СУРВАЛЖЛАГА: “Токио 2020”олимпийн эрхийг анхлан авсан Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нарын БЭЛТГЭЛ ДЭЭР ЗОЧИЛЛОО

Монголын тамирчдаас анхлан “Токио 2020”олимпийн наадмын эрхийг пара таэквондогийн тамирчид авсан. Дасгалжуулагч Л.Отгонбаатар болон Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өнгөрсөн баасан гаригт Монголын паралимпийн хорооны дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагнуулсан юм. Манай сайт олимпийн эрхийг анхлан авсан баг тамирчдын бэлтгэл дээр очиж, тусгай сурважлага бэлтгэлээ.

Л.ОТГОНБААТАР: ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТУН ЦӨӨН БАЙГАА НЬ БИДЭНД АСУУДАЛ ДАГУУЛДАГ
/Дасгалжуулагч/
-Пара таэквондогийн тамирчид олимпийн наадмын анхны эрхийг авлаа. Таны хэдэн жилийн хүч хөдөлмөрийн үр дүн бэ?
-Баярлалаа. Би 1991 онд монголын таэквондог монгол үүсгэн байгуулсан. Сүүлийн 10 жилд пара таэквондогийн холбоонд анхаарч ажиллаж байна. 2009 оноос анхны пара таэквондогийн ДАШТ зохион байгуулагдахад нэг тамирчинтай оролцож байсан. Энэ бол бидний найм дахь ДАШТ. Манай шигшээ баг 2017 оны 4 сард байгуулагдсан, нэг дасгалжуулагч, гурван тамирчинтай.
-ДАШТ-ий өмнө хэр бэлтгэлээ хангав?
-Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд бэлтгэл хийсэн. Оны эхээр БНСУ-д 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. Энэ ч утгаараа бид сайн оролцож олимпийн эрхийг авч чадсан. Цаашид ч дахин эрх авч чадна гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол бид долоо хоногийн таван өдөр хоёр цагийн бэлтгэл хийдэг. Дан ганц таэквондогийн бус хүчний бэлтгэлийг ч мөн адил хийнэ. Тэгээд томоохон тэмцээн уралдаанууд дөхөөд ирэхээр байрлаж хийдэг.

-ДАШТ-ээр хоёр алт авах боломжтой байсан ч санамсаргүй байдлаар мөнгө авсан. Энэ талаар?
-Манай Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа хоёр дэлхийн чансааг тэргүүлдэг шилдэг тамирчид. Б.Шинэбаяр ч мөн адил эхний тавд багтдаг шилдгүүдийн нэг. Пара таэквондогийн нэг онцлог нь толгойнд хүрч болохгүй. Цээжинд цохилт өгөх боломжтой. Гэтэл Х.Энхтуяатай аваргын төлөө тулалдсан тамирчин цээжинд өгсөн цохилтоос ойж нүүр лүү нь шүргэсэн хөлийг нь овжиноор ашиглан нүүрээ бариад л уначихсан. Гэхдээ өрсөлдөгчийн нүүрэнд ямар ч гэмтэл байхгүй хавдсан зүйлгүй байсан. Бид үүнд харамсаагүй, яагаад гэхээр манай тамирчин хамаагүй илүү байсан. Бид олимпийн эрхээ ч авч чадсан шүү дээ.
-Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйлс хэр вэ?
-Сайхан асуулт байлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн тун цөөн байгаа нь бидэнд олон асуудал дагуулдаг. Нэн түрүүнд манай шигшээ багт бэлтгэл хангагч тамирчид байдаггүй. Мөн ганц дасгалжуулагчтай явах нь хэн хэндээ хүндрэлтэй байдаг. Нэгэн зэрэг гурван тамирчин маань тулалдахаас эхлүүлээд хувцас хэрэглэл өмсгөх, дарагийн тулааны мэдээлэл авах гэх мэт тамирчдыг бэлтгэхэд ганц би хаанаа ч хүрдэггүй дээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэж өгөхийг бид дээшээ уламжилсан байгаа.
-Тамирчдын К-43, К-44 ангиллыг тайлбарлаач?
-К-44 нь хоёр гартай ч нэг гар нь хатчихсан, бугуйнаас дээш тайралттай, төрөлхийн гарны асуудалтай хүмүүс багтдаг ангилал. Харин К-43 нь хоёр гаргүй эсвэл хоёр гар нь огт хөдөлдөггүй, нэг гартай буюу хэсэгхэн тайралттай гартай хүмүүс багтдаг байгаа. Олипмийн наадамд К-43, К-44 гэх хоёр ангилалын тамирчид оролцох боломжтой. Харин манай улсаас К-44 ангилалд зургаан тамирчин бий. Цаашид болох олимпийн эрхийн тэмцээнүүдэд сайн оролцож, олимпийн наадамд илүү олон хүнтэй оролцохоор зорьж байгаа.
-Шигшээ багийн тамирчид гурвуулаа дэлхийн чансаанд эхний зургаад эрэмбэлэгдээд байгаа гэсэн. Ер нь пара таэквондог сонирхож хичээллэгсэд хэр байна?
-Г.Болор-Эрдэнэ дэлхий, ази тивийн дөрвөн удаагийн аварга, сая болсон ДАШТ-ээр шилдэг эрэгтэй тулаанч болсон. Харин Х.Энхтуяа дэлхийн аваргын алт мөнгө, ази тивийн гурван удаагийн аварга тамирчин. Үүгээр ч зогсохгүй 2017 онд пара таэквондогийн азийн эрэгтэй, эмэгтэй бүх тамирчдаас нэг шилдэг тамирчин тодруулсан нь Х.Энхтуяа. Б.Шинэбаяр дэлхийн болон ази тивийн мөнгө, хүрэл, медальтай шилдэг тамирчин. Иймээс К-44, К-43 ангилалд хамаарах хэн боловч манайхыг зорьж ирэхэд нээлттэй. Бид ямар ч төлбөр мөнгө нэхэлгүй тамирчдыг бэлтгэдэг. Пара таэквондо цаашид өндөр хөгжиж буй ирээдүйтэй салбар шүү гэж хэлмээр байна.

