“Тэмээчдийн баяр-2025”: Улсын алдарт уяачид оролцоно
БНМАУ-ын анхны аварга тэмээчин Д.Гэндэнгийн нэрэмжит “Тэмээчдийн баяр - 2025” бүсийн уралдаан энэ сарын 20, 21-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд болно.
Энэ үеэр атан тэмээ, тайлган тэмээ, торомны уралдаан, богино зайн уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, багийн буухиа тэмцээн, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан ат, ганган хос шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Одоогоор говийн бүсийн таван аймгийн тэмээчид бүртгүүлээд байгаагийн дотор улсын алдарт уяачид оролцохоор байна. Өнгөрсөн оноос эхлэн тэмээчдэд “Улсын алдарт уяач” цол олгож эхэлсэн бөгөөд одоогоор долоон тэмээчин энэхүү цолыг хүртжээ.
Ташрамд дурдахад, Гучин-Ус сумын уугуул, БНМАУ-ын аварга тэмээчин Д.Гэндэн нь бага наснаасаа мал маллаж, нэгдлийн анхны гишүүнээр элсэн олон жилийн туршид тэмээг өсгөн үржүүлж байв. Тэрээр 1963 онд 50 ингэнээс 50 ботго бойжуулж, 4200 литр сүү, 653 кг ноос ашигласан амжилтаараа улсын аваргын болзол хангаж байжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.