СУРВАЛЖИЛГА: Монголын цорын ганц маскны үйлдвэр өдөрт 35-40 мянган ширхгийг үйлдвэрлэж байна

Дүнгэнэн дуугарах төхөөрөмжийн хажууд хэдэн залуу толгой өөд татах сөхөөгүй ажиллана. Дууг нь төвөгшөөж байгаа шинж тэдэнд ер алга. Бүр дассан нь илт. Эхний төхөөрөмжинд бэлтгэсэн эх биеийг нь нэгэн залуу шуурхай гэгч нь зөөв. Түүнийг нь өөр нэг залуу авснаа өмнөө байгаа төхөөрөмжинд хийхэд бүчийг нь автоматаар хадан, маск бэлэн болов. Монголчууд эх орондоо нэг удаагийн маск үйлдвэрлэж байгаа нь энэ.
Бүр тодруулбал, эх орондоо маск үйлдвэрлэдэг Монголын цорын ганц үйлдвэр болох “Мөнхийн тун” ХХК-ийн “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн хамт олон монгол түмнээ маскаар хангахаар борви бохисхийх чөлөөгүй зургаа дахь жилдээ ажиллаж байгаа нь энэ.

Энэ тухай нэг найздаа хэлэхэд “Хөөх, үнэн үү. Монголд маскны үйлдвэр байдаг гэж үү. Урд хөршөөс 100 хувь импортоор авдаг юм байх гэж бодсон шүү дээ” гээд гайхсан. Түүн шиг гайхаж байгаа хүн уншигчдын маань дунд байж магадгүй. Энэ нь ч аргагүй. Учир нь БНХАУ-ын Уханьд анх гарч, дэлхийн цөөнгүй орон тархаад буй коронавирус аюулын харанга дэлдэхээс өмнө монголчууд эмнэлгийн нэг удаагийн маскийг төдийлөн хэрэглэдэггүй байв.
Харин коронавирус гарснаас хойш монгол түмний хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн бол маск. Хүмүүс маск олдохгүй, ховор байгааг учирласаар байгаа.
Хэрвээ “Тун фарм”-ынхан эх орондоо маск үйлдвэрлэдэггүй байсан бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх. Тэд маскаа хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэж буйг сурвалжлахаар “Тун фарм”-ыг зорилоо. “Энхийн төлөө мөнхийн тун” уриатай, 28 жилийн түүхтэй “Мөнхийн тун” ХХК 16 төрлийн багц, таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн нэг нь маск юм.

“Мөнхийн тун” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Алтанцэцэгтэй ярилцлаа.
ТҮҮХИЙ ЭДИЙН 4-5-ХАН ХОНОГИЙН Л НӨӨЦ ҮЛДСЭН

-Танайх маск үйлдвэрлэдэг Монголын цорын ганц үйлдвэр юм билээ. Сүүлийн үед ачаалал эрс нэмэгдсэн нь мэдээж. Өдөрт хэдэн маск үйлдвэрлэж байна вэ?
-Манайх ер нь жилд дунджаар 340-650 мянган ширхэг маск үйлдвэрлэдэг. Түүнийгээ эмнэлэг, эмийн сангийн хэрэгцээнд нийлүүлдэг. Энэ жилийн хувьд бид оны эхэнд 400 мянган ширхэг маск хийх нөөцтэй байв. Гэтэл коронавирусийн улмаас маскны эрэлт эрс нэмэгдсэн. Үүний улмаас дээрх нөөц маань дуусах гэж байна.
Одоо ер нь маскны түүхий эдийн 4-5-хан хоногийн нөөц үлдсэн. Манайх маскны түүхий эдээ урд хөрш, БНСУ-аас авдаг. Энэ талаар БНХАУ-ын түүхий эдээр хангагчтайгаа ярилцсан. Удахгүй нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэгэхээр манай үйлдвэрийн маскны нийлүүлэлт зогсохгүй байх. Өдөрт бид дунджаар 35-40 мянган маск үйлдвэрлэж байна. Ер нь машиныхаа хүчин чадлыг бүрэн, тултал нь ашиглавал өдөрт 100 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгэхийн тулд түүхий эдээ хангалттай хэмжээнд нөөцлөх хэрэгтэй. Хүмүүс өөр орноос маск Монголдоо авч ирэн худалдаж, манай ачааллыг овоо нимгэлж байх шиг байна.
-Одоогоор Монголын хүн амын хэдэн хувийг нь маскаар хангаж байгаа вэ?
-ЭМЯ-наас монголчуудад 3-4 сая ширхэг маск шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Бид үүнийг хоёр сарын дотор үйлдвэрлэх боломжтой. Машиныхаа хүчин чадлыг бүрэн ашиглаад, гурван ээлжээр ажиллавал шүү дээ. Ер нь ердийн үед манай үйлдвэрийн хүчин чадал Монгол Улсын иргэдийн 30-40 хувийг маскаар хангах боломжтой.
Манай улсад олон үйлдвэр хэрэггүй ээ. Зохистой нөөцөө л бүрдүүлж чадвал ямар ч үед айж, сандрах шаардлагагүй. Засгийн газраас “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих” тогтоол гаргасан. Үүнийх нь хүрээнд бид тусгайлан багц гаргасан, үүнийг харьяа яамныхан, эмнэлгүүд, эмийн сангууд их дэмжиж байгаа. Тэгснээр маскныхаа үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх боломж бүрдсэнд олзуурхаж байна.
-Монголчууд маскны ихэнх хэрэглээгээ урд хөршөөс хангадаг. Танай үйлдвэрийн маск юугаараа онцлог, давуу талтай вэ?

