Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд Дорнод, Хэнтий аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгдсэнээс нэг түймрийг бүрэн унтрааж, хоёр түймрийг цурамд оруулжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут II багийн “Бөөрийн булаг” гэдэг газар өчигдөр 12:43 цагт хээрийн түймэр гарчээ. Улмаар Онцгой байдлын газрын алба хаагчид, Баян-Уул, Цагаан-Овоо сумын мэргэжлийн нийт 37 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж, 15:20 цагт цурамд оруулан, 20:00 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын VII багийн “Жаргалант” гэдэг газар 11:07 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газар, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Хэрлэн сум, Тахилга тосгоны мэргэжлийн ангийнхан нийт 80 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж, 14:40 цагт цурамд оруулжээ. Улмаар 21:05 цагт бүрэн унтраажээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын VIII багийн “Ар хүүш” гэдэг газар өвөлжөөнөөс гал алдаж, хээрийн түймэр гарсан дуудлага 15:57 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18:53 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.