"Бүтэлгүй" Чинзо: Бажи, Ялалт влогт манайхны ярьсан зүйлсийн 80 хувь нь үнэн

Baji and Yalalt влогоор хамгийн их яригдах болсон нэр бол “Бүтэлгүй Чинзо”. Түүний бүтэлгүйтлийн түүхийг сонсоогүй хүн гэж байхгүй л болов уу.
Харин тэр энэ тухай “Би зарим жижиг сажиг зүйл дээр бүтэлгүйтдэг хэдий ч амьдрал дээр, том ажил дээр хэзээ ч үгүй. Харин ч эсрэгээрээ миний ажил төрлүүд хэн хүнээс илүү хурдан, амжилттай бүтдэг. Жижиг сажиг бүтэлгүйтлүүд бол намайг муу зүйлээс хааж байгаа хэрэг” хэмээв.
Би харин хувьдаа түүнийг бүтэлгүй хүн гэхээсээ илүү “Сайхан энерги түгээгч” гэж нэрийдмээр санагдав. Учир нь түүнтэй уулзахад инээд алдсан, халуун дулаан энерги түгээсэн нэгэн байв.
Тэрбээр “X tuts” продакшнд 14 жил найруулагчаар ажилласны ид шидээ гаргаж өөрийнхөө бүх бодит түүхээс сэдэвлэсэн “MR.Chinzо comedy” контентоо бүх IPTV-ээр цацахад бэлэн болоод байна.
“Бүтэлгүй Чинзо"-гийн ертөнцтэй танилцуулахыг бид зорьсон нь энэ.
ХЭН БАЙНГА БҮТЭЛГҮЙТЭЭД БАЙХЫГ ХҮСЭХ ВЭ ДЭЭ

-Бажи, Ялалт влогоор таны бүтэлгүйтлийн талаар хошин урлагийн жүжигчид их ярьдаг. Зарим нь жаахан дэгсдүүлсэн ч юм шиг санагддаг л даа. Ер нь хэр үнэний ортой вэ?
-Үнэн шүү. 80 хувьтай үнэн гэж хэлж болно. Яах вэ, ах нар маань зарим дээр нь жаахан хачир нэмсэн байж магадгүй.
-Үнэн гэлээ. Байнга бүтэлгүйтээд байх хэцүү санагддаг уу?
-Хэн л байнга бүтэлгүйтээд байхыг хүсэх вэ дээ. Ерөнхийдөө би жаахан салан, палан байдаг. Үнэхээр тийм бүтэлгүй юм уу гэхээр зарим ажил төрлүүд маань амархан хурдан бүтдэг л дээ.
-Та гэхдээ их айхтар хүн юм. MR.Chinzo гэдэг контентоо хийх гээд л олон үзэгчтэй тус влогоор өөрийгөө яриулаад байж гэж харах юм. Нөгөөтэйгүүр тэнд яригдсан болохоор ийм контент хийх санаа төрөв үү?
-Ах нар л өөрсдөө ярьсан болохоос би яг тийм зорилго чиглэлтэй яриулаагүй. Гэхдээ надад анх сонсоход хүнд санагдсан. Хүн чинь ичиж санаа зовно шүү дээ. Би бүр сүүлдээ фейсбүүкээ хүртэл хаасан. Цаг хугацааны эрхээр цайчихдаг юм билээ. Тэр үедээ ах эгч нарыг ярилцлагад ороход намайг битгий яриарай гэж гуйна. Манай ах эгч нар сүртэй ш тээ гэдэг байлаа. Харин контентын хувьд 100 хувь надад өөрт тохиолдсон бодит түүхээс сэдэвлэсэн.
Тэр битгий хэл зарим ширүүнүүдийг нь хассан. Харин яагаад энэ контентыг хийх болсон бэ гэхээр сэтгэл санаагаар уначихсан байх үед ээж маань миний хүү юундаа сэтгэлээр унадаг юм. Чи ямар хүн алж, хулгай, луйвар хийсэн биш. Харин ч чиний энэ түүхийг сонссон хүмүүс баяр баясалтай болж байхад битгий гунигла гэж хэлсэн. Тэгээд л иргэний зориг гаргаад хийсэн.
Би өөрийнхөө энэ түүхээр үр хойчдоо дурсамж үлдээх зүйлийг хийж байна гэж бодсон.
-Бажи, Ялалт хоёр таныг влогтоо урьж оролцуулах талаар ярьж байсан. Урьсан уу. Та ер нь санал ирвэл орох уу?
-Над руу яриагүй. Би их ичимхий хүн болохоор ормооргүй байна.
-Амьдралдаа хамгийн том ямар бүтэлгүйтэлтэй таарч байв даа?
-Амьдрал маань сайхан шүү. Тэгж том бүтэлгүйтсэн зүйл байхгүй. Харин би нэг юм татаж унагах юм уу, жижиг зүйл дээр л асуудал гаргадаг болохоос яг начир дээрээ харин ч бүтэлтэй. Жишээ нь, гурвуулаа визэнд ороход минийх долоо хоноод л гарна. Нөгөө хоёр хүнийх сарын дараа гарж байхад шүү дээ. Тэгэхээр эсрэгээрээ байгаа биз. Манай Б.Бархүү ах надад хэлэхдээ би чамайг бүтэлгүй гэж боддоггүй. Чиний үйлдэл чинь тийм ч гэсэн амьдрал дээрээ чи их том азтай хүн гэдэг. Гэхдээ цахимд бол намайг шантартал хэлдэг үе бий. Гэхдээ би бас сонин л доо. Жишээ нь, цахилгааны утас ил гарсан ч юм уу, нүх байлаа гэж бодоход би өөрийн мэдэлгүй тийшээ хуруугаа хийчихдэг.
Анх "X tuts" хамтлагтаа ажилд орчхоод МҮЭСТО-ны үүдэнд эргүүлдэг юмнууд байлаа. Хэдий хажуугаар нь олон удаа өнгөрч байсан ч нэг өдөр эргүүлж үзмээр санагдсан. Юу нь сонин санагдсан бэ гэхээр дээр үеийн эргүүлдэг зүйлс лүг лүг гээд нэг их гоё дуугардаг шүү дээ. Тэгсэн тэр мэдрэмжийг авах гээд эргүүлсэн чинь тайзны гэрэл тэр чигтээ унтарчихсан. Зүүн мөрөн дээр тийм нэг чөтгөр байгаад байх шиг байна. Мөн түүнээс гадна надад мөргүүлж, тангаруулж, хазуулаагүй таван хошуу мал байхгүй гээд л бод.
ХҮНД САЙН САНААД БАЙХААР АМЬДРАЛ ӨӨРӨӨ БҮТДЭГ БАЙХ

