ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

BLOOMBERG: Ш.Алтантуяагийн үхлийг Малайзын засгийн газар дахин сөхнө

ХОЁР ОФИЦЕРТ БУРУУГ ТОХООД ДУУСАХ УТГАГҮЙ, ТҮҮХ ТӨГСӨӨГҮЙ

Малайзын дээд шүүх 13 жилийн өмнө амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяад холбогдох хэргийг дахин сөхөж, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлж болзошгүй тухай Bloomberg агентлаг мэдээлжээ. Ингэснээр нэг талаар шинэ Засгийн газрын эрх ашигт, нөгөө талаар талийгчийн аав С.Шаарийбууд сайнаар тусна гэдгийг онцолсон юм.

Өдгөө Ш.Алтантуяагийн хэрэгт буруутгагдан цаазын ял сонсоод буй хоёр цагдаагийн офицер өнгөрсөн долоо хоногт Малайзын хуучин Ерөнхий сайд Нажиб Разакыг буруутгасан мэдэгдэл хийсэн. Засаг солигдож, шинэ ерөнхий сайд томилогдсон энэ үед Разакын нэр олон жилийн урхагтай үхлийн хэрэгт холбогдоно гэдэг энгийн үзэгдэл байсангүй.

Дээд шүүхийн хуульч генерал Томми Томас, “Зөвхөн энэ хоёр офицерт бурууг тохоод дуусгана гэдэг утгагүй, хэнд ч ойлгомжтой шүү дээ” гэж өнгөрсөн баасан /2019.12.20/ гарагт өгсөн ярилцлагадаа онцлоод, “Тийм учраас бид түүх төгсөх болоогүй гэдгийг мэдэж байна” хэмээжээ. Түүний үзэж буйгаар яллагдаад буй хоёр офицер дуугүй байсныхаа төлөө цаазын ял сонсоход хүрсэн бөгөөд, хэн нэгний даалгавраар үүнийг үйлдсэн байж болзошгүй учир зайлшгүй анхааралдаа авах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Хэргийг шинээр сөхөн шалгах уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэр, “Хэрэв цагдаа нар илүү чухал сэжүүр гаргаж өгвөл бид ханцуй шамлан ороход бэлэн” гэж хариулсан билээ.

Ял сонссон хоёр офицерийн нэг Азила Хадри, шүүхийн шийдвэрийг эргэн харах хүсэлтийг хүргүүлэхдээ, Малайзын хуучин Ерөнхий сайд Нажиб Разак Ш.Алтантуяаг гаднаас ирсэн аюултай тагнуул хэмээн цоллож, устгах даалгавар өгсөн гэж мэдүүлсэн юм. Харин Нажибын зүгээс үүнийг үгүйсгэж, тэр ч бүү хэл үүнийгээ өнгөрсөн баасан гарагт Исламын шашны зан үйл хийн тангарагласан. Устгах даалгавар өгөх бүү хэл талийгчтай уулзаж ч үзээгүй гэдэг зүйлийг олон нийтийн сүлжээнд ярьсан юм.


ТАЛИЙГЧИЙН ААВ С.ШААРИЙБУУ ХЭРЭГТ БУРУУТГАГДААД ЦАГААДСАН ОФИЦЕРЫГ ОЛЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖЭЭ

Хэргийг дахин шалгах нь талийгчийн аав С.Шаарийбууд сайнаар тусна гэсэн нь дараах учиртай. 13 жилийн турш хэргийн үнэн мөнийг тогтоох хүсэлтийг Малайзын Засгийн газарт тавьж ирсэн тэрбээр “Хоёр хүнд тохоод өнгөрөх хангалтгүй, түүх төгсөөгүй” гэсэн Дээд шүүхийн хуульчийн адил байр суурьтай буй. Ийм ч учраас нэгэн цагт адил яллагдаад цагаатаж, Австрали руу дүрвэсэн гуравдагч этгээдийг авчран хамтад нь мэдүүлэг авахыг хүсэж байгаа. Үүнийхээ дагуу тэр хувийн зүгээс Австралийн засгийн газарт хандсан ч, татгалзсан хариу сонссон.

Аравдугаар сарын 3-нд өгсөн ярилцлагадаа буруутгагдсан офицеруудад цаазын ял хүсэхгүй байгаагаа илэрхийлээд, “Тэднийг цаазална гэдэг бүх нотлох баримтыг нэг мөр устгаж буйтай агаар нэг” гэж хэлсэн байдаг.

Хэргийг эргэн сануулахад, Эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, Англи, Орос, Хятад хэлтэй загвар өмсөгч, орчуулагч Ш.Алтантуяа нь 2006 онд Малайзын нутаг дэвсгэрт зүй бусаар амь насаа алдсан юм. Тэрбээр Нажиб Разак болон өдгөө яллагдаад буй офицеруудын орчуулагчаар ажиллаж байсан. Удалгүй түүний толгойн тус газар буудан хөнөөж, биед нь С4 төрлийн тэсрэг бөмбөг бэхлэн дэлбэлснийг илрүүлсэн байдаг. Иймээс Нажиб Разакын авилгын хэргийн нууцыг орчуулагчийн ажил хийж яваад мэдсэн нь, түүнийг үхэлд хүргэсэн гэх таамаглал хийгдсээр ирсэн.

Дээр дурьдсаны дагуу хэрэгт гурван офицерийг буруутгасан ч, нэг нь цагаадан Австрали улс руу дүрвэсэн юм. Үлдсэн хоёр офицер нь ийнхүүНажиб Разакт холбогдох мэдэгдэл хийсэн нь энэ бүхнийг эргэн сөхөх, Малайзын засгийн газрыг “бужигнуулах” шалтгаан боллоо.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button