"Сэр сэр салхи" Азийн олон улсын наадмаас шагнал хүртлээ

"Сэр сэр салхи" дахин нэг удаа Монголын кино урлагт шинэ салхи сэвэлзүүллээ. Найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" уран сайхны кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагналыг хүртжээ. Мөн уран сайхны киноны гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болсон байна.
“Сэр сэр салхи” УСК нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртэж байв.
Тус киног Монгол, Франц, Голланд, Португалийн уран бүтээлчид хамтран бүтээсэн. 17 настай хүү Монголын нийгэмд амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөн тэмцэж буй тухай өгүүлнэ. Найруулагч П.Лхагвадулам, продюссер Ц.Ариунаа нар нь 2020 онд “Локарно” олон улсын кино наадамд "Ze” кино төслөөрөө амжилттай оролцож тус наадмын тэргүүн шагнал болох “Moulin d’Ande-Ceci” шагналын эзнээр тодорч байжээ.
Сонирхуулхад, П.Лхагвадулам найруулагчийн анхны богино хэмжээний кино болох “Есдүгээр сарын цас” кино нь 2022 оны Венецийн кино наадмын "Шилдэг богино кино" шагнал, 2022 оны Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино" шагнал хүртэж байсан түүхтэй. Мөн "Шилүүс" богино хэмжээний кино 2020 оны Каннын кино наадмын богино хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарч байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.