-БНХАУ-д сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү, үйлдвэрлэдэг. Чанаргүй нь бий юү, бий. Үүнийг жирийн иргэд ч мэддэг. Мууг нь мэдсээр байж Монголд авч ирээд худалдах нь ч бий. Гэхдээ чанар муутай нь хямд байж таарна. Чанаргүйнх нь хажууд манай үйлдвэрийн маск олон улсын стандартыг хангасан, аль ч улсад хэрэглээд явахад нүүр бардам.
ӨМӨЗО МАНАЙ ҮЙЛДВЭРЭЭС МАСК ХУДАЛДАН АВАХ САНАЛ ТАВЬСАН
-БНХАУ-ын цагаан сар болоод урд хөршийн үйлдвэрүүд амарна гэдгийг урьдчилан тооцоолж түүхий эдээ нөөцөлсөн байх. Коронавирусийн нөхцөл байдал гэнэтийн цохилт болов уу?
-Яг тэгж байна. Ер нь энгийн үед Хятадын Цагаан сарын үеэр урд хөршийн үйлдвэрүүд нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл амардаг. Мэдээж бид үүнийг нь тооцоолж, энэ жилийн эхний хагаст 400 мянган маск үйлдвэрлэхээр төлөвлөн, түүхий эдээ нөөцөлсөн. Гэтэл ёстой юм болсонгүй. Он гарснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд үндсэндээ дуусаж байна. Тэр ч битгий хэл хятадууд өөрсдөө маскны түүхий эдийн хороонд орчихоод байгаа юм билээ. Одоо нөхцөл байдал ямар байгааг хүмүүс сайн мэднэ.
БНХАУ-ын хаагдчихсан, үйлдвэрүүд нь амарчихсан байна. Одоо яах вэ гэдэг асуулт мэдээж урган гарна. Өдөрт тогтмол тоогоор олон хоног үйлдвэр, маск үйлдвэрлэлээ тасалдуулахгүй байх тал дээр л анхаарч байна. Нээрэн, ӨМӨЗО-ноос манайхаас маск худалдан авах санал ирсэн. Бид өөрийнхөө орны иргэдийг хангаж дийлэхгүй байхад тэгэх боломжгүй л дээ. Өөр оронд амьдарч байгаа монгол хүмүүс бидэнд их маск захиж байна.
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ 500 МЯНГАН МАСКНЫ ТҮҮХИЙ ЭД ИРНЭ
-Урагшаа захьсан түүхий эд тань ойрын хугацаанд ирэх үү?
-Ирэх долоо хоногийн мягмар гаригаас 500 мянган маскны түүхийн эдийн нөөц ирнэ. Хоёр сараас нэг сая маскны түүхий эд авахаар төлөвлөсөн. Түүгээрээ үйлдвэрлэхэд овоо юмны ард гарчих байх.
-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ?
-Манай “Мөнхийн тун” ХХК нийт 200 гаруй ажилтантай. “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 60 гаруй ажилтантай. За, яг маскны үйлдвэрт ер нь таван хүн ажилладаг. Одоо ачаалал ихтэй байгаа болохоор 10-уулаа ажиллаж байна, хоёр ээлжээр.
-Хэрвээ танай үйлдвэр байгаагүй бол, Монгол Улс өөрийн гэсэн маскны үйлдвэргүй байсан бол коронавирусийн халдварын аюул нүүрлэсэн энэ үед ямар эрсдэл гарах байсан бэ?
-Ер нь бусад цаг үед, энгийн үед маск тийм ч эрэлттэй бүтээгдэхүүн биш. Монголчууд маскийг төдийлөн энгийн үед хэрэглэж хэвшээгүй. Үнэндээ иймэрхүү зүйлд монголчууд бэлэн бус байсан нь анзаарагдаж байна. Хэрвээ манай үйлдвэр байгаагүй бол Монголд маскын бүр их хомсдол үүсэн байсан. Бүр болохгүй бол оёх л байсан байх даа. Монгол Улсын хэрэгцээг хангахуйц хэмжээний үйлдвэр байгаа нь яамай даа. Манайх маскаа бүх эмийн сан, эмнэлгүүдэд хүртээх сэн гээд их хичээдэг.
-Өчигдөр (уржигдар) хэсэг залуус хэвлэлийн хурал хийн, маск үнэгүй тараахыг шаардана лээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би ер нь үнэгүй юм тараахын эсрэг байр суурьтай байдаг хүн. Маск зүүх нь эрүүл мэндээ хамгаалж буйн л хэлбэр. ЭМЯ, манай үйлдвэрээс маскаар ханган, иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжоор хангах чухал. Монголд эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл 150 төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэтэл бусад юмны үнэ хэд билээ.
Дэлгүүр ороод 150 төгрөгөөр юу авах билээ. Нэг ширхэг тамхины үнэ хэд билээ. Зарим хүн манай маскийг үнэтэй байна гэж шүүмжилдэг. Өөрийнхөө төлөө, эрүүл амьдрахын төлөө 150 төгрөг зарцуулахаасаа горойж байгаа бол одоо яах вэ дээ. Тухайн хүний ухамсрын асуудал. Хүмүүс хэрэглээгээ жаахан хэмнээд л авчих зүйл шүү дээ. 10 ширхэг нь 1500 төгрөг шүү дээ.
БИД МАСКНЫХАА ҮНИЙГ ТАВАН ЖИЛИЙН ТУРШ ТОГТВОРТОЙ БАРЬСАН
-Танайх оны өмнө маскныхаа үнийг нэмсэн. Үүнийг зарим хүн маскны эрэлтийг далимдууллаа гэж хардаж байгаа нь анзаарагдсан.
-Надад ч бас тэгж анзаарагдсан. Зарим хүн “Танай маск 150 төгрөгийнх, үнэтэй байна. Гэнэт үнээ нэмчихлээ. Энийг далимдуулаад мөнгө олоод байна” гэж байна лээ. Манай үйлдвэр 2014 оноос хойш маск үйлдвэрлэж байна. Анх маскаа 90 төгрөгөөр зарж эхэлсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын дунд хүртэл 90 төгрөгөө барьсан, таван жил. Судлаад үзэхэд 2014 онд ам.долларын ханш 1645 төгрөг байсан. Бид үнээ нэмсэн 2019 оны арванхоёрдугаар сарын 20-дын байдлаар ам.долларын ханш 2744 байсан шүү дээ. Энэ хооронд ам.доллар 1100 орчим төгрөгөөр өссөн.
Яагаад ийм олон жил үнээ тогтвортой барьсан нь учиртай. Бид нэгдүгээрт, маскныхаа үйлдвэрлэлийг олон нийтэд, эмнэлгийн байгууллагуудад, эмийн сангуудад танилцуулах хамгийн боломжит, хямд үнэтэй байхыг хүссэн. Үүний сацуу бид бүхэл бүтэн БНХАУ-тай өрсөлдөж байгаа байхгүй юу. Хятад хэчнээн тэрбум маск үйлдвэрлэдэг блээ. Манайх хэдийг үйлдвэрлэдэг юм бэ. Тэдний үйлдвэр тэрбумаар нь үйлдвэрлэдэг. Гэтэл манайх жилд 650 мянган маск үйлдвэрлэдэг үйлдвэрээрээ өрсөлдөнө гэдэг маш хүнд шүү дээ. Ийм л хүнд даваануудыг давж ирсэн. Тэгж байтал өнгөрсөн онд манай маскны өртөг нь 90 төгрөг рүү ороод ирсэн. Тэгэхээр бид үнээ нэмэхээс өөр аргагүй болсон юм л даа.
Манай маскийг 150 төгрөгөөр авдаг хүн нь аваад, авахгүй бол үйлдвэрлэлээ түр зогсоогоод явахгүй бол энэ чинь нэг компаний ажил биш болчихож байгаа байхгүй юу. Би энэ ажилчдаа цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Маскан дээр өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүнийхээ цалинг нэмэх хэрэгтэй. ШУТИС төгссөн инженер залуу 700 мянган төгрөгөөр 4-5 жил ажиллаж байна шүү дээ. Манай үйлдвэрийн машинистууд бүгд дээд сургууль төгссөн, механик инженер.
МАНАЙХ ШИГ ХЯМД ҮНЭТЭЙ МАСК ХААНА Ч БАЙХГҮЙ

