээд сургуульд ор”, “Би дээд боловсрол эзэмшиж чадаагүй, чи чадах ёстой” гэсэн эцэг, эхийн хандлага системд нөлөөлж байна. Харилцан адилгүй оюутнуудад хичээл орж байгаа нь надад мэдрэгдээд байгаа.

-Залуус урлагийг нөгөө холын, сүрлэг ойлголтоор бус, амьдралд ойр гэж харах солсон. Танд ажиглагдаж байна уу?

-Шинэ үеийн онцлог мөн, хандлага шал өөр болж байгаа. Өөрчлөгдөх ч ёстой. Зарим нь хэтэрхий хөнгөн ч хандаж байгаа. Олон төрлийн ментал туршилтууд гарч ирж байж нэг үеийг бий болгодог юм биш үү.

МУУ ЗҮЙЛС Ч УРАН БҮТЭЭЛД НӨЛӨӨЛДӨГ

-Үе гэж ярьсных, таны үеийнхэн дүрслэх урлагийн салбарт түрж гарч ирсэн нэг үзэгдэл юм шиг санагддаг. Судалгаа хийж байсан хүний хувьд, өөрийнхөө үеийнхнийг тодорхойлж байсан уу?

-Бид их сонин цаг үед амьдарсан. Социализмын үеийг мэднэ. 1990-ээд оны хүнд хэцүү, нийгэм тартагтаа тулж болдог цагийг ч туулаад гарсан. Бүх юм элбэг хангалуун болж байгаа энэ үеийг ч бас харж явна. Үзсэн харснаа концепц болгодог хүмүүсийн хувьд энэ их ашигтай нөхцөл байдал, хувь заяа байх. Хүн мэдэрсэн юмаа их сайн хийдэг. Манай үеийнхний давуу тал гэвэл тэр л байх.

-Шинэ зүйл авчирсан гэж хэлэх үү?

-Учиргүй час хийтэл гарч ирсэн гэхэд... 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр нэг шинэ үе гарч ирсэн гэж би боддог. 1990 онд бүх юм нэг удаа өөрчлөгдөж, хэдэн сайн уран бүтээлч төрсөн гэмээр. 2000-аад оноос эхлэн хэсэг зогсонг байсан. Харин 2010 оноос хойш Монголын контемпорари урлаг эрчимжсэн гэж хардаг. Үүнээс хойш идэвхийлэн хөгжсөөр байна. Энэ утгаар, түрж гарч ирсэн үеийнхэнд тооцоход болохгүй гэх газаргүй.

Докторын судалгааны ажилдаа 1960-2015 оны хоорондох үеийг авч үзсэн. Ардын хувьсгал ялсны дараа монгол зураг суурьтай хүрээний дэг сургууль байж байгаад Оросын академик дэг сургууль руу орсон. Тэр үед нэг тэсрэлт гарсан. Дараа нь академид бэлтгэгдсэн хүмүүс 1980-аад онд туурвиж эхлэхэд том шинэчлэлүүд ажиглагдсан. 1990 онд шилжилтийн үе таарсан тул мөн юмс өөрчлөгдсөн. Ингээд дараа нь 2010 оныг онцлох юм болов уу гэж би судалгааны ажилдаа дурдсан байгаа.

-Манай уран бүтээлчид гадаадын биенналь, триеннальд идэвхтэй оролцож байна. Тэнд очоод огт гологдохгүй гэж би хардаг. Ер нь Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн потенциалд эргэлздэггүй. Та юу гэж хардаг вэ?

-Манай уран бүтээлчид дутахгүй. Гадаадад супер артистууд бий л дээ, гэхдээ л дутаад байх зүйлгүй. Юу байхгүй вэ гэхээр: Менежмент, судлал. Энэ зах зээл том өрсөлдөөнтэй. Гадаадын галлерейнуудад 100 мянган еврогоос дээш болон доош ханштай гэсэн ангилал байх шиг. Бүтээлээ 100 мянган еврогоос дээш үнээр зарж чаддаг галлерей нийт галлерейнхаа үсрээд 10 хувийг эзэлдэг бололтой. Нөгөө 90 хувьд маш олон хэсэг гарч ирдэг, дампуурах нь дампуурч, няцдаг. Маш цөөхөн нь шигшигдсээр 100 мянгын босгыг давж байна. Ийм өрсөлдөөнтэй том зах зээл манайд алга.

