Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Талбай дээрх “100 саяын чулуу” буюу мөнгө үрэх ДОН

Арванхоёрдугаар сарын 15-16-нийг шилжих оройн 21 цагийн үед нийслэлийн төв талбайд дөрвөлжин цагаан чулуу байршуулсан нь өдгөө гурав дахь хоногтоо дуулиан дагуулж байна. Нийт 34 ширхэг дөрвөлжин хэлбэртэй, боржин чулуунуудыг Төв талбайн баруун, зүүн хэсэгт байршуулаад буй.

Байршуулсны маргааш буюу 16-нд хаанаас ямар хүмүүс, ямар зорилгоор, хэдий хэр төсвөөр байршуулсан болохыг хэвлэл мэдээллийнхэн эрэл сурал болсон ч, хайгаад олоогүй.

Харин өчигдөр /2019.12.17/ эзэн холбогдогч нь гарч ирэв. Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагай, Нийслэлийн захирагч С.Амарсайхан нар гарч ирж, уг асуудлаар тодруулга өгсөн юм.

Төрийн тусгай хамгаалалттай газраас нийт 34 ширхэг боржин чулуу байршуулсан бөгөөд энэ ажилдаа 100 гаруй сая төгрөг зарцуулсан. Чулуу нэг бүрийн үнэ 3 сая гаруй төгрөг аж. Ядаж байхад жигд бус. Том, жижгийг нь шүүмжлэх хүмүүс ч байна. Том нь 320, жижиг нь 220 гаруй килограммын масстай аж. Ер нь “булшны чулуу” гэж шүүмжлэгсэд олон байна. Түүнчлэн тэргэнцэртэй хүн багтаж явхад хэцүү болгосон гэх шүүмжлэл шинээр гарч ирээд буйг энд зориуд онцлох хэрэгтэй.


Яагаад талбайгаа “чулуужуулах” болсон тухайгаа ТТХГ-ын дарга н.Алтаншагай, “Дэлхийн олон орнууд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин чулуу байршуулдаг. Аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд энэ ажил 2018 оноос яригдсаар өнөө жил хэрэгжлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Төв талбай руу нэвтэрсэн зэрэг хэрэг тохиолдож байсан” гэжээ. 100 саяын чулууны асуудлын ийм хялбархан тайлбарлачихаж байгаа юм.

Харин хотын дарга С.Амарсайхан “Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч хэлбэр дүрс, загвар дизайнд нь жаахан анхаар” гэх утга бүхий зүйл ярьсан. Түүний энэ хариултаас харахад хотын даргын бас нэг “үл бүтэх ажиллагаа” байсан бололтой. Ерөөс хотын дарга бүтэхгүй санаанууд гаргаж, түүнээсээ эргэж буцаж цуцалдаг үйлдэл сүүлийн үед олон нийтийг их л бухимдуулаад буй.

Нөгөө талаар хаана хэзээ Монголчууд өдөр бүр талбай руугаа машинтай дайрч, нэвтрээд байгаа юм бэ. Манай ард түмэн талбай руугаа машинтай яваад орчихдог танхай балмад болчихоогүй байлтай. Товчхондоо бол 34 ширхэг, ширхэг тус бүр нь 3 саяын үнэтэй чулуугаар шалтаглан “мөнгө үрэх ДОН” явагдаж байгаа гэж шууд хардагдахаар байна. Өөрөөр хэлбэл хоосноос мөнгө босгох инноваци аж. Түүнчлэн эдгээр чулуугаа зөөвөрлөсөн тээврийн зардал, байршуулах ажлын зардал гээд та бидний татварын мөнгөнөөс хичнээн нь урссан бол. Иргэдийнхээ халаасыг тэмтчиж, төсвийн мөнгөнд хайр найргүй хандаж, үрэн тарах хийхээ хэзээ болих вэ дарга нар аа. Хэнд хэрэгтэй, ямар учиртай бүтээн байгуулалт вэ гэдгийг ойлгох ухаан хүрсэнгүй.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button