Нэг дороос: 2024 оны улсын төсвөөр бэлтгэсэн мэдээллүүд

Төсөв батлахад 17 хоног үлдсэн. Энэ хугацаанд ирэх жилийн төсөвтэй олон нийт дэлгэрэнгүй танилцсан. Нэг хэсэг нь сонгуулийн жилийн хэт хөөсөрсөн төсөв гэх бол бусад нь орлого нэмэгдэхийн хэрээр зарлага өсөх нь зүй хэмээж байгаа. Ямартай ч нийт зардлын 30 орчим хувь нь ил хэлбэрээр тэтгэмж болж, олон нийтэд хүрч байгаа билээ.
76 гишүүнтэйгээр сүүлийн батлах гэж буй эл төсвийн зардал нь 27 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Харин төсвийн орлого нь 25.3 их наяд төгрөг билээ. Хоёр их наядын алдагдалтай төсөв бөгөөд 2023 оны нийт зардлаас таван их наядаар их юм. Тэгвэл манай мэдээллийн агентлаг ирэх жилийн төсвийг задалж, уншигчдад хүргэсэн мэдээллүүдээ нэгтгэн хүргэж байна.
НЭГТ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг болох Хэнтийн ирэх жилийн санхүүжилт бусад аймгаас их байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд нийт 1049 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх билээ. Тэгвэл дээрх төслүүдэд шаардлагатай санхүүжилтээр Хэнтий аймаг бусдыгаа тэргүүлсэн юм. Тодруулбал, тус аймагт хийх 47 төсөл, арга хэмжээнд нийт 1.1 их наяд төгрөг шаардлагатай хэмээн тооцоолжээ. Хэнтий аймгийн төсөл арга хэмжээнд шаардлагатай өртөг нь хамгийн сүүлд эрэмбэлэгдэж буй Өмнөговь аймгийнхаас 29 дахин их төсөвт өртөгтэй байгаа юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ХОЁРТ. Сайд нарын багцаас хамгийн их нь Сангийн сайдынх. Түүний араас Л.Энх-Амгалан жагсжээ.
Ирэх жилийн зарцуулах төсвөөрөө Сангийн сайд Б.Жавхлан тэргүүллээ. Тэрбээр нийт 4.56 их наяд төгрөгийг зарцуулах ажээ. Харин түүний араас БШУ-ы сайд Л.Энх-Амгалан удаалав. Тэрбээр 4.26 их наяд төгрөгийг ирэх жил зарцуулах ажээ. Мөн гутгаарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа жагслаа. Тэрбээр ирэх жил 3.9 их наяд төгрөгийг зарцуулах аж. Харин хамгийн бага төсвийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга авсан байна. Тэрбээр 11.3 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ГУРАВТ. Ирэх жилийн нийт зардлын 30 орчим хувь нь халамж.
Засгийн газар нийт 10.5 их наяд төгрөгийг ил байдлаар халамжид зарцуулахаар тооцоолжээ. Үүнд,
- Тэтгэвэр тэтгэмжид 5.1 их наяд
- Хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд
- Бусад халамжид 826 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мөн 1.5 их наяд төгрөгийг цоо шинэ нэмэгдэл болгон оруулж ирсэн. Мөн малчдын НДШ-ийн 50 хувийг төр даах бөгөөд үүнд 25.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ташрамд дурдахад Засгийн газраас "Халамжаас хөдөлмөрт" бодлогыг баримталж ажиллана хэмээсэн ч ирэх жилийн төсөв ньь халамжид их "наалдсан" билээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ДӨРӨВТ. Улсын төсвийн дөрвөн хувь буюу 1.2 их наядыг зээлийн хүүгийн зардалд зарцуулна.
Нийт 27.3 их наяд төгрөгийн төсвийн дөрвөн хувь буюу 1.17 их наяд төгрөгийг бид ирэх жил хүүгийн зардалд зориулах юм.
Тэгвэл уг хүүгийн зардлыг ирэх жилийн Сангийн сайдын мэдлийн 4,557,661,000,000 буюу 4.56 их наяд төгрөгт багтаажээ. Түүний нийт зарцуулах төсвийн 26 хувь нь зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт зориулагдаж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ТАВД. Ирэх жил 1.2 их наядын зээл, 558 тэрбумын тусламж авна.
Манай улс ирэх жил 1.23 их наяд төгрөгийн зээл, 558 тэрбумын тусламж авч ашиглахаар төсөлд тусгасан байна. Нийт 1.7 их наядыгг төсөвлөсөн гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй тэнцэхүйц тооцоо ажээ. Ирэх жил нийт 130 төсөлд дээрх мөнгөн төсвийг зарцуулах аж.
130 төсөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарж уншина уу.
ЗУРГААД. Засгийн газрын өр ирэх жил 35.2 их наяд төгрөгтэй тэнцэнэ.
Энэ жилийн төгсгөлд Засгийн газрын нийт өр 32.1 их наяд төгрөгтэй тэнцэнэ хэмээн тооцоолжээ. Харин ирэх жилийн хувьд даруй гурван их наядаар илүү байна гэж үзсэн байна. Ингэснээр ирэх жил 35.2 их наяд төгрөгийн Засгийн газрын өртэй байхаар тооцоолсон аж.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ДОЛООД. Ирэх жилийн сонгуульд 72.2 тэрбум төгрөгийг зарцуулна.