Х.ЭНХТУЯА: ХҮҮГЭЭ ГАРГҮЙ ЭМЭГТЭЙН ХҮҮ БУС ОЛИМПИЙН АВАРГЫН ХҮҮ ГЭЖ ДУУДУУЛААСАЙ ГЭЖ ХҮССЭН
Нас: 29
Төгссөн сургууль: Архангай аймгийн Г.Дэмдийн нэрэмжит арван жилийн сургууль
Мэргэжил: Санхүү нягтлан бодох
Хобби: Ном унших, хүүтэйгээ цагийг өнгөрөөх
Хэлэх дуртай үг: Санаад минь багтаж байвал заяанд минь багтана
-Олимпийн эрхээ авсанд тань баяр хүргье. Пара таэквондогоор чухам хэзээнээс яагаад хичээллэх болсон бэ?
-Баярлалаа. Анх 2015 оноос эхэлж гарны бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл болон пара таэквондогоор хичээллэж эхэлсэн. Би ганц бие ээж. Өсвөр насандаа эгэл жирийн Х.Энхтуяа охиноос гаргүй охин гэдэг угтвар нэрийг зүүж явсан тэр мэдрэмжийг хүүдээ ч гэсэн амсуулахыг хүсээгүй. Ийм л учраас эргэлт буцалтгүйгээр олимп, дэлхийн аварга болохыг зорьж ирсэн. Миний хүү гаргүй эмэгтэйн хүү бус олимпийн аваргын хүү хэмээн дуудуулж бахархах юмтай байгаасай гэж боддог.

