П.Золжаргал: Гэр хороолол бид хоёрын дунд одоо энх тайван тогтсон

"Баавгай болох сон" УСК өчигдөр "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд анх удаа Монголчуудын хүртээл боллоо. Үзэгчид 5 минутын турш алга ташиж, босон хүндэтгэл үзүүлсэн нь "Тэнгис" кино театрын сүүлийн 10-аад жилийн түүхэнд тохиолдоогүй үйл явдал хэмээж байна. Эл үйл явдалд холбогдуулан, найруулагч П.Золжаргалтай Каннын кино наадамд оролцоод ирснийх нь дараахан буюу зургадугаар сарын 15-нд хийсэн ярилцлагаа сэргээн нийтэлж байна.
2023.06.15
Каннын кино наадамд монгол кино анх удаа шалгарсан гайхалтай үйл явдал тохиолоо. “Баавгай болохсон” хэмээх эл уран бүтээлийн зохиолч, найруулагч, продюсер нь Зоро буюу П.Золжаргал. Каннын улаан хивсэн дээр монголчууд алхахыг бид харлаа. Монголд ирсний нь дараа түүнтэй ярилцлаа. Найруулагч П.Золжаргалтай уншигчдаа уулзуулж байна.
-Гол дүрд тоглосон гурван хүүхдийнхээ Канн явах зардлыг өөрөө босгосон гэсэн. Төрөөс ер нь тусалсан уу, олон улсын хэмжээний наадамд Монголыг анх удаа төлөөлөн оролцох болсонд нь?
-Би өөрөө асуугаагүй юм аа. Зөвхөн хоёр уран бүтээлчийнхээ зардлыг л хүссэн. Тэдний маань нэг Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундралын нөхөртэй ойролцоо нэртэй байнгуут “Нөхрөө аваад явчхаж” гээд сэвчихлээ. Уг нь манай зураглаач юм. Энэ надад ч их таагүй байна. Уран бүтээлчдэд маань ч таагүй. Улсын мөнгө аймаар хэл амтай юм байна (Инээв). Ямар азаар гурван хүүхдийнхээ мөнгийг өөрөө босгоё гэж шийдсэн юм. “Лантуун дохио” ТББ, “Kite Mongolia”-тай хамтарч, өмнө нь хийсэн богино хэмжээний кинонуудаа албан байгууллагуудаар үзүүлж, кино үдэш зохион байгуулсан. “Хүүхдүүдэд маань амжилт хүсэж, дэмжээрэй” гээд л. Энэ нь ч гоё юм. Олон хүний дэмжлэг орох хэрээр илүү их хайр, хариуцлага мэдэрсэн.

-Кино тусдаа хуультай болж, Кино урлагийн зөвлөл байгуулагдсан. Хөгжүүлэхийн тулд төрөөс дэмжих хэрэгтэй л гэдэг. Гэвчиг алхам хийгдэж, энэ чиглэлээр эхнээсээ тусламж, дэмжлэг авангуут хэл аманд орчих тал анзаарагдаад байна. Суурь хандлага нь өөрөө хэцүү байна уу?
-Хүмүүс яг юу хүсээд байгаагаа ойлгодоггүй юм болов уу. Уран бүтээлчдээ дэмжээч дэмжээч гэдэг мөртлөө хоёр хүний Каннын кино наадамд оролцох зардлыг гаргаж туслангуут улсын мөнгөөр тоглолоо гэж байна.
“Баавгай болохсон”-ы пост продакшн цэвэр франчцуудын татварын мөнгөөр хийгдсэн. Мөн Катарын, Швейцарийн татвар төлөгчдийн мөнгөөр манай киноны үндсэн рам босож ирсэн л дээ. Ер нь л олон улсын кино сангуудын дэмжлэгээр киногоо чанартай хийх боломжийг олж атгасан. Аль ч улс уран бүтээлчдээ, кино салбараа тэгж дэмждэг, наад зах нь татварын хөнгөлөлт үзүүлдэг.
Гэтэл бид татварын хөнгөлөлт ярихаар “Дуртай юмаа хийж байгаа биз дээ. Яагаад бага татвар төлөх ёстой юм”, “Дурандаа Канн явж байгаа биз дээ” гэнэ. Тэгэхээр яагаад кино урлагийг дэмжих хэрэгтэй гэж ярьдгаа өөрсдөө ч сайн ойлгоогүй явдаг юм болов уу.
-Заримдаа төрөө шүүмжлэх хандлага арай хэтийтээд байх ч шиг санагддаг.
-Мөнгө зарж байж мөнгө олно гэдгийг ойлгодоггүй л гэж боддог. Мөнгө олохын тулд, ямар нэг юм үйлдвэрлэхийн тулд эхлэл хөрөнгө хэрэгтэй шүү дээ. “Монголд ирж кино хийгээрэй” хэмээн урихын тулд тэнд бид өөрсдийн гэсэн гоё павильон нээж, кино парти зохион байгуулах ёстой. Тэгж байж л биднийг тоож, нөгөө олон сая ам.долларын төсөвтэй киноныхоо зургийг Монголд ирж авах эхний сэдэл төрнө.
Энэ их ашигтай хөрөнгө оруулалт. “Баавгай болохсон” кино 15 настай хүүгийн тухай. Яг Улаанбаатар хотод нүүрлэсэн ядуурал, архидалт, агаарын бохирдлын асуудлыг хөндсөн. Тэгэнгүүт хүмүүс “Монголынхоо муу муухайг үзүүлж явна” гээд шүүмжилж байгаа. Би бол муу муухайг биш бодит байдлыг л үзүүлсэн гэж бодож байна. Бодит байдлаа бусдад харуулах нь ичмээр байгаа бол хэдүүлээ ямар нэг юм хийе л дээ.
“Баавгай болохсон” киног Монголд жуулчид авчрах гэж хийгээгүй. Кино үзэл суртлын зэвсэг болдог байсан цаг үе өнгөрөөд 30 жил болчихлоо.
Манай киног яагаад Каннын кино наадам авав аа гээд бодохгүй юу. Тэгэнгүүт, энэ сэдэв зөвхөн Монголд л байгаа хэрэг биш юм байна. Дэлхий даяар нийтлэг асуудал учраас франц хүн үзээд, гол дүрийн хүүгийн амьдралаар амьдарч, мэдрээд байгаа юм байна. Харин “Монгол мандтугай” гэсэн кино байсан бол орон, орны үзэгчид тэгж нийлэгшихгүй шүү дээ. 8 тэрбум хүн амьдарч буй энэ гараг дээр, гол дүрийн хүүгийн адилаар 15 насандаа амьдралын төлөө зүтгэж буй нь, зүтгэж байсан нь их л байж таарна. Монголын л түүх юм шиг хэр нь ээ үүгээрээ мөн тэдний ч бас түүх учраас үзээд, нийлэгшин хүлээж авч байна. Бас тэд кино наадмаас монгол ондоошил үзэх гэж барагтай л ирэхгүй. Бид юун дундуур ижилхэн туулж туучаад явна вэ, бас нэгэн адил өсөж, урагшилж явна вэ гэдээ мэдрэх гэж ирдэг. Ийм учраас Каннын кино наадам “Баавгай болон сон”-ыг сонгосон гэж би өөртөө ойлгосон.