-Таныг ажаад байхад инээд алдаад, муу юм боддоггүй хүн бололтой?
-Би муу юм бодохыг л хүсдэггүй. Нийгэм тэртээ тэргүй хар бараан байхад ядаж нэг ч гэсэн хүн гэгээн сайхан бодолтой байгаасай гэж боддог. Хаа явсан газраа сайн сайхан энерги түгээе гэж боддог. Магадгүй түгээе гэж бодоогүй байхад миний төрөлх унаган зан авир бусдыг аз жаргалтай болгодог ч байж болно.
-Тэгвэл төрөлхийн л хүн инээлгэдэг зан чанартай байх нь?
-Бас зарим нь сонирхолтой. Би чинь долоон сартай байхдаа төрсөн гэсэн. Уг нь дутуу төрсөн атал 3400 гр жинтэй гэж байгаа. Мөн таван нас хүртлээ хэлд ороогүй байдаг. Аав ээж маань энэ яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж бодсон гэж байгаа юм. Хоёр нас хүртлээ хөлд ороогүй гэх мэт сонин сонин түүх байна. Тэгээд нэг л өдөр гэнэт хэлд шууд гэсэн. Гэхдээ энэ бүхнийг бодоод байхад хүнд сайн сайхан санаад, сайн зүйл хийгээд байхаар миний амьдрал сайхан бүтдэг байх. Тийм учраас бүх найзууддаа бүгдэд нь сайн сайхан санаж яваарай гэж хэлдэг.
-"X tuts" хамтлагтай холбогдсон түүхээсээ хуваалцвал?
-Би анх оюутан байхдаа энэ хамтлагт Тэмка ахынхаа хүсэлт саналаар орж байлаа. Одоо тэр цагаас хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйл суралцлаа. Харин энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь "Мартагдсан дууль" УСК үзсэнээс эхтэй. Дорнод аймгийн театрын жүжигчин н.Адилбиш ахыг хараад үүн шиг болох юм сан гэж бодоод СУИС-д шалгалт өгсөн.
Хэл маань жаахан бөөрөнхий байсан ч 25 хүүхдийн нэгт багтсан байдаг юм даа. Бурхны авралаар ч юм уу урлаг гэдэг айлд хөл тавьсан минь ийм учиртай. СУИС –д ороод хөдөлгөөнтэй хичээл тасалдаг хүүхэд байсан хэдий ч дээд курсийн ах нар болох Можуухай ах, Б.Тамираа ах намайг хичээл тасаллаа гэж загнаад л их гоё нөлөөлөл үзүүлдэг байлаа. Үүнийг бас бодоод байхаар урлагиынхан гэр бүл шиг нэг нэгэндээ хайртай байдаг тулдаа чанартай уран бүтээл төрдөг юм болов уу гэж боддог.
-Таныг "Х tuts"-ийнхээ
-Тийм ч байж магадгүй. 2008 оноос хойших продакшныхаа бүх жүжиг, кино уран бүтээлүүд дээр ажилласан байна. Одоо 100 давчихсан л явж байгаа. Харин би энэ бүхнээсээ маш гоё мэдрэмжийг авдаг.
-Заримдаа бүтэлгүйтээд байхаар өөртөө уур хүрдэг үү?
-Хүрдэг. Ажил зай завгүй байхад нэг юм эвдрэх ч юм уу, наанадаж л процессорт хийсэн флашаа сугалахдаа хугалчхаж байна гээд л бод. Тэгэхээр өөртөө уур хүрнэ шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд бүтэлгүйтэл гэдэг үгээ та тодорхойлж болох уу?
-Бүтэлгүйтэл бол маш том аюулыг хаадаг энерги гэж боддог. Жижиг юмаар маш том зүйлийг хааж байна гэж ойлгож болно. Хоёр найзтайгаа хамт явж байгаад осолд ороод манай хоёр бэртэхэд миний толгой ч хөдлөөгүй гээд бод. Тэгэхээр би бол азтай хүн.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.