КОРОНАВИРУС БА “ХУЙВАЛДААНЫ ОНОЛ”: 5G сүлжээ, вакцин, Билл Гейтс

Дэлхийн нөлөө бүхий мэдээллийн агентлагуудын мэдээний туузыг сонирхоод үзвэл цар тахлын эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлууд хөвөрч байна.
Их Британид интернетийн сүлжээнд 5G технологиор холбогдох боломж олгодог цамхгийг шатаасан. АНУ-ын Ерөнхийлөгч тагнуулын байгууллагынхаа мэдээлэлд үл итгэн хэдэн долоо хоногийн турш цар тахлын аюулыг үгүйсгэж байна. Дональд Трампыг дэмждэгээ нуудаггүй Америкийн кабелын телевизүүд вирусийн аюул гэдэг нь Ардчилсан намыныхны бодож олсон хийсвэрлэл гэцгээнэ.

Америк болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд короновирус бол аль нэгэн улсын цэргийн салбарын гаргаж авсан зүйл гэсэн итгэхэд хэцүү мэдээллийг тарааж байна. Беларусь, Туркменистан, Никарагуа, Бразил гээд дөрвөн улсын төрийн тэргүүн цар тахлын бодит байдлыг ноцтой гэж үзэхгүй байгаа нь хүн амаа эрсдэлд оруулж байна. Дээр нь WhatsApp чатын хэлэлцүүлэгт коронавирустай холбоотой хуйвалдааны онолын талаар л хүмүүс бичиж байна хэмээн Дубайд онлайн хэлбэрээр болж өнгөрсөн “Урлагийн олон улсын үзэсгэлэн”-гийн зохион байгуулагч Шумон Басар ярьж байна.
“Хуйвалдааны онол” үнэхээр коронавирусийн сэдэвтэй нягт сүлбэлдсэн юм. Вирусын гарал үүсэл, цаашид хэрхэн тухай “хуйвалдааны онол”-д хамаарах мэдээллийг блог бичигчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Фейсбуук дахь бидний найзууд ч бичиж байна. Үүнд нь олны танил хүмүүс, өндөр албан тушаалтнууд ч бас итгэнэ.
Короновирусийн тухай таамаглал бодит байдалд хэрхэн нөлөөлж байна вэ? Яагаад үүнд олон хүн итгэж байна вэ?
Pew Research Center-ийн саяхан хийсэн санал асуулгын дүнгээс харвал АНУ-ын оршин суугчдын 29 хувь нь коронавирусийг лабораторийн нөхцөлд зохиомлоор гаргаж авсан гэдэгт итгэлтэй байна. Харин ОХУ-ын иргэдийн дунд ийм санал асуулга явуулж, судалгаа хийгээгүй. Гэхдээ Оросын “Левада-центр” судалгааны байгууллагын 3-р сарын 25-нд хийсэн судалгааны дүнгээс харвал тус улсын иргэдийн 24 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа коронавирусийн тухай албан ёсны мэдээнд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Харин Оросуудын 35 хувь нь сонин хэвлэл, радио, телевизээр дамжуулж байгаа коронавирусийн тухай мэдээллийн зарим нь үнэн гэдэгт итгэж байна гэж хариулсан байна. ОХУ-ын төрийн мэдлийн “Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв” (ВЦИОМ - Всеросси́йский це́нтр изучения обще́ственного мне́ния) байгууллагын судалгаанаас харвал ОХУ-ын оршин суугчдын 47 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр коронавирустэй холбоотой зарим мэдээллийг дамжуулж байгаа, зарим зүйлийн талаар мэдээлэхгүй дарж байгаа гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.
Тэгвэл судалгаанд хамрагдсан хүмүүсийн 16 хувь нь Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа коронавирусийн тухай мэдээлэлд огт итгэхгүй байна гэж хариулсан байна. Үйл явдлын тухай албан ёсны мэдээлэл ямар нэгэн хэмжээгээр худлаа гэсэн таамаглал дээр ямар ч хуйвалдааны онол үүсдэг. Асуудлыг өөр хувилбараар бодож байгаа хүмүүс албаны мэдээг сонсоод “Нэг л итгэмээргүй юмаа” гэсэн өгүүлбэрийг хэлдэг.
Ер нь “хуйвалдааны онол” интернетийн сүлжээ бий болохоос ч өмнө байсан. Жишээ нь XIX зууны эхэн үеэс л манай дэлхий хавтгай тухай яриа гарч байсан бол бүр МЭА 68 онд ч тодорхой хэсэг бүлэг хэн нэгэн хүнийг үхэлд хүргэсэн байж болох таамаглал гарч байв. Эртний Ромын эзэн хаан Нерон амиа хорлосон гэдэгт тухайн үеийн Ромын олон хүн эргэлзэж байсан түүх бий.

