СУРВАЛЖИЛГА: Нарийн мэргэжлийн эмчтэй, үүдэн эмнэлэгтэй Монголын анхны ЭМИЙН САН
-Эмийн санч аа, миний тийм эрхтэн өвдөөд байна. Ямар эм уувал зүгээр вэ?
-Та эмчид үзүүлсэн үү?
-Юун үзүүлэх манатай. Ёстой үхэх нь. Гялс нэг эм өгөөтөх.
-Яг яаж өвдөж, хаана нь хөндүүрлэж байна вэ?
-Ингэж өвдөж байна.
-Тэгвэл ийм эм уусан нь дээр.
-За, тэгвэл бушуухан өгөөтөх. Хурдан ууя.
Олонх эмийн санч үйлчлүүлэгч хоёрын хооронд иймэрхүү яриа өрнөдөг нь гэм биш зан. Энэ нь иргэд эмэнд хордох, эрүүл мэндээрээ хохирох, эмийн буруу хэрэглээ гаарах зэрэг олон зүйлийн гол шалтгаан болдог. Үүний сацуу тариа тариулах, шарлага хийлгэхээс авахуулаад эмчийн анхан шатны тусламж хэрэг болсон үед иргэд эмнэлэгт очих шаардлага гардаг шүү дээ. Энэ хэрээр цаг их алддаг. Тэгвэл энэ бүхэн ард хоцорлоо.

Нарийн мэргэжлийн эмчтэй, үүдэн эмнэлэгтэй “Indranil pharmacy clinic” эмийн сан үүдээ нээснээр энэ бүхнийг нэг дор шийдэв. Ингэснээр иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, өөрт тохирсон эмээ авахын сацуу оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэн, тариа, утлага, шаралга хийлгэхээс авахуулаад цөөнгүй төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ.

Тэд эмийн сан, эмнэлгийн үйлчилгээг нь цогцоор шийдсэн нь Монголд анхных. Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг дороос авах боломж бүрдүүлсэн, 24 цагаар хонож ажилладаг тус эмийн санг бид зорилоо. Тэд “Индранил фармаси клиник”-ийнхаа гадна “Эмчтэй эмийн сан”, үүдэндээ “Эмийн санч эмч биш. Эм хоол биш” гэж бичсэн нь содон харагдав.

“Индранил фармаси клиник” ийыг үүсгэн байгуулагч Тэрбишийн Адъяатөмөр “Манай эмийн сан ирэх амралтын өдөр нээлтээ хийнэ. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хангаад ёстой түмэн завгүй сууна” гэсээр биднийг угтсан юм. Дотрын эмч мэргэжилтэй тэрбээр 2017 онд 24 цагаар ажилладаг шүдний эмнэлэг Монголд анх удаа байгуулж, салбартаа анхдагч болсон шинийг санаачлагч эрхэм. Түүнтэй ярилцлаа.
“ИРГЭДЭД АНХАН ШАТЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ НЬ БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО”

