СУРВАЛЖИЛГА: Хил хаагдсан гэх шалтгаанаар саримсны үнийг ХОЁР ДАХИН нэмжээ
Өнгөрсөн баасан /2020.01.31/ гарагт Засгийн газар хуралдаж, гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаарын, төмөр замын, автозамын боомтуудыг хаах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ бараа, таваарын импорт, экспортын урсгалыг хязгаарлахгүй гэдгийг онцолсон юм.
Тэгсэн хэдий ч хил хаагдсанаар хүнсний хомсдол үүсэх вий, юмны үнэ тэнгэрт хадах вий гэсэн иргэдийн зовнил газар авсаар. Хил хаагдахаас ч өмнө махны үнэ 5 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байсан тухай бид үүний өмнө сурвалжилсан.
Иймд өргөн хэрэглээний барааны үнийг Засгийн газарын шийдвэр гарснаас хойших эхний даваа гарагийн байдлаар сурвалжилж, бэлтгэлээ. Ингэхдээ аж, ахуйн нэгжийн нэр хүндэд халдахгүй үүднээс зорьсон хүнсний зах, супермаркетуудынхаа нэрийг нууцалсан юм.

САРИМСНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Монгол Улс сонгино, саримснаас эхлээд салатны навч, мөөг хүртэлх бүх л нарийн ногоогоо урд хөршөөс оруулж ирэн худалдаалдаг. Ийм ч учраас хэрэв хил хаагдсан нь импортын барааны үнэ хөөрөгдөх шалтгаан болох бол хүнсний ногооны үнэ харьцангуй түрүүнд өсөх ёстой.
Хүнсний захуудын хүнсний ногооны тасагт, монгол үрийн төмс дунджаар 900 төгрөг, лууван 2 мянган төгрөгний үнэтэй байна. Энэ нь энгийн үеүдтэй харьцуулахад 50-100 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Харин салатны навч, мөөг, саримс, сонгино зэрэг Хятадаас импортлосон хүнсний ногооны үнэ 400-гаас 4 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал,
- Салатны навч нэг килограмм нь 6 мянган төгрөг байсан бол 6 мянга 500 төгрөг
- Мөөг нэг килограмм нь 8 мянган төгрөг байсан бол 8 мянга 500 төгрөг
- Сонгино нэг килограмм нь 1 мянга 500 төгрөг байсан бол 2 мянга 100 төгрөг
- Саримс нэг килограмм нь 4 мянган төгрөг байсан бол 8 мянган төгрөг тус тус болсон байна.
Эндээс импортын саримсны үнэ хоёр дахин нэмэгдсэн байгаа нь анхаарал татсан юм. Ногооны тасгийн худалдагчаас уг асуудлаар тодруулга авахад, “Цаанаас импортын ногоонуудын үнэ өндөр ирдэг болсон. Зооринд нөөцөлсөн байсан ногоонуудын ч үнэ нэмэгдэж ирж байна.
Уг нь урдаас их хэмжээгээр нь оруулж ирдэг хүмүүст үнийн зөрүү үүсээгүй байх ёстой. Гэхдээ бидэнд ирэхдээ үнэ нь өсөөд байна” гэдэг зүйлийг ярьсан юм.

ГУРИЛ, БУДААНЫ ҮНЭ СУПЕРМАРКЕТУУДАД ТОГТМОЛ, ЗАХУУД ДЭЭР НЭМЭГДСЭН БАЙНА
Бид дотоод дахь цагаан будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Харин цагаан будааны үнэ супермаркетуудад харьцангуй тогтмол буюу өмнө зарагдаж байсан дүнгээрээ худалдаалагдаж буй нь анзаарагдлаа. Гэвч хүнсний захууд дээр байдал өөр байсан юм. Тодруулбал, хүнсний захын худалдагчид будааны үнээ нэр, төрлөөс нь шалтгаалж 100-гаас 300 төгрөгөөр нэмжээ.
Гурилны үнийн хувьд ч мөн дээрхийн адил дүр зураг харагдсан юм. Супермаркетийн худалдагч бараа татсан талоноо харьцуулж хараад, “Манайд хуучин үнээрээ ирсэн байна, бид ч нэмж зарахгүй байгаа” гэж ярив.
Нөгөө талд хүнсний захын худалдагч, “Гурилны үнэ жаахан өссөн. Цаанаасаа л өсөж ирээд байна” гэх тайлбарыг өгч байлаа. Дундажилж үзэхэд гурилны үнэ зах дээр мөн 100-гаас 300 төгрөгөөр нэмэгджээ.


Харин гар нүүрний саван, угаалгын нунтаг, нолийн цаас зэрэг ахуйн, ариун цэврийн барааны үнэ нэмэгдээгүй байна. Тэр ч бүү хэл Safeguard нэрийн гарын саван оруулж ирдэг компани шинэ төрлийн вирусийн дэгдэлт их байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ 500 төгрөгөөр буулгажээ.

НАЙМААЧИД УУ, ЮАНИЙН ХАНШ УУ
Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү нэмэгдсэн шалтгааныг хил хаагдсантай холбож ойлгох нь нэг талаар өрөөсгөл. Нэгэнт Засгийн газар хуулийн хүрээнд импортын барааны урсгалыг хаахгүй зохицуулалтыг хийгээд буй учир “гахай үүрч” бараандаа явдаг хувь наймаачдаас бусад импортлогчдод үнээ нэмэх шаардлага үүсэхгүй юм.
Супермаркетуудад хүнсний ногоо, гурил, будааны үнэ тогтмол байгаагаас харахад наймаачид хил хаагдсан гэх дуулианаар хий үнэ нэмж байж болох талтай. Тэдний хувьд, “Цаанаасаа нэмэгдэж ирж байна” гэх тайлбарыг хэлж буй.

Урд хөршөөс импортолж оруулж ирсэн барааг хоёр дахь шатны наймаачид бөөндөж, өөрсдийн үнээ нэмж худалдаалдаг. Тиймээс томоохон импортлогчид үнээ нэмж байна уу гэх асуулт мөн урган гарна.
Нөгөө талд эдгээр үнийн нэмэгдлийг юанийн ханштай холбож тайлбарлах худалдагчид байсан юм. “Юань 410 байхад орж ирсэн хүнсний ногоонуудаа одоо ийм үнээр зарж байна. Одоо ч гэсэн юань өндөр байна шүү дээ” гэлцэх тэдний хувьд хил хаасан явдал үнэ нэмэгдэх шалтгаан огтхон ч биш гэнэ.
Ямартай ч хил хаагдсанаас хоёр өдрийн дараа гэхэд хүнсний ногооны үнэ 400-гаас 4 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгдэж, нэмэгдсэн шалтгаан нь асуултын тэмдэг болон харагдаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наймаачид ченжүүд эх орон ярьсан худлаа хүмүүс. дотоодын хүнсний ногоо нэрээр гарал үүсэл нэгтэй ногоог хэрэглэгчдэд үнэ өндөртэй зарна. Хэрэглэгчид тэрийг нь авч тэднийг дэмжидгийг ойлгох ч ухамсаргүй ялрах цагаар нь түүн дээр нь дөрөөлнө.
Anhaarah yostoi baiguullaguud ni ajillamaar um iim ued l hamgiin teneg teneg asuudluud garna sh dee