Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализ

6-16 жилийн өмнөх ДС-ын 9 төслийг ирэх жилийн Улсын төсөвт тусгасан нь

Ирэх жилийн буюу 2024 оны Улсын төсөвт орон нутагт нийт 10 цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын төсөв дурдагдсан. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гадна орон нутагт БНСУ-ын санхүүжилтээр нүүрсний уурхайд түшиглэсэн 9 цахилгаан станц барина хэмээж байгаа. Энэ нь ч ирэх жилийн гол сэдэв болох Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн хөгжлийн жил болгож буй Засгийн газрын бодлоготой холбоотой.

Тэгвэл уг 10 төслийн явц, ирэх жил хэчнээн төгрөгийн санхүүжилтийг суулгасан талаар судалсан юм.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихын тулд үлдэгдэл нөхөн олговор 9.2 тэрбумыг иргэдэд олгоно-

БНХАУ-ын санхүүжилтээр манай улсын Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2018 оны жагсаалтад уг төсөл багтаж байв. Засгийн газар ийн хөрөнгө оруулалт татахтай зэрэгцэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Дөрвөн аймгийн иргэдийг хамарсан уг асуудал одоог хүртэл үргэлжилж байгаа билээ.

Нийт 90 мВт-д суурилсан хүчин чадалтай ажиллаж, жилд нийт 366 сая кВт-ыг үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолсон уг төслийн гүйцэтгэгчээр 2021 онд БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарсан. Ингэхдээ гэрээний хэлэлцээрт 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулна, зарим зардлыг улсын төсвөөс гаргана, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэнэ хэмээсэн байдаг. ТЭЗҮ-ээр бол 19.5 жилийн дотор өртгөө нөхөх боломжтой. Цахилгаан эрчим хүчээ зарж борлуулаад 271.4 сая долларын зээлийг 19.5 жилийн дотор төлөх боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо гарсан байдаг.

Тэгвэл 2023 онд уг төсөлд нийт 123 тэрбум төгрөгийн төсөв тавьсан бол ирэх жиллийн хувьд 150 тэрбум төгрөгийн төсөв тавьжээ. Түүгээр ч зогсохгүй иргэдэд үлдэгдэл нөхөн олговор болох 9.2 тэрбум төгрөгийг ч тусгасан байна.

2020 оны УИХ-ын сонгуулийг өнгөрөөсөн эл төсөл ийнхүү 2024 оны УИХ-ын сонгуулийг дамнах нээ. 2018 онд дурдагдаж эхэлсэн хэмээн тооцвол өдгөө зургаа дахь жилээ өнгөрөөх төсөл гэсэн үг юм.

-Орон нутгийн 9 ДС-д 20.1 тэрбумын санхүүжилт төсөвлөжээ-

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт нийт 9 цахилгаан станцыг ашиглалтад оруулах билээ. Ингэхдээ БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, цахилгаан хангамжийн хоёрдугаар хэлхээний санхүүжилтэд 46 тэрбумын төсөвт өртөгтэй байгаагаас 20.1 тэрбумын санхүүжилт олгох ажээ.

11 жилийн өмнө Өвөрхангайд Баянтээгийн уурхайд түшиглэж 40 мВт-ын цахилгаан станц барих байсан нь өдгөө гурав хуваагдав.

Одоогоос 11 жилийн нүүрсний ордуудыг түшиглэж, цахилгаан станц барихаар болж байв. Ингэхдээ Баянтээгийн уурхайд түшиглэж, 40 мВт-ын цахилгаан станц барих тооцоотой байсан гэдэг. Тус уурхайн нүүрсээр Архангай, Баянхонгор болон Өвөрхангай аймгуудыг хангадаг билээ.

Тухайн үед Өвөрхангай аймагт барина хэмээн тооцоолж байсан станцын ТЭЗҮ-ийг хийж дуусгасан хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл одоо уг уурхайг түшиглэж, дээрх гурван аймаг тус бүрд нь дулааны станц барихаар тооцоолжээ. Тодруулбал,

  • Архангайн Цэцэрлэгт 25 Гкал/ц хүчин чадалтай станцад ирэх онд 1.6
  • Баянхонгор аймгийн Баянхонгорт 30 Гкал/ц хүчин чадалтай станцад ирэх онд 2.3
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 30 Гкал/ц хүчин чадалтай станцад 11.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус бүр ирэх онд төсөвлөсөн байна.