-Өсвөр насандаа гараа алдсан гэлээ шүү дээ. Хэцүү биш бол яагаад ийм болсон талаараа яриач?
-Тэгэлгүй яахав. Би 13 настайдаа морьноос унаж гараа гэмтээж улмаар бугуйгаар тайралт хийлгүүлсэн л дээ. Ингээд бодохоор тухайн үед ийм зүйл болоогүй бол би тамирчин болж ийм амжилт гаргахгүй байсан байх гэж боддог. Би шантрах үедээ “Хувь заяа хүнд даах хэмжээгээр нь зовлон өгдөг болохоор би давж туулах хэрэгтэй гээд л өөрийгөө зоригжуулдаг. Магадгүй намайг хараад надаас үлгэр дуурайлал авч пара таэквондогоор хичээллэх олон залуус байгаасай гэж хүсдэг.
-Та 2017 онд дэлхийн шилдэг тамирчин болж байсан шүү дээ. Тухайн үеийнхээ сэтгэлдэлээс хуваалцаач?
-Азийн хошой аварга болсон тэмцээн минь. Бүх тамирчид дундаас шалгарч шагнал авна гэдэг үнэхээр үгээр хэлэхийн аргагүй байсан. Чухамдаа азийн аваргын өмнө ДАШТ-ээр өмнөх дэлхийн аваргыг ялж алтан медалийн авсан минь цаашид шилдэг нь байж болох нь гэх урам зоригийг авч чадсан шүү. Энэ дэлхийн аварга ч мөн адил сургамжтай хэрнээ надад илүү их боломж бий гэдгийг харуулж, урам хайрласан тэмцээн болсон.
-Тэмцээн уралдаанд оролцоход бэлтгэл сургуулилтаас гадна өөр олон асуудал байдаг. Тэдгээрийг хэрхэн шийдэж байна?
-Би аз жаргалынхаа төлөө энэ спортоор хичээллэж эхэлсэн болохоор бэлтгэл сургуулилтаа аз жаргалтайгаар хийж чаддаг. Шигшээгийн бэлтгэлээс гадна “Olympys”фитнес клубд бэлтгэл хийдэг. Өдөр болгон хийж байгаа бэлтгэлдээ ядраад байдаггүй харин хийхгүй байхаараа илүү ядардаг. /Инээв/

-Хүн бүр “А” үсэг заалгасан багштай байдаг. Харин өөрийн тань таэквондогийн анхны багш дасгалжуулагч хэн байв?
-Энэ хүртэл амжилттай явах алхмыг О.Хосбаяр хэмээх багш минь эхлэл суурийг минь тавьж өгсөн. О.Хосбаяр багшдаа маш их баярлаж явдаг. Намайг түвшин ахих хэрэгтэй хэмээн шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсан. Ийм ч учраас багш дасгалжуулагч нарынхаа хичээл зүтгэлийг алдалгүй сайн хичээх болно оо.
-Тамирчид болгонд хамгийн тулгардаг асуудал бол санхүү мөнгө байдаг. Өөрийн тань хувьд яаж зохицуулж байна?
-Их сургуулиа төгсөөд гурван жил мэргэжлээрээ ажиллаж байсан. Харин 2017 оноос эхлэн шигшээ багт цалин тэтгэмжээ авч бүрэн бэлтгэлдээ анхаарч чадаж байна. Гэхдээ ганц л асуудал байгаа нь гарны бэрхшээлтэй тамирчдад бэлгэл хангагч хэрэгтэй байдаг. Тэмцээнд биеэ сайн халааж орж чаддаггүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Гэр бүлийнхэндээ тэр тусмаа хүүдээ их цаг зарцуулж хүүтэйгээ болздог. Хүүгээ сонгодог урлаг сонирхдог хүн болоосой гэсэндээ урлагт чөлөө цагийг нь зарцуулдаг. Харин өөрөө бол зөв хооллолтын сургалт зөвлөгөөнд суух, ном унших дуртай. Сүүлд усан спортыг сорьж үзсэн ч живж баларсан. Гэхдээ л бууж өгөхгүй дахиж сурна гэж бодож байгаа шүү. /инээв/

Г.БОЛОР-ЭРДЭНЭ: ТОМООХОН ТЭМЦЭЭНД ОРОХ БҮРТЭЭ ТАКТИКАА ӨӨРЧИЛЖ БАЙГАА
Нас: 24
Төгссөн сургууль: Сүхбаатар аймгийн II арван жилийн сургууль
Мэргэжил: Олон Улсын Улаанбаатар Их Сургууль Англи хэлний орчуулагч 3-р курс
Хобби: Хөлбөмбөг тоглох
-Таэквондогоор хэзээнээс хичээллэх болсон бэ?
-Би таэквондогоор хичээллээд 12 жил болж байна. 2005 онд морьноос унаж гараа хугалснаар миний гар хатсан. 2007 онд аймгийнхаа багш дасгалжуулагч ОУХМ Н.Нэргүйгийн урьдлага дор энгийн таэквондогоор хичээллэж эхэлсэн. Харин 2014 оноос Пара таэквондогоор хичээллэх болсон.
-ДАШТ-д оролцож, олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Энэ их хариуцлагыг үүрч орсон тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ сарын эхээр Туркийн Анаталия хотод болсон ДАШТ-нээс К-44 ангиллын -61 кг-ийн жинд оролцож аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэмцээний өмнө би хоёр удаа дараалан ялагдсан байсан учир хэвлэлийнхэн намайг аваргаа хамгаалж чадах болов уу гэж харж байсан. Тэмцээний өдөр зургаа дараалж ялснаар би аварга болж хэвлэлийнхэн таамаглаж байсан тамирчид аваргаа хамгаалж чадлаа хэмээн нийтэлсэн.

