Гадаад мэдээДЭЛХИЙ

Николас Кейж: Хүмүүс тоглосон дүрүүдээр минь төсөөлдөг ч, үнэндээ би өөрөө өөртөө хүртэл уйтгартай нэгэн

Алдарт жүжигчин Николас Кейж дөрөвдүгээр сард "The Surfer" кино нь нээлтээ хийхээс өмнө "The Guardian" агентлагтай ярилцсан байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.

Терри Воганы нэвтрүүлэгт оролцсон үеэ (1990 онд Николас Кейж оролцож байсан) хэр санадаг вэ? Терри бодит амьдрал дээр ямар хүн байсан бэ? Нэвтрүүлэгт оролцохдоо өмссөн тэр арьсан хүрмээ, бас “Wild at Heart” киноны могойн арьсан хүрмээ хадгалж үлдсэн үү?

Терри Воган үнэхээр сайхан хүн байсан, түүнтэй хийсэн ярилцлага надад таалагдсан. Гэхдээ би өрийгөө тэр үед жаахан дургүй хүрмээр, зарим нэг талаараа зэрлэг байсан гэж бодогддог. Нэвтрүүлэгт оролцож “Wild at Heart гэдэг киног сурталчилж байсныг хүмүүсээс нуугаад ч яах вэ, мэдэж л байгаа байх. Би яг тэр киноны дүр шиг нэвтрүүлэг дээр жүжиглэсэн гэж хэлж болно. Хүүхэд байхад нэг удаа машинд явж байхад замаар арьсан хүрэмтэй, дотуур хувцас ч үгүй эрэгтэй алхаж явахыг харж байсан. Тухайн үед “Энэ ч бас сонирхолтой төрх байна шүү” гэж бодож билээ. Яагаад ч юм, тэр дурсамж Воганы шоунд оролцох үеэр буцаад санаанд орж ирсэн. Тэгээд л “Тэр төрхийг дахин бүтээе” гэж шийдсэн юм. Маш тэнэг, хэт задгай санаа байсан. Тэр арьсан хүрэм одоо над байхгүй.

"Wild at Heart" кино

Могойн арьсан хүрмийг би Лос Анжелесийн Мелроуз дэх Aaardvark’s гэдэг хуучин хувцасны дэлгүүрээс олсон. Брандо “The Fugitive Kind” кинонд яг ийм хүрэм өмсдөг нь санаанд орж ирээд, “Энийг нэг кино дээр өмсөнө дөө” гэж бодсон. Эцэст нь тэр хүрмээ Лаура Дернд бэлэглэсэн. Тэр үнэхээр гайхалтай жүжигчин, бидний хамтдаа ажилласан хугацаа сайхан байсан болохоор тэр хүрмийг түүнд өгмөөр санагдсан.

Та Dumb and Dumber киног үзэх бүрдээ “Энэ дүрийг би ч бүтээж болох байсан шүү дээ” гэж боддог уу?

Үгүй ээ, огтхон ч. Жим Кэрри намайг тэр кинонд тоглохыг хүсэж байсныг санаж байна. Тэр үед би Chateau Marmont зочид буудалд Майк Фиггистэй “Leaving Las Vegas кинонд тоглохоор бэлдэж байсан юм. Тэр киноны зураг авалт “Dumb and Dumber”-тай давхацсан. Тэдний кино бүтсэнд баяртай байна, гэхдээ өөрийнхөө гаргасан шийдвэрийг зөв байсан гэж боддог.

Аз таарч би саяхан Варшавт болсон “The Surfer киноны нээлтэд оролцсон юм. Тэнд хийсэн асуулт хариултын эвентийн үеэр миний ойлгосноор бол “хархыг ид” гэж кино дээр хэлсний та санаачилсан гэсэн. Та бүр тэр хархыг үнэхээр идэхийг хүссэн гэсэн ойлголт авсан. Энэ үнэн үү?

Тал нь үнэн. Үнэн хэсэг нь гэвэл, “Хархыг ид” гэж хэлэхийг би үнэхээр хүссэн. Харх хиймэл, резинэн байсан. Би энэ санааг Билли Уилдерийн “Sabrina гэдэг киноноос авсан. Тэнд Хамфри Богарт мартинигийн хундаганд байсан чидун жимсийг аваад авгынхаа аманд хийж, “Ид” гэж хэлдэг хэсэг бий. Тэр хэсэг үнэхээр инээдтэй санагдсан. Хиймэл хархны сүүл хөдөлж байгаа нь таалагдсан учраас халаасалчихсан. Тэгээд Богартын арга барилаас арай илүү панк маягаар, тэр хархыг Питбуллын (Александр Бертрандын бүтээсэн дүр) аманд чихмээр санагдсан. Үнэхээр инээдтэй мөч байсан. Киноны тэр үед дүр маань хангалттай зовлон туулсан байсан болохоор, тийм зүйл хийх эрхтэй болсон мэт санагдсан.

Mandy киног үзээд үнэхээр алмайрсан: цусаар будагдсан, хүчилд автсан галзуурал шиг л байлаа. Ред Миллерийн дүр дээр та өөрийгөө урьд өмнө байгаагүйгээр сул тавьсан юм шиг санагдсан. Танд тэгж санагдсан уу?