ШУТИС, ХААИС төгссөн инженерүүд энд ажилладаг. Тэд дуртайдаа энд ажиллаад байгаа байхгүй юу. 700 мянган төгрөгөөр хаана, юу хийж байгаа юм, тийм ээ. Тэгэхээр бид эд нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй болно. Нэлээд олон шалтгаан үнэ нэмэхэд нөлөөлсөн. Дээр нь ам.доллар, түүхий эдийн үнийн өсөлт жил болгон тодорхой хувиар нэмэгдээд яваад байгаа байхгүй юу. Мөн инфляцийн ханш. Тийм учраас бид үнээ 150 төгрөг болгосон юм. Гэхдээ олон нийт үүнийг ойлгож байгаа. 150 төгрөгөөр зах зээл дээр зарагдаж байгаа маск хаана ч байхгүй.
-150 бол үйлдвэрийн үнэ үү?
-Тийм ээ. Манайхаас эмийн сангууд аваад тодорхой зардлаа нэмээд худалддаг. Бид маскныхаа үнийг хоёр жилийн өмнө нэмсэн бол яах вэ. Өнөөдөр хүчин чадлаа 200 мянгад хүргэн, дахиад нэг маскны машин авчихсан, N95 загварын маск үйлдвэрлэж байх байсан ч юм бил үү. Ер нь ямар ч үйлдвэр хэт ашиг багатай, бүтээгдэхүүний үнэ нь алдагдалтай байх нь тухайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чөдөр, тушаа болдог.
Энд би бас нэг юм хэлчихье. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг хүмүүс сайн мэднэ. 2.5 тэрбумаас доош борлуулалттай үйлдвэрүүд тэндээс санхүүжилт авдаг. Хөгжлийн банк болохоор 20 тэрбумаас дээш зээл авч байгаа хүнийг санхүүжүүлнэ гэдэг. Тэгэхээр манайх үүний яг завсарт нь хавчуулагддаг. Тиймээс бид арилжааны банкнаас зээл авахаас өөр аргагүй.
Эргэлтийн хөрөнгө худалдаж авах төдий зүйл л дээ. Хүмүүс үүнийг үнэхээр сайн ойлгож, дэмжих хэрэгтэй. Эх орондоо маск үйлдвэрлэдэг Монголын цорын ганц үйлдвэрээ дэмжихгүй юм гэхэд цахим хуудсанд элдэв сөрөг юм бичихгүй байгаасай гэж хүсдэг.
-Одоо хамгийн ачаалалтай өдрөө хэдийг үйлдвэрлэдэг вэ?

