НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Г.Норжмаа: Ажлынхаа ачаар барилгын хогноос одоо амьдарч байгаа байшингаа хүртэл барьсан

ХҮМҮҮС ХОГИЙН ЦЭГ ГЭДЭГ ХАРИН БИ МИНИЙ АЖИЛ ГЭХ ДУРТАЙ

Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж амьдралаа залгуулдаг иргэд олон. Арваад жилийн өмнөхтэй харьцуулбал Улаанчулуутад ажиллах иргэдийн амьдрал дээшилснээс гадна хүүхдүүдийн амьдарч сурч боловсрох орчин бүхэлдээ өөрчлөгдсөн байна.  Хогийн цэгт ажиллаж  амьдралаа хэнээс ч дутахгүй сайн сайхан авч яваа иргэд олон байдаг.

Энэ удаа бид Улаанчулуут хогийн цэгт ажиллаж сайн сайхан амьдралын үлгэр жишээ болсон нэгэн эмэгтэйн талаар сурвалжиллаа. Түүнийг Г.Норжмаа гэдэг.  Тэрбээр ерээд   оны сүүлээр нийслэл хотод иржээ. Ирсэн цагаасаа л эхлэн энэ ажлыг хийх болжээ. Таван хүүхэдтэй, группт байдаг нөхрөө асрах бүсгүйн амьдрал хэцүүхэн байсан ч өвдөг сөхрөлгүйгээр зүтгэжээ. Таван хүүхдээ хүний дайтай хүн болгож, өдгөө есөн ач зээтэй өнөр өтгөн гэр бүлтэй болжээ. Тэрээр бидэнд яриа өгөхөөс татгалзаагүй ч өөрийнхөө зургийг нийтлүүлэхийг зөвшөөрсөнгүй.

ХҮМҮҮС ХОГИЙН ЦЭГ ГЭДЭГ ХАРИН БИ МИНИЙ АЖИЛ ГЭХ ДУРТАЙ, АЖИЛДАА ИРЖ ОЧИХДОО ХҮРТЭЛ ҮРГЭЛЖ ЦЭВЭРХЭН ХУВЦАСТАЙ БАЙДАГ-

-Та хэдэн оноос Улаанчулуутын хогийн цэгт ажиллах болсон бэ?

-Нутаг усаа дурдвал Улаанбаатар хотод төрсөн унаган хүүхэд ч, амьдралын эрхээр хөдөө орон нутагт амьдарч эцэстээ нөхрийнхөө биеийн байдлаас болж хот газарт буцан ирсэн юм. 1997 оноос нийслэл хотод суурьших болсон. Цаг хэцүү үед ажил олдохгүй байсан учир хогийн цэгээс ажлаа эхэлж, санхүүгээ түүхий эдийн ач тусаар залгуулдаг байлаа. Үргэлж хог түүж байсангүй, 2003 он хүртэл түүхий эд авдаг байлаа. Тэр үед түүхий эд, цэс хөнгөн цагаан ханш өндөр сайхан л байлаа.

-Хорь гаруй жилийг Улаанчулуутад өнгөрүүлжээ. Энэ хугацаанд хүүхдүүд тань ажилд чинь дургүйлхдэг байсан уу?

-Бага балчир байхдаа мэддэггүй л байсан. Томроод хэцүү л байсан байх. Гэхдээ таван хүүхэд төрүүлж өсгөхдөө би хэнийг нь ч хогийн цэгт ойртуулж, ажиллуулж байгаагүй. Одоо бол бүгд боль та яах гээд тийшээ яваад байдаг юм бэ? Ээжээ өлсөөд байгаа юмуу, бүх юм бэлэн байна шүү дээ гээд л их л дүргүйлхдэг. Би яагаад ч юм гэртээ байснаас ажил дээрээ очоод ажлаа хийх дуртай. Хүмүүс хогийн цэг гэдэг харин би тэгж хэлэх дургүй миний ажил гэх дуртай. Өглөө явахдаа цэвэрхэн хувцастай гараад орой ирэхдээ цэвэр хувцастай ирдэг, энэ ч  дадал болчихсон.

-Та ажил дээрээ очоод хувцас хунараа хаана солих уу?

-Бид чинь танил талаараа хуваагдаад ажил дээрээ тортой. Тэр торондоо хувцас хунараа солино, ойр хавьд нь цуглуулсан юмаа хураана.Өдөр шөнөгүй ажиллах хүмүүс ч байдаг, тэд торондоо хоноглодог.

-ХОГИЙН ЦЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ САЙЖИРСАН -

-Одоо ер нь хогийн цэгт амьдардаг хүмүүс хэр байгаа вэ? Хэдэн жилийн өмнө бол тэнд хүүхэд багачууд ихтэй их хэцүү амьдрал өрнөдөг гэлцдэг байсан?

