СУРВАЛЖИЛГА: Компьютер тоглоомын донтолтоос гарч чадсан хүү бусдыгаа уриалж байна

Техник технологи хөгжихийн хэрээр компьютер тоглоомонд донтох байдал хүүхэд залуусын дунд газар авч байна. Үүнд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал. Тэр тусмаа өсвөр насны хөвгүүдтэйгээ учирлаж ярилцаж, аль болох зөвөөр ойлголцож нөхцөл байдлыг шийдэхгүйгээр шууд хамаг зүйлсийг нь хорьж цагдах нь тэднийг улам зөрүүдлүүлдэг аж.
-КОМПЬЮТЕР ТОГЛООМЫН ДОНТОЛТ ЭЦЭГ ЭХИЙН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭЛТЭЙ-
Харин БГД-ийн 47-р сургуулийн сургалтын менежер Л.Должинсүрэн компьютер тоглоомоор донтсон дөрвөн хүүхэд дээр ажиллаж тэднийг зөв чиглэлд нь гаргаж чаджээ. Тэрбээр энэ талаараа Улсын илтгэлийн уралдаанд оролцож дэд байрын эзэн болсон бөгөөд бусад эцэг эхчүүд багш нартаа туршлага хуваалцдаг байна. Түүний тавьсан “PC тоглоомоос сурагчийн ширээ рүү” илтгэл нь донтсон хүүхдүүдийн давуу талуудыг ашиглаж, тэдэнтэй ярилцаж урамшуулан зөв чиглэлд оруулж чадсан байв. Үүний тод жишээ нь 13 настай 8г ангийн сурагч Б.Оргил байсан юм.

Зургийн тайлбар: БГД-ийн 47-р сургуулийн сургалтын менежер Л.Должинсүрэн
Мөн тэрээр эцэг эхчүүдийг ПС тоглоом тоглодог хүүхдүүдийг хорьж цагдалгүй тэдний тоглох тоглоомыг танин мэдэхүйн шинжтэй тоглоом болгож, өөрийгөө хөгжүүлэхэд туслах хэрэгтэй. Мөн тэдгээр хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийн хайхрамжгүй завгүй байдлаас болж ийм байдалд ордог учраас хүүхдүүдтэйгээ аль болох ярилцаж цаг заваа гаргах хэрэгтэй. Хүүхдүүд компьютер тоглоомын ачаар хэд хэдэн давуу талтай болсон байдаг учир тэдгээр чанаруудыг хөгжүүлэн донтолтоос ангижруулж болно хэмээн ярилаа.
-Б.Оргил: Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог байсан болохоор компьютер тоглоомоор өөрийгөө тайтгаруулж тоглож эхэлсэн-

БГД-ийн 47-р сургуулийн 8г ангийн сурагч Б.Оргил. Тэрээр компьютер тоглоомонд донтдог байсан талаараа хэнээс нууж хаадаггүй. Харин энэ зүйлээс холдож чадсанаараа бахархдаг бөгөөд одоо өөрийн гэсэн зорилготой болж ганцаардмал нэгэн байхаа больсон хэмээн нээлттэй ярьж байлаа.
-Хэзээнээс эхэлж компьютер тоглоомонд донтох болсон бэ?
-Жилийн өмнөөс донтох болсон. Нэг тоглоод эхэлчихээрээ хичээлдээ ч явахгүй, гэртээ ч харихгүй хүмүүсийн санааг маш их зовоодог байсан. Одоо энэ талаараа бодохоор маш их харамсдаг, тэр үед эцэг эх найзуудад маань ямар байсан бол гээд өөр дээрээ тусгаж бодохоор уйлчих гээд байдаг. Тийм ч учраас одоо өөр шигээ тэр тоглоомонд донтсон хүүхдүүдэд тусалж дэмжихийг үнэхээр их хичээдэг. Тэдгээр хүүхдүүдийг хүсэл мөрөөдөлтэй болоосой гэж хүсдэг. Намайг хүсэл мөрөөдөлтэй болгож компьютер тоглоомоос гаргасан багшдаа маш их баярладаг.
-Компьютер тоглоомонд донтож тоглохоо болиод хэр удаж байна? Болиход нь яг ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэж боддог вэ?

