Оскарын гол дөрвөн шагналын эзэд тодорлоо
98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол явагдаж байна. Шагнал гардуулах ёслолын хамгийн том дөрвөн төрлийн эзэд тодорлоо. Тухайлбал шилдэг найруулагчийн шагналыг “One Battle After Another”-ийг найруулсан Паул Томас Андерсон хүртэв. Тэрбээр шагналаа гардан авсны дараа “Ямар нэгэн шагналыг үнэхээр хүртэх ёстой эсэх дээр эргэлзсэн зүйл хүний сэтгэлд үргэлж байдаг. Гэхдээ шагнал хүртэх үнэхээр сайхан байдаг гэдэгт эргэлзэх зүйл байхгүй” гэж хэлжээ.

Харин шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг “Sinners” кинонд тоглосон Майкл Б Жордан хүртсэн байна. Энэ нь түүний анхны Оскар байв. Майкл шагналаа гардан авсны дараа “Ертөнцийн эзэн сайн” гэж хэлээд ээж болон аавдаа ханджээ. Дараа нь тэр “Sinners” кино дээр хамтран ажилласан хүмүүсээ дурдаж, Академийн шагналыг хүртэж байсан өнгөт арьст уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн тэр танхим дахь уран бүтээлчид, өөрийг нь дэмждэг хүмүүст талархлаа илэрхийлжээ.

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг “Hamnet” кинонд дүр бүтээсэн Жесси Бакли хүртжээ. Анхны Оскараа гардан авсан тэр “Хажууд нь зогсож буй гайхалтай эмэгтэйчүүдэд би талархлаа илэрхийлмээр байна. Та бүхний урлаг, зүрх сэтгэл надад урам зориг өгдөг, та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм. Дараа нь тэр өөрт нь мөрөөдөж, хүсэхийг заасан аавдаа талархал илэрхийлсэн байна.

Оскарын хамгийн хүндэт шагнал болох шилдэг киног “One Battle After Another” авчээ. Шагналыг киноны найруулагч Паул Томас Андерсон, продюсер Сара Мерфи нар гардан авсан юм. Энэ нь “One Battle After Another”-ийн зургаа дахь шагнал байв.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.