-Одоо тийм байхаа больсон шүү дээ. СХД-ийн 26-р хорооны хажууд улсын цэцэрлэг нээгдчихсэн, манай ажлынхан бүгд л тэнд хүүхдээ өгдөг. Арван жилийн хүүхдүүд ч байхаа больсон. Бүгд л сургуульд соёл гээд, зарим залуус бол одоо хог түүхээс илүү ажил хийгээд сайхан болчихож. Зун л хогийн цэгт 500 шахам хүмүүстэй олуулаа болчихдог. Тэрнээс биш хүмүүс одоогоор цөөн байгаа.

-Хог түүдэг хүүхдүүд орлогоо хэрхэн зарцуулдаг бол, таны хувьд олон жил байсан хүний хувьд юу гэж бодож байна?

-Эцэг эхдээ л өгдөг байхдаа. Гэхдээ хүүхдүүд маш бага ирдэг болсон. Насанд хүрэгчид ихэвчлэн ажиллаж байгаа, манайханд амьдралаа залгуулж ажилладаг хүмүүс олон бий. Цөөн тооны хүмүүс хэт архинд орсон, өдрийн орлогоо бор дарсанд өгч байна. Бид чинь тийм хүмүүсээсээ хол байдаг.  Ер нь тор тороороо тусгаарлагдчихдаг. Цагаан сараар манай ажлынхан ирж золгоно шүү дээ.

-Хогийн цэгийнхэн хогоо хоорондоо их булууцалдаж муудалцдаг гэдэг. Таны хувьд ийм асуудал гардаг уу?

-Эгч нь насаараа тэнд ажилласан одоо тэнд ажиллаж байгаа хүмүүсээс хамгийн ахмадын тоонд орно шүү. Олон жил ажиллахдаа тэгж их булаацалдаж байхыг мэдэхгүй л юм. Цагаан даваа хаагдахаас өмнө хэдхэн машин ирдэг, хог түүдэг хүмүүс ч бага байсан. Гэхдээ одоо бол бүх дүүргээс ирж байна. Тэр хэрээрээ хүмүүс ч их, хог ч их. Тэгж булаацалдах зүйл байхгүй. Зун болохоор өвлийнхөө бүх түлшний модыг ажлаасаа түүж хураагаад өвөлжчихдөг. Ажлынхаа ачаар барилгын хогноос одоо амьдарч байгаа байшингаа хүртэл бариад авчихсан гээд боддоо.

-Үнэхээр хөдөлмөрч юмаа. Гэхдээ тэр их мод, тоосгыг хэрхэн зөөж авчирсан бэ?

-Анхандаа усны тэргээс эхлээд морин тэрэгтэй түүхий эд авч, цуглуулсан юмаа зөөдөг байлаа. Хүн амьтан андахгүй шүү дээ. Одоо танил тал ч их болсон, машин тэрэг ч их ирнэ. Хэсэгтээ л юмнуудаа цуглуулаад хураачихад хэн ч авдаггүй. Хэдэн өдөртөө цуглуулсан юмаа портер хөлслөөд гэртээ авчирна.

-Өдөрт хэдэн төгрөгний орлого олох вэ?

-Нөхөр маань бие нь муу ч ханьдаа туслаад миний цуглуулсан юмыг үүрээд л явна. Хоёулаа гарвал өдөртөө 30 мянган төгрөг олно. Зуны цагт хоёулаа яваад байвал сардаа сая төгрөг олчихдог. Харин цагаан сараас хойш  нөхрийн бие өвдөөд хэсэгтээ ажилдаа гарч чадаагүй. Анх удаа л худалдааны түлээ түлш түлж үзлээ. Одоо ажлаасаа хэдэн тоосго авчирч байшингаа гүйцээнэ гэж бодож байна. Сая нэг хэсэг гэртээ байхдаа оёдлын сургалтад суусан. Үүнийхээ ид шидийг гаргана гэж бодож байгаа.

-ДААВУУН УУТ ОЁЖ ЭНЭ ХАВИЙНХАА ДЭЛГҮҮРҮҮДЭД 1000 ТӨГРӨГӨӨР ЗАРУУЛАХААР ТАВИУЛЧИХСАН-

-Оёдлын сургалтынхаа талаар яриач?

-Дэлхийн зөнгөөс явуулсан сургалтад нэг сар суусан. Өмнө нь дээл оёдог л байсан л даа. Гэхдээ энэ сургалтад сууснаар илүү олон нарийн юм сурсан. Дэлхийн зөнгөөс хэрээсний машин үнэ төлбөргүй өгсөн. Ингэснээр илүү олон төрлийн янз янзын зүйлс хийж байгаа. Дэлхийн зөнгийнхөн хааяа даа ирж оёсон юмнуудыг минь шалгадаг. Эгч нь хэдэн даавуун уут оёж энэ хавийнхаа дэлгүүрүүдэд 1000 төгрөгөөр заруулахаар хоёр гурваар нь тавьчихсан.

-Та цаашдаа оёдлоо дагнаж ажиллах уу?

-Эхний ээлжинд энэ байгаа ажлаа  шалгуулчихаад ажилдаа гарна. Бас эгч нь зээл хөөцөлдөж байна тэрнийгээ бүтээчихвэл, байшингаа гүйцээхэд нэмэрлэнэ гэж бодох юм. Гэхдээ бүтвэл гэсэн найдлага л байна. Ер нь гэрт байх чинь хэцүү юмаа. Насаараа нэг газарт ажилласан хүн чинь ажилдаа очихоор л сайхан болоод сэтгэл санаа шал өөр болчихдог. Надад бол юм оёж ширтэж суухаас илүү ажлаа хийгээд явж байх нь төвөггүй санагддаг шүү.

