"Төв цэнгэлдэх”-ийн газраас зарах гэсэн оролдлого гурав хоноод "азаартаж”, зараа буцаан татав
Нэгдүгээр сарын 03-ны өдөр онлайн худалдааны UNEGUI.MN сайтад, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 4550 метр.кв газрыг 2.6 тэрбум төгрөгөөр худалдах тухай зар байршсан билээ. Үүнд, “Монголын хөл бөмбөгийн холбоо”-ны ногоон талбай, “Хурд” хороолол болон Төв цэнгэлдэх хүрээлэнгээр хашигдсан хэсэг газрыг онцолж, газрын зураг дээр тодруулсан байв. Мөн “А” даалгавраа биелүүлсэн буюу барилга барих зөвшөөрөлтэй гэж дурьдсан.
Гэтэл тус зар байршсанаасаа гурав хоногийн дараа буюу өчигдөр /2020.01.06/ ХААГДСАН байна. Unegui.mn сайтын лавлах ажилтантай холбогдож тодруулахад, зарыг анх байршуулсан хэрэглэгч өөрөө буцаан татжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын 51 хувийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК эзэмшдэг бол, үлдсэн 49 хувь нь Нийслэлийн өмчид хамаардаг. Харин Нийслэл өөрийн өмчид хамаарах хэсгээ 2020 онд худалдаж, хувьд шилжүүлэхээр болсон.
Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын ээлжит 39-р хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталсан билээ. Үүнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувь бүхий 12.7 га газар нь багтаж, эхний байдлаар 22.5 тэрбум төгрөгөөр худалдах тухай асуудлыг 2020 оны төсвийн орлогодоо тусгасан юм.
Гэхдээ хуулийн дагуу бол Нийслэлийн зүгээс худалдан борлуулах үнийн саналаа эхлээд 51 хувь эзэмшигч талд тавих ёстой. Харин татгалзвал дуудлага худалдаа зарлаж, худалдана гэдгийг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат ярьж байсан. Мөн тендер зарлах байдлаар газрыг дахин үнэлүүлнэ, 30-40 тэрбумд ч хүрж магадгүй хэмээж байв.
Энэ асуудлаар 51 хувийг эзэмшигч тал болох “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваатай холбогдон тодруулахад,
“Манай компанийн зүгээс газраасаа худалдах тухай зар оруулаагүй. Зараад байх сул газар ч тэр хавьд байхгүй. Unegui.mn-д тавигдсан зар магадгүй хуурамч байх” хэмээгээд, “Нийслэлээс одоогоор өөрсдийн 49 хувиа худалдах санал тавиагүй байна. Энэ тийм ч амархан хувьчилчихдаг зүйл биш байх. Ямар зориулалтаар, ямар хүнд худалдах вэ гэдэг асуудал зайлшгүй тавигдах ёстой” гэж ярьсан юм.
Харин Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарын дарга Ш.Үнэнбатын туслахтай холбогдоход, “Тус зарын тухай хангалттай мэдээллийг одоогоор аваагүй байна. Завгүй байгаа тул мэдээлэл өгөх боломж хомс байна” гэсэн хариуг өглөө.
Т.Нямдаваагийн хэлсэн үнэн бол логикийн хувьд Нийслэл өөрийн өмч дэх 49 хувийн газраас хууль бусаар худалдах зар байршуулж, гурав хоноод устгасан уу гэж хардаж болно. Нөгөө талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувиас эзэмшдэг хуулийн этгээд өөрийн газрыг худалдах зар байршуулсан байхыг үгүйсгэхгүй.
Жишээ нь: Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн А.Сүхбат нар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газрыг эзэмшдэг гэх яриа бий. Мөн дуучин Д.Оюунтүлхүүр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд 1.2 га газрын өмчлөх эрхийг Т.Нямдаваагаас авсан байдаг гэлцдэг. Ямартай ч "Төв цэнгэлдэх”-ийн газраас зарах гэсэн оролдлого гурав хоноод "азаартаж”, зараа буцаан татжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.