13 дахь жилдээ яригдаж буй Могойн гол нүүрсний ордод түшиглэсэн Завханы станц.

Завхан аймгийн Улиастай суманд 25Гкал/ц хүчин чадалтай, Могойн гол нүүрсний ордод түшиглэсэн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ДС барих гэж буй.

Могойн голын уурхайд түшиглэсэн дулааны станцын тухай мэдээллийг тэртээ 2010 оны үеэс ярьж байсан түүхтэй. Учир нь тухайн жил станцын шавыг тавьсан билээ. Тухайн үед 13 сая тоннын нөөцтэй хэмээж, 60 мВт-ын ДЦС барина хэмээж байв.

Төсөвт өртгийг Засгийн газраас 60 гаруй сая ам.доллар гэж байсан ч Хятадын талын "Шинэ Азиа Майнинг" компанитай гэрээлсний улмаас 110 сая ам.долларын төсөвтэй болж, нэмэгдсэн гэдэг. Гэрээнд зааснаар уг Хятад компани 30-40 жилийн хугацаанд 100 хувь эзэмших байжээ. Ингэхдээ Говь-Алтай болон Завхан аймгийг цахилгаанаар хангахын тулд уг уурхайг түшиглэж, цахилгаан станц барихаар төлөвлөж байсан гэх. Тус хоёр аймгийг цахилгаанаар хангахын тулд 2011 оны арваннэгдүгээр сард эхний ээлжийн 11мВт-ын цахилгаан станц ашиглалтад орно хэмээж байлаа. Тус станцыг түшиглэх эл уурхай нь Хөвсгөл аймагт бий.

Тухайн үед буюу 2009, 2010 оны улсын төсөвт 14 тэрбум төгрөгийг суулгасан байдаг. Гэсэн хэдий ч 2011 оны хоёрдугаар сард станцыг барих байршлыг өөрчилж, Завхан аймгийн Тэлмэн сумаас 70 км зайтай барихаар болсон. Улмаар 2012 онд ашиглалтад оруулна хэмээн УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт олон нийтэд мэдээлж байв.

Түүгээр ч зогсогүй ТЭЗҮ тэргүүтэй эхний шатны ажил дууссан, Тэлмэн-Могойн голын 95 км, Могойн гол-Мөрөнгийн 175 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хэвийн үргэлжилж байгаа хэмээж байлаа. Нэг ёсондоо бол уг төсөл нь ийнхүү 13 жил яригдсан гэсэн үг юм. Ашиглалтад ороод 11 жилийн нүүрийг үзсэн байх ёстой байжээ. Гэвчиг өнөөдрийг хүртэл баригдаагүй. Тэгвэл ирэх жилийн хувьд ДЦС бус ДС барихаар нийт 1.7 тэрбумыг төсөвлөсөн байна.

16 жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэхээр Төгрөг нуурын нүүрсний ордыг түшиглэж байсан ч одоо 30 Гкал/ц хүчин чадалтай станц барина.

2012 онд стратегийн ордуудыг түшиглэж, станцууд барих асуудал ихээр хөндөгдөж байв. Тухайн үед Төгрөг нуурын нүүрсний ордод хүрэн нүүрс байдаг бөгөөд илчлэг багатай, хүрэн нүүрстэй ажээ.

Энэ төрлийн илчлэг багатай хүрэн нүүрстэй тул цахилгаан станц барьж болдоггүй бөгөөд бага оврын цахилгаан станцыг барих боломжтой хэмээн "Төгрөг нуур энержи" компанийн химийн зөвлөх мэдээлж байв. Тиймээс уг нүүрсийг боловсруулахаас өөр сонголтгүй тул хагас коксны туршилтын үйлдвэрийг тухайн нүүрсний ордод түшиглэж байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн нүүрс хийжүүлэх, баяжуулах, шингэрүүлэх судалгааны ажил хийж байсан ажээ. Хагас коксны үйлдвэрээс эрчим хүч ч гаргаж авч болдог билээ.

Ташрамд, өдгөө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгрийн хагас коксон утаагүй түлшийг 2007 онд буюу одоогоос 16 жилийн өмнө ярьж байсан түүхтэй. Тодруулбал, "Төгрөг нуурын энержи" компанийн гүйцэтгэх захирал Л.Дүгэржав тэргүүтэй эрдэмтэн судлаачид уг ордод түшиглэж, Хонхорт утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гаргаж, төслөө батлуулж, улсаас 17 тэрбумыг төсөвт суулгаж байсан. 2008 оноос эхэлж, жилд 100 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй байсан юм.