Улсын төсвийн 2024 оны төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт "Нэг удаагийн арга хэмжээ"-нд нийт 232.7 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. "Нэг удаагийн арга хэмжээ" гэдэгт зургаан үйл ажиллагааг багтаасан байна.
Уг зургаан үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл ЭНД дарж уншина уу.
НАЙМ. Дарханы замд ирэх жил 80 тэрбумыг төсөвлөв.
Зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэхээр зэхэж байгаа Дархын замд ирэх жил мөнгө төсөвлөжээ. Тодруулбал, Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өртгөтгөж шинэчлэхээр шийдвэрлэж байв. Улмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж, хоёр эгнээ авто зам барьж буй юм. Тэгвэл тус хоёр эгнээ авто зам барих төсөлд ийнхүү 80 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгажээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ЕС. ЭБУЦС-ын нөлөөллийн бүс дэх айл өрхөд 9.2 тэрбумыг зарцуулна.
Олон жил ярьж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл өнөөдрийг хүртэл гацсан шалтгаануудын нэг бол орон нутгийн иргэдтэй нэг шийдэлд хүрч чадаагүй явдал юм. Иргэд байгаль экологид сөрөг нөлөөтэй гэх шалтгаанаар тус цахилгаан станцыг барихыг эсэргүүцэж, бэлчээрээ орхихгүй гэх агуулгыг хөнддөг. Тиймээс Засгийн газраас тэднийг нүүлгэхэд зорилж, нөхөн олговрыг тус бүсийн айл өрхүүдэд 2023 болон 2024 онуудад багтааж, олгож дуусна хэмээн мэдээлсэн. Ингэхдээ нийт 1280 иргэний үлдэгдэл санхүүжилт 9.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2024 оны Улсын төсөвт үүнийг нэг удаагийн санхүүжилт хэмээн тодотгосон юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
АРАВ. Ирэх жил дулааны есөн станцыг барина.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт нийт 9 цахилгаан станцыг ашиглалтад оруулах билээ. Ингэхдээ БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, цахилгаан хангамжийн хоёрдугаар хэлхээний санхүүжилтэд 46 тэрбумын төсөвт өртөгтэй байгаагаас 20.1 тэрбумын санхүүжилт олгох ажээ.
Тухайн дулааны станцуудтай танилцахыг хүсвэл ЭНД дарж уншина уу.
АРВАННЭГ. Тэтгэврийн сангийн хоёр хувийг байнгын хадгалж, Ирээдүй өв санг 100 хувь мөнгөжүүлнэ.
Улсын төсвийн ирэх жилийн төсөлд нийт 20 төрлийн сангийн санхүүжилтийн хуваарилалтыг хийжээ. Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 10.1 их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлэх юм. Үүний,
- 93.7 хувь буюу 9.5 их наяд төгрөг нь даатгалын сангуудын зарлага
- 6.3 хувь буюу 630.1 тэрбум төгрөг нь бусан сангийн зардал байна.
Мөн Сангийн сайдын өгсөн мэдээлэлд Ирээдүй өв санг 100 хувь мөнгөжүүлэх бөгөөд Тэтгэврийн даатгалын санд иргэдийн шимтгэл бүрээс 2 хувийг хуримтлуулна хэмээсэн юм.
Засгийн газрын тусгай сангууддын мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу.
АРВАНХОЁР. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг ₮140 тэрбумаар барина.
Ирэх жилийн хувьд онцлох 10 арга хэмжээ байгаа ажээ. Үүний нэг нь дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүдтэй болох төлөвлөгөө аж. Ингэхдээ Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барина гэж тооцоолжээ. Харин Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд 15.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж. 2024 оны буюу ирэх жилийн төсвийн төсөлд дээрх гурван төслийг нийт 40 тэрбум төгрөгөөр эхлүүлэхээр тооцоолжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
АРВАНГУРАВ. Ирэх жилийн төсөвт Шинэ Хархорум хотод 30 тэрбумыг төсөвлөсөн.
Ирэх жилийн улсын төсөвт Шинэ Хархорум хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Уг хотын бүтээн байгуулах үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байна. Үндэсний хорооны дэргэдэх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалж байгаа ажээ.
Төсөлтэй холбоотой зарим тоон мэдээллийг ЭНД дарж уншина уу.
АРВАНДӨРӨВ. Ирээдүй өв санд ирэх жил 1.3 их наядыг төвлөрүүлнэ.
Энэ жил тус санд 550 тэрбум төгрөг нэмэхээр Төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан. Харин ирэх жилийн төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр тооцоолжээ. Сангийн яамны мэдээлснээр өндөр хүүгээс илүүтэй ирээдүйд хуримтлалыг үр ашигтай, найдвартай хадгалах чиглэлд анхаарахаар ажиллаж байгаа аж.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Ирэх жилийн улсын төсвийг эцэслэн баталсны дараагаар та бүхэнд дахин задалж, мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eguur mundag