Өнөөдөр “хуйвалдааны онол” олны анхаарал татсан ямар ч үйл явдлын хүрээнд үүсэж байна. Үүнд, шинжлэх ухааны шинэ нээлт, дуулиан дэгдээсэн аллага, олны танил хүн амиа хорлох, алан хядах ажиллагаа, аль нэгэн оронд гарсан хувьсгал, сонгууль гээд тоочоод байвал урт жагсаалт гарна. Ялангуяа хүн төрөлхтөний амьдрал тулгарч байгаа том өөрчлөлт, тодорхойгүй байдлын үед хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлж эхэлдэг гэж Лидийн их сургуулийн профессор, “хуйвалдааны онол” судлаач, “Хуйвалдааны Орос соёл” номын зохиогч Илья Яблоков хэлж байна. Түүний бодлоор бол, хуйвалдааны онол гэдэг нь энэ орчлонд өрнөж байгаа бүхнийг ойлгох гэсэн арга хэрэгсэл.
Гэхдээ нэлээн мэтгэлцээн дагуулдаг аж. Төр засагт үл итгэх, нөхцөл байдалд нөлөөлж чадах эрх мэдэлгүй, хүчгүй гэдгээ хүн мэдэрснээр “хуйвалдааны онол”-ын таамаглал дэвшүүлж эхэлдэг хэмээн судлаач Илья Яблоков тайлбарлаж байна.
5G хүчил төрөгчийг багасгадаг
Интернэтийн сүлжээнд 5G технологиор холбогдох нь хүний эрүүл мэндэд хортой гэсэн “хуйвалдааны онол” гараад нэлээн хэдэн жил болжээ. Эхэндээ 5G нь хорт хавдар үүсгэдэг гэдэг байсан бол одоо цар тахлын үед амьсгалын замын өвчин тусад 5G нөлөөлдөг гэж “хуйвалдааны онол”-чид ярьж байна. 5G долгионы давтамж нь агаар дахь хүчил төрөгчийн молекулыг нэг секундэд 60 тэрбум Герц давтамжтай хэлбэлзэхэд хүргэдэг. Үүний улмаас хүний уушгинд орсон хүчил төрөгч цусны гемоглобинтой нэгдэж чадахгүй болдог. Энэ бол нэг секундэд 60 ГГц хурдаар эргэлдэж байгаа иртэй төмрийг барих гэж оролдохтой л адил хэрэг гэж Reddit-ийн нэг хэрэглэгч бичжээ.

Энэ онолын дагуу, Covid-19 өвчнөөр өвдсөн хүмүүс үнэндээ 5G цацрагаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдалд ордог аж. Энэ таамаглалд итгэж байгаа хүмүүс нотолгоо болгон Хятадын Ухань хотыг иш татжээ. Коронавирусийн халдвар анх дэгдсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны намар 5G сүлжээг туршилтаар ажиллуулж эхэлсэн юм байна. Анх 2003 онд 3G технологийг ашиглаж эхлэхэд SARS гарсан бол 2009 онд 4G сүлжээг нэвтрүүлэхтэй давхцан гахайн ханиад дэгджээ.
Тэгвэл 1918 онд Европт “Испанка” нэрээр түүхэнд үлдсэн ханиад гарах үед радио өргөн нэвтрүүлгийг Европын олон орон идэвхтэй явуулдаг болсон гэж хуйвалдааны онолыг дэмжигчид тайлбарлаж байна. Ийнхүү цахим орчинд яригдаж байгаа 5G сүлжээний хор хөнөөлийн тухай таамаглал бодит амьдралд уршиг тарьж эхэлжээ. 2020 оны 4-р сарын эхээр Их Британийн Бирмингем, Ливерпул хотод 5G технологийн антеныг санаатайгаар шатаасан хэрэг бүртгэгдсэн аж. 5G технологийн антенна угсарч суурилуулахаар ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд орон нутгийн оршин суугчдын эсэргүүцэл, заналхийлэлтэй тулгарсан гэдгээ сэтгүүлчдэд ярьж байжээ.