Монголын ийм гашуун түүхийг үзсэн мөртлөө тэд “Монголд очмоор байна” гээд байгаа байхгүй юу. Би уран бүтээлчийн хувьд эсрэгээрээ гайхаж байгаа юм. Монголын түүхийг үнэн бодитоор өгүүлэх нь Монголд очиж үзэх сонирхлыг улам өдөөж байгаа юм шиг. Шууд болон шууд бус утгаараа, уран бүтээлчдийг дэмжих нь ийм чухал л даа.
Одоо би улсаас тусламж хүсэхээс айх ч шиг (Инээв). 20 сая төгрөг авч, хоёр уран бүтээлчээ авч явснаараа ийм хэл аманд оруулчихлаа. Надад аягүй муухай байгаа байхгүй юу, тэднийхээ өмнөөс. Нэг нэгнээ харлуулахын тулд ямар ч судалгаагүйгээр, юу ч хийхэд бэлэн юм байна. Тэр нь бас аймаар (Инээв).
Би уран бүтээлч ч гэлээ бас татвар төлөгч. ААН эрхлэгч. Зохиолоо бичихээс эхлээд киноны маркетинг, сурталчилгааны ажил хийхдээ хүртэл татвар төлж байгаа. Тэгтэл ийм хэл ам гарангуут аймаар гайхлаа (Инээв). Намжихгүй болохоор нь арга ядаад Фэйсбүүктээ “Больчхооч дээ” гэж пост бичлээ.
-“Би ч бас татвар төлөгч” гэснээс, та хэдэн хувийн татвар төлдгөө яривал зүгээр юм уу?
-Жилийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол 1 хувь. Хүрсэн бол 10 хувийн татвар төлдөг. Үүнд хувь хүн ч бай, албан байгууллага ч бай, уран бүтээлч ч бай ялгаа байхгүй. Би хүн ажиллуулж байгаа юм чинь цалингаа тавина, бас татвар төлнө. Зарим хүн НДШ төлөлгүйгээр, хувьчлан хөлс өгдөг л дөө. Би тэгмээргүй байдаг. Хүн ажиллуулсан л бол НДШ, ЭМДШ-ийг нь төлөх ёстой. Төлөхгүй байх хэрээр л авьяастай хүмүүс удаан хугацаанд уран бүтээлч амьдралаар амьдарч чадахгүйн нэг шалтгаан үүддэг болов уу.
Би анх Японд сургууль төгсөж ирчхээд, нэлээд хэцүү кино төслүүд дээр туслах найруулагчаар ажилласан. “Хүнд ингэж хандахгүй ээ” л гэж өөртөө хэлсэн сэн. Надад их муухай мэдрэмж төрж байсан. Зураг шөнө дунд дуусахад гэртээ харих таксины мөнгө ч байхгүй. Шууд киноны хүн байхаас дургүй хүрч байгаа юм чинь. Тэгэхээр тийм продакшн хийхээс яс хавталздаг. Хүмүүсээ гэрт нь хүргэж өгөх ёстой, чадахгүй бол ядаж таксины нь мөнгийг өгөх ёстой (Инээв). Иймэрхүү юм заавал байх ёстой.
Нөгөөтээгүүр, олон улсын тавцанд өөрийгөө удаан оршин тогтноно гэж харвал, компани татвараа тогтмол төлсөн түүхтэй байх хэрэгтэй болдог. Тийм болохоор, угаасаа л шударга баймаар байгаа байхгүй юу.
-Ажил олгогчдодоо хайрлагдаагүй залуу уран бүтээлчид сүүлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулахаас ч цааргалах болж, халтуур маягаар, хөлсөөр цалинжихыг илүүд үздэг болсон. Нэг ажлаас нөгөө ажлын хооронд шилжээд л.
-Харин тийм, залуу уран бүтээлчдийн урмыг хугалж байгаа хэрэг. Уг нь энэ бол маш өндөр ачаалалтай оюуны ажил. Чи өдөр бүр бүтээлч байх ёстой. Хэрэв нягтлан гэвэл бүх ажил тодорхой, тогтмол, мэдээжийн. Харин уран бүтээлч хүн өдөр бүр шинийг бодож олох ёстой.
Би хүний бүтээлч байдлыг дуусдаг гэж боддог. Авьяастай бол шавхагдашгүй гэдэг, үгүй ээ. Хүний бүтээлч байдал дуусдаг. Уран бүтээлчид өндөр үнэлгээтэй байх бас нэг шалтгаан нь, хэрэв бүтээлч байдал нь шавхагдвал нэг аялалд явчих, цоо шинэ юм мэдэрчих мөнгөтэй байх хэрэгтэй биз дээ.
Үүнээс болж олон залуу авьяас мохдог, шинийг бодохоос дургүй нь хүрдэг. Тэгэхээр ядаж миний продакшнд ажиллах уран бүтээлчид өглөөний цайтай байг л дээ. 48 цаг тасралтгүй зураг авна гэж юу гэсэн үг вэ. 14 цаг ажиллаад л хүн юм чинь мах болно биз дээ. Яаж бүтээлч байх вэ. Юун уран бүтээл, “Энэ новш нь хурдан дуусаасай” л гэж бодно (Инээв). Өглөөний цай гэдэг шальдар булдар зүйл юм шиг мөртлөө аймаар чухал, бүтээлийн чанарт шууд нөлөөлнө. Дөнгөж эхэлж буй, санхүүгийн хувьд хөл дээрээ тогтож чадаагүй байгаа хэдий ч анхнаасаа ингээд хэвшчих нь зөв гэж бодож байгаа.
Хүн зургаан өдөр ажилласан бол нэг өдөр заавал амрах ёстой. Өдрийн төгсгөлд тэр хэн нэгний аав, ээж шүү дээ. Залуу уран бүтээлчид нас барахаар би их гунигладаг. Тэднийг нойр хоолгүй ажиллуулж болохгүй байсан байхгүй юу даа. Хүмүүс надаас Японд сураад, агуу кино хийх ямар арга зам олсон бэ гэж асуугаад байдаг. Би ердөө ийм арга барил, ёс зүй л сурч ирсэн.

-Каннын кино наадмаас өөр ямар сонин сайхан, олз омогтой ирэв ээ?
-Манайхан шагнал аваасай гэж их дэмжсэн. Би өөрөө тэгж хүсээгүй л дээ. Надад киногоо дуусгаж чадсан нь өөрөө маш том амжилт байсан. "Монголын Финтек" групп, Швейцарийн Хөгжлийн агентлаг, "Лантуун дохио" ТББ гэх мэт 20 гаруй байгууллага хөрөнгө санхүүгээр хамтарч дэмжсэн. Мөн таван мянгаас 10 сая төгрөг хүртэлх хандиваар дэмжсэн 80 гаруй хувь хандивлагч хүмүүс бий. Энэ хэрээр би олон хүний итгэлийг хүлээсэн. Ямартай ч дуусгаж чадсандаа баярласан шалтгаан тэр. Гэтэл Каннын кино наадамд шалгарсан нь дахиад хангалттай том шагнал болсон.