-Хамгийн дээд тал нь 50 мянган ширхгийг үйлдвэрлэсэн. Ер нь нөөцөө гамнаж байгаа. Бид маскны машин дахин захисан, ирэх сард ирчих байна. Ашгийн төлөө бус нийгмийн хариуцлагаа ухамсарлаад авчирч байгаа юм шүү. Дотооддоо маск үйлдвэрлэхийн давуу тал маш их.
-Төр, засгаас ингэж дэмжээсэй, тийм бодлогоор ажиллаасай гэж хүсдэг зүйл танд бий юү?
-ЭМЯ төсвийн байгууллага. Шууд манай үйлдвэрийг тэдэн төгрөгөөр дэмжинэ гэх боломж хомс. Коронавирусийн халдвартай холбогдуулан маскны машинаа сайжруулчих, бүтээгдэхүүний нөөцөө татчих гээд зээл олговол болох нь тэр. Төдий хугацааны дараа ингэж төлөөрэй гээд. Тэгвэл түүн шиг сайхан тус байхгүй. Манайхыг “Капитрон” банк маш олон жил дэмжин, ойлгож ажилладаг. Түрүүн хэлсэнчлэн манайх шиг эмийн үйлдвэрүүд ЖДҮ-ийг дэмжих сан, Хөгжлийн банкны зээлний гадуур үлдчихээд байгаа юм. Монгол Улсын эмийн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд зөв бодлого, дэмжлэг их чухал. Монголд үйлдвэрлэсэн эм гологддог, бусад орныхоос доогуур үнэлэгддэг үе ард хоцорсон.
М.ХАД-ЭРДЭНЭ: БИД ХОЁР ЭЭЛЖЭЭР, 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Мөн бид “Мөнхийн тун” ХХК-ийн “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Коронавирусийн халдварын улмаас танай үйлдвэрийн ачаалал хэр нэмэгдсэн бэ?
-Бид өмнө нь олондоо 8000-1000 маск үйлдвэрлэдэг байсан. Одоо 35-40 мянган ширхэг маск үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр 2014 онд эмнэлгийн нэг удаагийн хувцас, хэрэгслийг үйлдвэрлэж эхэлсэн юм. 100 хувь импортыг орлосон үйлдвэрлэл л дээ. Тэдгээр бүтээгдэхүүний нэг нь маск. Өмнө нь бид маскийг цөөн тоогоор үйлдвэрлэн, ихэнхийг нь багцандаа оруулдаг байв. Бас нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд тараана. Багцнаасаа гадна цөөхөн тоогоор үйлдвэрлэдэг байлаа. Зарим үед багцандаа оруулах шаардлагаар 4-5, заримдаа 2-3 цаг ажиллуулаад 2000-3000 маск үйлдвэрлэдэг байсан юм.
Коронавирусийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотой, гадуур маскны хэрэгцээ их, хүмүүс маскийг дотооддоо үйлдвэрлэдгийг төдийлөн сайн мэддэггүйгээсээ болоод авч нөөцлөөд байгаа. Хэрэглэгчдийг, монгол түмнээ маскаар хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хойш манайх ээлжээр ажиллаж байгаа. Өдөртөө 35-40 мянган маск үйлдвэрлэдэг. Тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал өдөрт 100 мянган ширхэг маск үйлдвэрлэх боломжтой. Техникийн үзүүлэлт нь.
Яагаад бид хэд 100 мянгад хүргэж үйлдвэрлэхгүй байна вэ гэхээр өмнө нь өдөрт цөөхөнг үйлдвэрлэдэг байсан машин маань гэнэт хурдан ажиллуулж, ачаалалтай ихтэй байхаар эвдэрвэл яана. Сэлбэг хэрэгсэл нь Монголд төдийлөн олдохгүй. Бүр зогсолт хийчих вий гээд болгоомжлохын зэрэгцээ зах зээлийг хангах гээд хэрэндээ ажиллаж байна. Бид хоёр ээлжээр, 24 цагаар ажиллаж байгаа.
ЯМАР Ч БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭХИЙН ДАВУУ ТАЛ АСАР ИХ