Төвөдийн орчин үеийн урлагийг л гэхэд АНУ-ын зах зээл мэддэг, тогтмол  худалдаж авдаг болчихлоо. Араас нь Непал, Пакистанууд орж ирж байна. Африк уран бүтээлчид хүчтэй түрэх боллоо. Арьс өнгөний үзлээс гадна ямар гоё шидлэг, примитив урлагтай газар билээ. Энэ нь орчин үеийн урлагтай нийлээд ирэхээр Африкийн, Төвөдийн, Хятадын гэсэн том том хандлагууд гарч ирж, моод болоод явж байна. Бидэнд ингэж давлагаалах хүч бол алга. Харин галлерейд зэрэгцүүлээд өлгөхөд дутах юм ер үгүй. Тэнд хүргэх механизм л дутаж байна. Үүний тулд манай эдийн засаг томрох, олон баячууд бий болох хэрэгтэй. Урлагийн хэрэгцээ, цангаа гэдэг зүйл хэрэгтэй. Бид хөгжиж байгаа. Бага багаар алхам хийж, танигдаад л байна.

Өнгөрсөн хавар Нью-Йоркын галлерейд манай эхнэрийн үзэсгэлэн гарсан. Нэг их том галлерей ч биш. Тэгтэл тэр хүрээлэл дотор манай орчин үеийн монгол зургийн артистуудыг ярьж эхэлж байна. “Өөр ямар уран бүтээлч байна, сонирхъё” гэх маягтай. Алхам, алхмаар ингэж явсаар тэр том сүлжээнд орох ёстой.

-Яг ийш эрчимтэй дөхөж эхэлсэн нь...?

-2010 оноос хойш л гэж хэлнэ. Гэхдээ л төвөдүүд шиг ч юм уу бүхлээрээ моод болж чадахгүй л байна. Энэ зөвхөн бидний муугийнх биш юм. Жижиг зах зээлтэйн дээр улс төр, эдийн засгийн байдал харьцангуй тайван. Арьс өнгөний үзэл зэрэг элдэв асуудал бага. Гэтэл Далай лам БНХАУ-тай нэг зөрчилдөхөд л Төвөд олон улсын хараанд өртөж байдаг. Сайн зүйлс урлагт нөлөөлдөг боловч муу зүйлс ч бас нөлөөлдөг. Сая Венецийн биенналийг харахад Украины олон уран бүтээлч ирж. Хүн Украин гэсэн хаягийг хараад, ороод байгаа юм. Олон улсын анхаарлын төвд, дотоод ноцтой асуудалтай байгаа нь давуу тал болчхож байна л даа.

-Энэ тухай ярилцахад ихэвчлэн хүрдэг дүгнэлт нь: Уран бүтээлчид хангалттай хийж байна, харин шүүмжлэгч, куратор, менежерүүд л дутмаг.

-Гэхдээ бас ийм шүү. Монгол уран бүтээлч өөрөө маш сайн англи хэл сураад, концепцоо сайн боловсруулаад, гадаадын үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд орж байгаад тэдний хараанд өртөх боломж бол нээлттэй. Хэн ч тэрийг хаагаагүй. Үүнийг ашиглаж чадахгүй байгаагаа өмөөрсөн утгаар ярьж болохгүй. Өөрөөр хэлбэл бүтээлчээс шалтгаалахгүй гэж болохгүй юм.

-Гэхдээ үүнээс системийн асуудал нь хэр жин дарах бол?

-Аргагүй нөлөөлнө л дөө. Өндөр хөгжилтэй орны уран бүтээлчид зүгээр л тэр улсад төрснөөрөө олон боломжид ойр. Үгүйдээ л хэл усны асуудалгүй.

-“Төр засаг анхаарах ёстой” гэдэг өнцөгт хэрхэн ханддагийг тань асууя гэж бодсон. Ялангуяа манай эрх баригчид дүрслэх урлагийн уран бүтээлчдийнхээ чансааг мэддэггүй, олж хардаггүй юм шиг санагддаг.

