Сурвалжилга, Нийтлэл

Al Jazeera: Монголд трансжендер хүмүүс ажил эрхлэх боломжгүйн улмаас биеэ үнэлдэг

Катар улсад үүсгэн байгуулагдсан дэлхийн нөлөө бүхий хэвлэлийн агентлаг Al Jazeera-д гарсан нийтлэлийн хэсгээс орчуулан хүргэж байна. Нийтлэлч: Обри Менарндт, Б.Халиун


Өнгөрөгч сард үндсэрхэг үзэлт “Босоо Хөх Монгол” бүлгэм нэр бүхий телевизийн байгууллагатай хамтран нэгэн трансжендэр биеэ үнэлэгчийг зочид буудлын өрөөнд хуурч оруулсан үйл явдал болсон байдаг. Чингээд түүнд бие махбодийн хүчирхийлэл үйлдэн заналхийлж, хийдэг ажлаа камерийн өмнө үйлдэхийг албадсан гэх. Мөнхүү бичлэг тухайн телевизийн үдшийн мэдээгээр цацагдаж, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн фэйсбүүк хуудсанд байршсан бөгөөд тэд ЛГБТИ буюу бэлгийн цөөнх хүмүүсийг өвчин тараадаг, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг хэмээн буруушаажээ.

Сүүлийн жилүүдэд зарим нэг ахиц гарсан хэдий боловч гей, трансжендэр хүмүүс Монголд дарамт, хүчирхийллийн дор амьдарсаар байна. 2017 онд ЛГБТИ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс хууль сахиулах байгууллагын ажилтнуудад эерэг, зөв ойлголт өгөх зорилготой сургалтууд зохион байгуулагдаж байв.

"Өмнө нь Монголчууд бэлгийн цөөнх хүмүүсийн эрх, нэр төрийг хүлээн зөвшөөрөх талаар тун хязгаарлагдмал ойлголттой байсан” хэмээн социологич Ч.Тамир хэлээд, "Харин одоо хүмүүс мэдээллээр баялаг байх боллоо ... ийм ч учраас олон нийтийн ойлголт хавьгүй дээрдсэн” гэж нэгэнтээ ярьжээ.

Төрийн албан хаагчдад боловсрол олгох нь

2017 онд Монгол дахь ЛГБТ төв нэгэн трансжендэр эмэгтэйд халдсан офицерын хэрэг дээр өөрсдийн байр суурийг хамгаалж чадсангүй. Магадгүй тийм ч учир мөн онд уг асуудлаар цагдаагийн байгууллагад сургалт явуулж эхэлсэн юм. Үүгээр 500 гаруй цагдаагийн ажилтан, прокурор, шүүгч зөв ойлголтоор цэнэглэгдсэн байх учиртай.

Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага трансжендер хүмүүстэй харьцах цаасан дээр бичигдсэн тодорхой хэм хэмжээтэй болсон бөгөөд иргэний үнэмлэх дээр нь заагдсан хүйсийг үл харгалзан хүндэтгэж үзэх зохицуулалттай болоод буй. "2017 онтой харьцуулахад гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтсийн харилцаа сайжирч байгааг харж байна” гэж ЛГБТ төвийн хууль эрхзүйн менежер А.Балдангомбо хэлжээ.

Эхэнд дурьдсан “Босоо Хөх Монгол” бүлгэм трансжендэр эмэгтэйд дарамт үзүүлсэн хэргийг Монгол Улсын Хүний Эрхийн Комисс хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байна. Харин Монголын цагдаа нар манай хэвлэлд өгсөн тодруулгадаа, энэ хэргийг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй гэж үзэн шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн бөгөөд есдүгээр сарын сүүлээр “Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Г.Ганхуягт хорих ял оноосон байдаг. Харин тэдэнтэй хамтарч мөнөөх бичлэгийг хийж цацсан тус телевизэд ямар нэг хариуцлага тооцоогүй байна.

Ялгаварлан гадуурхах

Хэдийгээр шинэ эрүүгийн хууль бэлгийн цөөнх хүмүүсийг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй гэмт хэргээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа боловч А.Балдангомбо тэднийг нийгмийн нэг хэсэг болгохын тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй байгаа тухай дурьджээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2014 оны тайлангаас харахад бэлгийн цөөнх хүн ажилгүйдэлд өртөх магадлал энгийн хүнээс хоёр дахин илүү байгаа нь батлагдсан байна.

Монгол улсад амьдарч байгаа трансжендэр хүмүүсийн хувьд энэ нөхцөл байдал улам хүндээр тусах болжээ. Тэд улсад нь хийгддэггүй хүйс солиулах мэс заслын ард гарсны дараа л иргэний үнэмлэх дээрх хүйсээ шинэчлэн бичүүлэх боломжтой юм. Хэрэв албан байгууллагад ажил хөдөлмөр эрхлэхээр болбол тэд иргэний үнэмлэх дээрх төрөлх хүйсээ зайлшгүй үзүүлэх шаардлгатай болсноор ялгаварлан гадуурхалтад өртөхийн эхлэл тавигдаж буй.

Ийнхүү хууль ёсны хөдөлмөр эрхлэхэд асуудалтай тулгардаг учир тэд биеэ үнэлэх болж, ингэснээр дарамтанд өртөх, баривчлагдах эрсдлийг өөрсөддөө дууддаг аж.

Жишээ татахад, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн дарамт үзүүлсэн эмэгтэйтэй хамт ажиллаж байсан транжсендер бүсгүй С.Марта, гэр бүл нь гадуурхаж гэрээсээ хөөснөөс үүдэн биеэ үнэлэх болсон тухайгаа манай хэвлэлд ярьсан юм. "Би өөр ажил хайж үзсэн, супермаркетэд кассчин, зочид буудалд үйлчлэгч, дэлгүүрийн туслах ажилтан гээд л ... Би маш олон газар ажилласан. Би маш олон байгууллагад өргөдөл гаргасан” гэж ярьжээ.

Хэдийгээр нөхцөл байдал дээрдсээр байгаа ч, амьд явахын тулд тэмцэх, тэвчих шаардлага тэдэнд байсаар байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-12 15:07

mongold hamaagui hunii erh yariwal shorond yargaluuldag gesen. delhiin bugsnii nuhend urgasan yar shig haranhui gazar daa ene mongol gej.

Холбоотой мэдээ

Back to top button