Сурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

"COVID-19” халдвар авсан хүн эдгэрсэн ч уушгины үйл ажиллагаа нь СУЛАРДАГ

Дэлхий дахинаа коронавирусээр 1 сая гаруй хүн халдварлаад буй. Үүнээс 250 мянга гаруй хүн эдгэсэн дүн гарчээ. Хамгийн анхаарал татаж буй зүйл бол БНХАУ-д анхны дэгдэлт гарснаас хойш нэг сарын дараа хатуу чанд арга хэмжээ авч, эдгэрэлт нь шинэ тохиолдлын тооноос давж эхэлсэн явдал юм. Иймд олон нийтийн дунд хэр хугацааны дотор эдгэдэг вэ, бүрэн эдгэрэх боломжтой юу гэсэн асуултууд эргэлдээд буй.

-БҮРЭН ЭДГЭРЭХЭД ЗУРГААН ДОЛОО ХОНОГ ШААРДАНА-

Одоогийн байдлаар коронавирусийг эмчлэх эм, тан байхгүй хэдий ч халдвар авсан хүмүүс шинж тэмдгийг намдааж, зохих эмчилгээний тусламжтайгаар эдгэрч чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

"Гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн хувьд гурван шалгуурыг хангасан бол нөхөн сэргээгдсэн гэж үзнэ” хэмээн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ. Үүнд:

  1. Халуун бууруулах эм хэрэглэхгүйгээр дор хаяж 72 цагийн турш халуурахгүй байвал,
  2. Коронавирусийн бусад шинж тэмдгүүд илрэхгүй байвал, (Ханиалгах, амьсгал давчдах)
  3. 24 цагийн зайтай давтан шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарвал,

Гэхдээ нөхөн сэргээгдсэн өвчтөн тэр даруй эрүүл саруул эргэж ирдэг гэсэн үг биш аж. "Олон өвчтөн нөхөн сэргэж байсан ч удаан үргэлжилсэн ханиалга нь хэвээр байдаг. Коронавирусийн халдвар авагсад бүрэн эдгэрэхэд дор хаяж зургаан долоо хоног шаардагдана” гэж ДЭМБ-ын яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал доктор Майк Райан хэлжээ.

-ЭДГЭСЭН ХҮМҮҮСИЙН 80 ХУВЬ НЬ ӨВЧИНД ӨРТӨМТГИЙ БОЛДОГ-

Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн уушгины хүчин чадал сулардаг болохыг Хонконгийн эмч нар тогтоосон байна.

Тодруулбал, Хонконгийн Эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй гурван өвчтөний хоёр нь уушгины үйл ажиллагааны 20-30% -ийг алдсан байна.

Энэ талаар БНХАУ-ын халдварт өвчин судлалын төвийн анагаах ухааны захирал Оуэн Цанг Так-Ин "Тэд илүү хурдан алхвал амьсгаадах болно. Бүрэн эдгэрсний дараа зарим өвчтөнд уушгины үйл ажиллагаа 20-30% буурч магадгүй” гэжээ.

Өвчний урт хугацааны үр нөлөөг тогтооход арай эрт байгаа ч есөн өвчтөний уушгийг дурандахад цантсан шилтэй төстэй хэлбэрийн зүйл илэрчээ. Энэ нь уушгинд ямар нэгэн асуудал гарсныг илтгэж буй юм.

Түүнчлэн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсус "Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь эдгэрнэ. Гэхдээ эдгэрсэн хүмүүсийн 80% нь өвчинд өртөмтгий болох магадлалтай” хэмээн мэдэгджээ.

-КОРОНАВИРУС ХЭСЭГ ХУГАЦААНД УНТАА БОЛДОГ БАЙЖ МАГАДГҮЙ-

Хэрэв өвчинд өртөмгий болох магадлалтай бол хоёр дахь удаагаа коронавирусээр халдварлах боломжтой юу гэсэн асуулт гарч ирнэ.

Уханийн мэргэжилтнүүдийн судалгаагаар шинж тэмдгүүд арилснаас хойш хоёр долоо хоногийн дараа шинжилгээ хийхэд вирусийн ул мөр биенд үлдэж болохыг тогтоосон байна. Тодруулбал, өвчтөнүүд ханиалгаж, найтаахаа больсон тул халдвар авах магадлал эрс багассан байв. Гэтэл нэгэн хятад өвчтөний амьсгалын замд вирусийн халдвар 37 хоног хадгалагдаж байсан нь тогтоогдсон байна.

Мөн дархлаа султай хүн дахин халдвар авсан байж болзошгүй тохиолдол гарчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын сүүлчээр Японы Осака хотын эмнэлгээс гарсан 40-өөд насны эмэгтэйд шинжилгээ хийхэд хоёр дахь удаагаа эерэг хариу гарсан байна. Түүнчлэн "Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдын нэгд, мөн БНСУ-ийн эдгэсэн иргэнд хэдэн долоо хоногийн дараа шинжилгээ хийхэд эерэг гарчээ. Эдгээр нь бүгд тусгаарлагдсан тохиолдол байсан аж. Үүнээс гадна БНХАУ-ын Гуандун мужийн судалгаагаар эдгэж эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн 14 хувийнх нь давтан шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Гэсэн хэдий ч үүнийг шууд дахин халдварладаг гэхэд эрт байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс "коронавирусийн эсрэг үзүүлэх дархлааны хариу урвал нь одоогоор тодорхойгүй байна” хэмээн мэдэгджээ. Эдгээр тохиолдлууд бүрэн нотлогдоогүй бөгөөд вирус хэсэг хугацаанд унтаа болж, дараа нь дахин гарч ирдэг байж болзошгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button