-Танай үйлдвэр хэдэн шат дамжлагатай вэ?
-Хоёр. Эхнийх нь эх биеийг нь бэлдэх, нөгөө нь бүчийг нь хадах. Манай үйлдвэрийн маск хайрцагандаа 50 ширхэгтэй. Бүтэн жил үйлдвэрлэдэг маскаа он гарснаас хойш хэдхэн хоногийн дотор хийчихлээ.
-Одоо байгаа нөөц дуусахаас өмнө шинэ нь урдаас ирж амжих уу?
-Дэлхий нийтээрээ маскны түүхий эдийг БНХАУ-аас авсан. Хятадууд өөрсдөө түүхий эдийн хомсдолд орсон. Тус улсын маск үйлдвэрлэдэг компаниуд түүхий эдээ их хэмжээгээр нөөцөлдөг юм байна. Тэднээс авахаар хэлэлцэж байгаа. Мэдээж нийлүүлэгчээс бус үйлдвэрлэгчээс авахаас илүү үнэтэй байх болов уу.
-Түүхий эдийг нь Монголд үйлдвэрлэх боломж бий юү?
-Ямар ч боломжгүй. Тийм технологи Монголд нэвтрэх хараахан болоогүй. Бид өдөрт 35-40 мянган ширхэг маск үйлдвэрлээд байхад маскны хомсдолыг арилгаад байх болов уу гэж бодсон. Гэтэл тийм биш юм байна. Үнэндээ эрэлтийг бүрэн хангаж дийлэхгүй байна. Гэхдээ тодорхой хэмжээнд монгол түмнээ маскаар хангаж байгаа. Ер нь зөвхөн маскны бус бүх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийн давуу тал асар их.
“МАСК ҮНЭГҮЙ ТАРАА” ГЭЖ ШААРДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ГАЙХАЖ БАЙНА

