Улс төрийн мэдээ

2026 оны төсвийн тухай хуулийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо руу II хэлэлцүүлэгт буцаалаа

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцлээ.

Энэ өдрийн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин,

Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад ажил хаясан, ахмадууд тэтгэврээ нэмэх шаардлага тавьж байна. Улсын төсөвт багш, эмч нарын цалинг нэмэх ямар орон зай байна вэ гээд, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал, халамж, цалингийн нэгдсэн бодлогын асуудлаар ямар бодлого барьж байгаа вэ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал,

Бид өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөвтөө тусган баталчихсан байсан. Тэгэхдээ нөхцөл байдалтайгаа тохируулаад энэ удаа орлогоо бууруулж тооцсон. Орлого бууруулж тооцсон нь бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт, бууралттай холбоотой. Тийм ч учраас энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл бодитой болсон гэж үзэж байгаа. Орлого бүрдүүлэх тал дээр богино хугацааны стратегиудыг хэрэглэж байна. Энэ утгаараа экспорт, орлого нэмэгдүүлэх чиглэлээр яам бүрт хийх ажлуудыг эрэмбэлж, хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж дууссан. Төсвийн орлого эдийн засагтайгаа харьцуулахад зохистой түвшинд байх ёстой учраас хэт өндөр орлого төлөвлөх нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлээд байдаг сул талтай. Тийм учраас энэ удаагийн төсвийн бодлого төрийн оролцоог бууруулахад чиглэнэ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30.6 хувь болгон бууруулсан.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм.

Төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулав.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр

УИХ-ын гишүүн Б.Уянга,

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байгааг тодруулж, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7.0 хувь байсныг 7.5 хувь болж өөрчлөгдсөн талаар болон ахмад настны тэтгэвэр, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардал өөрчлөгдсөн тохиолдолд төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дахин өөрчлөгдөх үү.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд,

Нэгдсэн төсвийн орлого, зарлагыг тус тус 490.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, энэ асуудлаар эргэн хэлэлцэх боломжтой юу.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа

Инфляци 7.5 хувь болж өссөнтэй холбоотойгоор Монголбанкнаас инфляцийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар, мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хуулийн этгээдүүдийн улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасны дагуу “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар холбогдох Байнгын хороодод буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д “Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно” хэмээн заасныг хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж дурдаад, төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод буцаалаа.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button