Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“Улайдаггүй” Ч.Улаан сайд

Салбарын сайд нь “Хонь, ямааг амьдаар нь экспортлохыг би хувьдаа дэмжиж байгаа”  хэмээн ярих зуур хадам дүү нь Зам-Үүдэд энэ чиглэлийн бизнесээ хэдийнэ бэлдчихээд, сууж буй. Үүнийгээ Ч.Улаан сайд “Манай эхнэр надад хамаатай, гэхдээ дүүгийнх нь компани хамаагүй. Тэр компани тэгээд хонь, ямаа экспортлох бизнесээ хийнэ биз” ухааны яриагаар  тайлбарлачихаж байгаа юм.

Аягүй амархан. Иймэрхүү амгалан төрхөөр асуудлаас гарч, ард нь эрх ашгаа хавчуулаад сурчихсан. Одоо хэсэг шуугиад өнгөрнө. Намар гэхэд Замын-Үүдэд Ч.Улаан сайдын эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК хонь, ямааг амьдаар нь экспортлох ажлыг давуу эрхээр явуулна. Бид нэг ийм хэвшилд орж, албан тушаалтнуудын эрх ашгийн зөрчлийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч сурчээ.

Парламентад он дараалан сонгогдож, хэд хэдэн удаа сайдаар ажиллачихсан ийм хүмүүс нь ичиж улайхаа ч больчихсоны нэг жишээ бол Ч.Улаан сайдын энэ үйлдэл билээ. “Ичиж улайдаггүй юм, хөөрхий” гээд олон нийт нь хүлээн зөвшөөрөөд дадчихсан. Нөгөө сүрхий үүрэг, хариуцлага яриад байдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудал дээр бас ч таг чиг өнгөрөхөөр шийдсэн гэлтэй.

Уг нь “Монгол адууг амьдаар нь хилээр гаргахгүй” гэж хатуухан хэлээд, хэлсэн үгэндээ эзэн болсон хүн бол Ерөнхий сайд. Харин танхимын сайд нь хонь, ямааг амьдаар нь хил гаргах асуудлыг эхнэрийнхээ дүүгийн компанид хариуцуулах гэж байхад  тэр хэрхэн хандахыг харах л үлдлээ.

Аа, Ч.Улаан сайд бол “улайхгүй” чигээр даван туулах юм байна. Түүнийг сайд болоход нь ашиг сонирхлын хүрээнд эхнэрийнх нь мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани зөрчлөөр нэрлэгдээгүй нь ихээхэн анхаарал татав. Ч

Ч.Улаан сайд аа, таныг ажигласаар суугаа шүү. Ар өврийн хаалгыг эхнэрийнхээ дүү нарт нээж өгсөөр байх уу. Салбар яамныхаа бодлогыг том түвшинд харах уу гэдгээ 2020 оны сонгуулийн зааг дээр эргэцүүлэн нэг бодоход гэмгүй биз ээ.

Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button