
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ.
Анх 1989 онд "Залуу монголч эрдэмтний зуны сургууль" нэрээр зохион байгуулсан энэхүү сургууль хэсэг хугацаанд тасалдсаны эцэст, хэдэн жил өөр өөр байгууллага, олон янзын хэлбэрээр зохион байгуулж явсаар 2014 оноос эхлэн Монгол Судлалын Үндэсний Зөвлөл хариуцан зохион байгуулах болсон байна.
Зуны сургуулийн гол зорилго гадаадын залуу судлаачдыг Монгол орон, монгол ахуй, соёлтой танилцуулах, монгол хэл, соёлын амьд харилцааны орчинд монгол хэл, түүх, соёлын сургалт зохион байгуулахад оршино. Ингэснээр хойч үеийн монголч эрдэмтдийг бэлтгэх, тэднийг Монгол Улсын эрдэмтэн судлаачидтай танилцуулан Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэхэд бодит үр дүн гарах аж.
2023 оны Залуу монгол судлаачдын зуны сургуульд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Япон улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 шахам залуу монголч эрдэмтэн оролцож буй юм байна.
Энэ удаагийн Зуны сургуулийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монгол Судлалын Үндэсний Зөвлөл, Залуу монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг ажилласан.
Харин хамтран зохион байгуулагч болон дэмжигчээр Монгол Улсын Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС, СУИС, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Монголын Үндэсний номын сан, Монголын Үндэсний Музей, Чойжин ламын сүм музей, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Тус Зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, музей, номын сан гэх зэрэг өөр өөр орчинд зохион байгуулна. Гадаадын залуу монгол судлаачид малчны ахуй амьдралтай биечлэн танилцаж, нүүдлийн соёл иргэншлийн түүх, уламжлал, өнөөгийн байдалтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтэн багш нарын лекцийг сонсох гэнэ.
Энэ удаагийн Зуны сургуулийн онцлог нь Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын Залуу монгол судлаачдад зориулсан тусгай салбар хуралдаан зохион байгуулагдах гэж буй явдал бөгөөд дотоод, гадаадын залуу монгол судлаачид тус салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлж, судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцан, үе тэнгийн эрдэмтэн залуустайгаа улам ойртон танилцах боломжтой болох юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.