Мөн дэлхий яаж эргэж байгааг харах л их сайхан байлаа. Үзэгчдийн хүлээж авч буй байдал бас үнэхээр урамшмаар байсан. Эхнээсээ л дэлхийн тавцанд зорьж, хөдөлмөрлөсөн болохоор.
-Улаан хивсэн дээр монголчууд алхаж буй зураг сошиалд их эерэг, гэгээлэг түгсэн. Дагаад нэгэн тод, хүчирхэг найруулагч гараад ирлээ гэсэн зүүсгэл танд очлоо. Одоо таны өмнөх кинонуудыг сонирхож үзнэ, дараагийнхыг нь хүлээнэ. Энэ танд ямар санагдаж байна вэ?
-Хийдгээ л хийх байх. Өөрийгөө батлах гэж оролдох бас их аюултай.
Энэ миний анхны бүрэн хэмжээний кино шүү дээ. Монгол дахь нээлт гэдэг л миний хувьд маш том шинэ зүйл болж байна, энэ утгаараа. Зарчмаараа, юуг сайн хийж чадах вэ, түүнийгээ л цаашид хийнэ. Мөнгөнд ялагдахгүй гэж зүтгэж ирснээрээ зүтгэнэ, “Үгүй” гэж хэлэх хүмүүстээ “Үгүй” гээд явна. Одоо би киногоо яаж олон монгол хүнд хүргэхэд л анхаарна. Олон улсын нэр хүндтэй фестивалиудад уригдсан, баяртай байгаа. Гэхдээ л монголчууддаа хүргэх нь надад хамгийн чухал байна. Яах ч аргагүй, “Дараагийн кино чинь юу вэ” гэж асуудаг юм байна. Нэг юмаа дуусгасан шиг дуусгаад орохгүй бол болохгүй ээ.
-Тэгвэл Канн явсан, яваагүй хооронд ялгаа өөрчлөлт гарсан уу?
-Каннд шалгарсан гэдэг утгаараа бидэн дээр гэрэл туссан. Орон орны олон хүн бидэнд итгэж үзэхийн үүтгэл болсон.
Нөгөөтээгүүр, яагаад энэ киног хийснээ ярих боломж олдож байна. Би одоо чамтай ингээд яриад л сууж байна. Зүгээр л Зүүнсалаад амьдардаг киночин хүүхэн яриад явсан бол хэн сонсох вэ. “Канн энэ хүний киног авсан юм аа” гэхээр “Яагаад?” гэдэг асуулт үүднэ ээ дээ. Яагаад хийснээ ярьж, зорилгоо, мессежээ түгээх боломж ийн олдож байгаа нь яах ч аргагүй сайхан хэрэг. Нээлтийн дараа хоёр өдрийн турш орон орны сэтгүүлчид уулзалтын тов гаргасан. Бүгдэд нь ярилцлага өгсөн.
Дэлхий нийтэд нэгэн ижил тулгамдаж буй энэ асуудлыг би зорилготой, бас шийдэлтэй нь хөндсөн. Баян, ядуугийн ялгаа хаа сайгүй гаарсан. Шийдэл нь, хүүхдүүддээ чанартай боловсрол олгоё оо. Хараад байхад хамгийн түрүүнд боловсролын системийг нь нурааж байгаад тухайн улсыг доройтуулдаг шүү дээ. Тэгэхээр боловсролдоо анхааръя, энэ их эрч хүчээ үүнд төвлөрүүлье гэдэг санааг дэвшүүлсэн. Үүнийгээ одоо хүн бүрд яриад л явж байна (Инээв).
-Таныг яагаад Зоро гэж дууддаг юм бэ?
-Золоо гэдэг л дээ (Инээв). Харин япончууд “л” үсэг хэлж чаддаггүй болохоор Зоро болоод хувирчихсан. Сая Франц явахад, тэд “р” үсэг хэлж чаддаггүй болохоор бүр “Зого” болчихсон (Инээв).
-Өмнөх богино хэмжээний кинонуудыг нь ч хэрэг болгож үзсэн. Манай уран бүтээлчдэд ид дутагдаж байгаа ч гэх үү, дэргэдэх бодит байдлаа сэдэв болгож чухалчилдаг хандлагыг танаас анзаарсан. Бид нэг бол айхтар түүхэн том сэдвийг, эсвэл философийн, оршихуйн асуудлыг хөндөх гэж оролддог. Зүгээр л автобусны кондуктр ажилгүй болж буй сэдвийг барьж авсан нь үзэгчдэд асар хүчтэй хүрч байх юм. Энгийн л юм уран бүтээлийн сэдэв болж болно гэдэг сэдлийг та анх хаанаас авсан юм бэ?
-Надад нэг дүрэм байдаг. Тэр нь, хүмүүс хүссэн юмаа л хийх хэрэгтэй. Эпик бүтээл хийх нь хийх л хэрэгтэй. Зах зээл нь байгаа юм чинь. Тийм болохоор “Монголын уран бүтээлчдийн ийм орон зайг нөхнө” гэж би ерөөсөө ярихгүй (Инээв).
Бид Marvel үздэг дээ. Төсвийг нь харахад л, тийм юм хийх тухай зүүдлээд ч хэрэггүйг мэддэг. Тийм биз дээ (Инээв). Байгаа боломж нөөцдөө л тулгуурлахаас аргагүй. Бид түүхэн киног түүхэн кино л гэдэг. Угтаа костюм драм юм. Сайн костюм драм гэдэг чинь аймшигтай өндөр өртөгтэй. Тийм болохоор шууд түүхэн киноноос айдаг байхгүй юу.
Нөгөөтээгүүр, бид нар ерөөсөө түүх, үндэсний бахархлаараа дутаагүй ээ. “Бид агуу” гэсэн юмаар ер дутахгүй байна. Бусдаас онцгойрох, өөр болох юмаа л хайгаад байдаг. Хувь хүмүүс ч тэр. Гэтэл юугаараа ижил вэ гэдгээ хайхгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор агуу том санаа л эрээд байдаг. Гэтэл амьдрал бол эгэл жирийн л зүйлс. Эгэл жирийн зүйлс л чамайг өвтгөж эсвэл баярлуулдаг.
Би нэгэнт продюсер болохоор, нэгт мөнгөтэй холбоотой тийм шалтгаан байна. Хоёрт гэвэл, дэлхий нэг их бидний түүхийг сонирхохгүй л байх. Агуу хаадын түүхийг ч юм уу. Хүн хоорондын харилцааны сэдэвт буулгахгүй бол хүмүүст хүрэхгүй байх. Бидэнд эсрэгээрээ зүгээр л сайхан сэтгэл, нэг нэгнийхээ зовлонг ойлгох чадвар дутагдаж байна.