-Нарийн мэргэжлийн эмчтэй, үүдэн эмнэлэгтэй эмийн сан байгуулах санаа танд хэрхэн төрсөн бэ?
-Монгол Улс нарийн мэргэжлийн эмчийн тоогоороо дэлхийд дээгүүрт ордог. Тэгсэн хэрнээ эмнэлгийн ачаалал их, өвчлөл, эмчийн хүрэлцээ хэр байдаг билээ. “Фрамаси клиник” гэдэг бол олон улсад байдаг нэр томъёо. Гэхдээ тийм ч түгээмэл биш. Нарийн мэргэжлийн эмчтэй, үүдэн эмнэлэгтэй эмийн сан байгуулах санаа надад дөрвөн жилийн өмнө төрсөн. Үүнийг эх орныхоо хөрсөн дээр хэрхэн буулгах вэ, яаж ажиллуулбал зүгээр талаар нэлээд судаллаа. Монголд ерөнхий мэргэжлийн эмч суулгаад зөвлөгөө өгдөг эмийн сан олон бий. Иргэн ямар нэгэн эм авахад тухайн эмч зөвлөгөө өгдөг шүү дээ. Харин манайх зөвхөн эмийн зөвлөгөө өгөх бус үйлчлүүлэгчийг үзэн, асуумж, багаж шаардлагатай бол лабораторийн шинжилгээг үндэслэн эндээ уталга, шаралга, бариа хийх, тариа тарихаас авхуулаад цөөнгүй эмчилгээ, оношилгоо хийдгээрээ онцлогтой, давуу талтай.
-“Индранил”-ыг “Эмчтэй эмийн сан” гэж тодотгосон нь сонирхол татаж байна. Өрхийн эмнэлэгтэй дүйх үйлчилгээг иргэдэд үзүүлнэ гэж ойлгож болох уу?
-Болно, яг наадах чинь бидний гол зорилго. “Фармаси клиник”-ийг орчуулалгүйгээр зүгээр л монгол нэршлээрээ “Эмчтэй эмийн сан” гэж тодотгосон. “Манайхыг эмийн санд эмч байрлууллаа. Эмийн санд өвчтөн үзэж, эмчилгээ хийж болохгүй” гэсэн буруу ойлголт зарим хүнд байгаа бололтой. Манайх зөвхөн эм борлуулах үйлчилгээ үзүүлэхгүйг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Үүдэн эмнэлэг, эмийн сангийн хосолсон хувилбар юм шүү. Товчхоноор өрхийн эмнэлгийн түвшинд, эмнэлгийн тусламжийн анхан шатлалын үйл ажиллагаа явуулдаг эмийн сан, үүдэн эмнэлэг гэж ойлгож болно. Олонх эмнэлэг үүдэндээ эмийн сантай байдаг. Гэхдээ тэнд эмнэлгийн үйл ажиллагаа давамгайлдаг шүү дээ. Харин манайх эсрэгээрээ эмийн санд үүдэн эмнэлэг тохижуулсан нь Монголдоо шинэлэг, анхдагч. Бид 24 цагаар ажилладаг. Энэ нь иргэдэд нэг цэгийн үйлчилгээгээр хүрч үйлчлэх, хүртээмжтэй байх, өвчнөө эдгээхийн тулд цаг, заваа алддагийг нь хөнгөвчлөх, шууд эмийн сангаас эм авч, өөрөө өөрийгөө эмчилдэг явдлыг бууруулах зорилготой.
Ямар нэг өвчнөөр өвдлөө, ханиад хүрлээ гэхэд олонх иргэд шууд гуравдугаар шатлалын эмнэлэгт ханддаг. Уг нь анхан шатлалын эмэнэлэгт үзүүлээд, эдгээх боломжтой. Нөгөө талаар манайхан эмчид үзүүлээд, оношилгоо хийлгүүлэн, жор бичүүлээд эм авдаг дадал тааруу, эмийн сангаас шууд эм авч уух гэдэг, өвдлөө гэхэд хаана хандахаа мэдэхгүй, мэдсэн ч эмнэлэгтээ итгэл алдарсан эсвэл өрхийн эмнэлэг оройн цагаар, шөнөөр ажилладаггүй гэх мэт шалтгаанаар нэг бол таамгаар эм аваад уух, эсвэл улсын юм уу хувийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандахаас өөр сонголт байдаггүй. Гэтэл шууд шатлал алгасаж улсын эмнэлэгт үзүүлээд ачаалал үүсгэж байна. Энэ талаар цөөнгүй мэргэжилтнүүд, харьяа удирдлагууд ярьж байна лээ. Ерөөс бидний үйлчилгээний гол зорилго бол анхан шатлалын, хөнгөн өвдсөн иргэдэд үйлчлэх, нэг доороос эмнэлгийн тусламжийн олон үйлчилгээг авах боломжийг нь бүрдүүлэх.
ХҮМҮҮС МАНАЙХЫГ “ЭМЧТЭЙ ЭМИЙН САН” ГЭДГЭЭР НЬ ИЛҮҮ МЭДДЭГ БОЛСОН
-Тэгэхээр эмийн сан, эмнэлгийн тусгай зөвшөөрлөө тусад нь авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Эмийн сан, эмнэлэг гэдэг хоёр өөр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Манайх эндээ цогц үйлчилгээ явуулж байгаа болохоос зөвшөөрөл нь тусдаа.
-Танайх хэдэн ажилтантай вэ?
-24 цагаар эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээ давхар эрхлэх амаргүй. Тиймээс манайх 15-20 хүний ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Одоогоор манайх долоон ажилчинтай, тэдний гурав нь эмч. Хүйтний улирал тул олонх иргэд манайд хүүхдийнхээ ханиадыг үзүүлж байна. Тиймээс ойрын өдрүүдэд хүүхдийн эмч маань их ачаалалтай байгаа. Эм зүйч, жор баригчаас авахуулаад ажлын байрны нэлээд хэдэн орон тоо манайд бий.
-Иргэд танайхаас хэчнээн төрлийн оношилгоо, шинжилгээ, үйлчилгээ авах боломжтой вэ?

