ОРХОН АЙМАГ: Д.Батлут, П.Пүрэвлхагва нар “Эрдэнэт”-ээс LAND CRIUSER 200 машин авч унажээ
-ЗУРГААН АВТОМАШИНЫГ 579 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ДАРГА НАРЫН ХЭРЭГЛЭЭНД АВЧЭЭ-
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар “Эрдэнэт” үйлдвэрээс Ланд Крузер-200 маркийн автомашин авч унасан талаарх баримтыг сөхөж байна.
Тодруулбал, 2018 онд “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймгийн татварын хэлтэст 579 сая 500 мянган төгрөгийн төлбөрийг дутуу хийсэн тооцоололтой гарчээ. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн блансан дээр “Газрын өр төлбөргүй”-ээр харагдаж байгаа байгаа юм.
Үүний учир нь, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэргүүтэй албан тушаалтнууд хэрэглэхээр тооцож, газрын төлбөртөө ЗУРГААН АВТОМАШИН авсан байна. Энэ талаа харилцан тохиролцсон хурлдын протокол үйлдээд л орхижээ.
Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр талаас Орхон аймагт газрын ТӨЛБӨР ТӨЛСӨН. Орхон аймгийн удирдлагууд холбогдох хуулиа зөрчих учир автомашинаар газрын төлбөр хаасан болохыг албан блансандаа тусгаж чадаагүй, ГАЦСАН БАЙНА.
-ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ОРОХ ЁСТОЙ МӨНГӨӨР ДАРГА НАР МАШИН АВЧ УНАСАН НЬ ХУУЛИЙН ЗӨРЧИЛ ҮҮСГЖЭЭ-
Газрын төлбөр нэрээр, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар Ланд Крузер-200 автомашиныг 185.5 сая төгрөгөөр тооцож, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан байна. Тэд уг автомашинуудыг өдөр тутам унадаг талаар эх сурвалж тодотгов. Үүнээс гадна,
-Prado 150 автомашиныг 130 сая ба 3.5 төгрөгөөр ХОЁР ШИРХЭГ,
-Toyota Highlander автомашиныг 45 сая төгрөгөөр,
- Ланд Крузер-76 автомашиныг 30 сая төгрөгөөр авчээ.
Ингэж нийтдээ 579 сая 500 мянган төгрөгийн газрын өрийн төлбөрийг хаах хурлын протокол үйлдсэн байна.
Холбогдох хуулиараа аймгийн удирдлагууд автомашин авах шаардлагатай бол ИТХ-аар хэлэлцүүлэх шугмаар төсөвтөө суулгах учиртай. Гэтэл Орхон аймгийн удирдлагууд шууд байдлаар “Эрдэнэт” үйлдвэрээс төсөвт орох ёстой мөнгөн дүнгээс суутган машин авч, хууль зөрчжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд ч тэр, төсөвт төлөх ёстой мөнгөн дүнг суутган төлсөн нь Татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.