Автобусанд картаар үйлчлүүлдэг болонгуут ажлаа алдсан кондуктрын зовлонг хэд нь ойлгодог бол. Хөдөөгөөс хот руу дөнгөж шилжиж ирээд байгаа хүмүүсийн зовлонг. “АТМ-ээр үйлчлүүлж чадахгүй, араас наалдлаа, шилэн хүзүү рүү амьсгаллаа, муу орк чинь!” гээд л хараадаг. Өөрсдөө ч мэдэхгүй бэлчээрээ талхалчхаад, амьдрал хайж хотод ирээд байж байгаа хүмүүс шүү дээ. “Та арай наалдаад байна аа, ядаж 1 метрийн зайтай зогсох нь зөв шүү” гээд заагаад өгнө л биз дээ.
Насанд хүрсэн хүмүүсийг соёлгүй, бүдүүлэг, амиа хичээсэн гэж хэлж болно. Гэтэл тэгж хэлэхийн аргагүй хүүхдүүд гэж бий. Хүүхдүүддээ хэлж өгөхгүй байсаар байгаад дахиад л тийм хүмүүс болгочихдог шүү дээ, бид. Бид хэдэн үеэрээ боловсролын асуудлыг хойш тавьсан. Тэр дундаа хөвгүүдийн боловсролыг. Охид л дандаа боловсрол эзэмшинэ. Энэ нь эргээд нийгмийн асуудал болчихсон.

-Ноднин Эмээлтэд амьдардаг зургаан хүүхэдтэй айл сурвалжилсан юм. Өсвөр насны нэг хүүтэй. Бусад нь охин. Эгч нар нь хүүхэд гаргаад гэртээ. Тэгтэл тэр хүүг сургуулиас нь гаргачихсан байсан. Хүү ус түлээ зөөнө, бойн дээр ажиллаж мөнгө олно. Түүгээр дүрчилж, тэр айлыг сурвалжилсны дараа олон нийт ээжийг нь их муучилж, хүнд байдалд оруулсан сан. Хөвгүүдийн боловсролыг чухалчлах ёстойг бас масс ойлгоод эхэлсэн юм шиг билээ. Та бас надад эршүүддүү хүн санагдсан шүү. “Би эмэгтэй хүн” гэж онцлох хандлага хоцрогдох тал руугаа явж байгаа ч юм шиг?
-(Инээв). Би эмэгтэйчүүдийн эрхийг биш жендерийн тэгш байдлыг дэмждэг.
Гаднынхан киног маань үзээд “Чи өөрөө эмэгтэй байж гол дүр нь яагаад эрэгтэй байгаа юм” гэж асуух нь бий. “Монголд хөвгүүдийн асуудлыг илүү хөндөх ёстой болохоор тэр” гэхээр зарим европчууд ер ойлгодоггүй. Тэнд бол өөр байна л даа.
Шийдвэр гаргах түвшинд “83:17” байгаа нь үнэн л дээ (Инээв). Гэтэл амьдрал дээр эмэгтэйчүүд л ноёлсон. Манай монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг. Мөртлөө эмэгтэйчүүдийн зовлон эрчүүдээс үүдээд байх шиг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя гэвэл яах ч аргагүй эрчүүдийг ярих хэрэгтэй болчихсон.
-Бусдаас ялгарах юмаа л хайдаг, ижилслээ харин тоодоггүй гэлээ л дээ. Саяхан постмодерний дараах метамодерн гэх ойлголтын талаар олж уншлаа. Тэнд хүн хүнээ ойлгох эмпати, community буюу эв хамтач амьдралыг чухалчилна гэжээ. Аль 10 жилийн өмнөөс л ярьж эхэлсэн юм байна. Үүнтэй уялдаж байх шиг санагдлаа?
-Тийм үү. Энэ утааны асуудал лав надад их хоржоонтой санагддаг. Утаа бол гэр хороололд амьдардаг, олноороо нүүж ирээд гэр барьж суусан хүмүүсийн л асуудал гэж анх харцгаасан. Гэтэл одоо утаа хэнийг ч ялгахгүй хотыг бүрхэж, хамраар дамжиж, биед нэвтэрч байна. Уучлаарай, энэ бас таны ч асуудал байжээ.
Худгаас ус авч халаагаад биеэ угаадаг хүмүүсийг бид гоочилдог, өөрөө тийм бол түүнээсээ ичдэг. Гэтэл энэ бид бүгдийн асуудал юм аа. Өвөл утаа зүгээр л “Хэй, чиний амьдрал болоод л байна уу. Тэднийх болохгүй байна аа” гэж хэлэх шиг бүрхээд ирдэг. Яах ч аргагүй бид нэг нийгэмд амьдарч байгаа, нэг ахан дүүс юм. Нэгнийхээ асуудлыг харахаас өөр аргагүй, угаасаа харах ёстой гэдгийг утаа лав ойлгуулдаг.
Чи байранд амьдардаг бол Цагаан сараар л нэг Дамбадаржаад очно, бусад үед шаардлага гарахгүй (Инээв). Гэхдээ үл тоомсорлоод, оршоод байж болох ч яах ч аргагүй чамайг тэр асуудал очиж оролдох болно. Мөртлөө бас, ямар нэг юм хийе гээд хөдлөхдөө их буруу хандах юм аа, бид. Үзэн ядалтаар, уур хилэнгээр. “Утааг устгая” гэдэг өөрөө ямар муухай уриа вэ. Яагаад “Тавдугаар цахилгаан станцыг барья” байж болохгүй гэж. Гэр хороололд 200 мянган айл л амьдарч байгаа. Жижигхэн бор, бор гэрүүдийг өндөр технологийн нарны панелаар л халааж болно. “Нарны панелаар халаая, хараал идсэн зуух тараахаа больё” гэж уриалж болохгүй гэж үү.
Шархалсан хэсгийнхээ “гутлыг өмсөж”, тэдний өнцгөөс шийдэл харсан хандлага ер харагддаггүй. Зүгээ л устгая, зайлуулъя гэхээр аймаар гомдол төрнө, гол гогодно. “Утааг устгая” гэсэн жагсаалдаа намайг урина. Би яаж очих юм бэ, би өөрийгөө устгая гээд очих уу. Би шуудай нүүрсээр хоёр хүүхдээ дулаан хонуулчихмаар л байна шүү дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ биз дээ (Инээв). Тэгээд яагаад хүмүүс хотоос явахгүй байгаа юм. Боловсрол шүү дээ. Өөр шигээ газар газар гологдсон нэгэн болгохгүйн тулд хүүхдээ аваад хотод ирж байгаа. Тэгвэл хэдүүлээ сумын төвийн сургуулийг сайхан болгоё л доо.
Хамгийн гол нь чиний хэлдэг шиг эмпати, нэг нэгнээ ойлгох л чухал болоод байх шиг. “Яах вэ дээ, орж ирээд удаагүй л хүн байгаа биз” (Инээв). Би уг нь монголчуудаа маш сайхан сэтгэлтэй хүмүүс гэж боддог оо. Даанч нийгэмд бараан сөрөг, шударга бус юмс болсоор байна. Тэр хэрээр бидний сайхан сэтгэлийг үгүй болгосоор. Уг нь мөнгөгүй болохоор л нүүрс түлж байгааг нь бүгдээрээ л мэдэж байгаа. Гэхдээ мэдэх хангалтгүй, мэдрэх ёстой. Харин уран бүтээл мэдрүүлж чадна. Мэдрэхгүй болохоор шийдэл нь ч буруу болно. Түүхий нүүрсийг сайжруулсан нүүрс болгоод тарааж ч байх шиг, тэ. Асуудлын гол нь утаа биш, нүүрс биш, зуух биш, ядуурал шүү дээ.
