УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шинэ Ерөнхий сайд томилогдсон ч Л.Оюун-Эрдэнэ намын даргаас буухгүй

МАН Бага хурал өнгөрсөн тавдугаар сарын 21-ны /2025.05.21/ шөнө "Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх шийдвэр гаргасан.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу өчигдөр /2025.06.02/  УИХ Ерөнхий сайдын оруулж ирсэн “итгэл үзүүлэх” тогтоолын төслийг хэлэлцэж, унагав. Тиймээс Ерөнхий сайд суудлаа өгч, танхим нь тарах болоод буй.

Гэхдээ хуулийн дагуу тэд дараагийн 30 хоног албан ажлаа хийгээд, хүлээлгэн өгөх ёстой.

Мөн энэ хугацаанд дараагийн Ерөнхий сайд сонгогдоно. Харин МАН-ын намын даргыг ирэх намар хүртэл солихгүй. Учир нь улс төрийн намын дүрэмд МАН эрх барьж буй намын эрхийн хүрээнд Удирдах зөвлөл, Бага хурлаараа Ерөнхий сайдаа сонгож болох ч намын даргыг Их хурлаар сонгоно гэж заасан. Уг хурал ирэх намар болно.

Тодруулбал, МАН-ын 31-р Их хурлыг ирэх намар зохион байгуулж, хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан AGENDA-2.0 шилжилт хийхээр төлөвлөн, орон даяар танилцуулах гэж байгаа талаар МАН албан ёсны цахим хуудаснаа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл гаргаад буй.

Уг их хурал 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хуралд оролцож буй нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байдаг. Их хурал хамгийн сүүлд 2021 онд арванхоёрдугаар сарын 6-нд /2021.12.06/ хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 99.7 хувийн саналаар намын даргаар сонгож байжээ.

Тэгэхээр ирэх өдрүүдэд МАН-аас шинэ Ерөнхий сайд сонгогдсон ч ирэх намар хүртэл намын даргад нэр дэвших боломжгүй. Нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаа өгсөн ч ирэх намар хүртэл МАН-ын намын дарга, цаашид УИХ-ын гишүүн хэвээр үлдэх аж.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 2024 сонгуулиар 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшиж 55 мянга 469 хүний саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button