-Тэмцээн уралдаанд оролцоход сэтгэл зүй маш чухал байдаг. Хэвлэлээр шуугиж хүлээлттэй байсан гэхээр өөрт чинь ямар нэг зовнил байсан уу?
-Би өөрийгөө их сайн тайвшруулж амарч чаддаг гэж боддог. Сонирхолтой нь томоохон тэмцээнд орохын өмнө би үргэлж тэмцээнд орж байгаа эсвэл шагнал авч байгаагаар зүүдэлдэг. Дараа нь бодоход зүүд маань биеэлчихсэн байдаг шүү. Тэгээд ч ямар ч тэмцээнд орсон том тэмцээн гэж бодолгүй өөрийнхөө сандралыг дарж чаддаг. Олимпийн дэвжээнд ч мөн адил энэ сэтгэл зүйгээрээ оролцоно гэж бодож байна.
-Дөрвөн жил дараалан Дэлхийн болон ази тивийн аварга болно гэдэг том амжилт. Энэ их амжилтыг үзүүлэхийн тулд хэр их бэлтгэл хийж байна?
-Бид 10 сараас эхэлж бэлтгэлийн баазад гарсан. Тэр дундаа БНСУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл их сайн үр дүнгээ өгсөн. Томоохон тэмцээнд орох бүртээ тактикаа өөрчилж байгаа. Бүх юм хөгжихтэй зэрэгцээд тамирчдын онцлог, тактикыг судлахад амархан болсон учир өөрийгөө хурдан шинэчилж, тактикаа өөрчлөх нь чухал гэж боддог.

-Тэмцээн уралдаанд оролцох болон бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйлс байдаг уу?
-Нэн тэргүүний шаардлагатай зүйл бол бэлтгэл хангагчид л байна даа. Одоогоор манай бэлтгэлийн бааз засвартай байгаа учир Алдар спорт хорооны дасгалжуулагч н.Эрдэнэбаатар багшийн заал танхимд хичээллэж, тэдний шавь нараар бэлтгэлдээ туслалцаа авч байгаа.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Багаасаа хөлбөмбөгийн хорхойтон болсон болохоор хөлбөмбөг их тоглодог.
-Цаашид зорьж байгаа зорилго, хүсэл тэмүүллээсээ хуваалцаач?
-Олон улсын тэмцээнд бүгдэд нь түрүүлж үзэхийг мөрөөддөг. Одоогоор надад Дэлхийн цом болон олимпийн наадмын зорилт байгаа. Энэ жил найман сард болох дэлхийн цомоос мөнгөн медалиа алт болгохыг зорьж байна даа.

-Тэмцээн уралдаанд оролцох санхүү төсөвөө хэрхэн зохицуулж ирсэн бэ?
-Шигшээ багт багтахаасаа өмнө хоёр жилийн хугацаанд 20 сая төгрөг зарцуулсан. Одоо бол бүх санхүү төсөв улсаас болохоор амар байна. Гэхдээ улсын санхүү төсвөөс шалтгаалаад ДАШТ-нд оролцохгүй ч байж болох талтай байсан. Гэвч холбооны ерөнхийлөгч н.Мөнхбаатар хувийнхаа зүгээс бидний зардлыг гаргаж тэмцээнд явуулснаар бид энэ амжилтыг гаргаж чадлаа. Тиймээс удирдлагууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Ингээд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйлс байна уу?
-2014 онд манай анхны багш Н.Нэргүй “пара таэквондогоор хичээллэж эхэлсэн дээр байх олимпын наадамд оролцох боломжтой” гэж оролцуулсан. Үүнээс хойш би 20 удаагийн тулаанд хоёр удаа ялагдсан байдаг. Магадгүй миний сайн яваагийн учир ээж аавын минь сүүн цацал, залбирал болон багшийн минь эхлүүлсэн эхлэлтэй л салшгүй холбоотой байх. Ээж аав багш дасгалжуулагч нартаа маш их баярлалаа. Хайртай шүү итгэлийг тань алдахгүй байхыг туйлын их хичээнэ ээ гэж хэлмээр байна баярлалаа.

Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т. ХҮЧИТБААТАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.