БНСУ-ын машины үйлдвэр монгол залуугийн үхэлд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрлөө
БНСУ-д 26 жил цагаачилсан монгол залуу ажилд ороод 8 сарын дараа ослоор нас барсан. Улмаар үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдлын алдаанаас болж монгол залуу амиа алдсан хэмээн түүний ээж, солонгос иргэдийн хамт жагсаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тодруулбал, Өнгөрсөн сарын 08-ны /2024.11.08/ өдөр тусгай зориулалтын автомашины үйлдвэрт осол гарч, Монгол Улсын иргэн ноён А үйлдвэрийн тоног төхөөрөмжид давчуулагдаж, анхны тусламж авч чадалгүй нас барсан юм. Хэргийг тус улсын цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
Мөн харамсалтай ослоор амиа алдсан монгол залуу н.Тайван нь зургаан настайдаа Монголоос БНСУ-д очиж, 26 жилийн турш цагаачлан амьдарч, тус улсад оршин суух албан ёсны үнэмлэхээ аваад найман сар болж байсан юм. Тэрээр БНСУ-ын "цагаач хүүхдүүд телевиз"-ын шоуны оролцогч байсан тул түүний үхэл солонгосчуудын анхаарлыг татсан.
Учир нь цагаач хүүхдүүд шоуны оролцогч монгол залуу н.Тайван нь ажиллаж байсан автомашины үйлдвэрийнхээ шинэ загварын алсын зайны удирдлагатай машиныг туршиж байх явцдаа амиа алдсан.
Түүний цогцос шинээр туршсан автомат машин болон тус үйлдвэрийн экскаваторт хоёрын голд хавчуулагдсан байдалтай олдсон. Түүний үхлийн шууд шалтгаан нь гэмтлийн цочрол, олон хавирганы хугарал, зүрхний урагдал гэж гарсан. Харин ослоос гурван өдрийн дараах задлан шинжилгээгээр “Хавирга, нурууны яс гэмтсэн, хоёр уушги нь цуурсан” гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Түүнчлэн талийгаачийн хамгийн сүүлчийн бичлэг үйлдвэрийн камерт бичигдсэн үлдсэн. Хэрэг HR E&I компанид 10 тонн жинтэй тээврийн хэрэгслийг үйлдвэрээс гаргаж, тус компанийн бүтээж буй теле ачигчийг туршихаар туршилтын талбай руу шилжүүлэх үед болсон байна. Уг машиныг талийгаач н.Тайван алсын удирдлага ашиглан алсаас удирдаж байсан аж. Удаан хөдөлж буй тээврийн хэрэгсэл үйлдвэрийн хаалга хэсгээр дамжин өнгөрөхдөө налуу зам дээр хурдаа алдаж, Тайванг дайрч ар талд нь байрласан экскаваторт хавчуулсан байжээ.
Тиймээс уг ослын үйлдвэрийн алдаанаас болсон хэмээн БНСУ-ын иргэд болон талийгаачийн ээж н.Энхжаргал тус улсын Хөдөлмөрийн яамны Жонжү дэх салбарын өмнө хэвлэлийн бага хурал хийж, жагсаж эхэлсэн юм.
Ингэхдээ тус үйлдвэр буруугаа хүлээж, хариуцлага хүлээх хүртэл амиа алдсан монгол залуугийн оршуулах ёслолыг хийхгүй гэж мэдэгдсэн байдаг. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Тэгвэл энэ сарын 10-ны өдөр талийгаачийн ээж Жооллабук-до мужийн Гимже хотын HR E&I үйлдвэрийн удирдлагуудтай хоёр цаг гаруй уулзалт хийсний эцэст тохиролцоонд хүрч, БНСУ-д үйлдвэрийн ослоор амь насаа алдсан монгол залуугийн оршуулах ёслолыг өнөөдөр /2024.12.12/ хийхээр болсон байна.
Мөн солонгосын иргэд талийгаачийн ээжтэй хамтарсан 34 хоногийн жагсаалын үр дүнд талийгаачийн ажиллаж байсан машины үйлдвэр буруугаа хүлээж, тус компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас н.Тайван гэх монгол залуу нас барсан хэмээн энэ сарын 31-ний дотор уучлал хүссэн мэдэгдлийг компанийнхаа цахим хуудаст байршуулахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.