-Үнэндээ Каннд явсан монгол киноны сэдэв утаа гэхээр оновчгүй санагдсан тал бий. Учир нь Улаанбаатарыг агаарын бохирдолтой гэдгээр гадаадын хэвлэлд хангалттай бичсэн. Тийм болохоор эх орноо гэсэн нэг өмөөрч, өмөлзмөөр юм төрсөн байх. Хоёрт, сайжруулсан түлш гарснаас хойш арай гайгүй болчихсон гэдэгт бид итгэхийг хүсээд байгаа, сэтгэл зүйн хувьд. Ер нь нийгмээрээ утааг одоо дахиж ярихаас залхчихсан ч юм шиг.
-Шийдэл хайсаар байгаад залхаж байхгүй юу. Гэхдээ зөндөө олон ярьчихлаа, болсонгүй гээд хаячхаж болохгүй шүү дээ. Юунаасаа ичих юм бэ. Ичиж байвал ямар нэг юм хий л дээ. Бид бодит байдалтайгаа нүүр тулахаас дандаа зайлсхийдэг. Заримдаа бодит байдал гашуун. Ор тас мартаж, байхгүй юм шиг л амьдрахыг хичээдэг. Гэтэл энэ эргээд гацах шалтгаан болдог. Нүүр тулж гэмээ нь л хувь хүн ч тэр өсөж эхэлдэг байх. Бүр, яг нэг өдөр үнэхээр энэ асуудал үгүй болоосой, шийдэгдээсэй гэж хүсдэг байхгүй юу. Чи хүүхэдтэй юу?
-Үгүй.
-Хүүхэд төрүүлэхээр бүр хүчтэй мэдэрнэ. Агаарын бохирдолтой хотдоо нэг хүүхэд нэмж төрүүлэхээсээ ч айна. Үүнийгээ нууя л гэж оролдвол тэгээд гацна. Гэхдээ манай кинонд агаарын бохирдлын талаар харилцан ярьсан нэг ч хэсэг байхгүй (Инээв). Агаарын бохирдол л болохгүй байна гэсэн ямар нэг илэрхийлэл байхгүй. Энэ өөрөө зүгээр л бидэнтэй хамт оршиж байгаа зүйл шүү дээ. Тэр хоржоонтой утгаараа өөрийн эрхгүй, кино өөрөө агаарын бохирдлыг хөндчихөж байгаа хэрэг.
Агаарын бохирдлыг ядуурлын шинж тэмдэг шүү гэдгийг л би харуулахыг хүссэн. Шинж тэмдэг нь. Бид энэ их хүч чадлаа зөвхөн шинж тэмдгийг арилгах гэж, олон янз ашиг сонирхолтой хүмүүст ашигтай байдлаар хувиргах гэж зарцуулаад байгаад л эмзэглэдэг. Уг шалтгааныг нь олъё л гэсэн хэрэг. Түүнээс нээрэн, агаарын бохирдлын тухай жижигхэн диалоги ч байхгүй.
-Шинж тэмдгийг нь арилгахын тулд... гэдэг өнцөг нь их олзуурхууштай юм аа. Сая бодогдож л байлаа. Утааг бууруулна гээд, Монголын хамгийн том групп компаниудын нэгний гологдол нүүрсийг ачиж ирээд, мидлингтэй холиод буцаагаад зарж байгаа гэхээр л, бодууштай шүү.
-Сайжруулаагүй нүүрсээ чадан ядан худалдаж авч байгаа хүмүүст сайжруулсан болгоод худалдлаа гээд ялгаа гарах уу. Логикоор бодоход л. Гол асуудал нь ядуурал л гэж харсан, тэгж хөндөхийг хичээсэн. Ээж үүрээр босоод дахиад л галлана, нүүрс хийнэ. Шөнө бүр. Өвлийн турш. Амтат нойрноосоо сэрж галлана. Ямар тухгүй, ямар хараал идэм бэ, тэ (Инээв). Тийм хүн өрх бүрд нэг бий. Боломжтой байсан бол аль хэзээ шалны халаалт тавьчихна, ээж бүтэн нойртой унтана шүү дээ. Боломжгүй болоод л нүүрсээ түлж байгаа хэрэг. Асуудлаа л зөв тодорхойлчихвол тийм утга учиргүй шийдэл олж, бултаараа түүндээ баясаж, элдэв ашиг сонирхлын идэш болохгүй л гэж.

-Өөрөө гэр хороололд амьдарч байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Одоо ч гэсэн амьдарч байгаа.
-Одоо хэр үү?
-Тийм. 13 настайгаасаа гэр хороололд амьдарч эхэлсэн. Зүүнсалаагаас сургуульд явна гэдэг хар дарсан зүүд. Автобусанд нохой, гахай шиг чихэж аваад л хорвоогийн нэг захаас нөгөө зах руу явна. Зүүнсалаагаас Нарантуул хүрэхэд автобусанд сууж буй хүмүүсийн хувцас хүртэл өөрчлөгдөөд л. Жаахнаасаа нийгмийн ялгааг харах боломжийг Зүүнсалаа руу нүүсэн явдал ойлгуулсан.
Дараа нь байранд орсон л доо. Харин киногоо дуусгахад мөнгө хэрэгтэй болоод зарчихсан. Буцаад Зүүнсалаанд, ээж дээрээ нүүгээд ирсэн. Гэхдээ гэр хороолол бид хоёрын дунд энх тайван тогтсон. Одоо үзэн яддаггүй, хүмүүсээс нуудаггүй. Өсвөр насны хүүхэд байхдаа бол ичдэг байсан. Гэхдээ л би яагаад ичихээс өөр аргагүй нөхцөл байдалд байсан юм бол. Хөдөөнөөс хүүхдүүд орж ирээд нутгийн аялгаа хаячихдаг шүү дээ, ичсэнээс болоод. Яагаад бид нар ингэж, бодит байдлаасаа ичих ёстой юм бол. Ийм утгаараа л гэр хорооллын тухай сэдвийг хөндөх юм сан гэж боддог байсан.
Чи байгаа газраа л хамгийн сайхан. Бас байгаа газраа л хамгийн сайн болго, тэ. Хурдан зайлъя гэж бодохгүйгээр. Тийм болохоор Зүүнсалаа дахь хашаандаа хайртай. Өөрийгөө хамгийн аюулгүйгээр мэдэрдэг газар тэр. Киногоо дуусгая гээд л байраа зарсан болохоор харамсдаггүй. Гал түлэхдээ ч, усанд явахдаа ч зовдоггүй. Харин тийм газар хүүхдээ өсгөнө гэхээр л эмзэглэдэг. Тийм болохоор л хамаг юмаа зориулаад энэ киног дуусгасан. Үзсэн нэг ч гэсэн хүүхэд гэр хороололд амьдардгаасаа болж ичихээ болиосой. Энэ бол гэм биш. Тэнд бид амьдралаа бүтээнэ. Сайн ажил хийж, нарны панел авч тавина. Тэгэхийн тулд сайн боловсрол эзэмшинэ. Харин сайн боловсрол эзэмшихийн тулд хотын нөгөө зах руу явж сургуульд сурмааргүй байна. Хамгийн ойр сургууль нь сайн боловсрол олгодог болмоор байна. Тэгээд л киногоо хийсэн.
