Сөүл метроны буудалдаа гадаад хэлээс шууд орчуулах үйлчилгээг туршиж байна

Сөүл хотын Мёндун дүүрэг дэх метроны буудал жуулчдад зориулж гадаад хэлээс газар дээр нь шууд орчуулдаг үйлчилгээг өнөөдрөөс /2023.12.04/ туршиж эхэлжээ. Хиймэл оюун ухаан ашигладаг тус үйлчилгээ нь метроны ажилчид, жуулчдын хооронд саадгүй харилцахад тусална гэж Сөүлийн метроны алба мэдэгдсэн байна.
Хиймэл оюун ухаан нь Солонгос, Англи, Япон, Хятад, Вьетнам, Тайланд, Малайз, Индонези, Испани, Франц, Герман, Араб, Орос зэрэг 13 хэлийг орчуулах чадвартай аж. Жуулчид метроны буудал дээр байрлуулсан LED дэлгэцээр дамжуулан ажилчидтай харьцана.

LED дэлгэц нь хуруу мэдрэгчтэй бөгөөд жуулчид микрофон руу ярихад хиймэл оюун ухаан орчуулан дэлгэц дээр харуулж, үүнд нь ажилчид хариулах юм. Туршилтын хугацаа дөрвөн сарын турш үргэлжилж, цаашлаад Мёндунаас гадна таван метроны буудалд тус үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Сөүлийн метроны албаны захирал энэ технологийн талаар ярихдаа “Энэхүү системийг нэвтрүүлснээр Солонгост зорчиж буй гадаадын иргэд метроны талаарх мэдээллийг хялбар, тохь тухтай авах боломжтой болно гэж найдаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.