-Өнгөрсөн зургаадугаар сараас хойш донтож тоглохоо больсон. Тухайн үед багш маань дуудаад надтай маш сайн ярилцсан. Намайг одооноос энэ тоглоомыг орхиж хүсэл мөрөөдлөө эргэцүүлээд ядаж дэвтэр дээр бичээд ч болтугай багаар эхлүүл. Хэрвээ тэгж чадвал чи ирээдүйгээ өөрчилж чадна гэж хэлсэн. Түүнээс хойш эцэг эх найз нөхөд маань бүгд тусалснаар компьютер тоглоомын донтолтоос холдож чадсан. Хэдий тоглосон ч өөртөө шаардлага тавьж хязгаар тавьж чаддаг болсон.
-Яагаад өөрийгөө компьютер тоглоомонд хөл алдаж донтох болсон гэж боддог вэ? Дүгнэлт хийж бодож байсан уу?
-Би маш их ганцаардаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог байсан болохоор компьютер тоглоомоор өөрийгөө тайтгаруул хань болгож эхэлсэн. Харин одоогийн би тэгж бодохоо больсон. Аль болох хүмүүстээ ярилцаж, дотносохыг хүсдэг. Мөн компьютер тоглоогүй бараг таван сар боллоо.
-Компьютер тоглоом тоглож байхдаа сурсан зүйлсээс чамд сайнаар нөлөөлсөн зүйлс бий юу?
-Гадаад хэл компьютерийнн мэдлэг сайжирсан. Харин эсрэгээрээ миний нүдний хараа муудаж шил зүүдэг болсон.
-МӨНГӨ, БАЯН ТАНСАГ АМЬДРАЛДАА БУС ХҮМҮҮСТ ТУСАЛЖ ДЭМЖДЭГ САЙН ӨМГӨӨЛӨГЧ БОЛНО -

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна?
-Өмгөөлөгч болно. Гэхдээ эд хөрөнгөтэй баян өмгөөлөгч болно гэж бодохгүй байна. Хамгийн чухал зүйл нь сайн өмгөөлөгч л болно. Одоо гэмт хэрэг их гардаг болсон, бас тэр чинээгээрээ хүмүүс хэлмэгддэг. Мөнгөгүй хүмүүс нь шүүхийн өмнө хүчин мөхөс байгаа. Тиймээс мөнгө, баян тансаг амьдралдаа бус хүмүүст тусалж дэмждэг сайн өмгөөлөгч л болно.
-“Мөрөөдлийн газрын зураг” хэмээх зургийнхаа талаар илтгэл тавихыг нь сонсож байхад гурван хүүхэдтэй болно гэж ярьж байсан. Яагаад тэгж нарийн төлөвлөв?
-“Мөрөөдлийн газрын зураг”-т манай ангийнхан бүгд 35 настай би ирээдүйд ямар байх талаараа зурж үлдээсэн. Миний хувьд мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай сайн өмгөөлөгч болохын сацуу хоёр хүү, нэг охинтой болно гэж мөрөөдөж байгаа. Яагаад гэхээр ах нар нь охин дүүгээ сайн харж халамжлахаар мундаг залуус болж, гэрийнхээ бүх зүйлсийг хийнэ. Охин дүүгээ ч сайн харж хандаад сайн сайхан яваасай л гэж тэгж мөрөөдсөн. Миний мөрөөдөл тийм тансаг биш байсан ч би гэр бүлээ жаргалтай болгож л байвал надад сайхан.
-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байна уу?
-Компьютер тоглоомын донтолтоос болж эцэг эхийнхээ санааг зовоож байсанд уучлаарай. Харин над шиг компьютер тоглоомын донтолтод орсон найзууддаа хэлэхэд ганц өөрийгөө сонсож зөрүүдлэлгүй бусадтай ярилцаж өөрийгөө нээж, бусдад хэрэгтэй хүн болоорой гэж зөвлөмөөр байна.
-Баярлалаа.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.