-Шинэ яам байгуулагдаад, манай салбарыг анхаарч л байна. Ч.Номин сайд подкэстэд ороод “Манай хамгийн сайн хөгжсөн урлагийн төрөл бол дүрслэх урлаг юм байна” гэж ярьж байсан. Үүнийг сайд нь мэдээд ярьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ би улстөрчид урлагийг хөгжүүлчихнэ гэж нэг их боддоггүй. Мөнгөөр цутгаад, цутгаад болохгүй байгаа улс орон байна шүү дээ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс урлаг руу ороод ирэхээр, түрүүнд ярьдаг янз янзын хөшөөний асуудал яригдах болдог. Нутгийн угтах хаалга энэ тэрийг даргын вкусээр хийнэ гэхээр өөрөө голдирлоороо явдаг урлаг гэдэг зүйл хоцрогдоод эхэлдэг шиг. Бодитой зүйл л дээ.

ӨӨРСДИЙНХӨӨ ОЛОН ЗҮЙЛИЙГ СУДЛААГҮЙ, ТАНЬЖ МЭДЭЭГҮЙ ЯВНА

-Өв уламжлал талаас нь харахад монголчууд ер дүрслэх урлагийн төрөлд тийм гоц гойд байгаагүй шиг санагддаг. Харин одоо бусдад гологдохооргүй хэмжээнд байж чадаж байгаа нь яг юутай холбоотой юм бол гэж бодох үе бий?

-Дүрслэх урлагийн өв уламжлал муутай гэж хэлж болохгүй. Өндөр гэгээн Занабазар, П.Осор, Б.Шарав нар бол яг дэлхийн хэмжээний уран бүтээлчид. Урлаг гэж үеийн үед нэг л юм байсан шиг байгаа юм. Манай өвлөгдөж ирсэн уламжлал ер гологдохгүй. Бид хэр хэмжээнд орчин үеийн урлагтай нийлүүлж, хөгжүүлж байна вэ гэдэг л анхаарах асуудал.

-Уламжлалыг аль цаг үеэс эхлэн ярьж байна?

-Яах вэ, нүүдэлчин амьдралтайн улмаас бид олон зүйлийг хаяж, гээсэн. Салан задгай байсан нь үнэн. Дэлхийгээр нэг тарчихсан монголчуудтай холбоотой өв дурсгал гэдэг судалгааны нэгэн том ай сав.

-Та Занабазарыг дурдаж байна. Яг манай үндэстний онцлогоос үргэлжилж, ургаж гарсан урлаг мөн үү гэвэл эргэлзмээр санагддаг. Маш их Төвөд, Энэтхэгээс орж ирсэн бурхан бүтээх урлаг давамгайлж байсан. Саяхан Узбекистаны урлагийн музейг үзэхэд олон зууны өмнөх ахуйн сийлбэр, оёмол хатгамал бүтээлүүд хадгалагдаж байхыг харсан. Яг тэр эрээн мяраан өнгө, хээ угалзууд үндэстнийх нь дүрслэх урлагийн мөн чанарыг илэрхийлж байв. Яг тийм үндэстний онцлог туссан өв уламжлалын тухайд л даа?

-Хурц ялгарал ярьж байх шиг байна. Бид өөрсдийнхөө маш олон зүйлийг судлаагүй, таньж мэдэж амжаагүй явна. Гол нь бид дэлхийд нөлөө бүхий бус жижиг орон учраас жижиг орны урлаг гэдэг тодотгол зүүчхээд байгаа болов уу. Уламжлалт монгол зургийн хэлбэрийг шашин ойролцоо орны хэлбэрүүдээс ялгахад хэцүү л дээ, ойролцоо. Харин бидэнд уламжлагдаж ирсэн тэр хэлбэрийг орчин үеийн болгож хөгжүүлж буй хэсэг л гэхэд гадаадынхны анхаарлыг их татаж байна. Манай орчин үеийн урлагийг гадаадад сурталчлан таниулж болох хамгийн боломжийн нүүр царай ч байж мэднэ. Байгаа уламжлалаа яаж хоршуулж, юуг нь авч, юуг нь хаяж, юуг нь нийлүүлж явах ёстой вэ гэдэгт л асуудал байгаа байх.

-Түрүүнд Төвөд зэрэг орны уран бүтээлүүд давлагаа үүсгэдэг болсон талаар ярихад энэ асуултын санаа төрсөн юм. Ер нь уран бүтээлчид цаг үеэсээ шалтгаалаад хоорондоо хэлэлцэж тохироогүй мөртлөө нэг чиг хандлагад зангидагдаад байдаг шинж ажиглагдах юм. Танд Монголын өнөөгийн дүрслэх уран бүтээлчид нэг чиг хандлагын дор яваа мэт анзаарагдсан удаа бий юу?