-Ерөнхийдөө бид үйлчилгээгээ үндсэн гурван чиглэлд үзүүлнэ. Эхнийх нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах. Хоёр дахь нь эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө. Гурав дахь нь судас, булчин, дусал тариа, шарлага, утлага хийлгэхээс авахуулаад цөөнгүй төрлийн анхан шатлалд хийх боломжтой эмчилгээ. Одоогоор манайх нээлтээ ч хийж амжаагүй байгаа болохоор үйл ажиллагаа жигдрээгүй байгааг ойлгоорой. Ер нь цаашид үйлчилгээндээ нэмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн зүйл их бий. Яавал иргэдэд хүртээмжтэй, амар хялбар, хүнд сурталгүй, чанартай байх вэ гэдэг талаас нь их анхаарна.
ЭМИЙН САНГААС ДУРААРАА ЭМ АВДАГ ИРГЭДИЙН БУРУУ ЗУРШЛЫГ АРИЛГАХ ИХ ЧУХАЛ
-Зарим иргэн өвдөхдөө барагцаагаар эм уудаг. Хоолой өвдөхөд тийм эм сайн гэдэг ч юм уу. Гэтэл нөгөөх эм нь биед нь харшлах, дасал үүсэх гэх мэт эрсдэлтэй. Танай эмийн сангаар үйлчлүүлснээр тэгэхээс бүрэн сэргийлэх боломж бүрджээ.
-Яг үнэн. Та ажигласан бол манайх үүдэндээ “Эмийн санч эмч биш. Эм хоол биш” гэж бичсэн. Энэ бол манай уриа. Иргэдийн дунд байдаг буруу зуршлийг арилгах, зөв дадлыг төлөвшүүлэх нь бидний гол зорилго.
Тухайн иргэн ханиад хүрлээ гэж бодоход эхлээд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэн, оношлуулдаг. Дараа нь бичиж өгсөн жорынх нь дагуу эм аваад, уувал эрүүл мэндэд нь тустай, өвчин нь илүү богино хугацаанд эдгэнэ. Ийм л зөв дадлыг иргэдэд төлөвшүүлэх их чухал.
-Ямар эмчилгээ хийлгэснээс шалтгаалаад үйлчилгээний төлбөр өөр, өөр нь мэдээж. Хувийн эмнэлгийн үйлчилгээний төлбөртэй харьцуулахад ямар бол?
-Хүнд хамгийн үнэтэй капитал бол бол эрүүл мэнд. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байхаар зарим хүн эрүүл мэнддээ хэнэггүй, хайнга ханддаг гэмтэй. Бид үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийж байгаа болохоор тодорхой төлбөртэй байхаас өөр аргагүй. Мэдээж монголчуудын амьжиргааны түвшин, бусад эмнэлгийн төлбөрийг харгалзан, тун боломжийн төлбөр тогтоосон.
НАМАЙГ 24 ЦАГААР АЖИЛЛАДАГ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХАД ХҮМҮҮС ИХ ГАЙХАЖ БАЙСАН

