УОК: Ажлын хэсэг гаргаж ослын дараах дүн шинжилгээг хийж байна

Осолтой холбоотойгоор галд өртсөн иргэдийн байр болон амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд дэмжлэг туслалцаа үзүүлж, нөхөн төлбөр олгож, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхээр УОК ажиллаж байгаа юм. Энэ талаар албаныхнаас тодрууллаа.
УОК-ын нарийн бичгийн дарга "Одоогийн байдлаар манайхаас ажлын хэсэг гарч, ослын дүн шинжилгээ хийж байна. Төсөв мөнгөний нэгдсэн тоо хэмжээ хараахан гараагүй байна. Амь эрсэдсэн гурван алба хаагчийн ар гэр удахгүй гурван өрөө байрандаа орох төлөвлөгөөтэй байна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулах эсэхийг шийднэ" гэлээ.
Эргэн сануулахад, Өнгөрсөн сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүсэж, ойр орчмын барилга байгууламж, автомашин шатаж, аврах 63-р ангийн гурван алба хаагч болон осолд өртсөн хоёр иргэн амиа алдсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.