Тийм шүү, яг тийм. “Mandy” бол Панос Косматос гэдэг уран бүтээлчийн гайхалтай бүтээл. Түний “Beyond the Black Rainbow гэдэг киног үзсэн даруйдаа би энэ хүн өөрийн хэмнэлээр алхаж яваа онцгой авьяастан гэдгийг ойлгосон. Түүнийг дуурайж эсвэл хуулбарлах боломжгүй. “Mandy кино миний хувьд их чухал бүтээл болсон. Түүнтэй хамтарч ажиллах боломж олдсондоо би маш их баяртай байдаг.

Сонсохнээ та пирогт дуртай бас загастай шарсан төмсөндөө давсалсан өргөст хэмх хачирлаж хэрэглэдэг гэсэн. Таны захиалдаг загастай шарсан төмсний хамгийн дуртай хувилбар юу вэ?

Надад зүгээр л уламжлалт загастай шарсан төмс таалагддаг. Заримдаа давсалсан өндөг нэмнэ, энгийн л байвал сайхан. Боломжит хамгийн уламжлалт хувилбарыг нь л сонгомоор санагддаг.

Шүтэн бишрэг байна гэдэг нь нэг хэрэг. Харин танаар нэрлэгдсэн зүйлс, жишээлбэл Шотландад зохион байгуулагддаг“Cage-a-rama” фестивал, эсвэл Rage Against the Machine хамтлагийн дууг таны хэлсэн үгтэй хослуулдаг“Cage Against the Machine” хамтлаг гэх мэт зүйлс байдгийг хараад хачин санагддаггүй юу?

Тэр хөгжмийн хамтлагийг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Харин Австралиас гаралтай “Nicolas Cage Fighter” гэдэг хард рок хамтлагийг бол мэднэ, тэд маш гайхалтай. Тэдний дуунууд хүч өгдөг. Дууны үгс нь алдаагаа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хохирогч болгохгүй байх, асуудлаа шийдэх гарц хайх тухай байдаг. Жишээ нь: “Амьдралаа дахин тунгааж үз / Өөртөө төвлөр / Миний нүд рүү дахин хар / Энэ бүгд чиний буруу биш гэж хэлээч” гэдэг бадаг. Тэд өөрсдийнхөө алдааг хүлээх тухай дуулахаас айдаггүй нь их таалагддаг.

Австралийн хөгжимчин Ник Кейв тантай уулзсан тухай галзуу мэт, шог түүх ярьдаг. Тэр алдарт явдлын тухай таны “галзуу” түүх ямар вэ? Бас таныг Ник Кейвтэй андуурах тохиолдол байдаг уу?

Хүмүүс бараг өдөр бүр намайг Ник Кейвтэй андуурдаг. Зарим хүн бүр “Хөөе Ник, “TheHunger кинонд чи үнэхээр гайхалтай байсан шүү” гэж хэлдэг. “The Hunger” бол агуу Дэвид Бовигийн кино (Николас Кэйж тоглож байгаагүй).

Ник Кейв, зургийн эх сурвалж: Sky News

Ник Кейв бол их сайхан хүн. Бид амьтны асрамжийн газар, Техасын “Sealy Animal Hospital”-д уулзсан байж магадгүй. Түүнтэй мэндэлж, гар барихыг хүссэн. Тэгтэл тэр “Бид хоёр нэг л үсгийн ялгаатай. G. Nick Cave, Nick Cage.” гэж хэлж билээ.

Ямар дүр таныг хамгийн их тухгүй байдалд оруулсан бэ?

Хамгийн хэцүү дүр бол The Unbearable Weight of Massive Talent киноны Ник Кейж нэртэй дүр байсан. Учир нь би өөрийнхөө дүрийг бүтээсэн. Тэр дүрийн ард би нуугдаж чадахгүй байсан. Маш эвгүй, бүр нүцгэн мэт мэдрэмж төрсөн. Зарим талаар ичмээр санагдсан юм. Өөрийгөө “Николас Кейж” гэж нэрлэдэг дүрд тоглоно гэж бодохоор ичмээр санагдсан.

Хэрвээ хүмүүс таныг хувийн байдлаар таньдаг байсан бол тэднийг хамгийн их гайхшируулах зүйл юу байх байсан бол? Өөрөөр хэлбэл, таны дотоод мөн чанар дундаас хамгийн “Ник Кейж биш” зүйл юу вэ?

Хүмүүс намайг тоглосон дүрүүдээр маань төсөөлдөг. Гэтэл үнэндээ би өөрөө өөртөө хүртэл уйтгартай санагддаг. Би гадуур гардаггүй, ихэнхдээ гэртээ байдаг. Хоёр настай охинтойгоо хамт байхыг илүүд үздэг. Нийгмийн харилцаанаас зугтдаг хүн биш ч гэлээ, би ийм энгийн амьдралд сэтгэл хангалуун байдаг. Тиймээс болохоор энэ нь хүмүүсийн төсөөлж буй "Ник Кейж"-ээс тэс өөр байж болох юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button