-Дахиад байранд орох уу?
-Чадвал тэгнэ дээ. Гэхдээ, Зүүнсалаа дахь хашаагаа зарахгүй ээ.
-Танд уран бүтээлийн төлөөх өөр галзуу ч гэмээр үйлдлүүд юу байдаг вэ?
-Үгүй, би ер нь сүүлийн зургаан жил өрхийн орлогодоо ямар ч нэмэр болсонгүй (Инээв). Нөхөр маань л энэ хугацаанд бүхнийг зохицууллаа. Нэг бодлын тэвчээр алдармаар, магадгүй өөр хүн байсан бол аль хэдийнэ орхиод явчихсан. Тэгтэл бүр байраа зарчихсан сууж байдаг (Инээв). Мэдээж хүүхдэдээ зарцуулах маш их цагаа үрсэн. Хөндлөнгөөс харвал боож үхмээр байх аа.
Гэхдээ кино урлаг хувьд шилжсэнээс хойш уран бүтээлчид их зовсон шүү. Дээд үеийн ах нар байраа зарж, кино хийсэн тохиолдол маш олон. Тэдгээрийг бодож, ямар ч эргэлзэх зүйлгүй шийдсэн (Инээв). Яагаад тэр ах, эгч нараа кино урлагийн галыг таслалгүй явч явсныг бодсон. Би нэг их ганцаараа байраа зарж, галзуурсан хэрэг биш. Тэдний унтраагаагүй очин дээр л өнөөдрийн Монголын кино урлаг явж байгаа.
-Яг ажлын талбар дээр та ямар хүн бэ. Хэр галзуу хүн бол гэж?
-Ер нь зарчимч. Бид кино хийж тоглоогүй. Хүмүүс кино хийж тоглож байгаа аятай л хандана, хоцорч ирнэ, эсвэл ангайж алмайгаад сууж байдаг. Энэ чинь ажил шүү дээ. Минут тутамд мөнгө урсаж байгаа. Ганцаараа зотон дээр зураг зураад суух зардалтай харьцуулшгүй зүйл.
Камераа өдрийн 1000 ам.доллараар түрээсэлж байгаа бол, ажилдаа 30 минут хоцорч ирэх нь ч бусдын хөдөлмөрлөж олсон мөнгийг салхинд хийсгэхтэй ижил. Мөнгийг хөдөлмөрлөж л олдог. Бусдын хөдөлмөрлөж олсон мөнгийг дэмжлэг болгож авчхаад, зургийн талбай дээр хий ангалзаад байж болохгүй. Бүх юм жин тан байх ёстой, цагтаа эхлэх ёстой. Үүн дээр бол ёстой хатуу чанга хүн шүү. Хариуцлагагүй, тоомжиргүй хандвал “Баярлалаа, баяртай. Дараагийн хүн нь бий”. Хөлсөө дуслуулж, хөрөнгө оруулагчдаас босгосон мөнгөө ажлын цаг барьдаггүй хүмүүстэй хамтарч үрэхийн учиргүй. Харин бүтээл урлаж буй үйл явцдаа маш зугаатай, чөлөөтэй ажилладаг.
-Таныг амжилттай мөнгө босгож чаддаг хүн юм уу гэж ч харж байна. Хүмүүстэй харилцаж, сэтгэгдэл төрүүлж, координат хийж. Энэ тал дээрээ авьяастай юу?
-Харин ч авьяасгүй гэж бодож байна аа. Бараг таван жил зүтгэж байж босгосон гээд бод л доо (Инээв). Шуугиад л босгочихсон юм ерөөсөө байхгүй. Харин итгэсэн хүний итгэлийг хөсөрдүүлэлгүй “юм” болгож бол чадна. Болгохын төлөө зүтгэдэг гэх үү. Одоо ч гэсэн хоёр дахь киногоо хийе гэвэл хаана очиж хаалга тогших вэ гэж толгойгоо гашилгана.
-“Баавгай болохсон” хэдэн төгрөгийн төсөвтэй вэ?
-Ер нь бол 500 мянган ам.доллараар боссон. Гэхдээ хүмүүс цэвэр халааснаас гарсан зардлыг төсөв гэж ойлгодог. Харин уран бүтээлийн ажилд мөнгөн бус хөрөнгө оруулалт гэж бий.
Жишээ нь, маш авьяаслаг хүн надад итгээд, киноны зорилгод, санаанд итгээд хямд зардлаар ажиллаж өглөө гэж бодъё. Зүй ёсоор цалинжих ёстой байсан тэр төсөв нь мөн л адил хөрөнгө оруулалт байхгүй юу. Тэр хүний мөнгөн бус хэлбэрээр оруулсан хувь нэмэр ч мөн зардал гэсэн үг. Ийм зүйл надад олон тохиолдсон. Тийм учраас продюсерууд нийт төсөвтөө мөнгөн бус, ийм зардлыг ч оруулж, тооцож хэлж байх ёстой гэж боддог. Тэгэхээр яг 500 мянган ам.доллар зарцуулсан уу гэвэл үгүй. Энэ төслийн үнэлгээ өөрөө 500 мянган ам.доллар.
-Субъектүүдээс нь шалтгаалж татгалзах удаа байх уу. Чөтгөртэй ч байсан гар барина гэдэг хүмүүс бий шүү дээ?
-Тэгж яасан ч болохгүй. Ёстой болохгүй. Энэ киног үзээд, хүмүүс чин сэтгэлээрээ итгэх ёстой. Хэн нэг эрх мэдэлтнээс мөнгө авчихвал, миний хөдөлмөр, миний санаа итгэл үнэмшилтэйгээр, үнэ цэнээ тээж, хадгалж бусдад хүрэхгүй. Тэгэхээр тэгж сүнсээ худалдаж болохгүй. Татгалзаж байсан тохиолдол ч их. “Энэ хэсгийг нь авчих, тэгвэл тэдэн төгрөг өгье” гэх жишээтэй. “Уучлаарай, дэмий биз дээ, баярлалаа”.
-Тийм юм тохиолдож байсан гэж үү. “Баавгай болохсон” дээр үү?
-Тийм.
-Тодруулж болох уу?
-Тодруулж ярихгүй (Инээв). Шаардлагагүй. Ер нь хүн өөрөөрөө л үлдэх хэрэгтэй. Зорилгоосоо шалтгаалж, мөнгөний өмнө нүүр бардам л зогсох хэрэгтэй.