Лондон хотын зүүн хэсэгт харилцаа холбооны компанийн ажилтныг доромжилж байгаа эмэгтэйн дүрс бичлэг Twitter-т тарж олны хүртээл болсон. Гэвч 2014 онд ДЭМБ-аас гар утас хүний эрүүл мэндэд ноцтой муугаар нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн боловч Хорт хавдар судлах олон улсын агентлагтай хамтран гаргасан мэдэгдэлдээ радио долгионыг (үүнд гар утасны долгион орно) хортой байх боломжтой гэсэн ангилалд оруулсан юм. Хүний биед хортой байх боломжтой гэсэн энэ ангилалд даршилсан ногоо ч бичигдсэн гэдгийг санах нь зүйтэй.
Эрдэмтэд болон зохицуулагч байгууллагууд 5G технологийн долгионы давтамж өмнөх стандартуудын адил хүний бие аюулгүй гэж үзэж байна. 5G сүлжээ нэвтрээгүй байгаа олон оронд, жишээ нь Иран улсад коронавирус тархсан билээ.
Вакцин ба Билл Гейтс: “хүн амыг хянах нь”
Covid-19 –ын цар тахал нь урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхийг эсэргүүцэгчдийн дуу хоолойг нэмэгдүүлжээ. Шинэ төрлийн коронавирус тахал хэлбэрээр гарсны ард тэрбумтан Билл Гейтс бий гэж тэд хардаж байна. Билл Гейтс 2000 оноос хойш Африк, Зүүн Азийн орнуудын оршин суугчдыг вакцинжуулах төслийг санхүүжүүлж байгаа юм.
“Хуйвалдааны онол”-д итгэгчид энэ удаагийн цар тахал бол дэлхийн хэт баян Билл Гейтс, Рокфеллер, Уоррен Баффет нарын төлөвлөсөн ажиллагаа бөгөөд, гол зорилго нь бүх нийтийн вакцинжуулалт гэж үзэж байна. Коронавирусээс сэргийлэх вакцин гарснаас дэлхийн хүн амын 15-аас 95 хувь нь амиа алдах бөгөөд амьд үлдсэн хүмүүсийн биед 5G сүлжээний бичил чип суулгах болно. Ингэснээр хүн төрөлхтнийг бүрэн хянах болно гэж “хуйвалдааны онол”-ын дэмжигчид сэрдэж байна. Бодит байдал дээр коронавирусээр өвдөхөөс сэргийлэх вакцин ирэх оны зунаас нааш гарах төлөвгүй аж. Хүн төрөлхтөн ДОХ-ын эсрэг вакцин гарган авах гэж олон арван жил үр дүнгүй оролдож байгаатай адил энэ удаа ч гэсэн коронавирусийн вакцин гаргаж авч чадахгүй ч байж мэднэ хэмээн анагаахын салбарын зарим судлаачид үзэж байна.

5G сүлжээний тухай “хуйвалдааны онол” нь үүрэн харилцаа холбооны компаниудын дэд бүтцэд хохирол учруулахаар бол вакцины тухай “хуйвалдааны онол” хүмүүсийн эрүүл мэнд, цар тахалтай тэмцэх боломжийг бууруулах эрсдэл дагуулж мэдэх юм.
Дэлхийн хүн амыг бүхэлд нь хянах тухай “хуйвалдааны онол” нь мөн “Дэлхийн шинэ дэг журмын тухай” асуудлыг хөндөхөд хүргэдэг. Энэ таамаглалд итгэгчид хэсэг бүлэг хүмүүс вирусийг лабораторид санаатайгаар гаргасан бөгөөд эцсийн зорилго нь дэлхийд улс төрийн, эдийн засгийн ноёрхлоо тогтооход орших аж. Үүний тулд “Дэлхийн Засгийн Газар”-ыг байгуулснаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, “цахим технологид суурилсан бүх нийтийн хяналт” үүснэ гэж үзэж байна.
“Хуйвалдааны онол”-д итгэдэг АНУ-ын оршин суугч Алекс Жонс энэ вирусийг дэлхийн зах зээлийг эзлэх зорилгоор БНХАУ санаатайгаар гаргасан гэж байгаа бол ОХУ, БНХАУ-ын зарим суртал ухуулагч нар вирусийг АНУ-д гаргаж аваад БНХАУ-д 2019 оны намар болсон олон улсын цэргийн наадмын үед тараасан гэж хардаж байна.
Хуурамч мэдээлэл яагаад хоорондоо зөрж байна вэ?
Bellingcat группын хараат бус сэтгүүлч-судлаач Роберт Эванс хэвлэлд ярилцлага өгөхдөө коронавирусийн тухай хуурамч мэдээллийн гол эх сурвалж нь аль нэгэн улсын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл, эсвэл албан тушаалтан болж байна гэж үзжээ. Санаатайгаар хуурамч мэдээлэл түгээх нь хүмүүсийг дотоод улс төрийн асуудлаас хөндийрүүлэх, мэдээллийг хянах зорилготой байдаг.

Хуурамч мэдээлэл түгээж байгаа өөр нэг эх сурвалж нь өөрийгөө найдвартай эх сурвалж гэж харуулахыг зорьж, мөнгө олохыг хичээдэг бизнесийн бүлэглэлүүд аж. Тухайлбал, АНУ-ын иргэн Алекс Жонс коронавирусээс сэргийлэх мөнгөний найрлагатай бэлдмэл худалдаж байгаа аж. Аль нэгэн “Хуйвалдааны онол”-д итгэж байгаа хүн өөр нэг “хуйвалдааны онол”-д хялбархан итгэнэ гэж судлаач Илья Яблоков анхааруулж байна. Түүний хэлснээр цар тахлын дараа эдийн засгийн хямрал болох нь гарцаагүй бөгөөд энэ хэрээр янз бүрийн “хуйвалдааны онол” шинээр гарах нь ойлгомжтой. Үүний үр дүнд дэлхийн янз бүрийн улс оронд популист амлалт өгдөг улс төрчид олширдог байна.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: BBC NEWS












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.