Тусгаарлагдаж буй иргэд ээ, ухамсартай, хүлээцтэй, тэвчээртэй байцгаая
Дэлхий нийтийг түгшээж буй шинэ коронавирусийн халдвар 95 оронд тархчихаад байна. Энэ тоо өдөр тутам өсч, вирус нь мутацид орж, нэг өвдсөн хүн дахин өвчлөх зэргээр шинэ тутам сорилтууд бий болсоор. Чухам хэрхэх ёстойгоо эцсийн байдлаар олж чадахгүй, олон улс зэрэг сандарцгааж буй.
Ийм үед улс орнуудын иргэдийн ерөнхий төлөвшил хамгийн тод харагддаг аж. Япончууд вирусийн өвчлөлд маш тайван хандаж, Азийн орнуудад тусламжийн гараа сунгаж, дэлгүүрүүд нь “Хятад хүн үнэгүй маск ав” гэсэн бичиг хүртэл хадсан гэх. Харин эсрэгээрээ лалын шашинтай орнууд өвчилсөн иргэдээ ад шоо үзэж, эмнэлгийг нь галдан шатаах үйлдэл хүртэл хийв. Хойт Солонгос вирус туссан хүнээ буудчихаж байх жишээтэй.
Эдийн засгийн хувьд эмзэг орнуудад вирусийн халдвар орвол хүчин мөсөхдөх эрсдэлтэй. Тэр ч утгаараа манай улс хөл хорио тогтоох хязгаарлалтын арга хэмжээг нэлээд эрт авч, тээгч орж ирэхээс сэрэмжилсэн хэвээр байна. Ухань руу онгоцоо нисгэж, 30 монгол оюутнаа татлаа. Гадны орнуудаас ирж буй иргэдээ хүлээн авах арга хэмжээг зохион байгуулсаар байна.
Гол нь, халдварын бүсээс ирж буй л бол шууд тусгаарлагдана. Шаардлагатай бол нарийвчилсан шинжилгээнд оруулж буй. Одоогоор нийслэл орчимд 4-5 газар тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Иргэдийг ирсэн бүс нутгаар нь ангилж, нэг өрөөнд 4-5 хүн байршуулан, өдөрт гурван удаа хооллодог аж.
Мэдээж, бүх зүйл тусгаарлагдсан иргэдийн хүссэнээр байхгүй. Өрөөг нь гаднаас түгждэг, өөрсдөө цэвэрлэгээ хийдэг заримдаа хоол нь хөрчихсөн ирдэг, уух ус зэрэг ахуйн хэрэглээний зүйлс ховор, усанд орох боломж хязгаарлагдмал зэрэг хүндрэлүүд үүсдэг гэх. Мөн тусгаарлагдсан иргэдээс хоногоор тооцон 50-80 мянган төгрөгийг авах зохицуулалт хийгдэж байна. Энд дурдагдсан асуудлуудаас үүдэж, тусгаарлагдсан иргэд бухимдсаар байгаа юм.
Шинэ тутам ийм эрсдлийн өмнө төр улсаараа хичээгээд ч бүрэн төвхнөж чадахгүй байгаа нь үнэн. Тэглээ гээд тусгаарлагдсан иргэд бөөнөөрөө нэгдэж, хөл хорионоос гарахаар зүтгэх, эмнэлгийн ажилчдыг элдвээр хэлж доромжлох, ахуй байдлын ойр зуурын зүйлс нэхэж сүржигнэх ёсгүй билээ. Бүр нэгдэж архи уусан гэх мэдээлэл ч гарсан билээ.
Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Тусгаарлагдсан иргэдээс илэрч болох вирүсийн аюулаас сэрэмжлэхийн тулд өнөөдөр хувийн хэвшлүүдийн орлогыг тасалж, хөл хөдөлгөөн дагасан мөнгөний урсгалаа хумиж, татвар төлөгчид улам махийж байна. Ийм их үнээр гаднаас ирсэн иргэдээ 14 хоног жаахан тухгүй орчинд хязгаарлаж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Та бүхний ямба, ахуйн чанартай бухимдлыг өнөөдөр улс орон даяараа эдийн засгийн хүнд нөхцөл үүсгэн байж, үүрч байгаа.
Тиймээс хүлээцтэй, тэвчээртэй хандаж, 14 хоногоо өнгөрүүлнэ үү. Бүх зүйл өөрийн гэсэн үнэтэй. Зах зээлийн нийгэм хөгжсөн ийм үед тусгаарлагдсан хоногийнхоо тоогоор зохих мөнгөө ч төл. Хувь хүний хүмүүжил, төлөвшил, хүлээцтэй байдал ийм үед хамгийн чухал.













14 хоногийн тусгаарлагдах зардлаа өөрсдөө төлөх нь зөв . Миний ард 3 сау хүний амь амьдрал байгаа гэдгийг гадаад руу доншуучлагч нар ойлгох ёстой
Хоолны мөнгийг нь төлүүл.хориг тавиад байхад хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх л ёстой.
Гадны орноос ирээд хөл хорионд орсон хүмүүс учрах жаахан бэрхшээлийг тэвчихээс яах вэ. Тэр бэрхшээл чинь өвдөх, үхэхээс хавьгүй хялбар шүү дээ. 60 -аад онд би хөдөө тахлын харуулд 10 сарын хүйтэнд 8 хоног сууж, шөнөд нь хадны ёроолд унтаж
байсан. Тэр үед одоогийнх жижиг майхан байгаагүй. Манайд энэ өвчин дэлгэрвэл ямар гай гамшиг учрахыг төсөөлөн бодохтун.
Хөрсөн хоолтой уух усгүй тэгээд 50-80 төгрөгний хоногийн төлбөртэй! Энэнийгээ тэгээд байх ёстой зүйл гэж бодоод байгаа юм уу? Больж үз!Ийм нөхцөлд эрүүл хүн ч өвчин тусч мэднэ! Төлбөрөө ЭМД аас гарга!