Тухайн үеийн эрдэмтэн судлаачид уг утаагүй түлшний төсөлд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс саад болсон гэлцдэг. Ямартай ч одоо Төв аймгийн Зуунмод суманд 30 Гкал/ц хүчин чадалтай станц барихаар зэхэж, 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Улсын төсөвт суулгаад байна.

Говьсүмбэр аймагт 5.5 тэрбумаас ДС барина.

Эрчим хүчний нүүрсийг Шивээ-Овоо ордоос хангадаг. Тэгвэл 2021 онд Говьсүмбэр аймгийн Чойрт 20Гкал/ц хүчин чадалтай станц барихаар болжээ. Үүний тулд Улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан байна.

Тус дулааны станцын зээлийн гэрээ 2018 оны арванхоёрлугаар сард баталгаажсан. Төслийн хүрээнд 7.5 км дулааны шугам, таван дулаан дамжуулах төв баригдахаар төлөвлөгдсөн байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийн ТЭЗҮ-ийг нь боловсруулаад 10 жил болсон ДС-ын төсөл.

Ирэх жилийн Улсын төсөвт Хэнтий аймаг толгой цохиж яваа. Тэгвэл тус аймгийн Өндөрхаан суманд 30 Гкал/ц хүчин чадалтай, Чандгана нүүрсний ордод түшиглэсэн ДС барих бөгөөд 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгажээ.

Тэгвэл уг төслийг 2013 онд Эрчим хүчний сайд М.Сономпил Дулааны станц барих ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахад 300 сая төгрөгийн төсөв шаардлагатай хэмээн үзсэн байдаг. Ингэхдээ Монгол Улсын төсвийн хөрөнгөөр түлш, эрчим хүчний салбарт 2013 онд шинээр зайлшгүй боловсруулж бэлэн болгох техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн жагсаалтдаа уг төслийг оруулсан байсан юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ийн харвал ирээдүйд хийх зарим томоохон төслүүд нь одоогоос 16 хүртэлх жилийн өмнө хэдийн санаачилсан, ТЭЗҮ-ийг боловсруулсан төслүүд байгаа юм. Товчоор бол тухайн үед хэрэгжиж чадаагүй, эсвэл ямарваа нэгэн улс төрийн шийдвэрээс үүдэж төслийн ажлыг хойшлуулсан, унагаасан гэх мэт асуудлын улмаас ийнхүү 2023 онтой золгосон хэрэг. Эргээд харахад дээрх төслүүд архивлагдаж, товчхондоо багадаа л 10 жилийн дараа дахин сөхөгдөж байна. Моод эргэдэг гэдгийн адил олон жилийн өмнө унагаасан төслүүд хуучирдаггүй бололтой. Ямартай ч дараагийн эрх баригчид буюу төслийг санаачлагчдын хойч үеийнхэн ийнхүү тэмдэглэлийг дахин ашиглаж, өмнөх төслүүдийг сөхлөө. Хэрэв уг төслүүд хэрэгжихгүй бол дахин сөхөгдөхөө хүлээж, 10 жил дарагдах уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-10 10:29

Эрдэнэбүрэн УЦС одоо хүртэл эхлээгүй ш�##�тгаан одоогийн ЗГ. 250 сая $ дээш зээлийн санхүүжилтыг Хятадын Ардын Хурлаар оруулж батлагдсанаар зээл хүчин төгөлдөр болно. Манай ЗГ хугацаанд матери�##�аа өгөөгүй ш�##�тгаанаас хойшлосон. Өөрсдийн �##�дааг аятайхан үгээр ард түмнийг хуурахаа боль . Солонгосын ХО -оор 10 аймагт ДС барьж байна. Т.т ийг хүссэн ч эс хүссэн ч хятадаас л авна. Энэ дээр чинь нөгөө ногоон атусны асууд�##� босно. Манайд баригдсан цахилгаан станцуудын өргөтгөлд тавигдсан т.т үүд бүгд капит�##� шүү. Хятадын хувийн компануудад ажил их өгсөнөөс бүүр ч ихээр хийгдэх болсон.

Холбоотой мэдээ

Back to top button