СУРВАЛЖИЛГА: Сурагчид хичээлийнхээ өмнө Төрийн дуулал дуулахдаа юу мэдэрдэг вэ
-БАГАЧУУДЫН ХУВЬД ТӨРИЙН ДУУЛАЛ НЬ ХЭР ҮНЭ ЦЭНТЭЙ ВЭ?-
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж үүрд мөнхөжнө...Унших үед эгшиглэнт аяз нь аяндаа сонсдох нэг л танил мөрүүд, Монгол Улсын төрийн дуулал. Цэцэрлэгийн бага балчир наснаасаа л сурдаг, телевиз радиогоор өдөр бүр эгшиглэдэг монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг дуу.
Эх орны ирээдүйн гэрэл гэгээ болсон хүүхэд багачуудын хувьд төрийн дуулал нь хэр үнэ цэнтэй байдаг бол? Дуулах үедээ тэд чухам юуг мэдэрч, бас бодолхийлдэг бол? Энэ асуултыг тавин Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийг зорилоо. Энэ сургуулийг зорьсон нь бас учиртай. Тэд хичээл болгоныг хамтдаа төрийн дууллаа дуулан эхлүүлдэг хэвшлийг бий болгоод дөрвөн жил болж байгаа аж.
Биднийг очход өдрийн ээлжийн хичээл дөнгөж эхэлж байлаа. Хаалга нь хаалттай анги бүрийн гаднаас төрийн дуулал балчир үрсийн хоолойгоор нэгэн зэрэг эгшиглэж байв. Цонхоор нь шагайхад цэх зогсож, баруун гараа зүрхэн тушаа байрлуулсан сурагчдын дүр төрх харагдана. Тэд ийн ярив.

-ӨГЛӨӨ БОЛГОН ТӨРИЙН ДУУЛЛАА ДУУЛАХАД ХИЧЭЭЛ ХИЙХ УРАМ ОРДОГ-
7б ангийн сурагч Л.Түвшин:

-Өглөө бүрийн хичээлийг төрийн дууллаа дуулж эхлүүлэх үед маш гоё омогших мэдрэмж авдаг. Дуулж байх үед дотроо, “Монгол маань ямар сайхан орон бэ?” гэж боддог. Манай сургуулийн хувьд хамгийн эхний хичээл эхлэхээс гурван минутын өмнө төрийн дууллаа хамтдаа дуулдаг хэвшилтэй. 17-р сургуулийн 2 мянган хүүхэд нэгэн зэрэг дуулдаг. Ингэж олноороо дуулсны дараа хичээлээ сайн хиймээр сэтгэл төрж, гоё санагддаг. Төрийн дууллаас “Өндөр төрийн минь сүлд ивээж...” гэсэн хэсэг хамгийн их таалагддаг. Үүгээр, “Монголын туг маань ийм сайхан сүлдтэй шүү” гэдгийг илэрхийлсэн байх гэж боддог. Миний хувьд, монгол хүн бүр төрийн дууллаа мэддэг байх хэрэгтэй. Иймээс үеийнхээ хүүхдүүдийг төрийн дууллаа цээжлээрэй, өдөр болгон дуулдаг болоорой гэж уриалмаар байна.
7б ангийн сурагч: С.Пагмадулам:

-Хичээл бүрийн эхэнд төрийн дууллаа дуулах нь маш таатай байдаг. Эхний цагийн хичээл орох багш орж ирүүт бүгдээрээ босоод, хамтдаа дуулахад гоё. Надад, “Дархан манай тусгаар улс...” гэсэн эхлэл хэсгийн мөрүүд хамгийн их таалагддаг. Яагаад ч юм, бүх хүүхдүүд нэгэн зэрэг, чанга дуугаар эхлүүлдэг учир тэр байх. Заримдаа багш хараахан орж ирээгүй үед бидний нэг нь санаачилга гаргаж, төрийн дууллаа өөрсдөө дуулах нь ч бий. Ер дуулах бүртээ Монгол гэдэг ямар гоё улсад амьдарч буйгаа ойлгодог.
7б ангийн сурагч С.Ганхуяг:

-Өглөө болгон төрийн дууллаа дуулахад хичээл хийх урам ордог. Монгол Улсынхаа төрийн дууллыг дуулж, хичээлээ эхлүүлж байна гээд бодохоор цаанаасаа урамшаад ирдэг. Хэрвээ дуулахгүйгээр нэг өдрийн хичээлийг эхлүүллээ гэхэд жаахан сонин байх болов уу. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлээр чармайх л байх л даа. Би, “Хамаг дэлхийн шударга улс” гэсэн хэсэгт дуртай. Хүмүүс маань гар нийлдэг, өөр хоорондоо эв найртай байвал эх орон маань сайхан байх мэт санагддаг.
8г ангийн сурагч Н.Бэлгүтэй:

-Өглөө бүр төрийн дуулал дуулахад эх орноороо бахархах сэтгэл төрдөг. Анги хамт олноороо, хичээл болгоны эхэнд ингэж эх орноороо бахархана гэдэг сайхан шүү дээ. Ер нь монгол хүн бүр л төрийн дууллаа мэддэг, улс орноо хүндэтгэдэг байх хэрэгтэй. Төрийн дууллын дахилт хэсэгт хамгийн дуртай. Ая нь сонсголонтой, үг нь гоё санагддаг.
8г ангийн сурагч Б.Мөнхжин:

-Төрийн дууллаа дуулах үед өвөг дээдэс маань бидний төлөө яасан их дайтаж, тэмцэж ирсэн нь нүдэнд харагдах шиг л болдог. Ер нь төрийн дууллыг, ард түмэн бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж яваасай гэсэндээ зохиосон байх. Хамгийн таалагддаг хэсэг бол дахилт. Энэ хэсэгт Монголчуудыг эрэлхэг, зоригтой гэж бичсэн байдаг.
8г ангийн сурагч Г.Буяннэмэх:

-Өглөө төрийн дууллаа дуулахаар төрөө дээдлэх мэдрэмж төрдөг.
-Төр гэж чиний бодлоор юу вэ?
-Төр гэж Улсын их хурлын гишүүд байх /инээв.сурв/.
-Төрийн дууллын ямар хэсэг нь хамгийн их таалагддаг вэ?
-Дахилтын хэсэг. Эндээс Чингис хааны үйл гавьяа, эх орны үнэ цэн мэдрэгддэг.
8г ангийн сурагч О.Дүүриймаа:

-Өглөө бүр ангидаа төрийн дуулал дуулах үед би Монгол орноороо бахархдаг. Галдан Бошгитын хэлсэн, “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үг шууд санаанд орж ирдэг. Би хоёрдугаар бадагт нь дуртай, илүү их бахархах сэтгэл төрүүлдэг.
8г ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ:

-Төрийн дуулал дуулахаар Чингис хаан яаж төр улсаа байгуулсан зэргийг нүдэндээ үзэх шиг болдог. Дахилтын хэсэгт нь хамгийн дуртай. Дахилтаар Монголчуудыг эрэлхэг зоригтой гэсэн үгээр илэрхийлсэн байдаг. Ер нь ингээд бодохоор Монгол хүн болж төрсөндөө их бахархдаг. Төрийн дууллаа цээжээр мэддэг, дуулж чаддаг байгаарай гэж үеийнхээ хүүхдүүддээ захья.
-ХҮҮХДҮҮД ТӨРИЙН ДУУЛЛАА ХЭЗЭЭ Ч УУРЛАЖ, БУХИМДАЖ ДУУЛДАГГҮЙ-
Сурагчидтай товч ярилцсаны дараа тус сургуулийн сургалтын менежер Ж.Лхагваас холбогдох зүйлсийг тодрууллаа. Тэрбээр,
“Би урьд нь Монгол хэлний багшаар ажиллаж байгаад сургалтын менежерийн албанд томилогдсон. Ийм ч учраас сурагчдад эх оронч, хүмүүнлэг сэтгэлгээг төлөвшүүлэх нь зөв гэж боддог. Манай сургуулийн хувьд өглөө бүрийг төрийн дуулал дуулж эхлүүлдэг хэвшлийг бий болгоод дөрвөн жил болж байна. Өнгөрсөн жил бүх сурагчид багш нартайгаа коридорт гарч, бөөгнөрч зогсоод дуулдаг байсан бол энэ жил хэлбэрээ өөрчилж, анги ангид нь дуулуулдаг болсон. Сурагч бүрт төрийн дууллаа мэддэг, дуулах бүртээ эх орноороо бахархдаг сэтгэлгээг суулгах нь зөв гэсэн санаачилгын үндсэн дээр энэ ажил эхэлсэн байдаг.
Өглөөг төрийн дуулал дуулж эхлүүлэх нь сурагчдад мэдэгдэхүйц нөлөөлдөг гэж боддог. Бид өөрсдөө нэг дуу дуулаад, нэг шүлэг уншчихвал сэтгэл яаж хөдөлдөг билээ. Дээрээс нь манай төрийн дуулал яруу үгтэй, тансаг аялгуутай. Утга агуулга нь гүн. Ийм ч учир хичээлээ төрийн дуулал дуулж эхлүүлнэ гэдэг сурагчдын сэтгэлзүйд ондоо тусдаг. Хүүхдүүд төрийн дууллаа баяр баясалтай дуулна уу гэхээс, хэзээ ч уурлаж, бухимдаж дуулахгүй шүү дээ” хэмээж байсан юм.

Чингэлтэй дүүргийн 17-р сургууль төрийн дууллыг хэвшил болгосон шигээ эх оронч үзлийг сурагчдад төлөвшүүлэх олон зорилтот ажлыг хийсэн байна. Үүний нэг жишээ нь шатны дэргэдэх хананд байршуулсан монгол, кирилл бичигтэй самбарууд. Тэдгээрт Монгол хүний эрхэмлэх зүйлс, сургуулийн дэг хийгээд зүйр цэцэн үгс зэргийг хоёр бичгээр харьцуулан бичсэн байсан юм. Мөн гуравдугаар давхрын коридорын нэг талын хана уран бичлэгийн бүтээлүүдээр дүүрэн байлаа. Тус сургуулийн сурагч, төгсөгч нарын бүтээл аж. Мөн сурагчдад аюулгүй байлгах үүднээс жаазлахдаа шилний оронд хүнсний скоч ашиглажээ. Ийм учир нурж унасан ч хагарах эрсдэлгүй болсон байна.
Ийнхүү 7, 8-р ангийн сурагчид өглөө бүр төрийн дууллаа дуулж, хичээлээ эхлүүлж байна. Тэгэхдээ эх орноо бодон омогшиж, эрдэм номд шамдах урам зоригоо олж авдаг тухайгаа тэд хуваалцлаа. Ирээдүйн сайн боловсон хүчнүүд, эх оронч, хөдөлмөрч охид, залуус болж төлөвшинө гэдэгт нь итгэл дүүрэн.

М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.