НИЙГЭМ

Н.Алтанхуяг: МАНАН-гийн толгойлогч Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр хууль хүчнийг гартаа атгасан

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр уг мэдээллээр МАНАН бүлэглэлийн цаана ямар хүмүүс байгааг зарлахаар хэвлэлийн хурал зарласнаа дуулгав.

Тодруулбал тэрээр,

НЭГ. Ц.ЭЛБЭГДОРЖ

“2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд сонгууль болохоос хоёр сарын өмнө МАНАН бүлэглэлийг би илчэх нь зүйтэй гээд анх илчилж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. МАНАН гэдгийн цаана Ц.Элбэгдорж байгаа гэж ойлгодог. Учир нь тэр Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон, эндээс хэрэгтэй өөрийн үгэнд ордог, эсвэл барьцаанд нь ордог, “бөлдөгддөг” хүмүүсээр Монголын төрийг самарч эхэлсэн.

ХОЁРТ. М.ЭНХБОЛД

2016 оны 11 сарын 30-нд би энэ хүний нэрийг МАНАН-д байдаг тухай хэлсэн. Ер нь Монгол улсын эв нэгдлийг илэрхийлэгч буюу ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өөрөө аль нэгийн дарга, өөрөө хүчний байгууллагуудыг янз бүрийн аргаар өөрийн гарт оруулж, өөрийнхөө багийг бүрдүүлсэн. Энэ багаараа Монголын төрийг самарсан. Үүнийг би МАНАН гэж хэлж байгаа.

Анх Ц.Элбэгдоржийн нэрийг хэлэхэд хэцүү байсан. Ийм хэцүү зүйлийг хийдэг хүн Монголд байдаггүй юм байна. Учир нь бүгд хоорондоо харилцаа хамааралтай. Хамжсан, хэдэн төгрөгөөр хоорондоо барьцаанд орсон гэх мэт мянган юмаараа холбогдчихоод дугардаггүй аж. Миний хувьд шударга бусын хонгилоор хэдэн жил явж, ойр хавийн хамаг хүмүүсээ шорон гяндангаар дамжуулсан хүний хувьд би ахиад Монголын төрд, бидний үр хүүхдүүдэд дахиж ийм муу муухай юм тохиолдохгүй байхын тулд хэлэхээс өөр аргагүй болж байна. Энэ дунд миний найзууд бий.

Ц.Элбэгдорж тухайлбал, намайг “Алтанхуяг өөрөө өргөдлөө өгсөн” гэж хэлсэн, шүүхээр худлаа нь тогтоогдсон. М.Энхболд бас л намайг шүүхэд өгчихсөн явна лээ. Би “Шүүх дээр уулзъя, та гэхдээ өөрөө хурал дээр ирээрэй, тэгээд олон нийтийн өмнө хэлэлцүүлэг хийгээд шийдчихье” гэсэн. Энэ хоёр гол толгойлогч нь.

ГАРДАН ГҮЙЦЭТГЭГЧИД:

Монголын нийгэм 1937 оных шиг дээрээсээ аваад шууд гардан гүйцэтгэдэг хүмүүстэй болсон. Энэ хамгийн аюултай.

Ц.Элбэгдоржийн үед Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил ажилласан Д.Зоригт хэрэгжүүлэгч нь. Энэ мэтээр гардан гүйцэтгэгчид нь дандаа хууль хяналтын байгууллагын хүмүүс. Хүнийг гартаа оруулж дарамталдаг хүмүүс. Энэ хүн С.Зоригийн хэрэгт нууц шүүх хуралдааныг даргалсан. Өөр юу хийсэн бэ? Өмнөх ерөнхий шүүгчид дөрвөн жилээр томилогддог байсныг Ц.Элбэгдорж энэ хүнийг дахин томилуулахын тулд “Ерөнхий шүүгч дөрвөн жилээр томилогддог байдал нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэж зүтгэсээр найман жил болгуулсан.

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав байна. Бид хоёр олон жил найзалсан. Зарим найзуудаа би хэлэхээс өөр арга алга. Бид хоёрын найз байхаас илүү Монголын нийгэм зөв баймаар байна.  Улсын ерөнхий прокурор байхдаа маш олон бизнесийнхнийг дээрэмдэх ажиллагаа явуулсан. Д.Дорлигжавын дараа Ерөнхий прокуророор мөн өөрийн хүнийг тавьсан. Тэр нь М.Энх-Амгалан. МАНАН-гийн бүлэглэлд хоёр прокурор бий.

Дараа нь тэд ШҮҮХ байгууллагыг авсан. Би зовлон дундуур нь явсан хүн мэдэж байна. Нүүрсний хэрэг гэж зохиомол хэргийг үүсгээд яаж явдгийг нь үзлээ.

Н.Ганболдыг Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар тавьсан. Энэ хүн М.Энхболдтой ямар холбоотой вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. М.Энхболдыг хотын дарга байхад нь хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Ингээд М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр нийлж байгаад Б.Хурцыг АТГ-ын орлогч даргаар тавьсан. Шоронд байсан хүнийг авч ирж тавьсан. Ингээд нохойг “Ту” гээд хүн рүү явуулдаг шиг алдаг, хоморголдог. Юуг бол юуг хийж, ямар бол ямар зохиол бичиж, яаж л бол яаж тамлана. Энэ ардчилсан Монгол улсад хүний санаанд оромгүй зүйлсийг тэд хийсэн. Дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгосон. Ингэж хууль хүчний бүх байгууллага МАНАН-д үйлчилсэн” хэмээв.

Н.Алтанхуяг үргэлжлүүлэн Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарыг МАНАН-гийн хамсаатнаар нэрлэсэн юм.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button