Сурвалжилга, Нийтлэл

“Утаатай” Улаанбаатар энэ өвөл дээрдэх үү, эсвэл дордох уу

Намар ирж, навчис шарлаад хүйтний эрч чангарч гарлаа. Тун удахгүй өвөл айсуйн дохио. Гэхдээ цагийн аясаар өвлийг биш, утааг угтаж байх шиг мэдрэмж хэн хүнгүй төрж байгаа нь дамжиггүй. “Утаатай” Улаанбаатар энэ өвөл дээрдэх үү, эсвэл дордох болов уу...

Энэ өвлийн хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд анхлан нэвтрүүлж буй онцлогтой. Хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн давхар исэл, тоос тоосонцор ихээр ялгаруулдаг түүхий нүүрсний замбараагүй хэрэглээг багасгахын тулд авч хэрэгжүүлж буй төр засгийн арга хэмжээ. Аль болох түүхий нүүрсээ битгий түл, шахмал түлшээ хэрэглэ гэх мессежийг “дээрээс” өгч, тэр нь ахуй амьдралын хөрсөн дээр буух, үр дүнгээ өгөх эсэх нь асуулт хэвээр. Энэ асуултын хариу удаж төдөлгүй тайлагдана, утаанд байж дассан нийслэлчүүд багахан өөрчлөлтийг ч дариу мэдрэх нь гарцаагүй.

Ямартай ч огцом хүйтэрч эхэлсэн есдүгээр сарын сүүлийн долоо хоног дахь агаарын чанарын индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд, “сайн мэдээ” харагдахгүй байна. Хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 2.5 болон PM10 тоосонцор гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтийг ажиглавал дандаа өсчээ. Жишээ нь хүхэрлэг хийн хэмжээ өмнөх оны мөн үед 5-10 мкг/м3 байсан бол энэ жилийн байдлаар 10-20 шахаж байна. PM 10 тоосонцорын тухайд есдүгээр сарын 29-ний байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2-3 дахин нэмэдсэн харагдана. Өвлийг иймэрхүү байдалтай угтаж байна.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа иргэд асар их үнс унаж байна гэх шалтгаанаар дургүйцэх нь түгээмэл байна. Энэ нь агаар мандал руу утаа хэлбэрээр ялгаруулдаг төрөл, төрлийн бохирдлоо үнс болгон доош унагаж буй хэлбэр гэдгийг мэргэжлийн хүмүүс энгийн үгээр тайлбарлаад байгаа.

Нөгөө талаар иргэд түүхий нүүрсээ түлсээр байна уу, хэдэн хувь нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бэ гэх зэрэг тоон судалгаа хараахан гараагүй буйг санах хэрэгтэй. Ийм учраас агаарын чанарын индексийн үзүүлэлт, гэрэл зургийн харьцуулалт дээр харагдаж буй шинж тэмдгийг иргэдийн хэрэглээтэй холбон тайлбарлахад хараахан эрт.

Нийслэл маань энэ жил хэрхэн өвөлжихийг харах л үлдэж буй.

М.ТЭНГИС

Агаарын чанарын харьцуулсан индексийг Tsag-agaar.gov.mn-ээс авч ашиглав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button