-Та 2017 онд Монголд анх удаа 24 цагаар ажилладаг шүдний эмнэлэг нээсэн. Тэр бүхэн “Эмчтэй эмийн сан”-гаа нээхэд их туршлага болсон байх.
-Тэгсэн. Охиныг минь Индранил гэдэг. Тиймээс бид шүдний эмнэлгээ “Индранил” гэж нэрлэсэн. Шүд өвдөх ямар хэцүүг хүмүүс сайн мэднэ. Шөнө шүд өвдөхөд яадаг билээ. Эмнэлэгт очоод үзүүлэхэд “За, гүрийж байгаад, өвчин намдаах эм уугаад маргааш үзүүл” гэдэг. Хэзээ ч яаралтайгаар хэвтүүлэх боломжгүй, төдийлөн тоодоггүй. Мөн манай улсын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн боловсрол ямар билээ, юмыг байнга эцэст нь хүртэл явдаг. Тиймээс энэ бүхнийг харгалзан 24 цагаар ажилладаг шүдний эмнэлэг нээсэн юм. Одоогоор манай шүдний эмнэлэг 100 орчим ажилтантай, үйлчилгээгээний цар хүрээгээ тэлсээр байгаа.
Анхандаа шүдний эмнэлгийг 24 цагаар ажиллуулахад зарим их гайхсан. Шоу, маркетинг хийж байна гээд шүүмжилсэн. Тэр бүхнийг даван туулаад өнөөгийн хэмжээнд хүргэсэн.
Өнгөрсөн хугацаанд манай шүдний эмнэлэг хоёрхон шөнө ажиллаагүй. Манайхан 2019 оны тавдугаар сард хөдөө хурлаа хийгээд, нөгөөх нь энэ онд шинэ жилээ тэмдэглээд амарсан юм. 24 цагаар ажилладаг шүдний эмнэлэг байгуулсан туршлага маань надад “Эмчтэй эмийн сан” нээхэд их дэм боллоо.
-Үйлчилгээндээ шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн зүйл бий юү?

-Нууц. За, тоглосон юм аа (инээв). Юуг нь нуух вэ. Юуны түрүүнд эмийн сангийнхаа нээлтийг хийн, үйл ажиллагаагаа жигдрүүлээдэхье. Шинээр хийхээр төлөвлөсөн зүйл олон бий. Ямар ч байсан энэ онд хэд хэдэн салбараа шинээр нээхээр төлөвлөсөн. Мөн манайх шээсний, цусны гэх мэт анхны шатлалд өгөх боломжтой шинжилгээнүүдийг авахаар төлөвлөж байгаа. Тэгэхийн тулд лабораторитой хамтарна.
Биднийг хувийн байгууллагууд их сонирхож байна. “Мандал даатгал” компанийнхан манайхыг бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. “Индранил” эмийн сан Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд харьяалагддаг. Зургадугаар хорооны Өрхийн эмнэлгийн хамт олон бидэнтэй хамтарч ажиллах хүсэлт гаргасан.
-Тэгэхээр Улаанбаатарын төдийгүй бүр цаашлаад улсын хэмжээнд анхан шатлалын байгууллагуудтай хамтрах, хүрээгээ тэлэх гарц байгаа юм байна. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Алсдаа мэдээж тийм болохын төлөө зүтгэнэ. Хотын захад амьдарч байгаа айлын хүүхэд өвдөөд, сандрахад хэрхдэг бол. Орой болчихсон болохоор өрхийн эмнэлэг нь хаалттай байгаа. Яарсаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д ирээд л дугаарлаж зогсоно. Хэдий удаан дугаарлан байж хүүхдээ үзүүлэхийг урьдчилан таах аргагүй. Анхан шатны тусламж авч амжаагүйн улмаас эндсэн хүн, хүүхдийн судалгааг гаргавал нэлээд их тоо гарна. Ерөөс энэ байдлыг халах, иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх нь бидний гол зорилго.