-Тийм зүйл ажиглагдахгүй байна.

-Эсвэл концепцын хувьд нэг зүйл рүү тэмүүлцгээгээд байгаа ч юм шиг?

-Бүхлээр нь базаж харъя гэхэд амаргүй олон туршилтууд гарч ирж байна. Дэлхийн орчин үеийн урлаг маш их нийлэгшиж байна. Монгол артистын бүтээлийг хараад, “Энэ монгол ажил байна” гэж шууд таах, таних тийм ялгарал бол алга байна. Жишээлбэл, Энэтхэгийн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг харахад шууд танигддаг. “Энэ Энэтхэгийнх байна даа” гэж мэдрэгддэг. Ийм том ялгарал бол арай бүрэлдээгүй болов уу. Харин үүнийг эрсэн хайгуул, туршилтууд хийгдсээр байна.

-Хамгийн эхэнд урлагийн тухай алс хол ойлголтоос татгалзах тухай ярьсан. Ярианы туршид чиг хандлага, гарц гаргалгаа ярьснаар эсрэгээрээ үүнийг хэлбэржүүллээ. Энэ хоёрын аль нь чухал вэ?

-Аль аль нь. Хамгийн түрүүнд урлаг гэдэг хэн дуртай нь ойлгохгүй, хийж чадахгүй зүйл гэж л ойлгож болохгүй. Мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт орж ирээд маш амжилттай ажилласан тохиолдол олон. Инженер хүн орж ирээд, кинетик бүтээл хийсэн нь ихээхэн амжилт олох жишээтэй. Урлагийг зөвхөн уран бүтээлчид хийдэг нь үнэн байсан бол тэр кинетик артист гарч ирэхгүй нь. Нээлттэй байж гэмээ нь олон янзын синтетик боломжуудыг дуудаж авчирна.

-Та өөрөө эсрэгээр нь ойлгож явсан удаа бий юу. Яг энэ үзэл бодлоо хэзээ олсон бэ?

-Намайг суралцаж байхад академи төгссөн нь хамгийн сайн уран бүтээлч гэсэн ойлголт л хүчтэй байсан. Төгссөн хойноо орчин үеийн урлаг сонирхох хэрээр л энэ үзэл бодол сууж эхэлсэн. Академи төгссөн сайн уран бүтээлчдийг үгүйсгэж байгаа юм биш. Төгсөөгүй ч бас сайн уран бүтээлч байж болно.

"ШУНАХАЙН" СЭДЛЭЭРХ УРАН БҮТЭЭЛ

-Хөгжлийн тухайд яг гарц гаргалгаа тодорхойлсон хүнтэй таарч байсангүй. Зарим нь “Жамаараа л явж байгаа” гэх. Таны хувьд тодорхой дараалал бүхий чиг шугам байна уу?

-Үзмэрч биш болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ манайд орчин үеийн урлаг чамлалтгүй хөгжиж байна. Үүнийг заавал монгол хүн хийх албагүй. Би монголчуудыг аль болох гадаадын галлерейнуудтай гэрээ хийгээсэй гэж боддог. Дотоодын зах зээл маш жижиг байхад гадаад руу тэлээсэй. Уран бүтээлчдийг үнэд хүргэдэг, холбодог механизм дээр ажиллаж буй хүмүүстэй аль болох олон уран бүтээлч хамтарч ажиллаасай гэж боддог.

-Уран бүтээлчид өөрсдөө бас хэл устай болоосой?

-Тийм. Төвөдийн жишээг дахин татахад, Английн нэгэн галлерей Төвөдийн Гонгор гэж уран бүтээлчийг олж харан нэрд гаргасан. Араас нь олон Төвөдүүд нэрд гарсан. Яг үүн шиг, залуу уран бүтээлчид ийм эрмэлзэлтэй болох ёстой шиг. Гадаадын галлерейтэй яаж хамтарч ажиллах вэ, яавал хараанд нь өртөх бол гэсэн хандлагыг нийтээрээ суулгах ёстой шиг.

-Өмнө нь монгол контемпорари уран бүтээлчдийг хараад сэтгэл ханадаг байсан. Гэтэл үндэсний суурь зүйлээ тодорхойлж гаргаж ирэх чиглэлд илүү дахиад судлах ёстой шиг. Илэрхий элементээр хүчирхийлэхгүй мөртлөө монгол урлаг бүтээх. Үүнд бид анхаарал хандуулахгүй байгаа юм биш биз?