-Таныг уран бүтээлч гэхээсээ илүү продюсер, менежер талаас нь жаал яриулчихлаа. Гэтэл та найруулагч хүн. Мөнгө, төгрөгөөс үл хамааруулж асуумаар байна?
-Гэхдээ саяын ярьсан зүйлс найруулагчийн л амьдрал юм даа. Салгаж ярихад хэцүү. Яг зургийн талбай дээр бол би найруулагчаараа л байдаг. Хоол хэзээ ирэх, хэн ажлаасаа хоцрохыг анхаардаггүй. Тэр бүрийг хариуцдаг гайхалтай хамтарсан продюсерууд ажиллуулдаг. Зөвхөн өнцгөө, гэрлээ, хувцсаа ярина.
Мөн кино бол бүрэн утгаараа багийн ажил. Найруулагч ганцаараа бүтээдэг гэж ярих тусмаа солиорол. Багийн гишүүн бүр бүтээлч оршихуй. “Би ийм л юм авмаар байна” гэж болохгүй. Багийнхныхаа саналыг сонсоно. Надад таалагдвал ямар ч эгогүйгээр хүлээж авна. Санал нийлэхгүй үе гарч ирэх үед “Намайг ятга. Надад факт хэл” гэдэг (Инээв). Ятгаж дөнгөхгүй бол өөрийнхөөрөө явна. Тэр дундаас уран бүтээл босож ирдэг. Яагаад гэвэл хувь хүн төгс биш. “Би л агуу” гэх тусмаа бусдыг кноп дардаг хүн л болгож хувиргана. Гэтэл тэд тус тусдаа бодгаль, бүтээлч оршихуй. Тэгэхээр аль болох нээлттэй ярилцаж, багаараа ажиллахыг эрмэлздэг дээ.
Хамгийн гол нь “Баавгай болохсон”-ы зураг авалтыг дандаа монголчууд хийсэн. “Монголчууд багаар ажиллаж чаддаггүй” гэдэг бил үү (Инээв). 30 монгол нийлээд хийсэн байхгүй юу. Хасах 35 хэмд, ид омикрон тархаж байхад бид нэг зорилго дор нэгдэж чадсан. Манай зураглаачийн анхны бүрэн хэмжээний кино. Монгол авьяас, монгол нүд. Аая (Инээв). Хөгжмийн зохиолч маань байна, бас анхных. Үүгээрээ л их бахархдаг. Олон улсын, А листний фестивальд явсан кинонуудын ихэнх нь гадаад уран бүтээлчдийг урьж авчирсан байдаг. Харин би зөвхөн монголчуудтайгаа нийлж, зураг авалтаа хийж дуусгасандаа бахархаад л байдаг.
Гэхдээ пост продакшн дээр ирэхээр яах ч аргагүй гадаад авьяас хэрэгтэй болсон л доо. Чи “Шар автобус”-ыг үзсэн биз дээ. Ялангуяа дууны найруулга дээр би өөрөө мэдэхгүйн улмаас маш буруу хүсэлт гаргаж, дууны найруулагч маань ч миний үгнээс зөрөөгүй болохоор эцсийн бүтээл сэтгэлд хүрэхээгүй муу болсон. Нөхцөл, шаардлага өөрөө ийм байгааг би хүлээн зөвшөөрч буй хэрэг. Тэгээд л гадаадад пост продакшн хийж болох бүх боломжийг хайсан даа.
-Гэснээс, уран бүтээлч гэхээр л сахал үс нь ургасан, тийм нэг хүмүүс гэсэн ойлголт байгаа. Уран бүтээлчид ч угаас сэтгэлийн савлагаа ихтэй улс. Гэхдээ үүнийгээ зөвтгөл гэж харах гээд байдаг шиг санагддаг. Харин бүхэнд зарчимч, яс тас байж, өөрийгөө ч зөв авч явж чаддаг шинэ уран бүтээлчдийн хандлагыг танаас олж харлаа гэж бодож байна. Энэ юуных вэ, натурал зан чанар уу. Эсвэл хичээл зүтгэл үү?
-Барилдахаасаа таахалзана гэдэг дээ. Хүн гоё урт үстэй, стиль имижтэй байж болно л доо. Гэтэл бүтээл нь шолхойгоод явчих таагүй (Инээв). Тэр үед миний толгойд “Барилдаахаасаа таахалзах” гэдэг үг орж ирдэг. Ер нь намайг биш бүтээлд маань л анхаарч байвал барав гэж санагддаг.
Японоос дөнгөж төгсөж ирчхээд дөрөвдүгээр курсийн, аймаар лаг урт үстэй, стиллэг залуутай яриад суухгүй юу. Тэгтэл “Чи миний киног олон жилийн дараа ойлгоно оо” гэсэн юм. Айгаад л явчихлаа. Киног нь үзсэн чинь аймаар ичмээр юм байсан. Тэгээд л, ам ажил нийлэхгүй бол шараа гэдгийг ойлгосон (Инээв). Гэхдээ хүн угаасаа л ийм шүү дээ. Заримдаа зүгээр л таахалзаад байж баймаар санагддаг биз дээ. Парист ч, Токиод ч ийм хэлбэр байгаа.
Гэхдээ би сая Каннд гайхалтай найруулагч нартай их таарсан. Хямсгар хүмүүс байх болов уу гээд, нэлээд айж бэмбэгнэж очоод зураг авхуулахыг гуйхад маш нээлттэй, маш энгийн хандсан нь бараг л цочирдуулсан. Тэд олон хүний хүчээр оршдог гэдгээ, үзэгчдийн хайран дээр оршдог гэдгээ мэддэг хүмүүс учраас ч тэр үү, их өөр, энгийн байсан. Тэр бас надад хичээл шүү дээ. “Хүүе, ноён Тарантино ийм даруу байхад та ярилцлага өгөхгүй энэ тэр гэж солиорохгүй шүү” гээд л (Инээв). Шүтдэг хүмүүсээсээ л үлгэр дуурайл авдаг юм байна даа.
-Яагаад киног сонгосон шалтгааныг л хоёул ярьсангүй үлдэх нь. Кино анхнаасаа л сэтгэл татсан уу. Бага байхад тэмдгэрсэн өөр авьяасууд бий юу?
-Би багаасаа л кино үзэх дуртай байсан. Биднийг бага байхад МҮОНТ-ээр бямба гараг бүр орчуулгын кино гарна, түүнийг л үзнэ шүү дээ. “UBS” телевиз мөн ням гарагт өдрийн турш кино гаргадаг, би зурагтын өмнө л өнждөг байсан. Тэнд би анх “Forrest Gump”, “Shawshank Redemption”-ийг үзсэн. Тэгээд л бүр унтаж чадахгүй байгаа юм чинь. “Ямар гоё юм үзчихэв ээ”, “Ямар mind blowing байв аа” гээд л.
