Сурвалжилга, Нийтлэл

Хүлээлт дагуулсан 30 хоног буюу С.Амарсайханы ХИЙ МАЯГ

С.Амарсайхан хотын даргаар сонгогдон ажиллаад яг нэг сар өнгөрч байна. Эргэн сануулахад, өнгөрсөн сарын энэ өдөр НИТХ-ын ээлжит бус 7 дугаар хурлаар хотын шинэ даргыг томилох асуудлыг шийдэж С.Амарсайхан 25 төлөөлөгчийн саналаар хотын даргаар сонгогдсон билээ. НИТХ-д гурав дахь удаа сонгогдон ажиллаж буй С.Амарсайханыг хотын даргаар сонгогдоход их хотын иргэд юу эсийг бодохов. 

- Н.БАГАБАНДИ ГУАЙН ТИТЭМ ҮГ ШИГ ИШЛЭЛ ОЛНЫ ӨГҮҮЛЭВ-

Идээчин, уугаачдын домогт 60 тэрбумын асуудлаас хол хүн бололтой юм. За, МАН ч одоо улс төрийн рейтэнг нь дээсэн дөрөөн дээр байгаа учир хөзрийн нууцаа дэлгэж жинхэнэ боловсон хүчнээ гаргалаа. Сая хол давсан хүн амтай их хотын амьдралыг ёстой бужигнуулаад өгөх нь энэ тэр гээд л. Ерөнхийдөө маш том хүлээлт, шинэ шийдэл, оновчтой шийдвэр, ухаалаг алхмуудыг ангайтал хийнэ дээ гэж бодсоон, бодсон. Гэтэл юу болов. 

Соёлын төв өргөөнд 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр С.Амарсайханы илтгэлээс хэвлэлүүд иш татан нийтэлсэн. Ухаандаа нөгөө Н.Багабанди гуайн титэм үг шиг. 

Тухайлбал

  • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго.
  • Өнөөдөр та бид өндөр хурдтай үнэтэй машин унасан хирнээ үхэр тэрэгнээс ялгаагүй, замаар зорчиж өөрсдөө бие биенээ харааж, зүхэж, бухимдаж байгаа нь бидний гашуун үнэн. Энэ бол яалт ч үгүй хот төлөвлөлт буруу хийгдсэнтэй холбоотой асуудал.
  • Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхолоор энэ компаний төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.
  • Хот төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд бодлого төлөвлөгөөгүй, нэгтсэн зохион байгуулалтгүй, өөрийн гэсэн сэтгэлгүйгээр хандаж ирсэн гэхэд болно.
  • Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт олон асуудлуудыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.
  • Улаанбаатар хотын хөгжлийн сэтгэх тархи, хөдлөх хүч, цохилох зүрх нь энд цугласан төрийн албан хаагчид та бүхэн билээ. Та бид хэр хариуцлагатай, хэр сэтгэлтэй, хэр итгэл үнэмшилтэй, хариуцаж байгаа ажилдаа хандана иргэд түүнийг яг тэр хэлбэрээр тэр хэмжээнд хүлээж авна.... гэх мэтээр энэ ишлэлүүд цааш урсдаг билээ. 

Асуудлын гол нь хотын хөгжлийн сэтгэх тархи, хөдлөх хүч, цохилох зүрхнүүдийн удирдагч энэ АЖИГЛАЛТ, ХҮЛЭЭЛТИЙН нэг сарыг поподсоор байгаад дуусгав. Архи дарсны хорио цээр, гэрэлт гудамж энэ тэрхэнтэй ноцолдоно гэж түүнийг хэн санахав.

"АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Л ТӨЛӨӨЛӨН ОЧИЖ БОЛОХ АЖЛУУД ДЭЭР ГОЦОЛЖ ОЧООД Л ПОПОРНО"

Ажлын хэсгийн ахлагч л төлөөлөн очиж болох ажлууд дээр гоцолж очоод л попорно. Өө бас, болоогүй хотын иргэдтэй шууд холбогдох утсыг өөрөө ажиллуулах юм гэсэн. Уг нь улс төрийн нөхцөл байдлын эгзэгтэй энэ агшинд жинхэнэ хөдөлмөрч, бүтээлч, асуудлаа маш сайн ойлгодог ясны удирдагч, зохион байгуулагч, манлайлагч хүнийг томилон өмнөхөөс илүү түвшинд гарч ажиллах ёстой баймаар.  Гэтэл манай улс төрийн намуудын фракци гэгч эрх ашиг, эд хөрөнгө, хуйвалдаан чиглэлээр нэгдэж дотноссон олон хамтлагуудын хар гайн илрэл бол С.Амарсайханы томилгоо юм.  

Өнгөрсөн 30 хоногоос харахад, С.Амарсайхан дарга нэг л эвээ олохгүй, төөрч будилаад явах шиг ээ. Өнөөдөр хийгээд попроод яваа ажил, асуудал нь түүнд яалт ч үгүй ойрхон. Учир нь тэр 12 дахь жилдээ нийслэлийн тогоонд чанагдаж буй түшээ болохоор би мэднэ, би чадна гээд л гүйж очоод байгаа байх. Гэвч арваад жилийн туршлагатай нийслэлийн түшээ их хотоо арай том цар хүрээгээр харж, мэдэрч, жинтэйхэн хөдөлмөөр хэрэгтэй мэт.  

Их хотын эмх замбараагүй хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдлээ хүлээж хоолойд тулсан асуудлууд, галын дуудлага, түргэний тэрэг орох боломжгүй сүлжилдэн орших захын гэр хорооллууд, цаашлаад төрийн түгжрэлтэй үйлчилгээнүүд... За эдгээр асуудал нөгөө дээрх ишлэлээс урт үргэлжилнэ дээ.  27000 мянган хүн амтай хороонд улсын төсвийн нэг ч цэцэрлэг байхгүй, улсын ганц дунд сургууль нь өөрийн хичээлийн байргүй байна гээд та бод доо. 

Их хотын даргаа, архи дарсны хорио цээр, шөнийн гудамжны асуудлаас ангижраач. Том харж, том сэтгэж ТОМ ТОМИЛГООНЫ хөлсөө төлөөч.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button