-Танайх маскны дахин нэг машинтай болох гэж байгаа юм билээ. Тэгвэл өдөрт хэдэн ширхгийг үйлдвэрлэх боломжтой вэ?
-Одоо энд байгаа машин 2014 оных. Шинээр авах гэж байгаа нь 2019 оных. Хоёр машинтай болчихвол өдөрт уймхан 100 гаруй мянгыг үйлдвэрлэнэ. Бид ганц дайчин ганцаардахгүй гээд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хөдөлмөрлөж байна. Түүхий эд л дуусчихгүй бол сунаж унатлаа ажиллана.
Шөнөжингөө ажиллачихаад өглөө инээгээд зогсож байгаа залуусаараа бахархдаг. Шөнөжин нойргүй хийсэн маскаа түгээлтэнд гаргачихаад зогсож байхад зарим хүн “Танайх ийм олон маск үйлдвэрлэж байж иргэдэд үнэгүй тараа” гэхэд нь гайхдаг. Цахим ертөнцөд ч бас тийм бодолтой хүн олон байна лээ. Энд ийм олон хүн унтах нойр, идэх хоолоо умартан байж хөдөлмөрлөж байхад яагаад үнэгүй тараах ёстой гэж.
МАСКИЙГ ИНГЭЖ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
НЭГ: Маскны эх биеийг нь бэлтгэх
ХОЁР: Масканд бүч хадах
ГУРАВ: Савлах


“Тун фарм”-ын үйлдвэрт эмнэлгийн улавч, малгай үйлдвэрлэж байгаа нь. Энэ бол тэдний үйлдвэрлэдэг эм, эмнэлгийн хэрэгслийн нэгээхэн хэсэг нь.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН
































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маскных нь түүхий эд хятадынх, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь бас хятадынх, тийм байхад нээх худлаа эх орны үйлдвэр мүйлдвэр гэж томрохоо болих хэрэгтэй.
Үйлдвэрлээд бгаа юм бол яагаад олдохгүй байхгүй бгаа юм бэ? Иргэдэд тэгш хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Хэн 1нд илүү өгмөөргүй бна
Ашгүй ийм үйлдвэр байгаа нь овоо. Одоо маскны түүхий эдийг нь засгийн газраас хөөцөлдөж саадгүй оруулж өгөх хэрэгтэй. Ажиллах хүч дутуу бол эх оронч сэтгэлтэй задуучууд туслах байхаа. Амжилт хүсье.
Анх 2 үйлдвэр бий гэж байсан. Одоо 1 үйлдвэртэй болчихжээ. Маскны үйлдвэр олныг байгуулах хэрэгтэй юм байна.
Iim.uyd mask genet ih hereg boldog ch busad uyd guigaad ch hun avahgui yamar ch borluulaltgui baidag shu, 2 uildver baigaad engiin uyd dampuuraad duusah bh da
Импортыг 100 % орлож чадахгүй, бүх материалаа урдаас авчирч байгаа хойно. Авчраад "угсарч" байна л гэсэн үг. Алсдаа түүхий эдийг дотооддоо боловсруулах арга зам хайх хэрэгтэй. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгож дэмжээсэй.
tanai maskiig haanaas hudaldan abah bolomjtoi be uildveriin neriin baraanii delguur n haana bdg be
Toroos gants uildveree demjeed uguusei
Company ruu n zalgasan chin mask uls ruu uguuch bgaa bhgui gsn bzde. Humuust hudlaa medeelel uguhuu bolioch. Neg hudlaa mundag tsarailj
Zaaasss zugeer l yumaa hiiheel ashgaa l olooshdee . Neeh hudlaa sh.aagaal niigmiin hariclaga unaj tustlaa ch geh shig hend heregte yum. Bugdiig mongoor hemjij bj yun uyngiin haliltai yum. Ta naraas unegu hen ch yum avah geegu hucalgu ashgaa oluul hiigeed ashiggu bol zailna l bizde. Harin ard irged avj bgaa bol bayrla.
Дуртай бол чи өөрөө зайл... Монгол маскний үйлдвэрээр, маскаар дутна харин чамаар бол хэн ч дутахгүй шүү