Сурвалжилга, Нийтлэл

АСУУДАЛ: Увс аймаг ӨЛСГӨЛӨНГӨӨР НАС БАРСАН дөрвөн хүүхдийн асуудлыг НУУН ДАРАГДУУЛСАН уу?

Өчигдөр (05/22) “Увс аймагт 2018 онд 4 хүүхэд тураалаар нас барсан. Шинжилгээгээр ходоодонд нь хоолны үртэс үйрмэг ч байгаагүй. Энэ хэргийг мөн л нуун дарсан байж. Юуны төлөө хэнд ашигтай гэж ирээдүй хойчоосоо хайр халамжаа харамлана вэ?!!!!” хэмээн фээсбүүк орчиндоо нэгэн хэрэглэгч нийтэлжээ. Энэ мэдээлэлд иргэд ч эмзэглэл, бухимдалтай хандаж эхэлсэн учраас бид энэ талаар холбогдох газрын албан тушаалтан болон тухайн мэдээллийг өгсөн эх сурвалжтай холбогдож тодруулсан юм.

-ХЭРГИЙГ ИЛЧИЛСЭН АЖИЛТНАА ДАРАМТАД ОРУУЛЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХГҮЙ БАЙХ, БУСАД ХЭРГИЙГ НУУХ ТУШААЛ ӨГЧЭЭ-

Бидэнд Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч  Ц.Батболд энэ талаар мэдээлэл өгсөн юм. Түүний хэлж буйгаар “Эдгээр мэдээлэл нь үнэн бодитой бөгөөд Увс аймгийн удирдлагууд энэ хэргийг тус нутагтаа гараад буй цагдаагийн алба хаагчийн хэрэгтэй хамт сөхөгдөхөөс айж, аймгийн нэр хүнд унах аюултай нуун дарагдуул хэмээн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ-ын) дарга Б.Нансалмаад үүрэгдэж загнаж, дарамталсан байсан.

Б.Нансалмаад дарамт шахалт ихээр ирж шахаанд орсноос болж, аргагүйн эрхэнд цагдаагийн алба хаагчийн үйлдсэн хүчингийн хэргийг шалгуулахгүй гэж хүсэлт гаргуулсан гэх. Өнгөрсөн бүтэн сайн (05/19) өдөр засаг даргын зөвлөлийн хурал дээр аймгийн эрүүл мэндийн газар өнгөрсөн 2018 онд тураалдаа орж нас барсан тохиолдол байхгүй гэж Б.Нансалмаатай маргалдаж, дарамталсан гэсэн.

Иймд Б.Нансалмаа над руу өөрөө холбогдож энэ талаар хэлсэн. Энэ асуудлыг даралгүй нийслэл рүү хандах хэрэгтэй байна. Би танд эдгээр зүйлсийг нотлох баримт бичиг өгнө гэсэн. Гэвч Б.Нансалмаа одоо утсаа авахгүй, ажил дээрээ ч ирэхгүй дарамтад орсон байгаабололтой байна.

Мөн аймгийн засаг даргаас хэвлэл мэдээллийн байгууллага цагдаагийн алба хаагчийн үйлдсэн хэргийн талаар асууж лавлахад энэ талаар  мэдээлэл байхгүй гэсэн. Үнэн хэрэгтээ энэ талаар хамгийн сайн мэдэх ёстой хүн засаг дарга өөрөө юм. Мөн түүнд 2019 оны хоёрдугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас зөвлөмж, зааварчилгаа ирүүлсэн байсан. Бүдэг бадаг ч гэсэн зураг нь надад бий. Ер нь манай аймгийн удирдлагууд хоорондын холбоо сүлбээ их, асуудлыг нуун дарагдуулдаг, хууль бус шийдвэр гаргадаг.

 Миний хувьд ИТХ-ын хувьд эдгээр мэдээллийг холбогдох албан тушаалтнуудаас авах хүсэлтээ байгаагаа албан тоотоор хүргүүлсэн. Энэ сарын 24-нд өгөөч хэмээн албан тоотдоо дурдаж өгсөн одоо хариу хүлээж байна. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан энэ сарын 29-нд аймгийн талбай дээр “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэрэл асаая” цуглаан зохион байгуулах гэж буйгаа мэдээлсэн байгаа” хэмээн ярилаа.

-УВС АЙМАГ 2018 ОНЫ ТОО БАРИМТАА ИЛГЭЭГЭЭГҮЙ, БИД 2017 ОНЫ ТОО БАРИМТАД ТУЛГУУРЛАЖ ЗӨВЛӨМЖ ИЛГЭЭСЭН-

Иймд бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргатай холбогдож, 2019 оны 2 дугаар сард илгээсэн зөвлөмж зааварчилгаа болон тухайн аймагт бүртгэгдсэн мэдээллийг лавласан юм.

Тус зөвлөмжид тусгагдсанаар Увс аймагт доорх асуудлууд их байсан учир зөвлөмж илгээсэн байжээ. Тухайлбал,

-Увс аймаг нь тав хүртэлх насны туранхай хүүхдийн эзлэх хувь өндөр 4,4 буюу улсад нэгдүгээрт,

-Хүүхдийн их эмчид ноогдох хүүхдийн тоо өндөр 2289 буюу улсын хэмжээнд гуравдугаарт,

  -Нялхсын эндэгдлийн түвшин өндөр 18,7 буюу улсын хэмжээнд гуравдугаарт,

 -Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр 22,1 буюу улсын хэмжээнд дөрөвдүгээрт

-Тав хүртэлх насны өсөлт хоцрогдолтой хүүхдийн эзлэх хувь өндөр 3,6 буюу улсын хэмжээнд тавдугаарт

·    Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн тоо өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт үр хөндөл зэрэг үзүүлэлтүүд өндөр байна хэмээн зөвлөмж хүргүүлжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн хэлж буйгаар 2019 оны нэгдүгээр сард илгээсэн зөвлөмж, зааварчилгаа нь 2017 оны тоо баримт юм. Харин 2018 оны тоо баримт хараахан баталгаажиж ирээгүй байгаа. Ер нь бол 2018 оны тоо баримт энэ ондоо баталгаажиж бидэнд нь ирэх ёстой. 

Мөн 2019 онд илгээсэн зөвлөмж нь  Увс аймгийн 2017 онд илгээсэн тоо баримтын дагуу явуулсан зааварчилгаа байгаа. Тэднээс одоогоор хариу ирээгүй байна хэмээн мэдээллээ.

Б.НАНСАЛМАА: АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС АСУУ, БИ ЭНЭ ТАЛААР МЭДЭХГҮЙ

Бид мэдээллийн дагуу Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ-ын) дарга Б.Нансалмаатай холбогдож энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэхэд  тэрбээр,

“Би энэ талаар юм мэдэхгүй. Наад асуудлаа манай  аймгийн эрүүл мэндийн төвөөс асуу хэмээн”утсаа салгасан юм.

Харин тус аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга хэлэхдээ “Өнгөрөгч 2018 онд 0-5 насны 35 хүүхэд амиа алдсан бөгөөд энэ дунд нэг ч хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж орж нас бараагүй” хэмээн мэдээлсэн юм.

Ж.ДӨЛГӨӨН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button