-Үүн дээр ёстой л урлаг судлал үүргээ гүйцэтгэх байх. Нийгэм тэр чигтээ ийм юм руу хандмаар байгаа юм. Гадаадын, орчин үеийн хандлагыг жаахан сонирхоод эхлэхээр “Худлаа, гадаад юм дуурайсан” гээд жаахан дургүй байдаг. Бизнес дээр ч гадаадын хөрөнгө оруулагчдыг шулаач гэж харах нь бий. Гэхдээ хамтарч ажиллах ёстой нь л үнэн. Соёлыг бүтээгдэхүүн болгоно гэж ярьсаар байна. Бид ялгарлаа зарах ёстой. Мөн байгаа орчин нөхцөлөөсөө хэт их зүйл шаардаад байж магадгүй юм шиг билээ. Жишээ нь орчин үеийн урлагаас монгол гэдэг ялгарал шаардаж байна. Гэтэл хүсэнгүүт гараад ирдэг зүйл биш. Энэ бол хүчээр хийхэд төвөгтэй, өөрөө төрдөг, үзэгдэлт шинжтэй. Цаг нь болохоор ирдэг. Тэгэхээр явж явж бараг л “Жамаараа явж байна” гэдэг л болж таарах гээд байх шиг. Цаг үе нь бүтээлчээ төрүүлдэг онцлог бий. Өнөөдрийн амьдралын болон сэтгэлгээний түвшинтэйгээ харьцуулахад маш боломжийн артистууд бий болчхоод байна гэж бодоод байгаа.

-Төгсгөлд нь нэг зүйл сонирхож асууя. Урлагт хүн дуртай байж болох ч энэ тогоонд ажиллаж, амьдаръя гэсэн сонголтыг ер нь юуны төлөө хийдэг юм бол?

-Ммм...

-Зөвхөн өөрийнхөө төлөө юм биш биз?

-Ер нь тийм байж магадгүй. Хүнд өөрөө өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ бий. Өөрийнхөө ялгарлыг харуулах, тийм үү. Хүлээн зөвшөөрөгдөх тэр хэрэгцээ байгаа. Аль салбарт илүү хүлээн зөвшөөрөгдөж болохоор байна, тийшээгээ л хүн тэмүүлдэг. Тэр хүрээлэлдээ л оршихыг чармайдаг байх. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх тэр хэрэгцээтэй л илүү холбоотой болов уу даа.

-Нийтийн төлөөх уран бүтээлч гэж байж болох уу гэж асуугаад, ер нь мухарддаг?

-Боломж байхгүй болов уу л гэж бодож байна. Социализмын үед урлагийг үзэл сурталжуулж байсан л даа. Одоо чөлөөт нийгэм болоод ирэхээр би өөрөө ялгарах, өөрийгөө илэрхийлэх тэр хэрэгцээндээ тулгуурлах болж байна. Яг үнэндээ хувийн, “шунахайн” сэдлээр шахуу бүтээлд хандаж байна. Шунахайн гэхээр муухай үг. Гэхдээ тэр хэрэгцээнээс л үүдсэн зүйл. Тэгэхээр Монголын урлаг агуу байгаасай гэж бүтээл хийдэг гэх жаахан хол сонсогдож байна. Өөрийгөө тэгж үздэг хүн байж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 09:22

УРАН БҮТЭЭЛ БОЛОН ХҮН НЬ ЭГЭЛ СОНИН ЕРТӨНЦТЭЙ ГАЙХАЛТАЙ ШҮҮ ТАНЬД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСИЙ

Зочин
Зочин
2022-08-19 09:47

сайхан яриа болжэээ мундаг уран бүтээлч шүү амжилт хүсий

Зочин
Зочин
2022-08-19 09:51

Mundag hun shvvv amjilt

Зочин
Зочин
2022-08-19 12:06

Amjilt husiiii tsaashdiinh ni buteeld

Зочин
Зочин
2022-08-19 14:20

Нээрээ л хурдан шуурхай товч дажгүй ярилцлага байна.
Улам их амжилт хүсье, шинэхэн доктортоо. ????

Зочин
Зочин
2022-08-19 17:36

Amjilt hvsie

Зочин
Зочин
2023-12-18 01:32

hudla s#a shdee

Холбоотой мэдээ

Back to top button