Мөн үзсэн кинонууд маань надад нөлөөлж, хүмүүжүүлж ирсэн шиг санагддаг. Нэг удаа би яагаад бэлгийн цөөнхийг ер үзэн яддаггүй юм бол, хэзээ тэднийг хүлээн зөвшөөрсөн юм бол гэж гайхсан. Гэтэл багадаа трансжендер тай-боксчинтой кино үзсэнтэй минь холбоотой байсан. Гайхамшигтай кино. Хүний дотор өөр хүйсийн хүн оршиж болдог. Боксдоод байгаа залуу боловчиг тэр бүсгүй хүн. Зүгээр л ингээд төрчихсөн. Үзээд л хүлээгээд авчихсан, хүүхэд байхдаа. Надад бусдын амьдралаар амьдрах, бусдыг ойлгох боломжийг кино олгосон. “Ямар гоё юм бэ, би оролдоод үзмээр байна”.
Гэхдээ кино найруулагч болно гэж хэлбэл хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэр бүлд төрснөө мэдэж байсан. “Чи айлын том, амьдрал ахуй авч явна” гээд сонсохгүй шүү дээ. Хэлж чаддаггүй байж байгаад, нэг удаа Хүүхдийн ордны драмын дугуйланд явъя гээд ам руугаа сайхан алгадуулдаг юм байгаа биз дээ (Инээв).
Гэхдээ би их хөдөлмөрч хүүхэд байсан. Хөдөлмөрч эмээ, өвөө дээрээ өссөн болохоор. Муу сурна, даалгавраа хийхгүй очно гэдэг төсөөлшгүй зүйл байсан. Математик, физиктээ сайн болохоор, түүгээрээ л нэг мэргэжил эзэмшинэ гэж бодож байлаа. Ахлах ангиа “Шинэ Монгол” сургуульд шилжиж, төгссөн л дөө. Улсын физикийн олимпиадад алтан медаль авна гэж шаралхаж орсон (Инээв). Олимпиад бүрд тэд л алтан медаль авна, би гэтэл тав, долоодугаар байранд орчхоод байхгүй юу (Инээв).
-Нээрэн тэгдэг шүү. Улсын сургууль төгссөн. Химийн олимпиадад орохоор дандаа хувийн сургуулийн сурагчид медаль түүдэг, араас нь жагсаж, шар хөдөлдөг байсан.
-Яг тэгдэг. Тэгээд шарандаа “Шинэ Монгол”-д шалгалт өгсөн чинь тэнцээд. Нэг өдөр л сургуулийнхаа драмын дугуйланд орлоо. Тэгээд л ухаангүй дурлачихсан, нөгөө физикээ ч хийхээ байсан. 14F аваад л. Oops (Инээв). ЭЕШ-даа 800 оноо авсан л даа. Явцын шалгалтдаа 14-өөр унаж ч байх шиг. Одоо бодоход, би тэр үедээ л архины хамааралтай аав, ээжийн хүүхдүүдийн төлөө ямар нэг юм хийхийг хүсдэг байсан юм билээ.
Ээж маань гэр хороолол дунд жижигхэн мухлаг ажиллуулдаг байлаа. Архи уучихсан аав ээж нь хүүхдээ талх олоод ир гээд явуулчихна. Хүүхдүүд мухлагт орж ирээд талх зээлээч гэнэ. Зээлэхгүй гэхээр гарахгүй. “Талхтай л очихгүй бол зодно”. Тэднийг дэргэдээс нь хараад аймаар шаналдаг байсан. Би тэр дүр зургийг хараад, ямар нэгэн юм хиймээр санагддаг байсан. Би өөрөө хаанаас аз жаргалыг олдог вэ гэхээр кино. Тэгэнгүүт л гэрт нь зурагт байж л байгаа, түүгээр нь гоё юм гаргадаг эгч болохсон гэж боддог байсан.
Гэтэл төгсдөг жил "Шинэ Монгол" сургууль Японы Обирин их сургуультай хамтын ажиллагаатай болж, жилд хоёр хүүхэд тэтгэлгээр явуулахаар болсон. Тэр сургуульд нь киноны факультет нээгдээд хоёр жил болж байдаг байгаа. Тэгээд л “чичирчихсэн” (Инээв). Тэтгэлгийн эрхийн бичиг бариад очихоор миний муу ээж юу хэлэх вэ дээ. Ингэж л бүх юм эхэлсэн.
Гэхдээ кино бол маш хүчтэй зэвсэг. Буруу хүний гарт орвол аймшигтай. Тийм ч учраас Муссоллини кино үйлдвэр байгуулсан. Гитлер ч киноны хүчийг ашигласан. Тийм болохоор кино буруу хүний гарт орвол аюултай. Тийм ч учраас би өөрийгөө зарим үед хязгаарлах ёстой гэж боддог. Дандаа нийгмийн сэдэв барьж авах гээд байгаа өөрийгөө хазаарлах ёстой гэж. Яагаад зүгээр л хоёр хүний харилцааны тухай сэдэв байж болохгүй гэж. Тэгж хааяа болгоомжилдог (Инээв).
-Ярилцсанд маш их баярлалаа. “Баавгай болохсон”-ыг Монголдоо хэзээ нээх вэ?
-Өвөл л нээнэ гэж бодож байгаа. Харин арваннэгдүгээр сард уу, нэгдүгээр сард уу, мэдэхгүй. Кинотеатруудтай ярьж байж шийднэ дээ. Хоёрдугаарт би давхар биетэй байгаа (Инээв). Хүүхдээ төрүүлж байж нээх үү, өмнө нь нээх үү гээд бодох асуудал байна. Мөн анх удаа киноны нээлт хийж үзэх гэж байгаа учир судлах, суралцах юм их. Юутай ч жаахан амраад авъя. Ямартай ч намрын “Улаанбаатар кино наадам”-д мөн киногоо өгөх хүсэлтэй байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongol ulsad negen uvurmuts sonin sodon uzel bodol arga barilaar kino xiisen nairuulagchtai xiisen yariltslagiig amtarxan shimten unshlaa
Gaixaltai setgedeg uran buteelchdee olon saixan kino nairuulj uzgch tumniixee melmiig myalaaj yavaarai gej xusie
Baavgai boloxson kinonii neeltiig tesen yadan xuleej baina
Baavgai bolohson, shar avtobus geh zereg kinonuudiig bugdeng ni uzmeer baina. Hurdan neeltee hiigeesei!!!
Сайхан ярилцлага болжээ
Yasan goy ungu ayas ve. Ingej uuriinhuuruu baij chaddag hun l yumand hurdeg dee. Yag l huuchnii tom erdemted, merged shig. Zarig Unuruu, Gahai Nara, Nairagch Munkhbat geed huduunii ulaan hatsartuud, gadna ungun talaa huutsuldugchduus tes uur
Ямар гоё ярилцлага уншиж өглөөгөө эхлүүлвээ. Үнэхээр зөв үзэл бодолтой, боловсролтой, мундаг охин бна. Их юм дуулганаа. Монголд ийм з�##�уучууд олон болж байж улс маань хөгжинө.
saihan yaria unshchihlaa, harin ch. bayarlalaa. amjilt husye. bag omsoogui, bag omsohoorgui, uchraa medchihsen sain busgui bna gej oilgoloo. bag zuuzen balai humuusees zalhaj bna aa gej, kkk
Гайх�##�тай юм аа киног нь тэсэж ядан хүлээж байна