-ӨДӨР ШӨНӨГҮЙ ХОГ ДЭЭР АЖИЛЛАЖ ХҮҮХДЭЭ ИХ СУРГУУЛЬ ТӨГСГӨЧИХӨӨД ОДОО ЦУГ АЖИЛЛАЖ БАЙГАА ХАРАМСАЛТАЙ ДҮР БАЙНА-

-Таны Улаанчулуутын ажил амьдралыг тань өдий хүртэл дэмнэжээ?

-Тэгэлгүй яахав. Байшингаа барихдаа таазнаасаа бусад бүх зүйлийг ажлаасаа авчирсан. Түлээгээ ч бас ажлаасаа залгуулдаг. Таван хүүхдээ бүгдийг нь тусдаа гаргачихсан одоо хангалттай, сэтгэл ханамжтай байна. Магадгүй дахиж ажлаад хадгаламжтай болно гэж зүтгэж магадгүй л байх.

-Хүүдүүдийн сургалтын төлбөр гэж том даваа байдаг таны хувьд хэрхэн давав?

-Таван хүүхдийн минь хоёр нь их сургуульд тэр тусмаа улсын сургуульд суралцаж төгссөн. Том хүүхдүүд минь бүгд коллеж, мэргэжил сургалтын төвд суралцсан. Одоо сайхан ажил төрөлтэй, өнөр өтгөн гэр бүлүүд болчихсон явна. Бага охин минь бэр болж очсон нутагтаа зочид буудал нээгээд амжилттай ажиллаж яваа. Нэг нь төрийн албан хаагч бусад нь барилгын чиглэлийн хүмүүс болсон. Би ч хүүхдүүдээрээ их бахархадаг. Манай ажилд  эцэг эх хоёр өдөр шөнөгүй хонон өнжин хог түүгээд хоёр хүүгээ их сургууль төгсгөсөн ч одоо хоёр хүү нь цуг ажиллаж байгаа харамсалтай дүр төрх байна.

-ЮУ ДУТСАН ГЭЖ ТИЙШЭЭ ЯВАХ ГЭДЭГ ЮМ БЭ ГЭРТЭЭ БАЙ Л ДАА ГЭДЭГ Ч ӨӨРИЙН ЭРХГҮЙ АЖИЛДАА ГАРЧИХДАГ-

-Таныг хүүхдүүд тань одоо ажилдаа явахад дургүйцэж байна уу?

-Хүүхүүд минь ээж минь та юугаар дутсан гэж тийшээ явах гэдэг юм бэ дээ. Биеэ эмчлүүлээд гэртээ л бай гэх юм. Гэхдээ л гэртээ суугаад байх давчдаад хэцүү юм. Ажил руугаа гараад алхахад л  хөл өвддөг гэдгээ мартчихаад ажиллаж байдаг сонин хүн шүү би. /Инээв/

-Нөхөр нь байхгүй байх шиг байна? Та хоёр хоёулаа амьдардаг уу? Ач зээ нараас нь та хоёр дээр байна уу?

-Бид хоёр есөн сайхан ач зээтэй. Тэд маань эмээ, өвөө дээрээ ирж бужигнах их дуртай. Нөхөр маань та хэдийг ирэх сургаар гараад явчихлаа. Нэг удаа манай ажлын /хамт хогийн цэгт ажилладаг/ хүн телевизийн нэвтрүүлэгт орсон юм. Тухайн үед гэрт нь ирж бичлэг хийгээд л би ч тэнд байж таараад намайг битгий оруулаарай гэж гуйхад санаа зоволтгүй ээ орохгүй гэсэн. Гэтэл бид бүгд орчихсон байсан. Тэр нэвтрүүлэг орон даяар арав гаруй удаа гарсан. Үнэхээр хэцүү уурламаар байсан шүү. Тэрнээс болж хэвлэлийнхэн салахгүй, хүүхдүүдийн минь найз нөхөд хараад тэдэнд ч, надад ч үнэхээр хэцүү байсан. Үүнээс болж бид хэвлэлийнхнээс зугтдаг болсон. Азаар та нарынх телевизийн бичлэг биш юм.

-Ажилдаа гарахгүй хэд хоножээ. Мөнгө төгрөгний хэрэг их л болж байгаа байх?

-Үр хүүхдүүд минь байна. Мөн бид хоёрын группын мөнгө, нөхрийн тэтгэврийн мөнгө байна. Хорооноос хүнсний талонд хэдэн жилийн өмнө оруулж өгсөн тэрний ачаар хүнсэндээ огт санаа зовж байсангүй шүү. Түлээгээ ажлаасаа болгочихдог. Ажилдаа хэсэг гарахгүй өвдөөд хэвтлээ гэсэн ч санаа амар байж болно шүү.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР, С.БОРГИЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button