Улс төрийн мэдээ

Монгол–АСЕАН-ы харилцааг өргөжүүлэх сонирхол бүхий Чань Тань Маны айлчлал

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг, харилцан итгэлцэлд тулгуурласан харилцааг хөгжүүлж ирсэн.

Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа хөгжлийн дараагийн түвшинд шилжих чиг хандлагатай болж, төрөл, зүйл, субъект, хамрах хүрээний хувьд нэгдсэн бодлого, удирдлагаар зохицуулагдах институт хоорондын харилцаа үүсэж, төрийн институт ба төрийн бус институт хоорондын салбар харилцаа болон төлөвшиж байна. 

Улс төрийн харилцааны шинж төлөв, хандлага улам бүр төрийн институт, түүний нэгж бүрийг бүрэн хамарч, тэлэн хөгжиж байгаагаар тодорхойлогдох болов.

Хууль тогтоох эрх мэдлийн институт хоорондын улс төрийн харилцааны үндсэн хэлбэр нь парламентын дарга нарын өндөр, дээд түвшний айлчлал бөгөөд түүний механизм бол яриа хэлэлцээ мөн. Монгол Улсын УИХ, БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцаанд парламентын дарга нарын төрийн өндөр, дээд түвшний айлчлал жин нөлөө, ач холбогдлоороо улс төрийн харилцааны шинэ үеийн үзэл баримтлал, бодлогыг тодорхойлж өгсөн. Түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр орны хүсэл эрмэлзэл, эрх ашигт нийцүүлэн бүс нутгийн маргааныг шийдвэрлэх, тогтвортой байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. 

Парламент хоорондын харилцааг анх 1997 онд БНСВУ-ын ҮА-н дэд дарга Дан Күан Түй, 1998 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж нар харилцан айлчлалаар эхлүүлсэн билээ. Үүнээс хойш УИХ-ын дарга нар буюу 2004 онд С.Төмөр-Очир, 2010 онд Д.Дэмбэрэл, 2018 онд М.Энхболд нар, ҮА-ын дарга нар болох 2003 онд Нгүен Ван Ан, дэд дарга 2009 онд Үон Чү Лью, 2015 онд Хүйнь Нгок Сөн зэрэг нийтдээ найман айлчлал хийгджээ. 

Дээр дурдсан айлчлалын үеэр парламентын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайдтай хийсэн 25 гаруй яриа хэлэлцээгээр шинэ харилцааг бүх салбарт эрчимжүүлэх, өмнөд Хятадын тэнгисийн маргааныг шийдвэрлэх зэрэг тэргүүлэх асуудлаар хоёр орон харилцааны үзэл баримтлал, гадаад бодлогын зарчмыг дахин нотолж, улс төрийн байр сууриа илэрхийлсэн байна.

1998 онд УИХ-ын Тамгын газрын төлөөлөгчид БНСВУ-д айлчилж, Ерөнхийлөгч Чан Дык Лыөнд бараалхаж, ҮА-н дарга Нон Дык Мань, Гадаад явдлын сайд бөгөөд Ерөнхий сайдын орлогч Нгүен Мань Кам, ҮА-н Гадаад хэргийн байнгын хорооны дарга До Ван Тай, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Хью Нго, Худалдааны сайд Чыөн Динь Дүен нартай албан уулзалт хийв. Айлчлалын хугацаанд УИХ, ҮА-н хооронд, Тамгын газар хооронд хамтран ажиллах Протоколд тус тус гарын үсэг зуржээ.

1997-2023 оны хооронд 8 удаа айлчлал хийгдсэний 5 нь өндөр, дээд түвшнийх байгаа нь парламент хоорондын харилцаа өндөр, дээд түвшинд хүрснийг илтгэж байна. Айлчлал, яриа хэлэлцээний давтамж 1.3 жил байгаа нь давтамжийн хувьд зохистой хэмжээнд хадгалагдаж буй хэрэг. Парламентын дарга нарын айлчлалын хөтөлбөрт хоёр орны парламентын харилцааг парламентын бүлэг, тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг нээх, хөгжүүлэх, хамтын ажиллагааны үйл явцыг хянан хэлэлцэх асуудлыг урьдчилан тохирч бэлтгэл ажлыг ханган, амжилттай зохион байгуулсан байх юм.

Тухайлбал, УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид 1998 оны 11 дүгээр сард Вьетнамд албан ёсны айлчлал хийж, УИХ, БНСВУ-ын ҮА хооронд хамтран ажиллах протокол, мөн дээрх байгууллагуудын Тамгын газруудын хамтран ажиллах протоколд тус тус гарын үсэг зуржээ.

2003 оны 1 дүгээр сард БНСВУ-ын ҮА-н дарга Монгол Улсад албан ёсны айлчилж, парламент хоорондын хамтын ажиллагааны тухай болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд тус тус гарын үсэг зуржээ. 2004 оны 1 дүгээр сард УИХ-ын дарга С.Төмөр-Очир БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр парламентын тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын дэргэд Судалгааны төвийг байгуулахад Вьетнамын ҮА-аас тусламж, дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэн шийдвэрлэх, мэргэжилтнүүдийг солилцох талаар хэлэлцэн тохиролцов.

Парламентын бүлэг хоорондын харилцаа БНСВУ-ын ҮА-н Вьетнам-Монголын парламентын бүлгийн дарга Лыөн Фан Гы 2005 оны 1 дүгээр сард УИХ-д, 10 сарын дараа Монгол Улсын УИХ-ын Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ч.Содномцэрэн ҮА-д айлчилсан үеэс эхэлсэн юм. Харин давтамжийн хувьд 10 жилийн дараа буюу 2015 онд Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, 2023 онд Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ц.Туваан нар тус тус айлчилжээ.

Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 9 дүгээр сарын 9–11-нд УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ нь Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд Монголд хийж буй 23 жилийн дараах айлчлал юм. Айлчлалаар парламентын удирдлагын хэлэлцээ, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны баримт бичиг болон “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Энэ айлчлалын гол зорилго нь улс төрийн өндөр түвшинд хүрсэн Монгол–Вьетнамын харилцааг парламентын тогтмол механизм, худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагаа болон Монгол–АСЕАН-ы харилцааг өргөжүүлэх бодит үр дүнтэй холбох явдал юм.

Парламент хоорондын харилцаа хоёр орны болон Монгол-Вьетнамын харилцааны улс төрийн бодлогыг тодорхойлох, эрх зүйн баримт бичгүүдийг батлах, парламентын дарга нарын айлчлал, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны протоколуудын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж буй.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Бямбаагийн Цэнгэллхам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button