“МАНАЙД БИЕЭ ҮЗҮҮЛСЭН ХҮН ЗААВАЛ ЭНДЭЭС ЭМ АВАХ ШААРДЛАГАГҮЙ”

Мөн бид “Индранил фармаси клиник”-ийн эрчимт эмчилгээний эмч Т.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эмийн санд эмчээр ажиллахад ямар бол. Хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ?
-Хүмүүс ам сайтай байгаа. Бүх зүйл нь нэг дор, ямар амар юм бэ гэдэг. Зарим хүн “Эмээ борлуулахын тулд эмч ажиллуулж. Үзүүлэнгүүт тийм, ийм эм аваарай гээд өөрийнхөө эмийн сангаас шахах юм байна” гэсэн буруу ойлголттой байгаа бололтой. Фэйсбүүкээс тиймэрхүү хандлага анзаарагдсан. Манайх огт тийм биш.
Иргэд эмийн сангаас дураараа эмч авч хэрэглэдгийг болиулахын тулд бид энэ ажлыг эхлүүлсэн. Манайд биеэ үзүүлсэн хүн заавал эндээс эм авах шаардлагагүй. Биеэ үзүүлээд, ямар эм уувал зохилтойгоо мэдэж аваад өөр газраас эм авч болно шүү дээ. Эмийн сан, үүдэн эмнэлэг хоёр хоёр өөр чиг үүрэгтэй байгууллага.
-Ихэвчлэн ямар өвчин, зовиуртай хүн танайхаар үйлчлүүлж байна вэ?
-Дандаа амьсгалын замын өвчинтэй хүмүүс. Олонх нь ханиад хүрсэн хүүхдээ үзүүлж байна. Ихэнх хүн “Ханиад хүрээд, хоолой өвдөөд байна. Юу уух вэ” гэдэг. Тэгэхээр нь бид биеийг нь үзээд тохирсон эмийг нь бичиж өгдөг. Заавал өрхийн эмнэлэгт очиж дугаарлаж зогсолгүйгээр манайд даралтаа үзүүлж, сахараа хянуулах боломжтой.
“Индранил фармаси клиник”-ийнхан эмийн сангаа ингэж тохижуулжээ.
Үйлчлүүлэгчээ угтах, жор бичиж өгөх, касс:

Үзлэгийн өрөө:

Эмийн сан:
Оношилгоо, эмчилгээний өрөө:
БАЙРШИЛ: Сүхбаатар дүүргийн 11-р хорооллын автобусны буудлын баруун талд.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэртэйгээр нь эм зүйч жор баригчийн лиценц дипломыг хүчингүй болгоод эмч сувилагч нараа эмийн санд суух эрхийн олгочихмоор юмаа
эмийн санч эмч биш байтал эмч тэгээд эм зүйч жор баригч болж таарч бна ууу эм нарт эмийн хичээл сар хүрэхгүй хугацаанд ордог байтал
...бүхэл бүтэн 5жил сурсан эм зүйч нарыг ингэж доромжлож болохгүй байтал
мөнгөтэй дуртай нь эмийн сан нээж эмч нь хүртэл эм зүйчийн ажил хийгээд суудаг болж дээ
эмийн санч биш эм зүйч
Заза
Emch emin sand ajillanaa gedeg emiig duraaraa zarnaa gesen ug. Estoi mongo tsagaan nud ulaan gedeg bno.
Энэ нэг гажигтай царайтай юм бөөн арын хаалга . Эмч нар хэзээ эм мэддэг бсийн
Эмийн санч гэж мэргэжил байхгүй. Эм зүйч, жор баригч гэж өөрчлөх хэрэгтэй тэр үүдэндээ бичсэн үгээ. Их муухай санагдаж байна
Өөрөө эмч мэргэжилтэй гээд эрүүл мэндийн бусад салбарын мэргэжилтнүүдийг дорд үзэж буй мэт үг үсгийн алдаа гаргамааргүй байна аа
Хүн амаа эрүүл байлгах биш өвтгөх, дараа нь эм шахах бодлого явуулдаг Монголын эрүүл мэндийн яам.